Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2017/00563

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Р.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн байгууллага-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б, нарийн бичгийн дарга Т.Айбек оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/73 тоот тушаалаар тус төвд дотуур байрны тогоочийн ажилд томилогдон хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан юм. Өнгөрсөн хугацаанд би хариуцсан ажилдаа эзэн ёсоор хандаж ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй юм. Гэтэл ажил олгогч 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/43 тоот тушаал гарган Р.Б намайг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Учир нь Р.Б надад орон тоо цомхтгосон гэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалыг танилцуулаагүй юм. Нөгөө талаас Р.Б миний ажиллаж байсан тус төвийн дотуур байрны тогоочийн ажлыг захирал И.Ж нь “Түрээсийн гэрээ” хийх нэрийдлээр халхавч хийж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд дээгүүр албан тушаал хашдаг Бы эцэг З нарын 3 хүнийг ажилд авч ажиллуулж байна. Энэхүү үйл баримт нь миний ажиллаж байсан дотуур байрны тогоочийн орон тоо бүрмөсөн хасагдаагүй болохыг нотолж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Ажил олгогч энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэжээ. Гэтэл намайг ажил олгогч орон тооны цомхтгол гэсэн хууль зүйн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байтал өнөөдөр хүртэл нэг ч төгрөгийн тэтгэмж өгөөгүй байна. Иймд Р.Б намайг урьд эрхэлж байсан дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 15 жил Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тогоочоор ажилласан. Тогоочийн орон тоо одоо хүртэл байгаа. Түрээсэнд авсан ч гэсэн тогоочийн орон тоо байж л байгаа. Захирал урьд нь та нарын цалин мөнгийг ТҮ-1,2-оор цалинжуулж өгнө. Өмнөх цалингаас чинь бууруулахгүйгээр өөр ажилд шилжүүлж ажиллуулна гэсэн боловч энэ хэлсэн үгэндээ хүрээгүй. Тэрнээс болж шүүхэд хандсан. Тийм учраас Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Төрийн байгууллага-ийн захирал И.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтцийг шинэчлэн батлахдаа гуанзны тогоочийн 2 орон тоог цомхтголд оруулан хасаж баталсан. Нэгэнт дээд шатны байгууллагаас гуанзны тогоочийн, орон тоог цомхтголд оруулсан учраас ажил олгогчийн зүгээс ажилтанд нэг сарын өмнө буюу 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай мэдэгдэх хуудсаар мэдэгдэж 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаартай захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Р.Бийг гуанзны тогоочийн ажлаас нь чөлөөлсөн. Тус төвийн гуанзны ажилчдын орон тоо цомхтголд орсон тул сургуулийн гуанзны хэвийн ажиллах нөхцөлийг хангахын тулд дээрээс ирсэн чиглэлийн дагуу түрээсийн гэрээгээр ажиллуулж байгаа. Түрээсийн гэрээгээр талууд харилцан тохиролцож түрээслэгч өмнөх гуанзанд ажиллаж байсан ажилчид хүсвэл үргэлжлүүлэн ажиллуулах талаар үүрэг хүлээсэн боловч Р.Бахыгүл, Ш.Ж, Ш.Муратбек нар өөрсдөө ажиллахаас татгалзсан байна. Иймээс гуанзны тогоочийн орон тоо нь цомхтгогдсон учраас ажил олгогчийн зүгээс Р.Бийг цаашид ажиллуулах боломжгүй болж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн байгууллага-ийн өмгөөлөгч Ө.Бахытбек шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Нэгэнт Б, Ж нарын орон тоо цомхтголд орсон учраас ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргийнхээ дагуу цомхтголд орсон хүнийг ажилтай болгох үүднээс түрээсээр авч байгаа  аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж энэ хоёр хүнийг үргэлжлүүлэн мэргэжлийнхээ дагуу ажиллуулахыг гэрээнд тусгаж өгсөн.  Харамсалтайн тухайн үед Б нь ажиллахаас татгалзсан байна. Энэ талаар хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан. Энэ гарын үсэг биш байна гээд хүсэлт гаргаснаар шинжээч томилуулсан. Шинжээчийн дүгнэлтээр тухайн хурлын тэмдэглэлд тусгагдсан гарын үсэг бол нэхэмжлэгч Бийн гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. Тэгэхээр Б нь өөрөө ажиллахаас татгалзсан. Энэ талаар тухайн аж ахуйн нэгжээс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд албан тоотоор мэдэгдэж байсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг утсаар хариуцагч Төрийн байгууллага-ийн захирал И.Жад мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлт болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Р.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Р.Бийг Төрийн байгууллага-ийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/73 дугаартай тушаалаар тогоочоор томилж мөн өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч Р.Бийг тус төвийн гуанзны тогоочийн орон тоо цомхтгогдсон тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухайгаа нэхэмжлэгч Р.Бд 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай Төрийн байгууллага-ийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэн, улмаар Төрийн байгууллага-ийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаартай “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаал, Байгууллагын дотоод журмын 3.8 дахь хэсэг, 9.2.1-ийг тус тус үндэслэн Р.Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Гэтэл хариуцагч Монгол улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар тус төвийн бүтцийг шинэчлэн батлахдаа гуанзны тогоочийн орон тоог цомхтгосон гэх боловч хариуцагч Төрийн байгууллага- нь нэхэмжлэгч Р.Бийг ажлаас чөлөөлөхөөс хоёр хоногийн өмнө буюу 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус төвийн гуанзны ажлын байр болон ажлын чиг үүргийг М.Зд  “Түрээсийн гэрээ”-гээр шилжүүлэн өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэх үндэслэлийг үгүйсгэж байгаа болно.

Хариуцагч ямар эрхийн актыг үндэслэн тухайн гуанз болон гуанзны ажилтнуудын ажлын байр, ажлын чиг үүргийг өөр этгээдэд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай “Түрээсийн гэрээ”-ээр гүйцэтгүүлэх болсон талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай “Түрээсийн гэрээ”-ний 1.2-т гэрээний зүйл гэдэгт “түрээслүүлэгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгө сургуулийн гуанзны эд хэрэгсэл, гал тогооны хэрэгсэл, тоног төхөөрөмж байна”, 3.1-д “энэхүү гэрээний 1.2-т заасан түрээсэлсэн гуанзны эд хөрөнгө, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг 1м.кв талбайн 1 /нэг/ сарын түрээсийн төлбөр нь 500000 /таван зуун мянган/ төгрөг болно. Түрээслэгч дотуур байрны хүүхдийн тоогоор Засгийн газрын тогтоолоор баталсан нормативын дагуу санхүүжилт авна”, 5.13-т “тус сургуулийн гуанзанд ажиллаж байсан 2 тогоочийн саналыг харгалзан ажиллуулах өмнөх цалингаас нь буруулахгүй цалинжуулна. Хэрэв тогооч нар ажиллахаас татгалзвал түрээслэгч өөр хүнийг ажиллуулах эрхтэй” гэж тус тусгасан явдал нь нэхэмжлэгчийн тогоочийн ажлын байр нь үгүй болоогүй, цомхтгогдоогүй, харин албан тушаалын чиг үүрэг нь харьяаллын хувьд түрээсийн гэрээгээр өөр этгээдэд шилжсэн гэж дүгнэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Төрийн байгууллага-ийн захирал нь нэхэмжлэгч Р.Бийг ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар “Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй” гэсэн хуулийн заалтыг, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд тэтгэмж олгосон эсэх асуудлыг тушаалдаа тусгаагүй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргээ ажил олгогч биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн эдгээр холбогдох зүйл заалтуудыг тус тус зөрчсөн байна.  

Мөн Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар тус төвийн бүтцийг шинэчлэн батлахдаа үйлчлэгчийн орон тоо 6 гэж баталсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй боловч хариуцагч энэ үүргээ мөн биелүүлээгүй байна.

Хариуцагчаас гаргаж өгсөн түрээслэгч М.З, Р.Б, Ш.Ж нарын хамт хийсэн гэх “Хурлын протокол”-д нэхэмжлэгч Р.Б гарын үсэг зураагүй, харин сэрээ, халбага, аяга зэргийг хүлээлгэн өгсөн гэж гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа ба 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр энэ хурлын протоколд хүлээлгэж өгөв гэсэн эгнээнд  байгаа гарын үсэг Р.Бийн гарын үсэг мөн болох нь нотлогдсон боловч түрээслэгч М.З, Р.Б, Ш.Ж нарын хамт хийсэн гэх “Хурлын протокол”-д хэзээ хаана хурал болсныг тодорхой бичээгүй, хурлыг хэн удирдаж, тэмдэглэлийг хэн хөтөлсөн нь тодорхойгүй, эргэлзээтэй байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Р.Бийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн болох нь нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Р.Бийг Төрийн байгууллага-ийн дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Төрийн байгууллага-ийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Б-ийг Төрийн байгууллага-ийн дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Төрийн байгууллага-ийн санхүүгээс 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МАНГИЛИК