Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 130/ШШ2017/00617

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М даргалж, шүүгч А.Ж, К.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлэг /Ерөнхий эмч К.Ө/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суух, Е-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч М.Е, хариуцагчийн өмгөөлөгч А.С, гэрч Б.Б, орчуулагч А.Е, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: УАЗ-31519 улсын дугаартай “Кантер” маркийн машин онхолдож, эвдэрснээс үүссэн хохирол 19886667 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмч К.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цэнгэл сум дундын эмнэлгийн УАЗ- 31519-0350 маркийн "Кантер", Улсын дугаар БӨТ****, Арлын дугаар *****, Улсын гэрчилгээний дугаар 1**** бүхий машин нь тус сумын Сумдайрагийн нутаг дэвсгэрт албан ажлаар явж байгаад 2016.06.12-ны өдөр онхолдсон бөгөөд Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж учирсан хохирлыг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр хариу ирүүлсэн. Энэ машиныг 2015.12.22-ны өдөр орлогод авч 2016.06.12-ны онхолдсон өдөр хүртэл 1,6 жилийн хугацаанд ашигласан 30,000 км-ийн гүйлттэй шинэ машин болно. Тус онхолдсон УАЗ-31519 "Кантер" маркийн машины үндсэн эд анги рам, агрегат механизм, бусад жижиг сэлбэг хэрэгслийг бүхэлд нь бүрэн хэмжээнд сольж засварласан. Ингэхдээ жолооч М.Е нь бусдын буюу Б.Б-ий 2004 оны хуучин машиныг зарж аваад түүний бүх эд анги, тоног хэрэгслийг бүхэлд нь онхолдсон УАЗ-31519 "Кантер " маркийн машинд шилжүүлэн суулгаж босгосон. Эцэс сүүлд нь 2015 оны цоо шинэ УАЗ-31519 "Кантер" маркийн машин нь 2004 оны хуучин УАЗ 31512 "Тент" маркийн зүсээ хувиргасан хуучин машин болж өөрчлөгдсөн. Иймд   тус  УАЗ-31519   "Кантер"   маркийн  шинэ  машин  онхолдож  эвдэрснээс үүссэн хохирол 19886667 төгрөгийг М.Е-оос нөхөн гаргуулж хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Цэнгэл сумын Сум дундын эмнэлэг, тус эмнэлгийн ерөнхий эмч К.Ө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хэргийн хариуцагч тус эмнэлгийн жолооч ажилтай М.Е байгаа. Нэхэмжлэлийн шаардлага УАЗ-31519 Кантер маркийн машин онхолдсоноос үүссэн хохирол гаргуулах тухай байгаа.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн УАЗ-3****0 Кантер маркийн, **** БӨТ улсын дугаартай, ***** улсын гэрчилгээний дугаартай машин тус сумын “С”-ийн нутаг дэвсгэрт албан ажлаар явж байгаад 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр онхолдсон бөгөөд энэ асуудлыг аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газраас эрүүгийн хэргийн журмаар шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Гэтэл аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзахдаа хохирлыг иргэний журмаар гаргуулахаар тусгасны дагуу шүүхэд хандсан.

Энэ машин анх тус эмнэлэгт ирэхдээ 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирсэн бөгөөд тухайн өдөр эмнэлгийн орлогод авч санхүү бүртгэлийн анхан шатны баримтад тусгасан. Нэг жил 6 сарын дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тухайн машин онхолдсон. Энэ хугацаанд тухайн машин 30000 км зам туулсан шинэ машин байсан. Хариуцагчийн хувьд тухайн онхолдсон машины үндсэн эд анги, рам болон бусад жижиг эд ангиуд, сэлбэгийг бүрэн хэмжээнд сольж засварласан гэж хэлсэн. Гэхдээ засварлахад бусдын буюу тус эмнэлгийн эмч Б.Б-ээс 2004 оны хуучин машиныг худалдаж аваад түүний бүх эд анги, тоног хэрэгслийг бүхэлд нь онхолдсон УАЗ Хантер маркийн машинд шилжүүлэн суулгаж босгосон байна. Эцэс сүүлд нь 2015 оны цоо шинэ УАЗ-31519 Кантер маркийн машин нь 2004 оны хуучин УАЗ-31512 Тент маркийн зүсээ хувиргасан хуучин машин болж өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл шинэ машин хуучин машин болсон.

Яагаад гэвэл эдгээр машинууд маркаараа ялгагдаж байгаа. Тус УАЗ-31519 Кантер маркийн шинэ машин онхолдсоноос үүссэн хохирол болох 19886667 төгрөгийг хариуцагч М.Е-оос нөхөн төлүүлж, хохирол болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэхдээ нэхэмжлэлдээ бичсэн энэ тоо хэмжээг өнөөдрийн шүүх хуралдаанд нэмэгдүүлж байна. Би нэхэмжлэлийн шаардлагаа 1986667 төгрөгөөр нэмэгдүүлээд нийт 21853334 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч М.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Цэнгэл сумын 6-р багийн нутаг дэвсгэр буюу "Хар тас" гэх гүүрний орчим тус сумын сум дундын эмнэлгийн эзэмшлийн ****БӨТ улсын дугаартай, УАЗ-3151106 маркийн тээврийн хэрэгслээр албаны ажлаар /дуудлага/ явж байгаад зүүн урд дугуй гэнэт хагарснаас болж осолд орсон. Тухайн үед хууль журамд заасны дагуу үүргээ биелүүлж энэхүү ослын талаар хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар энэхүү асуудлыг шалгаж, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай санал үйлдэж аймгийн прокурорын газарт ирүүлснээр хяналтын прокурорын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн "эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай" 5/343 дугаар прокурорын тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер бөгөөд шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №09 дугаар шинжээчийн дүгнэлтээр ...зүүн урд дугуй гэнэт хагарснаас болж осол гарсан болохыг тогтоож, цаашид тээврийн хэрэгсэлд тавигдах МNS-4978:2000 стандартын дагуу засварласан байх тул уг машиныг замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн юм. Нэг үгээр хэлбэл, миний бие тухайн тээврийн хэрэгслээр албаны ажлаар явж байгаад золгүй явдлаар осолдсон юм. Миний буруутай үйл ажиллагаа байхгүй ч гэсэн учирсан бүх хохирлыг өөрийн зардлаар арилгасан юм. Одоо энэхүү тээврийн хэрэгсэл эмнэлгийн хэрэгцээнд ашиглагдаж явж байгаа болно. Гэтэл 6 гаруй сарын дараа буюу УИХ-ын болон орон нутгийн ээлжит 2016 оны сонгуулийн дараа эмнэлгийн (шинэ) ерөнхий эмчээр К.Ө томилогдсон ба намайг өөрийн хүсэлтээр ажлаа өг эс тэгвээс машины асуудлыг хөндөнө гэж дарамталж эхэлсэн. Миний бие хүлээн зөвшөөрөөгүй болохоор ажил олгогч намайг уг машиныг санаатайгаар осолд оруулсан мэтээр харагдуулж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүрэгт ажлаас минь чөлөөлсөн. Миний бие ажил олгогчийн намайг ажлаас халсан тухай шийдвэрийг хууль бус гэж үзэж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэр гарч намайг урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5/343 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолоор ...гэвч гомдол, мэдээллийг шалгах явцад тухайн зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй хагарснаас болж осол гарсан нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон ба жолооч М.Е нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл байхгүй байна ... Б/0446 дугаартай М овогтой Е-д холбогдох гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай гэснээр жолооч М.Е-д эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай дүгнэлтээр УАЗ -31519 маркийн **** БӨТ дугаартай суудлын автомашин осолд орох үед тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй хагарснаас болж осолд орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа учир жолооч М.Е-ын буруутай үйл ажиллагааны улмаас осол гараагүй болох нь тус тус тогтоогдож байна гэж үзлээ" гэж дүгнэсэн байдаг ба энэ тогтоол одоо хүртэл хуулийн хүчин төгөлдөр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заажээ.Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эзэмшлийн ****БӨТ улсын дугаартай, УАЗ-3151106 маркийн тээврийн хэрэгсэл осолдсон асуудалд миний буруутай үйл ажиллагаа огт байхгүйг нотолсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

Нэмж тайлбар хэлэхэд: хэрэв миний бие сайн дурын үндсэн дээр жолоочийн ажлаас гарсан тохиолдолд нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж болохоо хэлдэг юм. Надад гэм буруу байхгүй тул Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн надаас 19886667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Е шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өмнөх шаардлага болон өнөөдрийн шүүх хуралдаанд ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би анх 2000 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлэгт түргэн тусламжийн жолоочоор ажилд орсон бөгөөд 17 жил тасралтгүй ажилласан. 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “С” гэдэг газар эмч, өвчтөн, асрагчийн хамт явж байгаад машины дугуй хагарч онхолдсон. Тэгээд би утасны сүлжээ байгаа газар очоод эмнэлгийн ерөнхий эмч С-эд мэдэгдсэн. Харин Ерөнхий эмч цагдаад мэдэгдэж, улмаар цагдаа ирсэн. Тухайн үед сумын ерөнхий эмч С тухайн газарт ирээд үзсэн бөгөөд энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгасан боловч жолооч буруугүй гэсэн дүгнэлт гарсан. Тэгээд машиныг янзлаад унаж байсан. Харин 2016 оны 11 сард эмнэлгийн ерөнхий эмч өөрчлөгдөөд оронд нь К.Ө томилогдсон. Ирэнгүүтээ надад чи ажлаас гарна гэж хэлсэн. Тэгэхэд би намайг буруугүй гэсэн дүгнэлт гарсан байгаа шүү дээ гэж хэлсэн боловч намайг ажлаас гаргасан.

Машин онхолдоход машины кабен, тент гэмтсэн байсан. Тухайн машиныг би өөрөө унаж байсан машин байсан учраас замаск тавихгүйгээр Б.Б гэдэг эмчээс 6,5 сая төгрөгөөр хуучин Хантер маркийн машины кабен авч тавьсан. Тэрний дараа 6 сар машинаа унаад ажлаа хийж байсан. Тэгээд намайг ажлаас гаргаад миний оронд Байболат гэдэг хүнийг ажилд авсан. Дараа нь би шүүхэд хандсанаар шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж 2017 оны 04 дүгээр сард ажилд орсон. Тэгэхэд эмнэлгийн машиныг миний оронд ажилд авсан жолооч эмнэлгийн хашаанд үлдээгээд явсан байсан. Дараа нь дүү нь гаражид авчирж тавьсан байна. Урьд нь шинэ 2 дугуйтай байсан. Мөн машины кабенийг онгойлгож үзэхэд компьютер нь байхгүй байсан бөгөөд хаана байгаа гэж асуухад Ерөнхий эмч К.Ө авсан гэж хэлсэн. Дараа нь надад машиныг өгөөгүй. Би нэхэмжлэгчийн надаас нэхэмжилж байгаа мөнгийг төлөх ёсгүй. Тухайн үед намайг буруугүй гэж тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж, дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Цэнгэл сумын Сум дундын эмнэлэг нь хариуцагч М.Е-оос УАЗ-31519 “Кантер” маркийн машин онхолдож эвдэрснээс үүссэн хохирол 19886667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хариуцагч М.Е-оос УАЗ-31519 “Кантер” маркийн машин онхолдож эвдэрснээс үүссэн хохирол 21853334 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Цэнгэл сумын Сум дундын эмнэлэг нь хавтаст хэрэгт Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1/369 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичиг, машины техникийн тодорхойлолт, 2015 оны 12 сарын 25 өдөр 89 дугаартай байгууллагын нэр Цэнгэл сум дундын эмнэлэг, бэлтгэн нийлүүлэгчийн нэр “Хос терек” ХХК гэх орлогын баримт, онхолдсон гэх Кантер машины фото зургууд, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17/01 дугаартай Үнэ тогтоох комиссын хурлын тэмдэглэл, 2017 оны 03 сарын 10 өдөр гэх байгууллагын нэр “А” ХХК, худалдан авагчийн нэр Цэнгэл сум хүн эмнэлэг, тээвэрлэгчийн хаяг, албан тушаал, нэр гэхэд *** БӨТ /469/ хаалтан дотор /2016.12.13-12.19/ бичигдсэн зарлагын баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.  

