Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2017/00144

 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 617 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Цэнгэл сумд оршин суух М.Е-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэлийн шаардлага: “Hanter маркийн машин онхолдож, эвдэрснээс үүссэн хохирол 21.853.334 төгрөг гаргуулах” тухай.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Цэнгэл сум дундын эмнэлгийн "Hanter" маркийн, машин Сумдайрагийн нутаг дэвсгэрт албан ажлаар явж байгаад 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр онхолдсон бөгөөд Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж учирсан хохирлыг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр хариу ирүүлсэн. Тухайн машиныг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орлогод авч, онхолдсон өдөр хүртэл 1 жил 6 сарын хугацаанд ашигласан, 30,000 км-ийн гүйлттэй шинэ машин байсан. Тус онхолдсон "Hanter" маркийн машины үндсэн эд анги рам, агрегат механизм, бусад жижиг сэлбэг хэрэгслийг бүхэлд нь бүрэн хэмжээнд сольж засварласан. Жолооч М.Е нь Б.Б-ийн 2004 оны хуучин машиныг аваад түүний бүх эд анги, тоног хэрэгслийг бүхэлд нь онхолдсон "Hanter" маркийн машинд шилжүүлэн босгож, 2015 оны цоо шинэ " Hanter" маркийн машин нь 2004 оны хуучин "Тент" маркийн зүсээ хувиргасан хуучин машин болж өөрчлөгдсөн. Иймд тус " Hanter" маркийн шинэ машин онхолдож эвдэрснээс үүссэн хохирол 19886667 төгрөгийг М.Е-оос нөхөн гаргуулж хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбарт: “Миний бие 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Цэнгэл сумын нутаг дэвсгэр буюу "Хар тас" гэх гүүрний орчим тус сумын сум дундын эмнэлгийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр дуудлагад явж байхад зүүн урд дугуй гэнэт хагарснаас болж осолд орсон. Тухайн үед хууль журамд заасны дагуу үүргээ биелүүлж энэхүү ослын талаар хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар энэхүү асуудлыг шалгаж, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн "эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай" 5/343 дугаар прокурорын тогтоол гарсан. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер бөгөөд шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №09 дугаар шинжээчийн дүгнэлтээр ... зүүн урд дугуй гэнэт хагарснаас болж осол гарсан болохыг тогтоож, цаашид тээврийн хэрэгсэлд тавигдах МNS-4978:2000 стандартын дагуу засварласан байх тул уг машиныг замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн.

Миний буруутай үйл ажиллагаа байхгүй ч гэсэн учирсан бүх хохирлыг өөрийн зардлаар арилгасан. Одоо энэхүү тээврийн хэрэгсэл эмнэлгийн хэрэгцээнд ашиглагдан явж байгаа. Гэтэл 6 сар гаруйн дараа буюу УИХ-ын болон орон нутгийн ээлжит 2016 оны сонгуулийн дараа эмнэлгийн (шинэ) ерөнхий эмчээр К.Ө томилогдсон ба намайг өөрийн хүсэлтээр ажлаа өг эс тэгвээс машины асуудлыг хөндөнө гэж дарамталж эхэлсэн. Миний бие хүлээн зөвшөөрөөгүй болохоор ажил олгогч намайг уг машиныг санаатайгаар осолд оруулсан мэтээр харагдуулж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүрэгт ажлаас минь чөлөөлсөн. Миний бие шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд уг шийдвэр одоо хуулийн хүчин төгөлдөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заажээ. Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эзэмшлийн  тээврийн хэрэгсэл осолдсон асуудалд миний буруутай үйл ажиллагаа огт байхгүйг нотолсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

Хэрэв миний бие сайн дурын үндсэн дээр жолоочийн ажлаас гарсан тохиолдолд нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж болохоо хэлдэг. Надад гэм буруу байхгүй тул Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн надаас 19886667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 617 дугаар шийдвэрээр:

 

“1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Цэнгэл сум дундын эмнэлгийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Е-оос Кантер маркийн машин онхолдож эвдэрснээс үүссэн хохирол 21853334 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Цэнгэл сум дундын эмнэлэг нь төсвийн байгууллага учраас Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.

           

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 617 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Бахытбек миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1-т зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд:

 

1. УАЗ маркийн , SUV төрлийн, суудлын зориулалттай, 7 хүний суудалтай, 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсад импортлогдсон Hanter маркийн машиныг Цэнгэл сумын Сум дундын хүн эмнэлэгт “Х” ХХК нь 29800000 төгрөгөөр нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан №89 дугаартай орлогын баримт, 01128797 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн жолооч М.Е нь Hanter маркийн машинаар дуудлагад явж байхдаа зам тээврийн осолд орж үүнээс болж эмнэлгийн машины их бие, кузов, кабин болон бусад эд, анги гэмтэж байгууллагад хохирол учирсан үйл явдлууд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

М.Е нь байгууллагад учруулсан гэм хорыг арилгаж, машиныг засварлаж стандартын шаардлага буюу албаны хэрэгцээнд ашиглах шаардлагыг хангуулсан гэх боловч 2015 онд үйлдвэрлэгдсэн Hanter маркийн 7 хүний суудалтай машиныг сэргээн засварлахдаа Б.Б-ээс худалдаж авсан 2004 онд үйлдвэрлэгдсэн бүхээгтэй машин буюу 469 маркийн машинд гэмтсэн машины эд ангийг сэлбэн тавьж засварласан болох нь хариуцагчийн тайлбар, 

Б.Б-ийн гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Е нь машиныг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээж, засварлахдаа адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх буюу 2015 онд үйлдвэрлэгдсэн Hanter машин өгөх эсхүл адил нэр, төрөл, чанарын , Hanter маркийн SUV төрлийн, 7 хүний суудалтай машины эд ангиар сольж засварлах үүргийг хуулиар хүлээжээ. Гэтэл тэрээр 2004 онд үйлдвэрлэгдсэн бүхээгтэй тэнттэй машин буюу 469 маркийн машиныг засварлан эмнэлэгт хүлээлгэж өгснийг байгууллагад учирсан хохирлыг бүрэн арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна.

2004 онд үйлдвэрлэгдсэн бүхээгтэй машин буюу 469 маркийн хуучин машин болон 2015 онд үйлдвэрлэгдсэн Hanter маркийн 7 хүний суудалтай машин хооронд газар тэнгэр шиг ялгаатай бөгөөд наад зах нь суудлын тоо, марк, үйлдвэрлэгдсэн он, эдэлгээ, чанар, гүйлт, кабин, тэнхлэг, хурдны хайрцаг буюу шаталсан араа, арлын дугаар, бусад эд ангиудаараа ялгаатай адил нэр, төрлийн машин биш байхад шүүх гэм хорыг бүрэн арилгасан байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. 

 

2. Одоо Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эзэмшилд байгаа машины гэрчилгээгээр , SUV төрлийн, суудлын зориулалттай, 7 хүний суудалтай,  2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсад импортлогдсон Hanter маркийн машин бүртгэлтэй, байгууллагын тайлан балансад 29800000 төгрөгийн хөрөнгөөр бүртгэгдэж байгаа атлаа бодит байдал дээр 2004 онд үйлдвэрлэгдсэн бүхээгтэй машин буюу 469 маркийн машиныг албаны хэрэгцээнд хэрэглэж байгаа байдалд шүүх бодиттой дүгнэлт хийж хохирлыг арилгуулах боломж байсан ч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Тухайлбал 9 дугаартай шинжээчийн дүгнэлтийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гаргасан атлаа 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар стандарт шаардлагыг хангаж байна гэж дүгнэсэн нь он, сар өдрийн хувьд авцалдаагүй, эргэлзээтэй байна. Тухайлбал шинжээчийн дүгнэлтэд “Д авто засварын газарт засварлаж эвдэрсэн эд ангиудыг хэвийн байдалд оруулж будаж засварласан” гэж дүгнэсэн ба өөр машины тэнхлэг, кабин сольсон талаар бичигдээгүй, зөвхөн будаж янзалсан мэтээр бодит байдлаар зөрүүтэй дүгнэсэн байдлыг шүүх анхаараагүй. Шинжээчийн дүгнэлт нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тал бүрээс нь харьцуулан үзэх буюу бусад нотлох баримтууд шинжээчийн дүгнэлтээр хэрхэн үгүйсгэгдэж байгааг шийдвэртээ тодорхой тусгаагүй байна. Мөн шүүгч дахин шинжээч томилж машины нөхцөл байдлыг тодруулах боломжтой байсан боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гаргаагүй эрүүгийн хэргийг шалгах явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон. Иймд шүүх нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна.

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 617 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

 

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр анхан шатны шүүхэд хүргүүлсэн хариу тайлбартаа болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.Түүний дээрх тайлбар нь бусад байдлаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Тухайлбал, хэрэгт авагдсан нотлох баримт болох Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 5/343 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолоор ...гэвч гомдол, мэдээллийг шалгах явцад тухайн зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй хагарснаас болж осол гарсан нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон ба жолооч М.Е нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл байхгүй байна ... Б/0446 дугаартай М.Е-д холбогдох гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай гэснээр жолооч М.Е-д эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай дүгнэлтээр суудлын автомашин осолд орох үед тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй хагарснаас болж осолд орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа учир жолооч М.Е-ын буруутай үйл ажиллагааны улмаас осол гараагүй болох нь тус тус тогтоогдож байна гэж үзлээ” гэж дүгнэсэн байдаг ба энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эзэмшлийн  тээврийн хэрэгсэл осолдсон асуудалд хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаа огт байхгүйг нотолсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ. Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар гаргасан давж заалдах гомдол нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нөгөө талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй байхаар хуульчилж, шүүхээс нэхэмжлэгчид уул эрх үүргийг нь танилцуулж, тайлбарлаж өгсөн. Гэвч маргааны үйл баримтын талаарх үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй. Шүүх нотлох баримтыг гаднын ямар нэг нөлөөгүйгээр, зөвхөн хэрэгт цугларсан цогц байдлаар харьцуулан судалсны үндсэн дээр үнэлэх учиртай. Өөрөөр хэлбэл зөвхөн шүүх нотлох баримтын үнэн зөв байдлыг тодорхойлж, түүнд агуулагдаж буй мэдээллийг бодит эсэхийг дүгнэж тогтоодог билээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тус шүүхэд хандаж гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг буруу тодорхойлж, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтууд бүрэн тогтоогдоогүй байхад энэ талаар зохигчоос тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, улмаар хэрэглэвэл зохих хуулийг тайлбарлаж хэрэглээгүй алдаа гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх журамд нийцээгүй байна.

 

1. Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн жолооч ажилтай М.Е нь 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус эмнэлгийн тээврийн хэрэгслийг жолоодон Цэнгэл сумын  яаралтай түргэн тусламжийн дуудлагаар албан ажлаа гүйцэтгэж яваад осол гаргасны улмаас гурван хүний биед хөнгөн гэмтэл, эмнэлгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл эвдэрч хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөрчлийн улмаас, гэм хор учруулснаас үүсэх үүрэг гэж үзэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.-т заасныг хэрэглэж маргааныг шийдвэрлэхдээ талуудын хооронд гэрээнээс үүдэлтэй шаардах эрх байгаа эсэхийг нягтлан шалгаагүй, энэ талаар зохигчоос тодруулаагүй байна.

 

Эмнэлгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан үед хариуцагч М.Е нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. Ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133, 135 дугаар зүйлд, байгууллагад учирсан хохирлын хэмжээг тодорхойлох журмыг мөн хуулийн 136 дугаар зүйлд тус тус зохицуулсан ба шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлагын талаар тусгасан эсэх, талууд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж байсан эсэх зэргийг тодруулж тогтоосны эцэст, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн аль оновчтой, нарийвчилсан зохицуулалт бүхий заалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэх байжээ.

 

2. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн тээврийн хэрэгслийг тус байгууллагын жолоочоор ажиллаж байсан М.Е нь жолоодож яваад осолд орсны дараа уг тээврийн хэрэгслийн эвдэрсэн ямар эд ангийг хэрхэн засварласан, ямар эд ангиудыг сольсон, тээврийн хэрэгслийг засварласны дараа ямар байдалтай болсон зэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтууд тогтоогдоогүй байна.

 

Тухайлбал, Шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 9 дугаартай дүгнэлтээр суудлын автомашинд “кузов хэв гажсан, бүх шил хагарсан, зүүн баруун урд, хойд хаалганууд гажиж хэв алдсан, шилнүүд хагарсан, зүүн урд далавч доод хэсгээрээ хонхойсон, зүүн урд дугуй хагарсан, аккумлятор хагарсан” зэрэг гэмтэл, эвдрэл тогтоогдсон, “уг тээврийн хэрэгслийг засварлаж эвдэрсэн эд ангиудыг хэвийн байдалд оруулж, будаж засварласан нь тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангасан тул замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөв” гэж дүгнэсэн боловч  нэхэмжлэгч талаас “эмнэлгийн эзэмшлийн автомашины хурдны хайрцаг болон хөдөлгүүрийг өөр машинд суурилуулж, дансанд бүртгэлтэй автомашины кузов, тулгуур рам бүхэлдээ өөрчлөгдсөнийг тухайн автомашиныг өмнөх байдалд нь сэргээн засварласан гэж үзэхгүй” гэж, хариуцагч тал “эмнэлгийн эзэмшлийн автомашинд учирсан бүх хохирлыг барагдуулж, эвдэрсэн эд ангиудыг сольж, засварласан бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон” гэж тус тус зөрүүтэй тайлбарлаж маргажээ.

 

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

 

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргааны үйл баримт, нотлох баримтын үнэлгээтэй холбоотой давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 617 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК