| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01443/И |
| Дугаар | 102/ШШ2017/02316 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/02316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 3 дугаар баг, Замчин 6 дугаар гудамж, 3 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Цэдэнпилийн Отгонжаргал /РД: НД75080968/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42 хаягт байрлах Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцуулж, Багануур өртөөний буудлын жижүүрийн албан тушаалд хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, хохиролд 1.912.101 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2007 оноос Багануур өртөөний буудлын жижүүрээр ажиллаж эхэлсэн. Улаанбаатар төмөр замын даргын А-03 тоот тушаалаар Багануур өртөөний хэсгийн амрах байрыг татан буулгаж шилжүүлсэн. Татан буулгаж өөр салбар нэгжид шилжсэн гэсэн үйл баримт байдаг. Энэ нь хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтаас харагдаж байна. Аж ахуй нэгж байгууллагын өмчлөл, харъяалал өөрчлөгдөхөд, тухайн аж ахуйн нэгж байгууллагад ажилладаг ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болох үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн бусад заалтыг тухайн үедээ зөрчиж байсан үйл баримт байдаг. Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь бол 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Багануур өртөөний даргатай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга нь хөлсөөр ажиллах гэрээ гэж хөдөлмөрийн гэрээг нэрлэн ажилтан Ц.Отгонжаргалтай байгуулснаараа түүний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан тухай ажилтны нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэнэ гэснийг үндэслэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасан нөхцөлөөс дордуулсан гэж үзэж шүүхэд хандсан байдаг. 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж нэрлэсэн байдаг боловч гэрээний агуулга нь бүхэлдээ хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах харилцааг зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээний гол зүйл болох ажил албан тушаал нь юу вэ гэдгийг тус гэрээний 1.2 дээр зааж өгсөн, мөн цалин хөлсийг нь 436.050 төгрөг байхаар, хийж гүйцэтгэх ажил үүргийг нарийвчлан тухайлан зааж өгсөн байдаг. Мөн шөнийн цагаар дуудаж ажиллуулна гэж захирагдах захирах ёсны харилцаа мөн үүссэн байна. Ажлын цагийг өглөө 07 цаг 30 минутаас ажил дээр ирж, үдэш 17 цаг 00 минутанд ажлаа дуусгах гэсэн цагийн графикийг мөн гаргаж өгсөн байна. Ажилтан өөрөө тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж байх үндсэн шалгуур шаардлагыг тавьсан байна. Мөн гэрээний 2.5 дээр ажилчин нь гэрээний нөхцөл аюулгүй ажиллагааны дүрэм ажлын байрны хэв журам, хөдөлмөрийн сахилга зөрчсөн тохиолдолд учирсан хохирлыг төлүүлж, гэрээг цуцлана гэж заасан байгаа. Энэ бол өөрөө хөдөлмөрийн сахилга батыг сахиулахаар тогтоож буй ажил олгогчийн үйл ажиллагаа юм. Мөн гэрээний 7.1 дэх заалтыг авч үзэх юм бол үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан тохиолдолд гэрээг хугацаанаас үл хамаарч шууд цуцлана гэж заасан нь бол сахилгын ноцтой зөрчил болох талаар мөн тусгайлан заасан байна. Энэхүү гэрээ нь бол хөлсөөр ажиллах гэрээ гэж байгаа боловч, гэрээний нэрийг хэрхэн нэрлэснээс үл хамаарч агуулга нь тодорхойлогдох юм бол ажилтан ажил олгогч 2-ын хооронд байгуулж буй гэрээ учраас манай хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой асуудлаар хандаж буй Иргэний хуулийн тайлбар зэргээс авч үзэхэд ажилтан ажил олгогчийн хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж үздэг гэх эрх зүйн ач холбогдол бүхий үндэслэлүүдийг авч үзэх юм бол энэ гэрээ бол бүхэлдээ Хөдөлмөрийн гэрээ байдаг юм. Ажил олгогч бол хуулийн үндэслэл байхгүйгээр ажилтантай хөлсөөр ажиллах гэрээг байгуулснаар Ц.Отгонжаргал хууль ёсны ямар ямар эрх ашиг хохирдог вэ гэдэг асуудлыг авч үзье. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсаны дагуу хөдөлмөрийн гэрээ болон хамтын гэрэээнд заасан хэд хэдэн нэмэгдэл хөлснүүдийг авах, мөн хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд олгогдох баталгаа нь алдагдах хэд хэдэн үндэслэлүүд байна. Улаанбаатар төмөр зам болон Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2017-2018 оны хамтын гэрээ гэж байгаа. Энэ гэрээний 2-р зүйлийн 3.11 дээр гэрээнд тусгаагүй боловч, Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар батлагдсан бусад нэмэгдэл хөлсийг нэмэгдүүлэхийг ажилтан нарт олгож байна гэсэн заалт байгаа. Тасралтгүй ажилласан болон бүсийн нэмэгдлүүд нь хамтын гэрээн дээр заагдаагүй боловч хамтын гэрээний 2-р зүйлийн 3.11 дэх хэсэгт зааснаар олгогдох нэмэгдлүүд мөн хамаарч байдаг. Мөн гэрээний 2.7 дахь хэсэгт байгууллага салбар нэгжийн нийт ажилтан нарт ажлын үндсэн үзүүлэлт түүний биелэлтийг харгалзан сар жилийн үр дүнгийн шагналыг тухайн салбар нэгжийн даргын тушаалаар батлагдсан журмын дагуу олгоно гэсэн байна. Хамтын гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хамтын гэрээг хэрэгжүүлэхээр оруулсан заалт нь 3.5 дахь заалт байдаг. Хамтын гэрэээг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тухайн ажлын байранд шинээр ажилтан авахдаа хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалт байгаа. Гэтэл эдгээр заалтуудыг зөрчиж гэрээний нэрийг хөлсөөр ажиллах гэрээ болгон өөрчилж, гэрээг хугацаатайгаар байгуулж, ажилтныг гомдол гаргана, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шаардлага тавихад нь тэгвэл чамайг хална чи замаа бод, чи манай үндсэн ажилтан биш гэх зэргээр ажилтныг илтэд ялгаварлан гадуурхдаг. Ажил албан тушаалын жагсаалтыг гаргаад ирэхэд бохирын үйлчлэгч гээд 2 албан тушаал явж байна. Энэ 2 албан тушаал нь нэхэмжлэгчийн хийж байгаа ажил үүргийн хувьд бол яг адилхан байна. Гэтэл Ц.Отгонжаргал нь хөлсөөр ажиллах гэрээгээр бусад нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа. Нэг ажлыг 2 хүн өөр гэрээгээр хийж байгаа нь хөдөлмөрийн харилцаанд илт ялгаварлалт тогтоож байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээ гэдэг агуулгаар нь үнэлж, түүнд хууль тогтоомж, хамтын гэрээгээр олгогдохгүй байгаа нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг олгож өгч шийдвэрлэж өгнө үү. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд “2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны нийт 512 426 /таван зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин зургаа / төгрөгийг гаргуулах, хөдөлмөрийн гэрээнд УБТЗ-ын нийт ажилтныг хамарч үйлчилдэг, хамтын гэрээнд заасан сар жилийн үр дүнгийн шагнал, бүсийн нэмэгдэл, тасралтгүй ажилласны нэмэгдэл зэргийг олгож байхаар тусгуулах, ээлжийн амралтыг хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу эдлэхээр тусгуулах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, иргэн Ц.Отгонжаргал нарын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд үнэлж, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэлээ дараах байдлаар тодруулж байна. Ажилтан Ц.Отгонжаргал нь 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-нийг хүртэл хөдөлмөрийн хууль, хамтын гэрээнд заасан нөхцлийг эдэлж чадаагүйн улмаас дараах байдлаар хууль ёсны эрх ашиг нь хохирсон байна. Гэрээнд заасны дагуу цалин хөлс нь 446.050 төгрөг байх тул үүнээс нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагналыг тооцооллоо. Үүнд: УБТЗ-ын бүсийн нэмэгдэл - 6,2 хувь - 27655 *7 сар= 193585 төгрөг, УБТЗ-д тасралтгүй ажилласны нэмэгдэл - 6 хувь - 26763*7 сар= 187341 төгрөг, УБТЗ-ын сарын үр дүнгээр олгох шагнал - 50 хувь - 223025*7 сар = 1561175 төгрөг болж байна. Нийт 1 942 101 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас 1942101 / нэг сая есөн дөчин хоёр мянга нэг зуун нэг/ төгрөгийг хөдөлмөрийн гэрээний нөхцөл нь хууль тогтоомж хамтын гэрээ хэлэлцээрийг дордуулснаас учирсан хохирол хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь Багануур өртөөний даргатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан байсан. 2016 оны 2 дугаар сард цуцлаад 2016-2017 онд хөлсөөр ажиллах гэрээгээр нэг жил ажилласан байсан. Ажил олгогчийн зүгээс амьдрал байдлыг харж үзээд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Цомхотголд ороод ажилгүй байсан гэсэн үг. Хөлсөөр ажиллах гэрээг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөөд ажиллаж байсан. Хөдөлмөрийн хуульд байнгын ажлын байр гэж юу вэ гэдгийг зааж өгсөн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 48.2 дахь хэсэгт “Мэргэжил, албан тушаалын тариф-мэргэшлийн лавлах зохиох аргачлал, мэргэжил, албан тушаалын нэрийн нэгдсэн жагсаалт, хөдөлмөрийн норм, норматив тогтоох болон дундаж цалин хөлс тодорхойлох журмыг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан байна. 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А163 тоот тушаалаар шинэчлэн баталсан. Буудлын жижүүрийн ажил нь дангаараа нормдоо хүрдэггүй учраас хөлсөөр ажиллах гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон байна. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын баталсан норм норматив дотоод журмын 21 дэх хэсэгт Байгууллагын түвшинд боловсруулсан хөдөлмөрийн норм нормативыг холбогдох журмын хамт төлөөлөгч нартай тохиролцон ажил олгогчид танилцуулсны үндсэн дээр баталж мөрдүүлсний дагуу дээр дурдсан тушаалыг 2008 оны тушаалын хавсралтаар баталсан нормыг ажилтны төлөөлөгч буюу үйлдвэрчний байгууллагатай зөвшилцөн баталсныг уг тушаалын арын хуудаснаас нь харж болно. Иргэний хуулийн 363.1 дэх хэсэгт “Ажиллуулагч нь ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй” гэж заасны дагуу Улаанбаатар төмөр зам нэхэмжлэгчийг ажлын байр тоног төхөөрөмжөөр ханган ажиллуулж байна. Багануур өртөөн дээр зорчигчийн галт тэрэг явахгүй байгаа. Ц.Отгонжаргалын ажиллаж байгаа буудалд хаа нэгтээ хүн бууна. Томилолтын хүмүүс л буудаг, хүн буухад нь л цэвэрлэгээ хийнэ. Хийж байгаа ажил нь ажлын хэмжээ нормдоо хүрэхгүй болохоор нэг хүний орон тоог батлах боломж байхгүй. Багануур өртөө рүү ажилчдын автобус явдаг. Тэр автобусны мөнгө хураадаг. Эрээвэр хураавар ажил хийлгэж байж цалин олгодог. Яг цэвэр хийх ажил байхгүй. Орчин үед гараар хийх ажил багасаж байгаа учраас цомхотгол хийхээс аргагүй. Хөлсөөр ажиллах гэрээний асуудлыг шийдүүлэхээр ажлын хэсэг гаран ажиллаж байна. Хөлсөөр ажиллах гэрээний үндэслэл нь хөдөлмөрийн норм нормативтай. Энэ хүний хийж байгаа ажил нь тэрхүү нормд хүрэхгүй байна. Хөлсөөр ажиллах гэрээний бас онцлог нь гэрээг байгуулах эсэх асуудал нь чөлөөтэй байдаг. Ц.Отгонжаргал сайн дураар өөрөө гарын үсэг зурсан байгаа. Хөлсөөр ажиллах гэрээний харилцааг Иргэний хуулийн 32 дугаар зүйлээр зохицуулдаг бол хуульд зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэнэ. Харин ээлжийн амралт үр дүнгийн шагнал зэрэг нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад хамаарах бөгөөд хөдөлмөрийн гэрээний харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хамтын гэрээний 3.7 дахь хэсэгт байнгын ажлын байранд шинээр ажилтан авахдаа хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн ажлын байр байнгын ажлын байр биш. Манай ажил албан тушаалд ийм ажлын байр байхгүй. Шинээр энэ хүнийг бол ажилд аваагүй. Цомхотголд орсон байсныг нь нэг жил ажлаар хангаж хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулахаар өөртэй нь тохиролцож байсан байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдлыг харахад хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хамтын гэрээ хэлэлцээрээр дордуулсан гэж бичээд байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ бол хөдөлмөрийн гэрээ биш хөлсөөр ажиллах гэрээ гэдгийг бүгд мэдэж байгаа. Мөн буудлыг нь татан буулгасан байгаа. Энэ шийдвэр бол 2016 онд гарсан. Тухайн үед 2016 онд буудлыг татан буулгасны дараа Ц.Отгонжаргалыг өөрийг нь хүртэл цомхотгосон байгаа. 2016 онд Ц.Отгонжаргал өөрийнх нь эрх ашиг зөрчигдөж байна гэж үзсэн бол яагаад ямар нэгэн гомдол гаргаагүй юм бэ. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаад гэв гэнэтхэн өнөөдөр миний эрх ашиг хөндөгдөж байна гээд шүүхэд хандсан нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ц.Отгонжаргал нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцуулж, Багануур өртөөний буудлын жижүүрийн албан тушаалд хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, хохиролд 1.912.101 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “Хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, ажлын байр байхгүй, шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж эс зөвшөөрч маргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч энэ хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Ц.Отгонжаргал нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийн Багануур хэсгийн амрах байрны буудлын жижүүрийн албан тушаалд ажиллаж байгаад Улаанбаатар Төмөр замын Зорчигч үйлчилгээний буудлын даргын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 28 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2014-2015 оны хамтын гэрээний 3.12 дахь заалтыг үндэслэн Багануур хэсгийн амрах байр татан буугдсан тул 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Улаанбаатар Төмөр замын Багануур өртөөний дарга нь Ц.Отгонжаргалтай 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан буудлын үйлчлэгчээр ажиллуулсан байна. Дээрх хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусч 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр буудлын жижүүрийн ажил хийхээр 1 жил 1 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээг шинэчлэн байгуулжээ. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсантай маргахгүй, 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь хөдөлмөрийн гэрээг халхавчилж хийсэн гэрээ бөгөөд буудлын жижүүрийн ажил нь байнгын ажлын байр тул хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн дээрх шаардлагад нийцсэн гэрээ байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”-ээр хэлцэл хийгч талууд уг хэлцлийг хэрэгжүүлэх, ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зорилго байхгүй, халхавч хэлцлийн үр дагаврыг бий болгохыг зорьдоггүй. Өөрөөр хэлбэл, хэлцэл хийгч талууд халхавчлагдсан хэлцлийн талаар тохиролцоод, тэр хэлцлийн үр дагаврыг бий болгохыг зорьдог. Нэхэмжлэгч Ц.Отгонжаргал, хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээд харилцан тохиролцож хөлсөөр ажиллах гэрээгээр халхавч хэлцэл хийсэн гэх байдал зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын өөр нэг үндэслэл нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “.... Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно...” гэж, мөн хуулийн 3.1.15-д “байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг” гэж, Иргэний хуулийн 363 дугаар зүйлийн 363.1-д “Ажиллуулагч нь ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй” гэж заасан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн А-03 тоот тушаалаар Багануур хэсгийн амрах байрыг татан буулгасан байна. Иймд буудлын жижүүрийн ажлын байрыг байнгын ажлын байр гэж дүгнэх боломжгүй байна. Түүнчлэн хэрэв байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд гомдол гаргахаар байхад уг гэрээний талаар болон орон тооны цомхотголд орсон асуудлаар нэхэмжлэгч маргахгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн байна. Иймд түүний 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцуулж, буудлын жижүүрийн ажлын байранд хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 29-ны өдрийг хүртэлх 7 сарын хугацааны сарын үр дүнгийн шагнал, тасралтгүй ажилласны нэмэгдэл, бүсийн нэмэгдэл зэрэгт авч чадаагүй 1.942.101 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн төлсөн 16.080 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 128.1.8, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалтыг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцуулж, Багануур өртөөний буудлын жижүүрийн албан тушаалд хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, хохиролд 1.912.101 төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Отгонжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.080 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
| ||||
| |