Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2017/00140

 

Х.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 603 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Алтай сумд оршин суух, Х.А-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумд оршин суух, К.С-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, хариуцагч К.С нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 680000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Х.А миний бие Алтай сумд эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. Хөрөнгө муу, мал багатай, нэн ядуу өрхүүдийн тоонд багтдаг билээ. Надад саалийн бор шаргал зүсмийн, зөв талд нь "X" тамгатай төлөгтэй унагатай ганц гүү байдаг бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн К.С гэх хүн: "Унагатай гүүг чинь өвөлжингөө сааж айргийг нь ууж байгаад хавар болмогц буцааж авчирч өгнө, шанд нь 2017 онд шинээр төрсөн нэг унага өгнө" гэж хэлээд, халтар унаганы хамт гүүг маань Портер маркийн автомашинаар аймгийн төв рүү авч явсан. Унагатай гүүг авч явах үедээ К.С нь: "Унагатай гүү чинь үрэгдвэл төлж өгөх болно" гэж байсан ба миний бие түүнд итгэж баримт бичүүлж аваагүй. Түүнийг ийнхүү хэлж унагатай гүүг авч явах үеийг гэрчлэх тэнд бид нартай хамт байсан хүмүүс байгаа ба тэд дээрх үйл явдал, мөн К.С-ний надад хэлсэн үгнүүдийг бүгдийг нь гэрчилнэ. 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би К.С рүү утсаар ярьж унагатай гүүгээ авъя, буцааж өгөөрэй гэхэд: "Чамаас гүү аваагүй, юу яриад байгаа юм бэ?" гэж хэлээд элдэв хэл амаар доромжилсон. Биднийг хөдөөний хүмүүс гэж басамжилж, боловсролгүй, хууль мэдэхгүй байдлыг далимдуулж, авсан зүйлээ аваагүй мэтээр зүтгэн худал хэлж, хэлсэн үгэндээ хүрэхгүй, ядуу хүмүүс гээд дорд үзэн, биднийг чирэгдүүлж. хохироож байгаад нь гомдолтой байна. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байсан ба надаас унагатай гүү авсан гэдгээ К.С өөрөө хүлээн зөвшөөрч, шүүхийн журмаар шийдвэрлэ гээд амаар хариу өгсөн. Иймээс аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Алтай сумаас аймгийн төв рүү ахин дахин ирж К.С эрж сураглах боломж бидэнд байхгүй, замын зардал, мөнгө үгүй билээ. Иймд К.С-ий  надаас авсан бор шаргал зүсмийн гүүг халтар унаганы хамт гаргуулан өгч, намайг хохиролгүй болгож, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.”  гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Миний бие 2016 оны 6 дугаар сараас эхлэн банкнаас тэтгэврийн зээл авч Говь-Алтай, Ховд аймгийн чиглэлээс адуу малын худалдаа наймаа хийж эхэлсэн. Зусланд хамт байсан С.Х түүний хүү А нар унагатай гүү авч ирж өгөөрэй бид бэлэн мөнгөөр авна гэхээр нь баруун гуянд / гурвалжин / тамгатай Буурал гүү, сартай халтар унаганы хамт авч ирсэн. Тэд одоо бэлэн мөнгөгүй бид унагатай гүүг заавал авна өөр хүнд худалдаж болохгүй гэхээр нь өөрийн дүү К.Т-ийн адуунд байлгаж байсан. Мөн урьд нь С.Х, Х.А хоёр гэр шинээр барина гэж аймгаас 5 дугаар сарын 25-ны өдөр 180000 төгрөгийн хоёр баганатай эсгий гэрийн хаалга захиалан авахуулж мөнгийг нь олон удаа нэхсэн боловч өгөөгүй. Урьд авсан хаалганы мөнгийг өгөөгүй учир би унагатай гүүг өгөлгүй адуунд хамт байлгаж байсан. 8 дугаар сарын 15-ны үед С.Х, Х.А нар ирж бид унагатай гүүг авъя мөнгө байхгүй учир сарлаг үхрийн мах өгье урьд авсан хаалганы үнэ 180000 төгрөгийг унагатай гүүний үнэ 800000 төгрөгийн хамт тооцоо хийж үлдсэн мөнгийг хэд хоногийн дараа аймагт хонь ямаа худалдаад өгнө гэхээр нь унагатай гүүг өгөхөөр тохиролцсон. Миний бие С.Х, Х.А нараас мөнгөө авах гэж тэдний амьдардаг газар 3 удаа зардал гарган байж очсон боловч бүрэн гүйцэт авч чадаагүй.Би удаа дараа мөнгийг шаардсан боловч тооцоо хийж мөнгийг гүйцэд өгөөгүй намайг маш их хохироож дахин наймаа хийх ажилд саад болж банкны зээлийн хүүнд унагасан. С.Х, Х.А нар намайг 3 сар гаруй хугацаанд олон дахин явуулж тооцоо хийж мөнгийг өгөөгүй болохоор 10 дугаар сарын 15-нд аймгаас майти машиныг 150000 төгрөгөөр хөлслөн авч С.Х, Х.А нар дээр очиж “би унагатай гүүг авъя, гүүг хэсэг хугацаанд гартаа байлгана, мөнгийг нь авч ирээд гүүгээ ав” гэж гэсэн. Хэрэв авч ирж өгөхгүй бол гүүг худалдана гэж хэлээд явсан. С.Х, Х.А нарт өгсөн гүүг болон С.Х-ын дүү Б-д өгсөн унагатай гүүтэй хамт 2 унагатай гүүг өөрсдөөр нь байрлуулж майти машинаар ачиж аймагт авч ирж хэдэн хоног хүлээгээд 2 унагатай гүүг банкны зээл хийх учраас зах дээр худалдсан. Худалдахаас өмнө.С.Х, Х.А нарт удаа дараа утсаар хэлсэн мөнгийг авч ирж өгөөрэй эсвэл зөрүү мөнгийг ав гэж хэлсэн боловч ирээгүй. Үлдсэн мөнгийг С.Х-ын дүү С.А өгнө гэсэн. С.А эхний үед хэдэн хоногоос өгье гэсэн сүүлд би өгч чадахгүй өөрсдөөс нь ав гэсэн. Намайг хэд хэдэн удаа хууран мэхэлсэн. Би С.Х, Х.А нараас 2016 оны 5 дугаар сард өгсөн хаалганы үнэ 180000 төгрөг, унагатай гүүний үнэ 800000 төгрөг,  удаа дараа очсон унааны зардалд 192000 төгрөг/120 литр х 1600/, унагатай гүү ачиж явсан зардал 150000 төгрөг нийт 1322000 авахаас унагатай гүүгээ өөрөө авсан тул 800000 төгрөгийг хасаад 522000 төгрөг авах ёстой байсан. Тэгээд С.Х, Х.А нараас үхрийн мах 100кг х 3500 тооцон 350000 төгрөг, бэлэн мөнгөөр 80000 төгрөг, хонь 50000 төгрөг, ямаа 40000 төгрөг нийт 520000 төгрөг авсан. Одоо Х.А-д 2000 төгрөгийг өгнө. Би Х.А-ээс ямар ч унагатай гүү аваагүй энэ нь ор үндэсгүй огт худлаа унагатай гүү миний өөрийн хөрөнгө өөрийн мал. Иймд үнэн бодит байдлаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 603 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар К.С-ээс унагатай гүүний үнэ 500000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.А-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 180000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10  дугаар сарын 04-ний өдрийн 603 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Анхан шатны шүүх иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 603 тоот шийдвэрээр иргэн Х.А-т 500,000 төгрөг олгох тухай шийдвэрлэсэн боловч, Иргэний хуулийн 264.1, 264.2 дахь заалтуудыг орхигдуулан надаас гарсан бодит зардал ба хохирол 342,000 төгрөгийг хасаж шийдвэрлээгүй тул иргэн Х.А-т миний төлөх 500,000 төгрөгөөс гарсан зардал ба хохирол 342,000 төгрөгийг хасаж өгөхийг хүсэж байна. Иргэн Х.А нь тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргийг хүлээсэн боловч тодорхой цаг хугацаанд унагатай гүүний үнийг бүрэн төлж дуусгаагүй олон дахин шаардуулж, чирэгдэл, зардал гаргаж зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч тал биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж иргэн миний бие худалдагч тал гэрээнээс татгалзаж талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар өөрийн унагатай гүүг буцаан авсан боловч унагатай гүүний үнийг барагдуулахын төлөө олон дахин очиж тээвэр, унааны зардалд 192,000 төгрөг, өгсөн зүйлээ портер маркийн авто машинаар ачиж авахын тул 150,000 төгрөгийн тээврийн хөлс, зардлыг тус тус гаргасан ба Иргэний хуулийн 264.2-т зааснаар шаардсан боловч хохирол, зардлаа барагдуулаагүй болно. Иргэн Х.А нь хохирол зардлыг барагдуулж өгөх бол иргэн Х.А-ээс авсан унагатай гүүний мөнгө буюу шүүхийн шийдвэрээр гарсан 500,000 төгрөгийг төлөхөд иргэний хувьд бэлэн байгаа. 

Иймд унагатай гүүний мөнгө буюу үнийг барагдуулахын төлөө олон дахин очиж тээвэр, унааны зардалд 192,000 төгрөг гаргаж, мөн хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж аргагүй эрхэнд өөрийн унагатай гүүг авч ирэхийн төлөө портер машинд 150,000 төгрөгийн тээврийн хөлс, зардал төлж бодитой, их хэмжээний хохирол, үргүй зардал удаа дараа учруулсан явдалд гомдолтой байгаа тул хуулийн дагуу хохиролгүй болгож өгч туслана уу.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар 262.1.-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х.А нь К.С-д холбогдуулан 680000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “Унагатай гүүг чинь өвөлжингөө сааж айргийг нь ууж байгаад хавар болмогц буцааж авчирч өгнө, шанд нь 2017 онд шинээр төрсөн нэг унага өгнө, хэрэв унагатай гүү чинь үрэгдвэл төлж өгнө гэсэн” гэж тайлбарлаж, хариуцагч “Х.А нь надаас унагатай гүү худалдаж аваад мөнгийг өгөхгүй удаа дараа чирэгдэл учруулсан тул унагатай гүүгээ буцаан авсан” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар талуудын хооронд иргэний эрх зүйн ямар төрлийн харилцаа үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байхад Х.А, К.С нарын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдээгүй байна. 

 

Х.А болон К.С нарын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсан эсэх, нэхэмжлэгч гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой эсэх, хэрвээ талуудын хооронд хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа бий болсон гэж үзвэл зохигчийн тайлбар, үндэслэлийг тодруулсны дараа маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад үйл баримтыг тогтоосны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан журамд нийцнэ. 

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 603 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, К.С-д буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