Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 181/2018/02930/И |
Дугаар | 001/ХТ2020/00844 |
Огноо | 2020-12-22 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2020/00844
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00036 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 491 дүгээр магадлалтай,
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Э” ХХК-д холбогдох,
Гэрээнээс татгалзаж, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги, учирсан хохиролд нийт 29 089 050 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хохиролд 26 512 945 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2 940 ширхэг бетон шон худалдан авахаар “Э” ХХК-ийн ерөнхий захирал Б.Баттогтохтой тохиролцон 2018 оны 8-р сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, мөн өдөр захиалсан барааны урьдчилгаа болох 40 000 000 төгрөгийг ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу Б.Баттогтохын дансанд шилжүүлсэн.
2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр захиалсан барааны эхний хэсгийг ачуулахаар Улаанбаатар хотод очиход захиалсан бараа хийгдэж эхлээгүй байсан учир гэрээг цуцалж, шилжүүлсэн мөнгийг буцаан авах хүсэлт тавихад тухайн захиалсан барааг хийхээр материалаа татан авсан, гэрээт хугацаанд нийлүүлэх болж 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээг хүчингүй болгож, бетон шон нийлүүлэх ажлын гэрээг 9 дүгээр сарын 9-ний өдөр “Э” ХХК-ийн ажлын байранд дахин шинээр байгуулсан. Учир нь манай компани нь Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын газартай тухайн бетон шонгуудыг 9 дүгээр сарын 20-ны дотор Өмнөговь аймгийн Баянзагт суулгаж дуусгах гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд “Э” ХХК нь уг хугацаанд 2 940 шон нийлүүлж амжихааргүй болсон учир шилжүүлсэн 40 000 000 төгрөгт 1 740 бетон шонг 9 дүгээр сарын 18-ны дотор нийлүүлэхээр гэрээ байгуулж, гэрээний хугацаанд буюу 9 дүгээр сарын 18-ны захиалсан барааг нийлүүлээгүй бөгөөд 9 дүгээр сарын 25-ны өдөр 349 ширхэг, 9 дүгээр сарын 30-ны өдөр 401 ширхэг нийт 750 бетон шонг нийлүүлж, хугацаа хэтрүүлсэн гэж өөрийн компанийн тээврийн машинаар хүргэж хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 990 ширхэг бетон шон гэрээний хугацаанд нийлүүлэгдээгүй учир хэрэглэгдэхгүй болсон. Манай компани нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд өөр компаниас тухайн барааг худалдан авсан.
Хариуцагч компанийн Б.Баттогтох, борлуулалтын менежер Д.Батжав нартай утсаар холбогдож гэрээний хугацаа дууссан, бараа нийлүүлэгдэхгүй байгааг мэдэгдсэн боловч утсаа авахгүй, мэдээлэл өгөхгүй, гэрээний 4.3-т заасан үүргийг биелүүлэхгүй байсан.
Уг бетон шонгуудыг Өмнөговь аймгийн Баянзагт суулгах ажлын гэрээний хугацаа дуусч, уг шонгууд нь гэрээндээ нийлүүлэгдээгүй учир шаардлагагүй болсноор гэрээ цуцлах тухай албан тоотыг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Э” ХХК-д интернэт хаягаар нь хүргүүлж, уг тоотоор гэрээ цуцлах, захиалсан барааны үлдэгдэл төлбөрт 22 770 000 төгрөгийг 9 дүгээр сарын 12-ны өдөр багтаан шилжүүлэх талаар мэдэгдсэн бөгөөд албан тоот хүргэсэн талаар ерөнхий захирал Б.Баттогтоход мэдэгдэх гэтэл утсаа авахгүй байсан тул мессежээр мэдэгдсэн.
10 дугаар сарын 14-нд Б.Баттогтохтой, 15-ны өдөр захирал Т.Халиунтай утсаар холбогдож гэрээний хугацаа 30 хоногоор хэтэрсэн талаар хэлж, үлдэгдэл төлбөр шилжүүлэхийг мэдэгдсэн боловч одоо болтол төлбөрийн буцаалт хийгдэхгүй байна. Захиалсан барааг гэрээний хугацаанд нийлүүлээгүй учир “Э” ХХК-иас захиалсан барааны үлдэгдэл төлбөр төгрөг 22 770 000 төгрөг /990ш х 23 000 төгрөг/, алданги 1 821 000 /22 770 000х0,2%х40 хоног/, нийт 24 591 600 төгрөгийг гаргуулна.
“Д” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Э” ХХК-тай бетон шон нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг 8 дугаар сарын 28-ны өдөр “Э” ХХК-ийн нэхэмжилснээр ерөнхий захирал Б.Баттогтохын дансанд шилжүүлсэн ч захиалсан бараа гэрээний хугацаанд нийлүүлэгдээгүй учир урьд гаргасан нэхэмжлэл дээр 4 497 450 төгрөгийг нэмж нэхэмжилнэ.
Гэрээний хугацаа хэтрүүлж, нийлүүлсэн болон нийлүүлээгүй материалын алданги нийт 3 031 630 төгрөг /96 324+202 906+2 732 400/, 349 ширхэг бетон шонг нийлүүлээгүй 6 өдрийн /2018.09.19-2018.09.24 /алданги 96 324 төгрөг /349 ширхэг х23 000=8 027 000х0.2%=16 054х6/, 401 ширхэг шонг нийлүүлээгүй 11 өдрийн/2018.09.19-2018.09.29/ алданги 202 906 төгрөг /40ширхэг х 23 000=9 223 000х0.2=18 446х11/, 990 ширхэг шонг нийлүүлээгүй 60 өдрийн /2018.09.19-2018.12.28/ алданги 2 732 400 /990 ширхэг х 23 000=22 770 000х0.2%=45 540х60/, гэрээний хугацаанд нийлүүлээгүй 990 ширхэг бетон шонг өөр компаниас худалдан авч Баянзагт суурилуулахад ажилласан ажилчдын ажлын хөлсний зардал 732 000 төгрөг /Гэрээт хугацаанд материал нийлүүлэгдсэн бол 11 дүгээр сард Баянзаг явж энэ зардал гарахгүй байсан/ албан томилолт, унааны зардлыг тооцоогүй болно. Э ХХК-тай Улаанбаатар хотод очиж уулзахаар зарцуулсан шатахууны зардал 733 820 төгрөг /гэрээний хугацаанд материал нийлүүлэгдсэн бол энэ зардал гарахгүй байсан болно/. 9 дүгээр сарын 09-ний өдөр Даланзадгад-Улаанбаатар-Даланзадгад чиглэлд зарцуулсан шатахууны үнэ 374 220 төгрөг /177 220+130 000+67 000/, 10-р сарын 29-нд Даланзадгад-Улаанбаатар-Даланзадгад чиглэлд зарцуулсан шатахууны үнэ 359 600 төгрөг /999 998+79 600+180 000/, Э ХХК-иас 2018 оны 10 дугаар сард нэхэмжилсэн 24 591 600 төгрөг, нэмж 4 497 450 төгрөг, нийт 29 089 050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирол арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан.
Захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх боломжгүй байдалд хүргэсэн шалтгаанд үүрэг гүйцэтгүүлэгч “Д” ХХК тодорхой хэмжээгээр буруутай төдийгүй өөрсдөө гэрээнээс татгалзах журам зөрчин гэрээний харилцааг дуусгавар болгосноос үүсэх үр дагавар буюу алданги, мөн гарах нь тодорхой байсан тээврийн зардал зэргийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
Захиалагч нь захиалгат ажлыг эхлээд 15 хоногийн хугацаанд гүйцэтгүүлэх бага хугацааг гэрээнд заасан ч тус компанийн зүгээс ирүүлсэн бетон шонгийн хэмжээ, бетон зуурмагийн стандартыг заасан баримтын дагуу захиалсан бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд бетоны марк бага байснаас үүдэлтэй шонг хэвэнд биежүүлэх хугацаа 3-4 хоногоор уртсаж, үйлдвэр доторх хийн хатаагуур руу зөөвөрлөж хатаах ажиллагааны хугацаа мөн дагаад уртассан. Энэ байдлаар 349 ширхэг шонгийн зарим хэсгийг үйлдвэрлэсэн ба бэлэн болсон шонгийн ирмэг, булангууд сэтэрч, үйрээд тээвэрлэлт хийх боломжгүй, цаашид хэрэглээнд ашиглалтын шаардлага хангахгүй байж болох доголдол гарсан цаашид бидний эрх ашигт сөрөг нөлөөтэй байсан тул “Д” ХХК-ийн холбогдох хүмүүстэй ярилцаж, тохиролцон тул бетоны маркийг нэмэгдүүлж шонгуудыг цааш үйлдвэрлэхээр хугацаа тохирч ажлаа эхлүүлсэн тул гэрээнд заасан хугацаа хэтрэх нь ойлгомжтой болж нэмэлт хугацаа тогтоосон.
Мөн байгаль цаг уурын нөхцөлтэй холбоотойгоор шонгийн цутгалт хэвэнд биежих хугацаанд нөлөөлж байснаас гадна “Д” ХХК-ийн зүгээс захиалгат бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ажиллагаанд саад учруулж, үл ойлгогдох шийдвэрүүдийг олон дахин гаргаж шон үйлдвэрлэлтийн ажиллагааг тухай бүр 2-3 хоногоор зогсоолгох, үйлдвэрээс гаргасан бэлэн бүтээгдэхүүнийг цаг хугацаанд хүлээн авахгүй байх зэргээр асуудлыг хүндрүүлж байсан нь гэрээний хугацаа, мөн нэмэлт хугацаа хэтрэх шалтгаан болсон. Иймээс манай компаниас гэрээгээр хүлээгээгүй үүрэг гүйцэтгэж үйлдвэрээс гарсан 753 ширхэг шонг 2 удаагийн тээвэрлэлтээр нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэж буй газарт хүргэсэн ба ачаа, тээврийн зардал нь 12 691 445.20 төгрөгтэй тэнцэж байна.
Нэхэмжлэгч гэрээг цуцлах, гэрээнээс татгалзаж байгаагаа албан ёсоор ойлгомжтой илэрхийлээгүйгээс 14 582 000 төгрөгийн хохирол учирсан. Учир нь гэрээний хугацаанд захиалагчаас ирүүлсэн зуурмагийн марк бага байсантай холбоотойгоор 124 ширхэг бетон шонгийн гологдол гарсан нь 2 852 000 төгрөгтэй тэнцэнэ. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш 2018 оны 10 дугаар 09-ний өдөр гэрээ цуцлах тухай албан бичиг компанийн интернет хаягаар илгээсэн гэх боловч 2018 оны 10 дугаар сарын дундуур 11 500 000 төгрөгийн өртөг бүхий 500 ширхэг шонг авна гэж үйлдвэрлүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл зөрүү мөнгөтэй нь хамт шилжүүлэхгүй бол шонг ачуулах хэрэггүй гэж татгалзлаар татан авалт хийгээгүй байгааг манай компанийн зүгээс үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлд зааснаар бидэнд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй ба алданги нэхэмжлэх эрхээ алдсан гэж үзэж байна.
Мөн гэрээнээс өөрсдөө татгалзаж, үлдэгдэл 990 ширхэг шонг авахгүй гэж тохирсон атлаа үйлдвэрлэгдээгүй шонг бусдаас худалдаж авч зардал гаргасан гэж хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Энэ нь нэхэмжлэгчээс өөрөөс нь гарах ёстой зардал тул нэмэлтээр учирсан зардал гэж үзэхгүй. Иймд “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад захиалгын дагуу үйлдвэрлэгдсэн 510 ширхэг шонг оруулан тооцохоос гадна ачаа тээврийн зардал 12 691 445.20 төгрөг, доголдолтой шонгийн зардал 2 852 000 төгрөгийн хохирлыг гаргуулна.
Талууд 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд захиалагч компанийн өгсөн марк загварын дагуу шонг үйлдвэрлэхэд бэрхшээлтэй байсан. Ингээд 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ирж уулзахад нь үйлдвэрлэхэд болохгүйг хэлсэн. Тухайн үед “Д” ХХК-ийн өгсөн захиалгын дагуу хийж гүйцэтгэж байсан бөгөөд утсаа авахгүй байсан асуудал байхгүй, би олон удаа утсаар ярьж санхүүгийн баримт үйлдэж байсан. Нэхэмжлэгч тал машин явуулна гэсэн тул хүлээж байтал шүүхэд дуудсан. Үйлдвэрлэсэн байгаа 500 ширхэг шон нь нэхэмжлэгчийн захиалгын дагуу хийгдсэн бөгөөд өөр байгууллага ашиглах боломжгүй. Харин үлдсэн 365 ширхэг шонгийн үнэ болох 8 621 000 төгрөгийн төлөх боломжтой гэсэн боловч тохиролцоонд хүрээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Э” ХХК нь “Д” ХХК-ийн гэрээ цуцалж, 24 591 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрээнээс татгалзсанаас үүссэн хохирлын төлбөрт 18 984 000 төгрөг гаргуулж, уг мөнгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Харин дээрх нэхэмжлэлийн шаардлагынхаа бензин тосны зардлын хохирол гэх хэсгийн 4 632 000 төгрөг гэснийг жолооч Ш.Баяндалайгийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас 100 км зайд байрлах Баянзаг жуулчны баазад “Д” ХХК-ийн захиалсан барааг хүргэсэн ачаа тээврийн зардал болох 12 691 445.20 төгрөг гэж үнийн дүнг өөрчилж сөрөг нэхэмжлэлийн шаардлагынхаа нийт үнийн дүнг 8 059 445 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа ба үүнтэй холбогдуулан өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.
Учир нь бараа бүтээгдэхүүн тээвэрлэх 1 тн км-ийн жишиг үнэ хөлс, шатахууны зардлыг тооцох жишиг үнийн тарифыг Зам тээврийн сайдын 2013 оны 162 дугаартай тушаалаар баталсан байдаг тул жолооч Ш.Баяндалайгийн ачаа тээврийн зардлыг уг тарифыг баримтлан гаргаж хохирлоо тодорхойлж байна.
Иймээс гэрээнээс татгалзсанаас үүссэн хохирлын төлбөрт 18 984 000 төгрөгийг “Д” ХХК-иас гаргуулан, тус компанийн нэхэмжилсэн 24 591 600 төгрөгөөс хасч, үлдэгдэл 5 607 600 төгрөгийг “Д” ХХК-д буцаан төлөх боломжийг олгоно уу гэх сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг гэрээнээс татгалзсанаас үүссэн хохиролд 27 043 445 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, тус компанийн нэхэмжилсэн 24 591 600 төгрөгтэй харилцан тооцож, үлдэх хэсгийг гаргуулж өгнө үү гэж өөрчилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч тал хэвтэй марктай холбоотой энэ асуудлын талаар гэрчийн мэдүүлгээр шийдэгдсэн гэж ойлгож байна. 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээгээр 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр авах шонгийн хэв марк нь доголдолгүй үйлдвэрлэгдсэн талаар хариуцагч тал ярьдаг. 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 2 940 ширхэг шон нийлүүлэх боломжгүй харин 1 740 ширхэг шонг үйлдвэрлэх боломжтой гэж гэрээ байгуулсан. Хариуцагч талд хангалттай нэмэлт хугацаа өгсөн.
Хариуцагч талаас 9 дүгээр сарын сарын 25-30-ны өдрүүдэд шонг нийлүүлсэн. Зөвхөн манайд нийлүүлэх боломжтой шон үйлдвэрлэсэн талаар тайлбарласан боловч энэ талаар баримт гаргаагүй. 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээнээс хариуцагчийн менежмент нь чанар стандартад нийцсэн, нэгэн хэвийн бетон шон нийлүүлсэн гэсэн тул дээрх тайлбар үгүйсгэгдэнэ. Гэрээний 3.3-т зааснаар бараа нийлүүлэхтэй холбоотой бүх зардал багтсан гэсэн тул Зам тээврийн сайдын тушаалыг үндэслэн тээвэрлэлтийн зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн тушаалд талууд зөвшилцөж шийдвэрлэнэ гэж заасан.
