Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2017/00625

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн байгууллага- /дарга Б.С/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 2017 оны 9 дүгээр сарын 12-ныг хүртэл ажилгүй байсан 10 сар 12 хоногийн цалин хөлсний нөхөн олговор 4090632 төгрөг, ажилгүй байсан 10 сар 12 хоногт оногдох нийгмийн даатгалын шимтгэл 449969 төгрөгийг нийгмийн даатгалын байгууллагын нийгмийн даатгалын санд төлж өгөхийг ажил олгогчид үүрэг болгох тухай.

Нэхэмжлэгч Т.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №001/ХГ2017/00800 дугаартай тогтоолоор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн үйлчилгээний ажилтан буюу сахиулын ажилд эгүүлэн томилсон юм. Ажил олгогч нь намайг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 65 тоот тушаалаар тус байгууллагын манаачийн ажилд томилсон юм. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхийг хүсэж байгууллагын дарга Б.С-д удаа дараа хэлсэн боловч үл ойшоож байна. Иймд Т.А- миний 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 2017 оны 9 дүгээр сарын 12-ныг хүртэл ажилгүй байсан 10 сар 12 хоногийн цалин хөлсний нөхөн олговор 4090632 төгрөг, ажилгүй байсан 10 сар 12 хоногт оногдох нийгмийн даатгалын шимтгэл 449969 төгрөгийг нийгмийн даатгалын байгууллагын нийгмийн даатгалын санд төлж өгөхийг ажил олгогчид үүрэг болгож өгөх. Нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгийн шаардлага нь 4540601 төгрөг болж байгаа гэжээ.

Нэхэмжлэгч Т.А- шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан мэдүүлэгтээ: Намайг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 800 дугаартай тогтоолоор Төрийн байгууллага- үйлчилгээний ажилтнаар буюу сахиулын ажилд эгүүлэн томилогдсон. Ажил олгогч нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаартай тушаалаар тус байгууллагын манаачийн ажилд томилсон. Т.А- би ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхийг хүсэж байгууллагын дарга Б.С-д удаа дараа хэлсэн боловч үл ойшоож байна. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажилгүй байсан 10 сар 12 хоногийн цалин хөлсний нөхөн олговор 4096632 төгрөг, ажилгүй байсан 10 сар 12 хоногт ногдох нийгмийн даатгалын шимтгэл 449969 төгрөгийг байгууллагын нийгмийн даатгалын санд төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхийг ажил олгогчид үүрэг болгож өгөх тухай нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Төрийн байгууллага- даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.А-ы “ажилгүй байсан 10 сар 12 хоногийн цалин хөлс, нөхөн олговор болох 4090632 төгрөг нэхэмжилж, нийгмийн даатгалын шимтгэл 449969 төгрөгийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад зарим хэсгийг зөвшөөрч зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа тухайгаа дараах үндэслэл бүхий байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 1.Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт манаач, сахиулын орон тоо байхгүй тул Т.А-ыг ажиллуулах боломжгүй тухайгаа тайлбарлаж түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа шат шатны шүүхэд тайлбарласан билээ. Гэтэл хяналтын шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 1-ны өдрийн 001/ХГ2017/00800 тоот тогтоолоор Т.А-ы сахиулын ажилд эгүүлэн томилох тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж би Т.А-ыг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаартай тушаалаар байгууллагын манаачаар томилсон юм. Т.А- нь энэ хугацааны буюу 10 сарын 12 хоногийн ногдох нөхөн төлбөрийг нэхэмжилнэ гэж бичсэн байна. ХХҮГазарт орон тоо үгүй тул шүүхийн шийдвэрийг хүндэтгэж яах аргагүй байдлын улмаас Т.А-ыг ажилд томилсон тушаал гаргасан хэдий ч түүний дээрх нэхэмжилсэн 4540601 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Үүнд мэдээж төсөв хүрэлцэхгүй бөгөөд байгууллагын төсөв алдагдалд орох юм. Гэвч нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу Т.А-ы анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрт тусгасан мөнгийг нөхөн олгож, мөн энэ цалинтай тооцогдох нийгмийн даатгалын санд  төлөх шимтгэлийг нөхөн төлөхийг зөвшөөрч байна. Үүнээс өөрөөр бусад нэхэмжлэлийн шаардлагыг дээрх шалтгаанаас болж төлөх, зөвшөөрөх боломжгүй гэдгийг тайлбарлая гэжээ.

Хариуцагч Төрийн байгууллага- итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийг ямар учраас зөвшөөрөхгүй байгаагаа тодорхой бичсэн байна. Энэ нь цалин хөлс, төсөв хүрэлцэхгүй гэсэн байдаг. Тэгэхээр хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэхдээ  хариуцагч тайлбартаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө гэсэн байгаа. Түүнээс гадна нэхэмжилсэн мөнгийг шүүхээс тогтоосныг төлнө гэсэн тайлбар нь явж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, Төрийн байгууллага- дарга нь  2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Т.А-ыг тус байгууллагын сахиулын үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоож түүнийг үйлчилгээний ажилтан болох сахиулын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00040 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 15-ны 001/ХТ2017/00800 дугаар тогтоол тус тус хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Эдгээр шүүхийн хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн хариуцагч Төрийн байгууллага- даргын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 65 тоот тушаалаар нэхэмжлэгч Т.А-ыг  тус газрын манаачийн үүрэгт ажилд эгүүлэн томилсон тул нэхэмжлэгч Т.А-ы 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны  ажилгүй байсан хугацааны олговор болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар “дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно” гэж заасан байх тул нэхэмжлэгч Т.А-ы нэхэмжлэлийн шаардлагын дагуу тухайн үеийн нэг сарын дундаж цалин хөлс 389574 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна. /Хавтаст хэрэгт авагдсан НДД№А0334299  дугаартай Т.А-ы Нийгмийн даатгалын дэвтрийн 2016 онд төлсөн шимтгэлийн бичилтээр тооцоог гаргав (2016 оны 8 сард 380041 төгрөг +9 сард 380041 төгрөг + 10 дугаар сард 408641 төгрөг) : 3 сар = 389574 төгрөг нэг сарын дундаж цалин; 389574 нэг сарын дундаж цалин : 22 ажлын хоног = 17707 төгрөг ажлын нэг хоногийн хөлс/.

Иймд нэхэмжлэгч Т.А-ы  2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх ажлын 10 сар 07 хоногийн ажилгүй байсан хугацааны олговор нийт 4019689 төгрөгийг Төрийн байгууллага- санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 70943 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийг баримтлан нэхэмжлэгч Т.А-ы 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 442165 төгрөгийг хариуцагч Төрийн байгууллага- санхүүгээс гаргуулан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлж, Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Төрийн байгууллага- дарга Б.С-д үүрэг болгож, нэхэмжлэгчийн илүү тооцсон нийгмийн даатгалын шимтгэл 7804 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 86340 төгрөгийг хариуцагч Төрийн байгууллага- санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нийт 4019689 (дөрвөн сая арван есөн мянга зургаан зуун наян есөн) төгрөгийг Төрийн байгууллага- санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 70943 /далан мянга есөн зуун дөчин гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийг баримтлан нэхэмжлэгч А-ы 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх  ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 442165 төгрөгийг хариуцагч Төрийн байгууллага- санхүүгээс гаргуулан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлж, Т.А-ы Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Төрийн байгууллага- дарга Б.С-д үүрэг болгож, нэхэмжлэгчийн илүү тооцсон нийгмийн даатгалын шимтгэл 7804 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.А-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87600 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Төрийн байгууллага- санхүүгээс 86340 (наян зургаан мянган гурван зуун дөчин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгосугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор  Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНГИЛИК