Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2017/00603

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын*** дүгээр багт оршин суух, А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын** дүгээр багт оршин суух, С-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, түүний өмгөөлөгч Д.А, хариуцагч К.С, хариуцагчийн өмгөөлөгч С.А, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 680000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А миний бие Алтай сумын 1-р багийн нутаг "Н" гэдэг газар эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. Хөрөнгө муу, мал багатай, нэн ядуу өрхүүдийн тоонд багтдаг билээ. Надад саалийн бор шаргал зүсмийн, зөв талд нь "X" тамгатай төлөгтэй унагатай ганц гүү байдаг бөгөөд 2016 оны 10-р сарын 15-ны өдөр Өлгий сумын 9-р багийн иргэн С гэх хүн: "Унагатай гүүг чинь өвөлжингөө сааж айргийг нь ууж байгаад хавар болмогц буцааж авчирч өгнө, шанд нь 2017 онд шинээр төрсөн нэг унага өгнө" гэж хэлээд, халтар унагын хамт гүүг маань Портер маркийн автомашинаар аймгийн төв рүү аваад явчихсан юм. Унагатай гүүг авч явах үедээ К.С нь: "Унагатай гүү чинь үрэгдвэл төлж өгөх болно" гэж байсан ба миний бие түүнд итгэж баримт бичүүлж аваагүй билээ Түүнийг ийнхүү хэлж унагатай гүүг авч явах үеийг гэрчлэх тэнд бид нартай хамт байсан хүмүүс байгаа ба тэд дээрх үйл явдал, мөн К.С-ий надад хэлсэн үгнүүдийг бүгдийг нь гэрчилнэ. 2017  оны  04-р  сарын  28-ны  өдөр  би  К С  рүү  утсаар  ярьж унагатай гүүгээ авъя, буцааж өгөөрэй гэхэд: "Чамаас гүү аваагүй, юу яриад байгаа  юм  бэ?" гэж хэлээд элдэв хэл амаар доромжилсон юм. Биднийг хөдөөний хүмүүс гэж басамжилж,   боловсролгүй, хууль мэдэхгүй байдлыг далимдуулж, авсан зүйлээ аваагүй мэтээр зүтгэж худал хэлж, хэлсэн үгэндээ хүрэхгүй,   ядуу   хүмүүс   гээд   дорд   үзэн, авсан зүйлээ буцааж өгөлгүй чирэгдүүлж. хохироож байгаад нь гомдолтой байна. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байсан ба надаас унагатай гүү авсан гэдгээ К.С өөрөө хүлээн зөвшөөрч, шүүхийн журмаар шийдвэрлэ гээд амаар хариу өгсөн. Иймээс аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байгаа юм.Алтай сумаас аймгийн төв рүү ахин дахин ирж К.С-ийг эрж сураглах боломж бидэнд байхгүй, замын зардал, мөнгө үгүй билээ. Иймд К.С-ээс надаас авсан бор шаргал зүсмийн гүүг халтар унагын хамт гаргуулан өгч, намайг хохиролгүй болгож өгөн, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би гүүг хариуцагч К.С-аас 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 680000 төгрөгөөр худалдаж авсан. Тэрнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. К.С-ий хүүхэд нь надад оронд нь нэг даага өгөөд гүүг буцааж авъя гэж хэлсэн. Би Алтай сумаас хэд хэдэн удаа ирлээ. Тийм учраас энэ асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч К.С шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие С нь Буянт сумын 3-р багийн иргэн. Би 2016-оны 6-р сараас эхлэн банкнаас тэтгэврийн зээл авч Говь-Алтай, Ховд аймгийн чиглэлээс адуу малын худалдаа наймаа хийж эхэлсэн. Энэ хугацаанд 30 гаруй морь, унагатай гүү, дааг зэргийг авч ирж аймгийн зах, Толбо, Алтай, Буянт сумын иргэдэд худалдаж байсан. Би Алтай сумын "Шалгар" гэдэг газарт дүүгийн хажууд зуссан. Хамт зусаж байсан Алтай сумын иргэдээс адууны захиалгаа авч захиалгын дагуу унагатай гүү, морь, даага зэргийг авч ирж өгч бэлэн мөнгөөр худалдсан. Зусланд хамт байсан Х түүний хүү А нар унагатай гүү авч ирж өгөөрэй бид бэлэн мөнгөөр авна гэхээр нь баруун гуянд / гурвалжин / тамгатай Буурал гүү, сартай халтар унагын хамт авч ирсэн. Тэд одоо бэлэн мөнгөгүй бид унагатай гүүг заавал авна өөр хүнд худалдаж болохгүй гэхээр нь өөрийн дүү К.Т-ий адуунд байлгаж байсан. Мөн урьд нь С.Х А хоёр гэр шинээр барна гэж аймгаас 5-р сарын 25-ны 180000 төгрөгийн хоёр баганатай эсгий гэрийн хаалга захиалан авахуулсан тэр хаалганы мөнгийг олон удаа нэхсэн боловч өгөөгүй юм. Урьд авсан хаалганы мөнгийг өгөөгүй учир би унагатай гүүг өгөлгүй адуунд хамт байлгаж байсан. 8-р сарын 15-ны үед С.Х Х.А нар ирж бид унагатай гүүг авъя мөнгө байхгүй учир сарлаг үхрийн мах өгье урьд авсан хаалганы үнэ 180000 төгрөгийг унагатай гүүний үнэ 800000 төгрөгийг хамтдаа тооцоо хийж үлдсэн мөнгийг хэд хоногийн дараа аймагт хонь ямаа худалдаж мөнгө өгье гэхээр нь унагатай гүүг өгөхөөр тохиролцов. Сарлаг үхрийн 100 кг махыг 3500 төгрөгөөр бодож С.Х Х.А нараас авсан мөн тэр өдөр 40000 төгрөг авсан Шалаграас жижиг машинаар ачиж аймагт 3000 төгрөгөөр худалдсан. Махны үнийн зөрүү 50000 төгрөгийн хохирол үзсэн. Дараа нь С.Х Х.А нараас үлдсэн 630000 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч юу ч өгөөгүй. Тэгэхээр нь би аймгаас 110 км газарт С.Х Х.А нараас бэлэн мөнгө эсвэл хонь ямаа тохирч авахаар ирсэн боловч С.Х гэрт байсан Х.А гэрт байгаагүй байсан. Х.А мал ачиж аймаг явсан мөнгийг аймгаас өгнө гэсэн тэр газарт сүлжээ байхгүй учир би Буянт сум ирж аймагт байгаа Х.А-т утсаар ярьсан. Х.А би 3-4 хонь авч ирж худалдсан хонины үнэ унасан учир хонийг 30-50 мянган төгрөгөөр худалдсан би мөнгөөр өөр юм хум авлаа надад 40000 мянган төгрөг л үлдлээ гэв. Би над мөнгө аймагт байгаа манай хүүхдэд өгөөд яваарай гэсэн. Үлдсэн мөнгөө хэзээ өгөх вэ гэсэн үлдсэн мөнгөө Алтай сумын банкнаас зээл авна хэдэн хоногийн дараа хүргэж өгнө гэсэн. 40000 төгрөгийг манай хүүхдэд өгч явсан байна. Тэр чигтээ холбоо ч бариагүй таг алга болчхоор нь Би унагатай гүү хаалганы мөнгөний зөрүү үнийг авах гэж Алтай сумын Нарин шихэртэй гэдэг газарт 2 удаа очсон. 8-р сарын 28-нд очиход 50000 төгрөгөөр үнэлж нэг хонь өгсөн, Дахин 9-р сарын 18-нд  нэг сэрх 40000 төгрөгөөр үнэлж өгсөн. Тэр үед  миний унагатай  гүүг С.Х Х.А нар X гэсэн тамга дарсан байв. Би 100-110 км газарт 3 удаа очиход нэг явуултанд 40 л АИ-92 бензин зарцуулсан 3 удаа очиход 40л х 3 = 120 л бензин 120 л х 1600 төг / тэр үеийн ханшаар 192000 төгрөг зарцуулсан. Би удаа дараа мөнгийг шаардсан боловч эцсийн тооцоо хийж мөнгийг гүйцэд өгөөгүй намайг маш их хохироож дахин наймаа хийх ажилд саад болж банкны зээлийн хүүнд унгасан. С.Х Х.А нар намайг 3 сар гаруй хугацаанд олон дахин явуулж тооцоо хийж мөнгийг өгөөгүй болохоор 10-р сарын 15-нд аймгаас майти машиныг 150000 төгрөгөөр хөлслөн авч С.Х Х.А-д очиж би унагатай гүүг авъя гүүг хэсэг хугацаа гарт байлгана мөнгийг авч ирж өгч ав гэж хэрэв авч ирж өгөхгүй бол гүүг худалдана гэж хэлж явсан. С.Х А нарт өгсөн гүүг болон С.Х-ын дүү Б-д өгсөн унагатай гүүтэй хамт 2 унагатай гүүг өөрсдөөр нь байрлуулж майти машинаар ачиж аймагт авч ирж хэдэн хоног хүлээгээд 2 унагатай гүүг банкны зээл хийх учраас захад худалдсан. Худалдахаас өмнө.С.Х Х.А нарт удаа дараа утсаар хэлсэн мөнгийг авч ирж өгөөрэй эсвэл зөрүү мөнгийг ав гэж хэлсэн боловч ирээгүй үлдсэн мөнгийг С.Х-ын дүү С.А өгнө гэв. Тэр хүнээс аваарай гэсэн. С.А эхний үед хэдэн хоногоос өгье гэсэн сүүлд би өгч чадахгүй өөрсдөөс нь ав гэсэн. Намайг хэд хэдэн удаа хууран мэхэлсэн.

Сүүлд хавар 4-р сард С.Х-ад би авсан мөнгийг тооцож өгье эсвэл унагатай гүү авна гэвэл чи үлдсэн мөнгийг өг би чамд өөр унагатай гүү худалдаж авч өгье гэв. С.Х чамайг шүүхэд өгнө гэж элдэв үгээр доромжлон явсан. Би 4-р сард өөрийн Шүдлэн насны морийг очиж Алтай сумын Шигэртай гэдэг газраас ачиж явсны дараа С.Х К.С морь хулгайлан ачиж аймаг орж явна гэж цагдаагийн газарт худлаа мэдүүлэг өгсөн. Мөн С.Х Х.А нар намайг адуу мал хулгайлсан гэж Алтай, Буянт сумын иргэдэд худлаа цуурхал тарааж миний нэр хүндийг гутаасан. Би С.Х хүү нь Х.А нараас би унагатай гүү аваагүй мөнгийг өгч тооцоо хийгээгүй учир өөрийн унагатай гүүг авсан.

Одоо С.Х түүний хүү Х.А нарт миний хийх тооцоо.

С.Х Х.А-т миний өгсөн зүйлс

С.Х Х.А нарын өгсөн зүйлс

2016 оны 5-р сарын өгсөн хаалганы үнэ 180000 Унагатай гүү 800000 Бүгд 980000 төг

1.Үхрийн мах 100x3500=350000

2.Бэлэн авсан 80000

З.Хонь 50000

4.Ямаа 40000

Удаа очсон жижиг машины бензин 120x16000=192000 өөрийн унагтай гүү очиж авсан Майти машинд өгсөн 150000 төгрөг

 

Бүгд 1322000 төгрөгөөс унагатай гүүг өөрөө авсан 800000 төгрөгийг хасаад 522000 төг авахаар нэхэж байна

Бүгд: 520000 төгрөг

 

С.Х Х.Анар надад өгсөн Бүгд 520000 миний авах 522000 төгрөгийг хасаж одоо Х.А-д 2000 төгрөгийг өгнө. Би Х.А-ээс ямар ч унагатай гүү аваагүй энэ нь ор үндэсгүй огт худлаа унагатай гүү миний өөрийн хөрөнгө өөрийн мал. Ухаан мэдрэл бүрэн хүн хүний малыг улаан сайн авна гэж байхгүй шүү дээ. Би Х.А-ийн яагаад худлаа нэхэмжлэл гаргаж байгаад нь гайхаж байна. Би энэ насандаа ямар ч хүнд худлаа хэлж хулгай хийж хүнийг хохироож байгаагүй хүмүүст болох талаас тусалдаг төр нийгэмд олон жил ажилласан нэр хүндтэй хүн юм. Би С.Х түүний хамаатан саадан хүмүүст тухайн үед их тусалж байсан. 2015 онд С.Х нэг диван ор худалдаж авсан мөнгийг хэд хэдэн удаа нэхсэн боловч өгөөгүй. Иймд үнэн бодит байдлаар шийдвэрлэж өгөн үү? гэжээ.

Хариуцагч К.С шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Би 2016 оны 06 дугаар сараас эхлээд банкнаас 2,5 хувийн хүүтэй зээл авч Говь-Алтай, Ховд аймгийн чиглэлээр явж, гүү, унага, морийг бэлдээд аймагт авчраад зарж байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х бид нар хамт зусаж байсан. Тэгээд би нэхэмжлэгчийн захиалгаар гүү унаганы хамт авчирж өгсөн. Урьд нь эдгээр хүмүүсээс авах авлагатай байсан. Өөрөөр хэлбэл С.Х хүүхдэдээ гэр барьж өгнө гээд надаас 180000 төгрөгөөр эсгий гэрийн хана авсан байсан. Тэгээд тэр мөнгийг тухайн үед нь өгөөгүй байсан. Нэхэмжлэгчийн хувьд бид нар хэд хэдэн удаа хувааж өгнө, үлдсэн мөнгөнд нь мал өгнө гэж хэлсэн байсан. Гүүг өгөхдөө би өөрийн гараар өгөөгүй, манай адуун дотор явж байгаа, чи өөрөө очоод аваарай гэж хэлсэн байсан.

Дараа нь би наашаа нүүгээд явсан. Тэгээд би хэд хэдэн удаа очсон боловч  мөнгөө өгөөгүй. Би гүүг худалдахдаа аймгийн захад гаргаж үзүүлээд аймгийн Цагдаагийн газарт тэмдэглүүлсэн, гарал үүслийн гэрчилгээтэй гүү байсан. Худалдсан хүний өмчлөлд шилжүүлсний дараа тухайн гэрчилгээний нэг хувийг тухайн хүнд өгч байдаг.  С.Х, Х.А нарын гаргаж байгаа нэхэмжлэл үндэслэлгүй. Би гүүний үнэ гээд мөнгө төгрөг аваагүй.

Би эсгий гэрийн хаалгыг 180000 төгрөгөөр үнэлж Х.А, С.Х нарт худалдсан. Миний тавьсан байсан газраас Х.А, С.Х нар очиж авсан. Энэ тухай нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Би бэлэн мөнгө 80000 төгрөг, хонийг 50000 төгрөг, ямааг 40000 төгрөгөөр үнэлж хаалганы үнийг авсан маань үнэн. Мөн нядалсан шаар үхрийн мах 100 кг махыг 3500 төгрөгөөр үнэлээд авсан. Тэр бол 350000 төгрөг болсон. Би машинаар С.Х-д дахин дахин очсон боловч уулзаж чадаагүй, нэг бол тэрийг өгнө, энийг өгнө гээд намайг буцаагаад явуулж байсан. Үүнээс болж бензиний үнэ гарч би бодит хохирол амсаж байгаа. Бид нар нэг явалтад 5-6 мал авчирна. С.Х-ын төрсөн дүү болох П нь надаас нэг унагатай гүү, шүдлэн авчхаад мөнгөө өгөөгүй тул түүнд өгсөн хээр зүсмийн унагатай гүүг ачиж явсан. Тэгэхэд би эдгээр хүмүүст зөрүү мөнгөө өгөөд унагатай гүүг аваарай гэж хэлсэн. Тухайн үед надад ирнэ гэсээр байхад чимээгүй алга болсон. Миний дараагийн явалтад  саад хийсэн. Үүнээс болж намайг банкны зээлд унагаасан.

Би С.Х-аас мөнгө авахын тулд Майти маркийн машин болон жижиг машинаар хэд хэдэн удаа очсон. Энэ бүгдэд ямар зардал гарах нь тодорхой шүү дээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ бол миний гүү, надад ийм гүү байдаг, үүнийг хариуцагч К.С ачиж явсан гэж бичсэн байна. Энэ бол үндэслэлгүй, яагаад ийнхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг ойлгохгүй байна. Ядахдаа гүүний үнийн зөрүү мөнгийг хасах боломжтой шүү дээ. Би унагатай гүү тухайн үед олон хүнд бэлэн мөнгөөр худалдаж байсан. Гэхдээ хүмүүст эцсийн тооцоо хийгээд өгдөг байсан. Нэхэмжлэгчийн хувьд намайг олон удаа явуулаад, намайг чирэгдүүлээд миний нэр төрийг гутаасан. Алтай сум болон Буянт сумын иргэдэд К.С миний унагатай гүүг хулгайлан авлаа гээд худлаа мэдээлэл тараагаад миний нэр төрийг гутаасан. Миний худ хүмүүс чи тэгсэн байна, ингэсэн байна гээд надад хэлсэн.

Би надад үлдсэн ганц шүдлэн морийг Т гэдэг дүүгийнхээ гэрээс ачиж явж байхад С.Х цагдаагийн байгууллагад К.С миний морийг хулгайлсан гээд өргөдөл өгсөн байна. Бид нар Өмнө-голд бензин дуусаад зогсож байхад энэ тэнд пост тавиад бид нарыг барьж аваад цагдаагийн байгууллагад нэг өдөр саатуулсан. Тэр үед би С.Х-д тооцоогоо хийе гэж хэлж байсан. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 112 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн өмчлөх эрх үүсээгүй. Худалдан авч байгаа тал эд хөрөнгийн үнийг бүрэн төлсний дараа өмчлөх эрх үүсэх ёстой. Гэрээний аль нэг тал үүргээ биелүүлээгүй бол өгсөн авснаа буцаах ёстой. Өгсөн авснаа буцаасны дараа гарсан бодит хохирлыг нэхэмжлэх ёстой. Надад бодит зардал гарч байгаа. Би эдгээр хүмүүсээс болоод наймаагаа хийж чадахгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэдий хөдөөний хүн байсан ч гэсэн бүх зүйл хуулийн дагуу явагддаг гэдгийг мэдэх ёстой. Гэтэл одоо худлаа надад гүү байсан гээд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Надад гарал үүслийн гэрчилгээ байгаа. Ховд аймгаас ачиж ирсэн хүмүүс гэрчилж байгаа. Ухаан мэдрэл бүрэн хүн хүний юмыг авчхаад ингэж явна гэж байхгүй. Би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид удаа дараа хэлсэн. Би хүний юмыг аваагүй. Би хүний юм авах байтугай олон хүнд тусалж явж байгаа. Би олон хүнээс ичиж байна. Би Х.А-т 20 хэдэн ямааг нийлүүлээд хариулж байсан. Тэр үед миний 4 ямаа алга болсон байхад би тэрийг ч нэхээгүй. Тэрнээс өмнө би эдгээр хүмүүст тусалж байсан. Мөн надаас диван ор авчхаад мөнгөө ч өгөөгүй. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө сайн мэдэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.А нь анх шүүхэд хариуцагч К.С-ээс бор шаргал зүсмийн гүүг халтар унагын хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нь шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, хариуцагч К.С-ээс 680000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ нэхэмжлэлийг өөрчлөх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч К.С-ий шүүхэд гаргасан тайлбартаа “08 сарын 15-ны үед С.Х, Х.А нар ирж бид унагатай гүүг авъя мөнгө байхгүй учир сарлаг үхрийн мах өгье урьд авсан хаалганы үнэ 180000 төгрөгийг унагатай гүүний үнэ 800000 төгрөгийг хамтдаа тооцоо хийж үлдсэн мөнгийг хэд хоногийн дараа аймагт хонь ямаа худалдаж мөнгө өгье гэхээр нь унагатай гүүг өгөхөөр тохиролцов, мөн ...С.Х, Х.А нар намайг 3 сар гаруй хугацаанд олон дахин явуулж тооцоо хийж мөнгийг өгөөгүй болохоор 10 сарын 15-нд аймгаас майти машиныг 150000 төгрөгөөр хөлслөн авч С.Х, Х.А-т очиж би унагатай гүүг авъя гүүг хэсэг хугацаагаар гарт байлган мөнгийг авч ирж өгч ав гэж, хэрэв авч ирж өгөхгүй бол гүүг худалдана гэж хэлж явсан, хэдэн хоног хүлээгээд 2 унагатай гүүг банкны зээл хийх учраас захад худалдсан” гэх тайлбар болон нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарласан тайлбар болон хариуцагч К.С-ий тайлбараар нэхэмжлэгч Х.А, хариуцагч К.С нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Хариуцагч К.С нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өгөх зүйл байхгүй, би хохирол үзсэн гэж маргасан боловч хариуцагч нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч К.С-д худалдан авагч Х.А нь үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Хариуцагч К.С нь “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х-аас авах авлагатай 2016 оны 05 сард өгсөн хаалганы үнэ 180000 төгрөг, унагатай гүү 800000 төгрөг, бүгд 980000 төгрөг, үүнд удаа дараа очсон жижиг машины бензин 120х16000-192000 төгрөг, өөрийн унагатай гүү очиж авсан майти машинд өгсөн 150000 төгрөг, бүгд 1322000 төгрөгөөс унагатай гүүг өөрөө авсан 800000 төгрөгийг хасаад 522000 төгрөг авахаар байгаа ба үүнээс С.Х, Х.А нарын өгсөн зүйлс үхрийн мах 100х3500-350000, бэлэн авсан /мөнгө/ 80000, хонь 50000, ямаа 40000, бүгд 520000 төгрөг эд зүйлээс миний авах 522000 төгрөгөөс 520000 төгрөгийг хасаад одоо Х.А 2000 төгрөг өгнө” гэж тайлбарлаж байгааг дүгнэхэд нэхэмжлэгч Х.А нь унагатай гүүний үнийг огт төлөөгүй биш, тохиролцсоноор хэсэгчлэн төлж байсан байна гэж үзэх боломжтой байна. Харин хариуцагч унагатай гүүг 800000 төгрөгөөр тохиролцсон гэх боловч зохигч нар унагатай гүүг 800000 төгрөгөөр тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, хариуцагч 800000 төгрөгөөр худалдаж тохиролцсон талаарх тайлбарынхаа үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нь “К.С-ээс авч өгч байсан гэхдээ К.С нь худлаа ярьж байгаад гомдолтой байна, би 180000 төгрөгөөр хаалга авсан маань үнэн тийм учраас нэхэмжлэлийн шаардлага 680000 төгрөгөөс 180000 төгрөгийг хасаж, үлдсэн мөнгийг  минь гаргаж өгнө үү” гэснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хаалганы үнэ 180000 төгрөгийг хасаж, хариуцагч К.С-ээс 500000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 180000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, Хариуцагч К.С нь харилцан тохиролцож өгсөн унагатай гүүг өөрөө очиж авч явсан нь, мөн уг унагатай гүүг зах дээр борлуулсан болох нь хариуцагчийн өөрийнхөн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарлаж байгаа тайлбараар бүрэн нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан гэрч нарын “Х.А гүү худалдаж авсан гэж хэлж байсан, К.С нь өөрөө очиж унагатай гүүг ачиж авч явсан” гэж мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу К.С-ээс 500000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.   

Хариуцагч К.С-ий шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас он саргүй, 027585 дугаартай, мал амьтны эрүүл мэнд гарал үүслийн 00011526 дугаарын гэрчилгээ гэх баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй нотлох баримт гэж үзлээ. Учир нь, хариуцагч К.С нь Говь-Алтай, Ховд аймгийн чиглэлээс адуу малын худалдаа наймаа хийж, 30 гаруй морь, гүү, даага зэргийг авч ирж аймгийн зах, Толбо, Алтай, Буянт сумын иргэдэд худалдаж борлуулдаг байсан гэж тайлбарласнаас үзэхэд хариуцагч К.С нь малын ченж буюу малын наймаа хийдэг ба тухайн үед худалдаж авсан морь, унага, гүү нь ямар зүсмийн ямар адуу, гүү, унагыг хэзээ хаанаас авсан талаар бичигдсэн бичилт байна.

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К.С-ээс 15650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.А-т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар К.С-ээс унагатай гүүний үнэ 500000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.А-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 180000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К.С-ээс 15650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.А-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          К.Б