“Э” ХХК гэрээний хугацаа хожимдуулан шон нийлүүлсэн бөгөөд тээвэрлэлтийн зардлын нэг талын шатахууны төлбөрийг “Д” ХХК-иас гаргаж өгсөн. Биднээс шалтгаалж гэрээний хугацаа хэтрээгүй бөгөөд бид гэрээний үүргийг биелүүлсэн. Хариуцагч хугацаандаа шон нийлүүлээгүй удаа дараа хугацаа хожимдуулсан гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00036 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас бүгд 23 069 230 /хорин гурван сая жаран есөн мянга хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, үлдсэн 6 019 220 /зургаан сая арван есөн мянга хоёр зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-иас бүгд 11 910 945 /арван нэгэн сая есөн зуун арван мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан хариуцагч “Э” ХХК-д олгож, үлдсэн 14 602 000 /арван дөрвөн сая зургаан зуун хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Д” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 367 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 273 296 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, хариуцагч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 205 525 төгрөгийг гаргуулан хариуцагч “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 491 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00036 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “11 910 945 /арван нэгэн сая есөн зуун арван мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг” гэснийг “4 632 000 /дөрвөн сая зургаан зуун гучин хоёр мянган/ төгрөгийг” гэж, “үлдсэн 14 602 000 /арван дөрвөн сая зургаан зуун хоёр мянга/ төгрөгийг” гэснийг “21 880 945 /хорин нэгэн сая найман зуун наян мянга есөн зуун дөчин таван/ төгрөгийг” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын “205 525 төгрөгийг” гэснийг “89 062 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 231 064 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.25-ны өдрийн 00036 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.03.15-ны өдрийн 491 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Тус шүүхүүд Иргэний хуулийн 225.1, 355.2, 205.1, 355.1- дэх хэсгүүдийг хэрэглэхдээ буруу тайлбарлаж хэрэглэхийн зэрэгцээ хэргийн үйл баримтыг буруу үнэлж, “Д” ХХК нь манай комнанид дахин шинээр 500 ширхэг шонгийн захиалга хийсэн атлаа захиалгаасаа татгалзаж 11 500 000 төгрөгийн хохирол учруулсан байдлыг огт тогтоогоогүй зөвхөн “Э” ХХК нь 2018.09.09-ний өдрийн гэрээний үүргээ хугацаанд нь нийлүүлээгүй гэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь учир дутагдалтай.
Учир нь нэхэмжлэгч тал нь гэрээг 2018.10.09-ны өдөр албан ёсоор цуцалж үлдэгдэл 990 ширхэг шон хэрэглэгдэхгүй болсон гэсэн тул манай компанийн зүгээс үлдэгдэл төлбөрийг буцаан шилжүүлэх болсон.
Гэтэл “Д” ХХК-ийн удирдлагууд 2018.10.20-ны орчим дахин 500 ширхэг шонг үйлдвэрлүүлье гэж захиалж 490 ширхэг шонгийн мөнгийг нь буцаан авъя гэж тохирсон. Ийнхүү манай компани дахин захиалга авсан тул 500 ширхэг шонг үйлдвэрлэж бэлэн болгосон атал захиалагчийн зүгээс бас унаа тэрэг байхгүй шалтгаанаар шонгоо татаж авахгүй танайхаас унаа гаргаад ачуулчих, тээврийн зардлыг тооцъё гэсэн. Гэвч яг тэр цаг хугацаанд манай ачааны машинууд тээвэрт явсан ирээгүй тул шонг тээвэрлэх боломжгүй болсонтой холбогдуулан “Д” ХХК нь үйлдвэрлүүлсэн шонгоо авахгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.
