Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2017/00143

 

Т.А нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 625 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумд оршин суух, Т.А нэхэмжлэлтэй, тус  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С нар  оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 2017 оны 9 дүгээр сарын 12-ныг хүртэл ажилгүй байсан 10 сар 12 хоногийн цалин хөлсний нөхөн олговор 4090632 төгрөг, ажилгүй байсан 10 сар 12 хоногт оногдох нийгмийн даатгалын шимтгэл 449969 төгрөгийг нийгмийн даатгалын байгууллагын нийгмийн даатгалын санд төлж өгөхийг ажил олгогчид үүрэг болгох тухай.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Намайг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №001/ХГ2017/00800 дугаартай тогтоолоор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн үйлчилгээний ажилтан буюу сахиулын ажилд эгүүлэн томилсон. Ажил олгогч нь намайг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 65 тоот тушаалаар тус байгууллагын манаачийн ажилд томилсон. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхийг хүсэж байгууллагын дарга Б.С-д удаа дараа хэлсэн боловч үл ойшоож байна. Иймд Т.А миний 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 2017 оны 9 дүгээр сарын 12-ныг хүртэл ажилгүй байсан 10 сар 12 хоногийн цалин хөлсний нөхөн олговор 4090632 төгрөг, ажилгүй байсан 10 сар 12 хоногт оногдох нийгмийн даатгалын шимтгэл 449969 төгрөгийг нийгмийн даатгалын байгууллагын нийгмийн даатгалын санд төлж өгөхийг ажил олгогчид үүрэг болгож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч Т.А-ны нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа тухайгаа дараах үндэслэл бүхий байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 1.Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт манаач, сахиулын орон тоо байхгүй тул Т.А-ыг ажиллуулах боломжгүй тухайгаа тайлбарлаж түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа шат шатны шүүхэд тайлбарласан боловч хяналтын шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 1-ны өдрийн 001/ХГ2017/00800 тоот тогтоолоор Т.А-ыг сахиулын ажилд эгүүлэн томилох тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж би Т.А-ыг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаартай тушаалаар байгууллагын манаачаар томилсон. ХХҮГазарт орон тоогүй тул шүүхийн шийдвэрийг хүндэтгэж яах аргагүй байдлын улмаас Т.А-ыг ажилд томилсон тушаал гаргасан хэдий ч түүний дээрх нэхэмжилсэн 4540601 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, зөвшөөрсөн тохиолдолд төсөв хүрэлцэхгүй бөгөөд байгууллагын төсөв алдагдалд орох юм. Гэвч нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу Т.А-ны анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрт тусгасан мөнгийг нөхөн олгож, мөн энэ цалинд ногдох нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийг нөхөн төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 625 дугаар шийдвэрээр “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нийт 4019689 (дөрвөн сая арван есөн мянга зургаан зуун наян есөн) төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 70943 /далан мянга есөн зуун дөчин гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийг баримтлан нэхэмжлэгч Т.А 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 442165 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс гаргуулан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлж, Т.А-ны Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С-д үүрэг болгож, нэхэмжлэгчийн илүү тооцсон нийгмийн даатгалын шимтгэл 7804 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 625 дугаартай шийдвэр нь тус ХХҮГ-ын эрх ашгийг хамгаалаагүй нэг талыг барьсан нэхэмжлэгчид ашигтайгаар гарсан шийдвэр гэж үзэж байна. Учир нь тус байгууллага нь төсөв, хөрөнгө, цалингаа арай ядаж хүргэж ажиллаж байхад өмнөх 2 хэлтэс нэгдэж ажиллана гэсэн байдлаар шүүх нь хандаж урьд уг хэлтэст ажиллаж байсан 65 хүнийг одоогийн 45 хүний бүтэц орон тоонд ажиллуулахаар шийдвэр гаргаж байгаа билээ. Энэ шийдвэр өрөөсгөл шийдвэр, батлагдсан орон тооноос илүү хүн авах цалин төлөх боломжгүй. Т.А нь урьд өмнөх нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст манаач-сахиулаар ажиллаж байсан гэх орон тоо нь одоогийн ХХҮГ-т байхгүй болсон. Хэдийгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой боловч биелэх боломжгүй байдлыг шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 625 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна. 

Т.А нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны олговорт 4090632 төгрөг, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 449969 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлж өгөхийг ажил олгогчид үүрэг болгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажил олгогчоос ажилгүй байсан нийт 10 сар 7 ажлын хоногийн олговорт 4019689 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 442165  төгрөгийг тус тус  гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 70943 төгрөг, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 7804 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Т.А нь тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2006 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай тушаалаар тус байгууллагын сахиулын ажилд анх томилогдсон ба Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дүгээр тушаалаар сахиулын ажлаас чөлөөлөгджээ. Улмаар Т.А нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 800 дугаар тогтоолоор түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоожээ. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг үндэслэн тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаартай тушаалаар түүнийг манаачийн ажилд эгүүлэн томилсон байна.

Ажилтны нэг сарын хөдөлмөрийн хөлсний дунджийг 389574 төгрөгөөр тооцохдоо шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний ажилгүй байсан хугацаа, ажилтны нэг сарын болон нэг ажлын өдөрт ноогдох дундаж цалин хөлс, ажилгүй байсан нийт хугацааны олговор зэргийг зөв тооцсон, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.

Анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 625 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч тус  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан” гэж ташаа бичигдсэн болохыг тэмдэглэж, энэ үндэслэлээр шийдвэр өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж дүгнэв. 

Хариуцагчийн “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын эрх ашгийг хамгаалаагүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, ажилтны ажилгүй байсан хугацаа, түүнд ногдох ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгалын шимтгэлийг анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв тооцож, хариуцагчаас ажилтан Т.А-ны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх 10 сар 7 хоногийн хугацааны олговорт 4019689 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.А-д олгож, тус хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 442165 төгрөгийг хариуцагчаас гаргуулан тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлж, Т.А-ны Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч тус аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Б.С-д үүрэг болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