Нэхэмжлэгч Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эзэмшлийн ***БӨТ улсын дугаартай, УАЗ-31519 маркийн тээврийн хэрэгсэл нь албаны ажлаар дуудлагад явж байгаад 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Цэнгэл сумын 6-р багийн нутаг дэвсгэр буюу "Хар тас" гэх гүүрний орчим зүүн урд дугуй гэнэт хагарснаас болж осолд орж, машин онхолдож эвдэрсэн болох нь тогтоогдож байна.  

Хариуцагч М.Е нь тус онхолдсон ****БӨТ улсын дугаартай, УАЗ-31519 маркийн "Кантер" машиныг “Даян” авто засварын газарт оруулж, үндсэн эд анги рам, агрегат механизм, бусад жижиг сэлбэг хэрэгслийг бүхэлд нь бүрэн хэмжээнд сольж засварласан нь, мөн хариуцагч М.Е нь гэрч Б.Б-ий ****БӨТ дугаартай машиныг худалдаж авч, уг машины эд анги, тоног хэрэгслийг шилжүүлэн засварлаж, учирсан бүх хохирлыг өөрийн зардлаар засаж янзлан өгсний улмаас уг тээврийн хэрэгсэлд тавигдах MNS-4978:2000 стандартын шаардлагыг хангасан, цаашид ашиглах боломжтой, замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн болох нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №09 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  нотлогдож байна. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр оролцсон гэрч Б.Б нь “...өмнө машинаа зарах гэж зар өгсөн байсан, М.Е-д ***БӨТ дугаартай машиныг худалдсан, ямар нэгэн сэвгүй, бүрэн ээлж хийгдсэн сайн машин байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч М.Е нь Б.Б-ээс автомашин худалдаж авч байсан нь нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн ...кантер машины 2 жилийн элэгдлийг хасаж, 19866667 төгрөгөөр үнэлсэн... гэх 2017 оны 07 сарын 05-ний өдрийн 17/01 дугаартай Үнэ тогтоох комиссын хурлын тэмдэглэлээр машины үнийг тогтоосон нь учир дутагдалтай байна.

Эд хөрөнгийн үнэлгээг хурлаар авч хэлэлцэж, хурлын тэмдэглэлээр хөрөнгийн үнийг тогтоож байгаа нь, мөн үнэлгээ тогтоох эрх бүхий тусгай зөвшөөрөлгүй этгээд эд хөрөнгийн үнэлгээ хийсэн зэрэг нь үндэслэлгүй болсон байна.

Учир нь, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан байна.

2017 оны 03 сарын 10 өдөр байгууллагын нэр “АУМИН” ХХК, худалдан авагчийн нэр Цэнгэл сум хүн эмнэлэг, тээвэрлэгчийн хаяг, албан тушаал, нэр гэхэд 1560БӨТ/469/ хаалтан дотор /2016.12.13-12.19/ бичигдсэн зарлагын баримтад дурдсан машины сэлбэгийг чухам хэний хүсэлтээр хэн худалдаж авсан нь тодорхойгүй, мөн хариуцагч М.Е нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай тушаалаар Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн түргэний жолоочийн ажлаас чөлөөлөгдөж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаартай шийдвэрээр түргэний жолоочийн ажилд эгүүлэн тогтоогдсон ба улмаар ажил олгогч М.Е-ыг 2017 оны 09 сард Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн түргэний жолоочийн ажилд томилсон байна. Мөн хариуцагч М.Е нь “...машиныг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй, би ажилгүй байх хугацаанд өөр жолооч унаж байсан” гэж тайлбарлаж байгаа байдлаас үзэхэд М.Е-ын буруутай үйл ажиллагаанаас улмаас ***0БӨТ машинд “АУМИН” ХХК-иас сэлбэг авч тавьсан болох нь нотлогдохгүй байна.

 Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн  УАЗ -31519 маркийн ****БӨТ улсын дугаартай суудлын автомашин осолд орох үед тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй хагарснаас болж осол гарсан, УАЗ-31519 маркийн *****БӨТ улсын дугаартай суудлын автомашины жолооч осолд орох үеийн шалтгаан нь зүүн урд дугуй гэнэт хагарснаас болж осолд орсон, тээврийн хэрэгслийг “Даян” авто засварын газарт засварлаж эвдэрсэн эд ангиудыг хэвийн байдалд оруулж будаж засварласан, уг тээврийн хэрэгслийг засварлаж цаашид ашиглах боломжтой буюу  тээврийн хэрэгсэлд тавигдах MNS-4978:2000 стандартын шаардлагыг хангасан нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №09 дугаартай шинжээчийн дүгнэлтээр,

Мөн тухайн зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй хагарснаас болж осол гарсан, Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн автомашинд 2017-03-04-ний өдөр хийсэн үзлэгээр, жолооч М.Е нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №09 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5/343 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай”, 2017 оны 03 сарын 27-ны өдрийн 5/14 дугаартай “ЭБША-д оролцогчдоос гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тус тус прокурорын тогтоолоор, 

2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаартай Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн Газар Цэнгэл Сум дахь Цагдаагийн хэсгийн байцаагчийн “... танай түргэний машины жолооч М.Е-ын тээврийн хэрэгслийн зүүн талын дугуй хагарснаас болж тухайн осол гарсан нь шинжээч болон тээврийн хэрэгсэлд хамт явж байсан иргэдийн мэдүүлгээр нотлогдож гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэл тогтоогдсон ...” албан бичгээр Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн “УАЗ -31519 маркийн *****БӨТ улсын дугаартай автомашин осолд орох үед тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй хагарснаас болж осолд орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хариуцагч М.Е-ыг ажил олгогч Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай “М.Е-ыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дахь хэсэгт заасныг үндэслэн М.Е-ыг хөдөлмөрийн гэрээнд заасан ажилд хайнга хандаж, хариуцсан машин техникийг удаа дараа осолд оруулан зохих хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлснийг М.Е нь эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаартай шийдвэрээр М.Е-ыг Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт М.Е-ын буруутай үйл ажиллагааны улмаас осол гараагүй байна гэж дүгнэлт хийсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байна.  

Иймд хариуцагч М.Е-ын буруутай үйл ажиллагааны улмаас машин онхолдсон болох нь тогтоогдоогүй бөгөөд хариуцагч М.Е нь онхолдсон машиныг өөрийн хөрөнгөөр засаж янзлан, учирсан хохирлыг арилгасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Цэнгэл сумын хүн эмнэлгийн хариуцагч М.Е-оос УАЗ-31519 “Кантер” маркийн машин онхолдож эвдэрснээс үүссэн хохирол 21853334 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан К.М нь аймгийн зах дээр машины ченж хийдэг ба гэрч К.М-ын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч Цэнгэл сумын Сум дундын эмнэлэг нь төсөвт байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  нэхэмжлэгч Цэнгэл сум дундын эмнэлгийн нэхэмжлэлтэй хариуцагч М-ийн Е-оос УАЗ-31519 “Кантер” маркийн машин онхолдож эвдэрснээс үүссэн хохирол 21853334 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Цэнгэл сум дундын эмнэлэг нь төсвийн байгууллага учраас Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.М

                    ШҮҮГЧИД                                 А.Ж

          К.Б