Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Д.Үгийн нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 129/ШШ2017/00557 дугаар шийдвэртэй

Д.Үгийн нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн XI цэцэрлэгт холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн төлөөлөгч Ц.Эийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ү, хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч В.Удвал, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт:

 

“Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн XI цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 75 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан тус цэцэрлэгт нярвын ажилд орсон. Тэгээд манайд байдаг хараагүй хөгшнийг нарийн шинжилгээнд оруулах болон хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ Сонгдо эмнэлэгт нарийн шинжилгээнд оруулж, улмаар Солонгос улсад хагалгаанд оруулах шаардлагатай байсан учраас эрхлэгч Энхцэцэгт өргөдлөө өөрийн биеэр өгч 2016.08.25-ны өдөр ажлаасаа нэг жилийн чөлөө авсан. Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Э 2017.07.24-нд б/15 дугаартай тушаал гарган намайг хууль бусаар ажлаас халсан тул нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Намайг ажиллаж байх хугацаанд эрхлэгч Энхцэцэг сарын тайланг сарын дундуур гаргуулахаар шахаж, бусад хүмүүст намайг ажлаа хийж чадахгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр ханддаг байсан. Миний оронд Энхсайхан гэдэг хүнийг нэг жилийн хугацаатайгаар ажилд түр томилсон. 2016.12.19-ний өдөр санхүүгийн аудитын шалгалт орж, 744 648 төгрөгийн акт гарсан. Ажиллаж байх хугацаанд 9 дүгээр сарын тайланг нягтлан бодогчтой хамт гаргаж, 10 дугаар сараас хойш нягтлан бодогч Ариунжаргал тайлан тооцоо бодож өгөхгүй байж байгаад 2015.12 сарын сүүлээр Эрдэнэмандал сум руу шилжиж явсан. Тэгээд аудитын шалгалтаар тайлан тооцоо зөрөөд Ариунжаргалын оронд нягтлан бодогчийн ажилд орсон Тунгалагтуяатай материалаа шалгаад тооцоогоо тааруулъя гэхэд Тунгалагтуяа тооцоог тааруулж өгөөгүй. Хугацаа нь дууслаа гээд шахаж шаардаад байхаар нь би өөрийнхөө хийсэн тайлангаараа тооцоогоо гаргуулъя гэж улсын байцаагч Буяндэлгэрт хүсэлт тавьсан. Шалгалт хийж байх хугацаанд надтай зүй бусаар харьцаж, намайг гэмт хэрэгтэн юм шиг утсаар байнга дарамталдаг байсан. Би улсыг хохиролгүй байлгах ёстой учраас өөрөө очиж уулзаж зөвлөгөө авч, Буядэлгэрт “тайлангийн тооцоог шахаад өгөх нягтлан бодогч олдохгүй байна, өөрийнхөө гаргасан тайланг шалгалтанд оруулъя, би улсад ямар ч хохирол учруулаагүй” гээд тайлангаа шалгалтанд оруулсан. Тэгээд 744 648 төгрөгийн акт гарсан байгаа. Үүний учир нь гэвэл санхүүчдын баяраар Энхцэцэг “нярав, тогооч хоёр 600 кг мах тана” гэж хэлсэн. Тэгээд 300 000 төгрөгийн баяр ёслолын бараа материал авсан. Дараа нь 12 дугаар сард 25 ажилчныг суулгаж байгаад “хүүхдийн хоолны мөнгө хүрэлцээтэй байна, шинэ жилийн баяраар ажилчдад бялуу авч өнгө” гэж өөрөө хэлж байсан. Тэгээд шинэ жилээр “Амтлаг” нарийн боовны цехээс 350 000 төгрөгийн бялуу авахуулсан. Тэр нь бүртгэлд бялуу биш нарийн боовоор бичигдсэн. 2016.01-06 дугаар сар хүртэлх тооцоог нягтлан бодогчтойгоо хийе гэтэл нягтлан бодогч ирээгүй. Тэгээд би 2016.01-06 дугаар сар хүртэлх хугацааны тайлан тооцоог тогоочтойгоо хамт 07-гоо шахаж өөрөө хийсэн. Ажилд ор гэж надад албан ёсоор хэлээгүй. Харин 12 дугаар сард ажилд орох албан бичиг ирүүлсэн. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дүгээр зүйлд зааснаар ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халсан гэсэн байсан. Намайг ажлаас халсан нь үндэслэлгүй байх тул миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт:

 

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.Ү нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын XI цэцэрлэгт 2015.07.27-нд нярвын ажилд түр томилогдон ажиллах болсон. 2016.08.12-ны өдөр ар гэрийн гачигдлын улмаас нэг жилийн чөлөө хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч түүнд нэг жилийн хугацаатай чөлөө олгосон. 2016.10 сард манай цэцэрлэгт мэргэжлийн хяналтын шалгалт ирсэн. Энэ шалгалтаар нярвын бичиг баримт зөрчилтэй, алдаа дутагдалтай байна гээд 2016.10.28-нд Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 17/04/104 тоот акт манай цэцэрлэгийн нягтлан бодогч Ариунжаргал, нярав Д.Ү бид гуравт тавигдсан. Нэг хүнд 240 600 төгрөгийн төлбөр оногдсон. Уг актаар тогтоогдсон алдаа зөрчлийг арилгуулахаар нярав Д.Үг удаа дараа дуудаж ажилдаа орохыг шаардсан боловч ирэхгүй байсаар 2017.07.17-ны өдрийг хүргэсэн тул түүнд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай албан бичгээр ажлаас халах мэдэгдэл хүргүүлсний дараа 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн б/15 дугаартай тушаал гаргаж түүний хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Нэхэмжлэгч Д.Ү нь үндэслэлгүй зүйл хэлж байна. Тухайн шалгалт болж байхад улсын байцаагч нь надад нярвын баримт эмх цэгцгүй, алдаа дутагдалтай байна гэсэн. Д.Үг удаа дараа дуудаж эгч рүү нь залгахад “миний эгч рүү залгадаг хэн бэ?” гэж хэлж байсан. Нягтлан бодогч удаа дараа ТОСК-ийн байр болон гэрт нь очиж байсан. Гэтэл гэртээ байдаггүй байсан. Д.Үг дарамталсан зүйл байхгүй. Гудамжинд таараад “шалгалтаар бичиг ирсэн байна. Та тооцоогоо тааруулахгүй бол хугацаа нь болчихоод байна” гэхэд “би ажилгүй байгаа юм чинь яаж төлөх юм бэ?” гэсэн. Би “та ажилдаа орооч” гэхэд “намайг туслах багшаар ажилд оруулчих” гэсэн. Тэгээд би “та туслах багшийн ажилд тэнцэхгүй” гэж хэлсэн. Дараа нь би торгуулиа барагдуулах болон бичиг баримтаа янзлах талаар удаа дараа хэлэхэд намайг доромжилсон. Удаа дараа уулзсан асуудлыг Д.Ү дарамт гэж ойлгож байгаа юм байна. Би Д.Үтэй уулзахын тулд ажил дээр хүрээд ир гэдэг байсан. 2016.12.09-ний өдөр Д.Үг ирэхэд нь “таны чөлөө хүчингүй болсон, түр ажиллаж байгаа хүнд жилийн чөлөө өгдөггүй юм байна” гээд өргөдлийн баруун буланд хүчингүй болгов гэсэн цохолт хийж гарын үсгийг нь зуруулан авсан. “Та ажилдаа ороод алдаа зөрчлөө арилгаад төлбөр тооцоог барагдуул” гэж хэлсэн. 13-ны өдөр би нягтлан бодогчоороо Д.Үд ажилд орох мэдэгдэл явуулсан. Д.Ү ажилдаа ороогүй учраас ажлаа тасалсан гэж үзсэн. 2017.07.17-ны өдөр ажлаас халах тушаал өгч 24-ний өдрийн дотор тайлбараа өгөөрэй гэсэн. Д.Ү тайлбараа өгөөгүй, ирж уулзаагүй. Тэр үед би III болон XI цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хавсарч хийдэг байсан.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 129/ШШ2017/00557 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Үг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн XI цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Эийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

 

“Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 129/ШШ2017/00557 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Ү нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын XI цэцэрлэгийн нярвын ажилд 2015.07.27-ны өдөр түр томилогдон ажиллаж байгаад 2016.08.12-ны өдөр ар гэрийн гачигдлын улмаас нэг жилийн чөлөө хүссэн өргөдөл өгсөн бөгөөд ажил олгогчийн зүгээс түүнд нэг жилийн хугацаатай чөлөө олгосон. Д.Үг чөлөөтэй байх хугацаанд буюу 2016.10.28-нд Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалт байгууллагад орж, улмаар акт тавигдсан. Актаар тогтоогдсон зөрчлийг арилгуулах зайлшгүй шаардлага бий болсон тул Д.Үд чөлөө олгосон шийдвэрээ хүчингүй болгосон, ажилдаа эргэж орох талаар бичгээр болон амаар удаа дараалан мэдэгдэж шаардсан боловч ажилдаа ирээгүй ажил тасалсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай б/15 дугаартай тушаал шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасантай нийцэж байгаа болно. Мөн байгууллагын дотоод журамд зааснаар түр томилогдон ажиллаж байгаа ажилтанд урт хугацааны чөлөө олгосон нь ажил олгогч миний буруу шийдвэр байсан зэрэг шалтгааны улмаас түүнд чөлөө олгосон шийдвэрээ хүчингүй болгосон бөгөөд энэ талаараа Д.Үд мэдэгдсэн. Анхан шатны шүүх Д.Үг чөлөөний хуудас хүчингүй болсон байхад ажилдаа ирээгүй учир ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн гэх боловч хэзээнээс нэхэмжлэгч Д.Үг ажилдаа эргэн орсон гэж тооцогдохыг, Д.Үг орлон ажиллаж байгаа ажилтан ажлаасаа хэзээ чөлөөлөгдөж ажлаа хүлээлгэн өгснийг, Д.Ү хэдийнээс хэдий хүртэл хугацаагаар ажил тасалсан болохыг баримтаар нотолж чадаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай дүгнэлт байна. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 53 тоот албан бичгээр 2016.12.15-нд ажилдаа орохыг мэдэгдсэн, үүнээс хойш ажилдаа ирээгүй, ажил хийгээгүй байдал нь үйл баримтаар хангалттай нотлогдож байгааг анхаарч үзээгүй байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 129/ШШ2017/00557 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд оролцож нэмэлт тайлбар гаргах хүсэлттэй байна.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Ү нь хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн XI цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч хүүхдийн XI цэцэрлэг нь Д.Үг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй татгалзсан байна.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтын талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

 

Ажил олгогч хүүхдийн XI цэцэрлэг нь Д.Үг нярвын ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан зохицуулалтыг тушаалын үндэслэл болгожээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Үг ажил олгогч ажил тасалсан гэж ажлаас халсан боловч уг хугацаанд нэхэмжлэгч нь чөлөөтэй байсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийг хангасан байна.   

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 129/ШШ2017/00557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

 

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.ДАВААСҮРЭН

 

                      ШҮҮГЧ                                      М.МӨНХДАВАА

 

                                                                        Д.БЯМБАСҮРЭН