Өөрөөр хэлбэл “Д” ХХК гэрээг 2018.10.09-ний өдөр цуцалсан атлаа дахин 500 ширхэг шон авахаар захиалж, шонг үйлдвэрлээд дууссан хойно татан авалтаа хийгээгүй шүүхэд хандаж, захиалгаасаа татгалзсан үйлдлээс болж “Э” ХХК-ийг 11 500 000 төгрөгийн хохиролд оруулсан. Уг шонгууд нь зөвхөн “Д” ХХК-ийн захиалсан хэмжээгээр тус компанийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн учраас “Э” ХХК нь цааш зарж борлуулах боломжгүй билээ.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тээврийн зардлыг хассанд гомдолтой байна.
Гэрээний дагуу манай компани үйлдвэрлэсэн шонг үйлдвэрийнхээ хашаанаас ачиж өгөх үүргийг хүлээсэн ч “Д” ХХК-ийн шахалтаар 2 удаа гэрээгээр тохиролцоогүй тээвэрлэлтийн ажил хийсэн. Уг тээвэрлэлтэд “Э” ХХК-нь хол замын, даацын тээвэрт баримталдаг Засгийн газрын тогтоолын дагуух ачаа тээврийн зардал тооцох жишиг тарифыг үндэслэн 12 160 945 төгрөг нэхэмжилсэн. Учир нь тариф нь хүнд оврын тээврийн хэрэгслийн өдөр, цаг, ачааны тонн, жолоочийн цалин зэргийг багтаасан байдаг.
Харин “Д” ХХК нь гэрээний 4.4-д заасны дагуу өөрсдийн унаа зардлаар шонгоо тээвэрлэсэн бол манай компани нь ийнхүү илүү ажил хийж хохиролд орохгүй байсан.
Иймээс ИХШХШХ-ийн 176.2.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд “Э ХХК-ний “Д” ХХК-д зориулан үйлдвэрлэсэн 500 ширхэг шонг тус компанид олгож, 11 500 000 төгрөгийг гэрээний дагуух төлбөр болох 23 069 230 төгрөгөөс хасаж тооцох, Иргэний хуулийн 352.5.1 дэх хэсгийг удирдлага болгон “Э” ХХК-ийн тээврийн зардлыг Зам тээврийн сайдын 2013 оны 162 дугаар тушаалаар батлагдсан тарифыг үндэслэн хангах гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Д” ХХК хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги, учирсан хохиролд нийт 29 089 050 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 26 512 945 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 23 069 230 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 11 910 945 төгрөгийг тус тус хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан “11 910 945 төгрөг”-ийг “4 632 000 төгрөг” болгон багасгаж, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тооцон шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ
Зохигч 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Бетон шон нийлүүлэх ажлын 11/2018 дугаартай гэрээ байгуулж, гүйцэтгэгч “Э” ХХК нь захиалагч “Д” ХХК-ийн шаардлагад нийцүүлэн 67 620 000 төгрөгийн үнэ бүхий 2 940 ширхэг төмөр бетон шон үйлдвэрлэх, урьдчилдгаа төлбөр хийснээс хойш ажлын 15 хоногийн хугацаанд барааг нийлүүлж холбогдох баримтын хамт Захиалагчид хүлээлгэж өгөх, захиалагч гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор урьдчилгаа 40 000 000 төгрөгийг гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг хүлээн авснаар, үлдэгдэл төлбөрийг барааг хүлээлгэн өгсний дараа 3 хоногийн дотор төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн, захиалагч 2018 оны 08 дугаар сарын 28-ныс өдөр урьдчилгаа 40 000 000 төгрөгийг шилжүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр захиалсан барааг ачуулахаар ирэхэд бараа хийгдэж эхлээгүй байсан тул гэрээг цуцлах санал тавьсан боловч захиалсан барааны материалыг татан авсан байсныг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дахин гэрээ байгуулж, урьдчилгаанд шилжүүлсэн 40 000 000 төгрөгт 1 740 шонг үйлдвэрлэж, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны дотор нийлүүлэхээр харилцан тохиролцжээ.
Гэрээнд заасан хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй, 2018 оны 09 дүгээр сарын 25-нд 349 ширхэг, 09 дүгээр сарын 30-нд 401 ширхэг бетон шон хүлээлгэн өгсөн, үлдэх шонг үйлдвэрлэж нийлүүлээгүй үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр захиалагч гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 40 000 000 төгрөгийн үлдэгдэл 22 770 000 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлж нийлүүлсэн бараанд тооцогдох алданги, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлын хамт нийт 29 089 050 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Э” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, захиалагч нь бетон зуурмагийн стандартад нийцэхгүй бараа захиалснаас гологдол гарч, шаардлагад нийцэхгүй 124 бетон шон үйлдвэрлэж, үргүй зардал гарсан, бетоны маркийг нэмж дахин үйлдэвэрлэхэд байгаль, цаг уурын нөхцөлтэй холбоотойгоор барааг нийлүүлэх гэрээний хугацаа хэтэрсэнд дан ганц хариуцагчийг буруутгах боломжгүй, түүнчлэн гэрээ цуцалснаас хойш дахин 500 ширхэг шон үйлдвэрлүүлэхээр захиалга өгч, бараар үйлдвэрлэсэн байхад захиалсан бараагаа аваагүй 11 500 000 төгрөгийн зардал гарсан, мөн талуудын хооронд байгуулсан гэрээгээр тээвэрлэлтийг гүйцэтгэгч хариуцахаар тохиролцоогүй бөгөөд 2 удаагийн барааг гүйцэтгэгч тээвэрлэж хүргүүлсэн. Эдгээрт гарсан зардал нийт 26 512 945 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэж маргажээ.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол хуульд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 355 дугаар зүйлийн 355.1.-д зохицуулжээ.
Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчснөөс захиалагч гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардсан нь хууль зөрчөөгүй талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтад үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 23 069 230 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Харин анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн зардалтай холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитоор, үнэн зөв үнэлээгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзлээ.
Сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий болжээ.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан ба үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцно.
Талуудын хооронд байгуулсан гэрээгээр гүйцэтгэгч буюу нийлүүлэгч нь барааг үйлдвэрийн байрнаас ачиж өгөх үүрэгтэй гэж тохиролцсон тул гүйцэтгэгч захиалагчид барааг хүргэж өгсөн тээврийн зардлыг захиалагчаас нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй.
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд хамаарах тээврийн зардлыг Засгийн газрын тогтоолд заасан тарифаар бус бодитоор учирсан хохирлоор тооцож, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.
1-рт: “...нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсны дараа дахин 500 ширхэг бетон шонгийн захиалсан тул захиалгын дагуу 500 ширхэг шонг үйлдвэрлэж, бэлэн болгосон байтал энэ захиалгаасаа татгалзаж, 11 500 000 төгрөгийн хохирол учруулсан, дээрх шон тус компанийн хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүн тул цааш зарж борлуулах боломжгүй байтал шүүх энэ талаар дүгнэлгүй хэт нэг талын барьсан шийдвэр гаргасан...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд заасан 500 ширхэг бетон шонг үйлдвэрлэж бэлэн болгосон гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
2-рт: “...зохигчийн хооронд байгуулсан гэрээгээр гүйцэтгэгч “Э” ХХК үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тээвэрлэх үүрэг хүлээгээгүй байсан ч “Д” ХХК-ийн шахалтаар 2 удаа гэрээгээр тохиролцоогүй тээвэрлэлтийн ажил хийсэн бөгөөд уг тээврийн зардлыг Засгийн газрын тогтоолын дагуу ачаа тээврийн зардал тооцох жишиг тарифыг үндэслэн нэхэмжилснийг хасч тооцсонд гомдолтой байна...” гэжээ.
Зам, тээврийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар тушаалаар батлагдсан Авто тээврийн жишиг тариф нь гэрээ хэлцэл хийх, төсөв төлөвлөгөө боловсруулахад ашиглах зорилгоор батлагдсан тул дээрх тарифыг үндэслэж бодитоор учирсан хохирлыг тооцох боломжгүй.
Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчид учирсан хохирлыг бензин тосны зардалд нэхэмжилсэн 4 632 000 төгрөгийн хэмжээнд тооцож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 491 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД