Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2017/00139

 

  Р.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 563 дугаар шийдвэртэй, Р.Б-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Урьд эрхэлж байсан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/73 тоот тушаалаар тус төвд дотуур байрны тогоочийн ажилд томилогдон хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажил олгогч 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/43 тоот тушаал гарган 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Учир нь Р.Б надад орон тоо цомхотгосон гэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалыг танилцуулаагүй. Дотуур байрны тогоочийн ажлыг захирал И.Ж нь “Түрээсийн гэрээ” хийх нэрийдлээр халхавч хийж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд дээгүүр албан тушаал хашдаг Бауыржаны эцэг Зайтин нарын 3 хүнийг ажилд авч ажиллуулж байна. Энэхүү үйл баримт нь миний ажиллаж байсан дотуур байрны тогоочийн орон тоо бүр мөсөн хасагдаагүй болохыг нотолж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Ажил олгогч энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэжээ. Гэтэл намайг ажил олгогч орон тооны цомхотгол гэсэн хууль зүйн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байтал өнөөдөр хүртэл нэг ч төгрөгийн тэтгэмж өгөөгүй байна. Иймд Р.Б намайг урьд эрхэлж байсан дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн томилж өгнө үү.” гэжээ.

 

  Хариуцагчийн тайлбарт: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтцийг шинэчлэн батлахдаа гуанзны тогоочийн 2 орон тоог цомхотголд оруулан хасаж баталсан. Нэгэнт дээд шатны байгууллагаас гуанзны тогоочийн, орон тоог цомхотголд оруулсан учраас ажил олгогчийн зүгээс ажилтанд нэг сарын өмнө буюу 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай мэдэгдэх хуудсаар мэдэгдэж 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаартай захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Р.Б-ийг гуанзны тогоочийн ажлаас нь чөлөөлсөн. Тус төвийн гуанзны ажилчдын орон тоо цомхотголд орсон тул сургуулийн гуанзны хэвийн ажиллах нөхцөлийг хангахын тулд дээрээс ирсэн чиглэлийн дагуу түрээсийн гэрээгээр ажиллуулж байгаа. Түрээсийн гэрээгээр талууд харилцан тохиролцож түрээслэгч өмнөх гуанзанд ажиллаж байсан ажилчид хүсвэл үргэлжлүүлэн ажиллуулах талаар үүрэг хүлээсэн боловч Р.Б, Ш.Ж, Ш.М нар өөрсдөө ажиллахаас татгалзсан. Иймээс гуанзны тогоочийн орон тоо нь цомхотгогдсон учраас ажил олгогчийн зүгээс Р.Б-ийг цаашид ажиллуулах боломжгүй болж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Б-ийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоожээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж  заалдах гомдолд: “1. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтцийг шинэчлэн батлахдаа гуанзны тогоочийн 2 орон тоог цомхотголд оруулан хасаж баталсан. Өмнө тус төвд 2 тогооч гуанзанд ажилладаг байсан бөгөөд нэгэнт эрх бүхий этгээд гуанзны тогоочийн орон тоог цомхотголд оруулсан учраас ажил олгогчийн зүгээс ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэж 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаартай захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Р.Б-ийг тогоочийн ажлаас нь чөлөөлсөн. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тус төвийн бүтцийг шинэчлэн батлахдаа гуанзны тогоочийн 2 орон тоог хасаж баталсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар нотлогдсоор байхад шүүх “орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хариуцагч талын нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, маргааны нөхцөл байдалд бодиттой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Мөн Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаартай тушаалаар тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц орон тоог тогтоохдоо үйлчлэгчийн орон тоог 6 байхаар баталсан ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар үйлчлэгчийн 6 орон тоог хэвээр баталсан мөн илүү орон тоо байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчийг буруутгасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

2. Шүүх ажил олгогч буюу Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлыг дураараа тогоочийн ажлын байрыг түрээсийн гэрээгээр шилжүүлсэн хэмээн буруутгажээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь тус төвийн бүтэц, орон тоог баталдаг эрх бүхий этгээд ч, дураараа түрээсийн гэрээ байгуулдаг этгээд ч биш.

Ажилтныг байгууллага дотор болон өөр байгууллагад шилжүүлэх нь орон тооны цомхотгол оруулахаас өөр ойлголт. Нөгөө талаар нэхэмжлэгч намайг үндэслэлгүй шилжүүлсэн хэмээн маргаагүй ба ажил олгогч ажилтныг шилжүүлээгүй, орон тоо нь байгууллагын бүтцээс хасагдсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр ажилтныг ажлаас нь чөлөөлсөн. Хэрэв байгууллагын бүтцээс тогоочийн орон тоо хасагдаагүй байхад дотуур байрны гуанзыг түрээсийн гэрээгээр өөр этгээдэд шилжүүлсэн бол ажил олгогч тогоочийн орон тоог үндэслэлгүй шилжүүлсэн гэж үзэх байтал тухайн орон тоо хасагдсан нь нотлогдож байхад Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал дураараа орон тоог түрээсийн гэрээгээр бусдад шилжүүлсэн гэж үзэх боломжгүй.

3. Мөн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий тогоочийн орон тоо нь байгууллагын бүтцээс хасагдсан болохоос байгууллагын харьяалал өөрчлөгдөөгүй, өмчлөгч нь солигдоогүй. Түрээслэгч түрээсийн гэрээний дагуу тодорхой хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч ашигласны төлөө сар болгон түрээс төлдөг болохоос гуанзыг хэрэгслийн хамт захиран зарцуулах эрхгүй. Иймээс түрээсийн гэрээгээр түрээслэгчийн эзэмшилд эд хөрөнгө шилжүүлснийг гуанзны харьяаллыг өөрчилсөнтэй адилтган үзэхгүй. Хэрэв гуанзны харьяалал өөрчлөгдсөн бол түүнийг захиран зарцуулах эрх нь түрээслэгч компанид шилжих учиртай байтал одоо хүртэл сургуулийн гуанз нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өмч хэвээр байгаа. Иймээс орон тоо нь хасагдсан л бол ажил олгогч тухайн байгууллагын төсвийн шууд захирагчийн хувьд батлагдсан орон тооны хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй тул хасагдсан орон тоонд ажиллаж байгаа ажилтныг ажлаас чөлөөлөх ёстой.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол адил чанарын өөр ажил, албан тушаалд ажилтныг ажиллуулах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн. Нэгэнт Р.Б-ийн ажиллаж байсан тогоочийн орон тоо хасагдсан учраас ажил олгогч дээрх хуульд заасан үүргийнхээ дагуу байгууллагад өөр орон тоо байхгүй байгааг харгалзан үзэж дотуур байрыг түрээсийн гэрээгээр авч ажиллуулж байгаа “А” ХХК-ний захиралтай тохиролцож ажилтан хүсвэл ажиллуулах талаар түрээсийн гэрээнд заалт оруулсан. Шүүх энэхүү байдалд дүгнэлт хийхдээ үндэслэлгүйгээр тогоочийн орон тоог “А” ХХК-д шилжүүлсэн гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй юм. Ажил олгогч зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ биелүүлж ажилтныг ажилтай болгох талаар санаачилга гаргасан. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 563 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. 

 

Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/73 дугаар тушаалаар тус төвийн дотуур байрны тогоочоор Р.Б-ийг томилон ажиллуулж, түүнтэй 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. 

 

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, орон тоонд тогоочийн ажлын байр 1 орон тоогоор батлагдсан , уг ажлын байранд нэхэмжлэгч Р.Б ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаар тушаалын хавсралтаар  батлагдсан тус төвийн бүтэц, орон тооноос тогоочийн орон тоо хасагдсан байна. 

 

Ажил олгогчоос 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 74 дүгээр албан бичгээр  ажилтан Р.Бд түүний ажиллаж байсан тогоочийн орон тоо дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хасагдсан талаар, нэг сарын дараа түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа мөн өдөр мэдэгдэж, ажилтан уг мэдэгдэх хуудсыг хүлээн авсан талаар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Улмаар ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаар тушаал зэргийг үндэслэн тус төвийн дотуур байрны тогоочийн орон тоо хасагдсан үндэслэлээр Р.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, ажил олгогч байгууллагын бүтэц, орон тооноос эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тогоочийн ажлын байр байхгүй болсон нь тогтоогдсон бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, уг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд үйлчлэх тусгай журмыг зохицуулсан мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг ажил олгогч зөв хэрэглэж, хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгч Р.Б-ийг ажлаас буруу халагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул түүний урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ.  

 

Анхан шатны шүүх “Р.Б-ийг ажлаас чөлөөлөхөөс хоёр хоногийн өмнө буюу 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус төвийн гуанзны ажлын байр болон ажлын чиг үүргийг М.Зайтенд “Түрээсийн гэрээгээр” шилжүүлэн өгсөн нь ... орон тоо хасагдсан гэх үндэслэлийг үгүйсгэж байна.” гэж дүгнэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлэх журмыг зөрчжээ. Урьд нь ажил олгогчийн бүтэц, орон тоонд эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр батлагдаж байсан тогоочийн ажлын байр нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаар тушаалын хавсралтаар хасагдаж, үгүй болсон нь тогтоогдсон бөгөөд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, “А” ХХК-ийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээгээр  сургуулийн урьд нь ажиллуулж байсан гуанзны эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаа эрхлэх талбайн хамт түрээсэлсэн нь тухайн хариуцагч байгууллагын бүтэц, орон тооноос тогоочийн ажлын байр хасагдаагүйг, түүнчлэн тогоочийн ажлын байрны чиг үүрэг нь ажил олгогчийн бүтэц дотор өөр ажлын байр, өөр этгээдэд шилжсэнийг нотлохгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг хэрэглэсэн, нэхэмжлэгчээс мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан ажил олгогчийн үүрэгтэй нь холбоотой тодорхой шаардлага гаргаагүй байхад “ажил олгогч ажилтныг адил чанарыг өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2.-т тус тус нийцээгүй. 

Харин Р.Б нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т заасан тэтгэмжийг олгоогүй нь хууль зөрчсөн талаар дурдсан боловч хариуцагчаас уг тэтгэмжийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлээгүй тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийж, шийдвэрлэх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй байна. 

 

Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа, хариуцагчийн өмгөөлөгч гомдол гаргахдаа тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 563 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Б-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан гаргасан тус төвийн дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа, хариуцагчийн өмгөөлөгч гомдол гаргахдаа тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК