Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 557

 

                                                                  

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.Ү-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн ,,дүгээр цэцэрлэгт  

холбогдох 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ү, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ү анх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 07 сарын 27-ны өдрийн 75 тоот тушаалаар тус цэцэрлэгт хөдөлмөрийн гэрээ байгуулан няравын ажилд орсон. Д.Ү нь өндөр настай, хэвтрийн өвчтэй эхийгээ асрах ар гэрийн гачигдлаас болж 2016 оны 08 сарын 25-ны өдөр ажлаасаа нэг жилийн чөлөө авсан. Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Э 2017 оны 07 сарын 24-нд б/15 дугаартай тушаал гарган Д.Ү-г хууль бусаар ажлаас нь халсан байх тул Д.Ү-г эгүүлэн тус цэцэрлэгийн нярвын ажилд тогтоож өгнө үү гэжээ. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.Ү нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 11 дүгээр цэцэрлэгт 2015 оны 07 сарын 27-нд няравын ажилд түр томилогдон ажиллах болсон. Ингээд 2016 ооны 08 дугаар сарын 12-ны өдөр ар гэрийн гачигдлын улмаас 1 жилийн чөлөө хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч түүнд 1 жилийн хугацаатай чөлөө олгосон. 2016 оны 10 дугаар сарын 28-нд Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 17/04/104 тоот акт манай цэцэрлэгийн эрхлэгч Ц.Э , нягтлан бодогч А, нярав Д.Ү бид гуравт тавигдсан. Уг актаар тавигдсан алдаа зөрчлийг арилгуулахаар нярав Д.Ү-г удаа дараа дуудаж ажилдаа орохыг шаардсан боловч ирэхгүй байсаар 2017 оны 07 сарын 17-ыг хүргэсэн тул түүнийг ажлаас халах шийдвэрийг түүнд 2017 оны 07 дугаар сарын 17-нд 28 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсний дараа 2017 оны 07 сарын 24-ний өдөр б/15 дугаартай тушаал гаргаж түүний хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно гэжээ. 

Нэхэмжлэгч Д.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 09 дүгээр сард 11-р хүүхдийн цэцэрлэгт нярваар томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд эрхлэгч Э сарын тайланг сарын дундуур гаргуулахаар шахаж,  бусад хүмүүст намайг ажлаа хийж чадахгүй байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр ханддаг байсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манайд байдаг хараагүй хөгшнийг нарийн шинжилгээнд оруулах болон хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ Сонгдо эмнэлэгт нарийн шинжилгээнд оруулж Солонгос улс руу хагалгаанд оруулах шаардлагатай байсан учраас эрхлэгч Э өргөдлөө өөрийн биеэр өгч нэг жилийн хугацаатай чөлөө авсан. Миний оронд түр Энхсайхан гэдэг хүнийг жилийн хугацаатайгаар ажилд томилсон. 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр санхүүгийн аудитын шалгалт орж, 7744648 төгрөгийн акт гарсан. Ажиллаж байх хугацаанд 9 дүгээр сарын тайланг нягтлан бодогчтой хамт хийж, 10, 11, 12 дугаар сараас хойш нягтлан А тайлан тооцоо бодож өгөхгүй байж байгаад 2015 оны 12 дугаар сарын сүүлээр Эрдэнэмандал сум руу шилжиж явсан. Тэгээд Аудитын шалгалтаар тайлан тооцоо зөрөөд нягтлан бодогчийн оронд ажилд орсон Тунгалагтуяатай материалаа шалгаад тооцоогоо тааруулъя гэхэд Тунгалагтуяа тооцоог тааруулж өгөөгүй. Би хугацаа нь дууслаа гээд шахаж шаардаад байхаар нь өөрийнхөө хийсэн тайлангаараа тооцоогоо гаргуулъя гэж Б улсын байцаагчид хүсэлт тавьсан. Шалгалт хийж байх хугацаанд надтай зүй бусаар харьцаж, намайг гэмт хэрэгтэн юм шиг утсаар байнга дарамталж харьцдаг байсан. Би улсыг хохиролгүй байлгах ёстой учраас өөрөө очиж уулзаж, зөвлөгөө авч Б-т тайлангийн тооцоог шахаад өгөе нягтлан бодогч олдохгүй байна гэж хэлж байсан. Тиймээс өөрийнхөө гаргасан тайланг шалгалтад оруулъя би улсад ямар ч хохирол учруулаагүй гээд тайлангаа шалгалтад оруулсан. Тэгээд 7744648 мянган төгрөгийн акт гарсан байгаа. Үүний учир нь гэвэл санхүүчдийн баяраар Э нярав тогооч хоёр 600 кг мах тана гэж хэлсэн. Тэгээд 300000 төгрөгийн баяр ёслолын бараа материал авсан. Тэгээд  дараа нь 12 дугаар сард хүүхдийн хоолны мөнгө хүрэлцээтэй байна. Шинэ жилийн баяраар ажилчдад торт авч өнгө гээд 25 ажилчдыг суулгаж байгаад өөрөө хэлж байсан. Тэгээд шинэ жилээр  Амтлаг бэкеригээс 350000 төгрөгийн торт авахуулсан. Тэр нь торт биш нарийн боовоор бичигдсэн. 2016 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл тооцоог нягтлан бодогчтойгоо хийе  гэтэл нягтлан бодогч ирээгүй. Тэгээд би 2016 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацааны тайлан тооцоог  тогоочтойгоо хамт 07-гоо шахаж тайлангаа өөрөө хийсэн. Албан ёсоор надад ажилд ор гэж хэлээгүй. Харин 12 дугаар сард ажилд орох албан тоот ирүүлсэн. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дүгээр зүйлд зааснаар ноцтой зөрчил гаргасан  учраас ажлаас халсан гэсэн байсан. Намайг ажлаас халсан нь үндэслэлгүй байх тул миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

 Хариуцагчийн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ү нь анх 2015 онд Хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн няравын ажилд түр ажиллахаар томилогдсон. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ар гэрийн гачигдлаар чөлөө хүссэн өргөдөл өгсөн. Би өргөдлийг нь хүлээн авсан. Манай цэцэрлэгт 2016 оны 10 сард мэргэжлийн хяналтын шалгалт ирсэн. Энэ шалгалтад няравын бичиг баримт зөрчилтэй, алдаа дутагдалтай байна гээд хувь тэнцүүлэн нэг, хоёр дугаар гарын үсэгтэй акт гарсан. Нэг хүнд 240600 төгрөг оногдсон. Нэхэмжлэгч Д.Ү нь үндэслэлгүй зүйл хэлж байна. Тухайн шалгалт болж байхад улсын байцаагч нь надад няравын баримт эмх цэгцгүй, алдаа дутагдалтай байна гэсэн. Д.Ү удаа дараа дуудаж, эгч рүү нь залгахад миний эгч рүү залгадаг хэн бэ? гэж хэлж байсан. Нягтлан бодогч удаа дараа ТОСК байр болон гэрт нь очиж байсан. Гэтэл гэртээ байдаггүй байсан. Д.Ү дарамталсан зүйл байхгүй. Гудамжинд таараад шалгалтаар бичиг ирсэн байна. Та тооцоогоо тааруулахгүй бол хугацаа нь болчхоод байна гэхэд би ажилгүй байгаа юм чинь яаж төлөх юм бэ? гэсэн. Би та ажилдаа орооч гэхэд намайг туслах багшаар ажилд оруулчих гэсэн. Тэгээд би та туслах багшийн ажилд тэнцэхгүй гэж хэлсэн. Дараа нь би удаа дараа торгуулаа барагдуул бичиг, баримтаа янзлах талаар хэлэхэд намайг доромжилсон. Удаа дараа уулзсан асуудлыг Д.Ү дарамт гэж ойлгож байгаа юм байна. Би Д.Ү уулзахын тулд  ажил дээр хүрээд ир гэдэг байсан. Гэвч 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирэхэд таны чөлөө хүчингүй болсон. Түр ажиллаж байгаа хүнд жилийн чөлөө өгдөггүй юм байна гээд өргөдлийн баруун буланд хүчингүй болгов гэсэн цохолт хийж гарын үсгийг нь зуруулан авсан. Та ажилдаа ороод алдаа зөрчлөө арилгаад төлбөр тооцоог барагдуул гэж хэлсэн. 13-нд би нягтлан бодогчоороо Д.Ү ажилд орох мэдэгдэл явуулсан. Д.Ү ажлдаа ороогүй учраас ажлаа тасалсан гэж үзсэн. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халах тушаал өгч, 24-ний өдрийн дотор тайлбараа өгөөрэй гэсэн. Д.Ү тайлбараа өгөөгүй, ирж уулзаагүй. Тэр үед би 3 дугаар цэцэрлэг болон 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хавсарч хийдэг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Д.Ү нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн ,,, дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн б/15 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөө үндэслэлгүй гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгохоор 2017 оны 08 сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шаардлага хангасан байна. 

Нэхэмжлэгч Д.Ү шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн ,, дүгээр цэцэрлэгийн эрхлэгч гэж тодорхойлсон бөгөөд шүүх хуралдааны явцад Эрдэнэбулган сумын хүүхдийн,, дүгээр цэцэрлэгийг байгууллагын удирдлага болох эрхлэгч төлөөлөх учир хариуцагчийг ийнхүү тодорхойлсон гэж тайлбарласан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Д.Ү нь хариуцагч хүүхдийн ,, дүгээр цэцэрлэгт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.  

Нэхэмжлэгч Д.Ү нь 2016 оны 08 сарын 12-ны өдөр 1 жилийн хугацаатай захиргааны чөлөө авах тухай хүсэлт ажил олгогчид гаргасан бөгөөд 1 жилийн хугацаатай чөлөө олгосон үйл баримтыг нэхэмжлэгч хариуцагч талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Д.Ү-г  орлон ажиллуулахаар  2016 оны 08 сарын 25-ны өдөр “А.Э-ыг няравын ажилд түр томилох тухай”  б/32 тоот тушаал / хх-7х/ гарчээ. Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэг нэхэмжлэгч Д.Ү-д ажилдаа эргэн орох тухай 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 53 тоот мэдэгдэл /хх-23х/, ажлаас халах тухай 2017 оны 07 сарын 17-ны өдрийн 28 тоот мэдэгдэл / хх-5х/ тус тус хүргүүлж 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн б/15 тоот “Д.Ү-г ажлаас халах тухай” тушаалаар /хх-8х/ ажлаас чөлөөлжээ. 

Уг 2017 оны 07 сарын 24-ний өдрийн б/15 дугаартай “ Д.Ү-г ажлаас халах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 5.6, Дотоод журмын 6.2.4-р заалтыг тус тус баримталж “Нярав Д.Ү-д 2016 оны 12 дугаар сарын 15-нд ажилдаа орох мэдэгдэл хүргүүлсэн боловч 2017 оны 07 сарын 17-ныг хүртэл ажил тасалсан тул” хэмээн ажлаас чөлөөлсөн байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор  хөдөлмөрийн гэрээнд тухайлсан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд ажил олгогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгээс ажилтан Д.Ү-тэй хөдөлмөрийн гэрээ /хх-19-22х/ байгуулахдаа уг гэрээний 5.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  2-оос дээш хоног ажил тасалсан бол” хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана гэж заажээ. Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн дотоод журмын 6.2.4-т “ ажилтан 1 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан бол сануулах, 2 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан бол  цалингийн 20 хувиар хасах, 3 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан бол  хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлнө” гэж заасан байна.  

  Хариуцагч тал нэхэмжлэгч Д.Ү-ийн  чөлөөний хуудас хүчингүй болсон байхад ажилдаа ирээгүй учир ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн гэх боловч хэзээнээс нэхэмжлэгч Д.Ү ажилдаа эргэн орсон гэж тооцогдохыг, Д.Ү-г орлон ажиллаж байгаа ажилтан ажлаасаа хэзээ чөлөөлөгдөж ажлаа хүлээлгэн өгснийг, Д.Ү хэдийнээс хэдий хүртэл хугацаагаар ажил тасалсан болохыг баримтаар нотлож чадахгүй байна. Иймд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн ,, дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн б/15 дугаартай “Д.Ү-г ажлаас халах тухай” тушаал хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэн нэхэмжлэгч Д.Ү-г Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн ,,дүгээр цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Ү-г  ажилд нь эгүүлэн тогтоосноор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн ,,дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн б/15 дугаартай “Д.Ү-г  ажлаас халах тухай” тушаал нь цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй байна.  

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн ,,дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                   ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ү-г  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 11-р цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН