Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 565

 

                                                        

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: А.Г-ын нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Д.Б-т холбогдох 

 7900000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г, хариуцагч  Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Г би 2012 оны 07 сард Б-тай  танилцан машинаа маш хямд яаралтай зарах тухай ярилцсан юм. Б төв аймгийн наадамд машинаар чинь яваад ирье гэж хэлээд 7 хоног унаж яваад ирсэн ба шатахуун бага иддэг, механик, хөдөө явахад сайн машин байна гээд өөрөө авахаар болж дансны дугаар аваад, машинаа унаад явсан юм. Ингээд бүр 1 жилийн дараа 5.8 сая төгрөгийг миний эхнэрийн дансанд хийсэн. Түүнээс хой үлдсэн мөнгийг хичнээн шаардсан ч арга саам хийсээр өнөөг хүрлээ. Иймд хариуцагч Д.Б-аас  миний зөвхөн эдийн хохирол болох 7.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Г-тай хариуцагч Д.Б би анх 2012 оны 2-р сард Монгол улсын Үнэлгээний хорооны ажилтан гэдэг албан тушаалаар нь танилцаж байсан.Дараа нь Үнэлгээний сургалт зохион байгуулагдана, төлбөр нь 600000 төгрөг "Чи суугааач,, гэсэн саналыг тавихад нь би хүлээн зөвшөөрч 600000 төгрөг төлөөд цахимаар бүртгүүлсэн боловч сургалт нь явагдаагүй. Үүнээс хойш бид найз нөхөдийн харилцаатай болсон. 2012 оны 6 сард Хэнтий аймаг явах ажил гэнэт гарч Г-йн машиныг 5 хоног авч явахаар 600000 төгрөг бэлэнээр өгсөн. Явах замд рулийн гидер эвдэрч 150000 төгрөгөөр шинээр авч тавьж өгсөн. Үүнд Г  маш их баярласан. Дараа нь энэ машин хотод зарагдахгүй, он хуучин, давсан замд их явсан доогуур шал нь эвдэрч үйрсэн гээд шалтгааан байна. Чи хөдөө малаар ч хамаагүй өгөөч гэсэн. 7 сая орчимд өгвөл сайн байна гэж санал болгоод эхнэрийн хамт Улаанбаатар хотын Ялалтын талбайн урд зогсоолд авчирч өгсөн. Энэ машиныг Архангайд авчирч олон хунд санал болгосон боловч авах хүн олдоогүй нэг жил болсон нь үнэн. Ингээд би Зам Тээврийн Яаманд хяналтын инженерээр суурин ажилтай байсан тул энэ машиныг бараг унаагүй гэсэн ч надад өгөөд жил болсон учир би аваад зарахыг бодъё гээд 5800000 төгрөг шилжүүлгээр өгсөн . Үүн дээр сургалтын төлбөрт өгсөн 600000 төгрөг засварт зарцуулсан 200000 төгрөгийг оруулж тооцоод чи машинаа шилжүүлээд өгчих гэхэд зөвшөөрөөгүй. Найзын итгэлцлээр энэ үйлдэл болсон боловч 2014 онд Г Сүхбаатар дүүргийн ЦХ-ийн хэрэг бүртгэлийн хэлтэст үндэслэлгүй өргөдөл гаргасан байсан. Уг өргөдөлдөө намайг СБД-ийн 3-р хорооны 5-р хорооллын байрны гаднаас миний машиныг дээрэмдээд явсан тул тээврийн хэрэгслийг хурааж өгөөч гэсэн байсан. Би дээрхи тайлбарыг үнэнээр нь хэлж, мөнгө шилжүүлсэн баримтыг өгч, миний дэргэдээс хэрэг шалгагч Ганбат руу шууд утсаар ярьж худал өргөдөл өгч, ажилд хүндрэл учруулсан байна. Эхнэрийн хамт ирж уулз гэснээр уг хэрэг дууссан. Үүнээс хойш би Г-тай харицаагүй болсон. 2014 оноос хойш уг машин огт хөдлөөгүй манай хашаанд байсныг олон хүн гэрчилнэ. Авто техникийн үзлэгт 2014 оноос хойш одоог хүртэл ороогүй байгаа ба татвар, даатгал төлөгдөөгүй байгаагаар нотлогдоно. 2016 оны зун Г эхнэрийн хамт Хөвсгөл рүү рашаанд явах замдаа манайд ирж хашаанд огт хөдлөөгүй хэдэн жил болсон уг машиныг нүдээр харсан. Иймд А.Г-ын  нэхэмжилж байгаа 7900000 төгрөгийг өгөх ямар ч үндэслэлгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Б-тай үнэлгээний сургалт явуулна гэж танилцсан. Тухайн үед манай нагац ахын бие муудаад надад мөнгө яаралтай хэрэг болсон учраас Д.Б-т  машинаа зарсан. Гэтэл машины мөнгийг төлөөгүй. Миний машиныг Д.Б 5 жилийн хугацаатай унасан. Би инфляц тооцохгүйгээр 4800000 төгрөгийг нэхэмжилж байна. Наад зах нь лизингээр өгсөн гэж бодоход тухайн мөнгө хэдэн төгрөг болох вэ? Улаанбаатар хотод тухайн машин 30000000 сая төгрөгийн үнэтэй байгаа. Хариуцагч 600000 төгрөг өгсөн гэдгийг нотол. Манай эхнэртэй Д.Б Барилгачдын талбайн тэнд явж байгаад таарсан. Хүн машин худалдаж авахдаа захаас машинаа хараад, ганц хоёр удаа унаад машиныг худалдаж авдаг. Харин хариуцагч Төв аймаг явна гэж хэлж миний машиныг аваад 5 хоног болсон. Гэтэл Д.Б Хэнтий аймаг явсан юм байна. Би тэр талаар мэдээгүй. Мөн 5600000 төгрөг өгсөн гэдгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Бусад яриад байгаа зүйл нь худлаа. Манай эхнэртэй Д.Б барилгын яамны үүдэнд тааралдсан. Тэгээд би бизнес хийж байна удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлсэн байсан. Дараа нь би тэвчээр алдаад гэрт нь очиж байсан. Манай нагац ах ходоодны хүнд өвчтэй гэсэн онош тогтоогдож, Солонгос улс руу яаралтай эмчилгээнд явахаар болсон. Тэгээд мөнгө яаралтай хэрэг болоод машинаа 1000000 төгрөгөөр зарсан. Тухайн үед машин 15000000 төгрөгийг үнэтэй байсан. Улаанбаатар хотод машин их байсан болохоор зарагдахгүй байсан учраас хөдөө зараад өг гэж Д.Б машинаа өгч байсан. Хариуцагч жилийн дараа манай эхнэрийн данс руу 5600000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч Д.Б бид хоёр хоорондоо ямар ч худалдах худалдан авах гэрээ хийгээгүй. Би олон удаа Д.Б боломж олгож, сүүлдээ 2, 3 сая төгрөгөөр машины үнийг бууруулсан. Тэсвэр алдаад гэрт нь очиж байсан. Заналхийлсэн асуудал байхгүй гэв.  

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Г нэр дээр машины бүртгэл байдаг. Машиныг 2014 оны 06 дугаар сараас хойш 2015 он, 2016 онуудад нэг ч удаа хөдөлгөөгүй. Би машиныг өөрийн хэрэгцээгээр унаж явсан асуудал байхгүй. Манай хашаанд 2016 онд машин байхад нэхэмжлэгч машиныг унаагүй байна гэдгийг харсан. Нэхэмжлэгчийг Улсын бүртгэлийн газраас машиныг яваагүй гэдэг талаар нотлох баримтыг гаргаж өгөх байх гэж бодсон. Мөн машины татвар төлөөгүй учраас цагдаа нар тухайн машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй. Би А.Г гэрт нь 187 тоотод бэлнээр мөнгө өгсөн гэвч аваагүй гэж гүтгэж байна. Би А.Г  машиныг унаж Төв аймаг яваагүй. Харин машиныг танилцуулж А.Г хамт наадам явсан. Тэр үед А.Г согтуу явсаар байгаад ирсэн. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Төв аймгийн наадам үзэхээр машиныг авч явсан гэсэн байсан. Тийм асуудал болоогүй. Харин Хэнтий аймгийн Дадал сум руу явсан. Машиныг авч явсан төлбөр тооцоог төлсөн. Би машиныг авсныхаа дараа пажеро засварын газарт үзүүлэхэд “энэ машин үйрээд уналаа, таны амь насанд аюултай, та машиныг унаад хэрэггүй” гэж хэлж байсан. Тухайн машин ямар ч явах нөхцөлгүй машин юм. Би нэхэмжлэгчийн мөнгийг бүрэн шилжүүлэх гэтэл нэхэмжлэгч “уурлаж бухимдаж, ална тална, би олон зайран удамтай хүн” гэж байсан. Мөн 2015 он, 2016 он, 2017 онуудын машины татварыг төлөөгүй байхад машин замын хөдөлгөөнд оролцох боломжгүй. Намайг барилгачдын талбайн тэнд унаад явж байсан гэж А.Г худлаа хэлж байна. Харин 2013 онд машиныг унаж явсан нь үнэн. Тэгээд 2013 онд 5800000 төгрөгийг төлсөн. Би 2014 оноос 2017 он хүртэл хугацаанд машиныг унаагүй гэдгийг баримтаар гаргаж өгье. Би машин унаж явахдаа А.Г таараагүй. Тухайн машиныг унаагүй гэдгийг нэхэмжлэгч бүртгэлийн газраас нотлох баримт авч болох байсан. Харин надад 2013 онд машины үзлэгт орсон тамгатай баримт байгаа. Бусад баримт байхгүй. Мөн машиныг зарна гэж, нэхэмжлэгчид машины мөнгө 5800000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Надад 500000 төгрөг өгчих, тэгээд машинаа өгсөн авснаар тохиролцоно гэж ярьсан. Тэгээд би мөнгөө шилжүүлсэн. Муу машин болохоор нь ингээд тохиролцох юм байна гэж бодоод машины үнэ 5800000 төгрөгийг шилжүүлсэн гэв. 

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Д.Б-т холбогдуулан 7900000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4200 000 төгрөг нэхэмжилсэн болно. 

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн үнийн дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байсан болно. 

Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Д.Б-т Mitsubishi Pajero маркын суудлын автомашиныг 2012 оны 7 сард шилжүүлэн өгсөн байх бөгөөд хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчийн эхнэрийн дансаар машины үнэнд 5.8 сая төгрөгийг 2013 оны 02 сарын 07, 2013 оны 09 сарын 11-15-ны өдрүүдэд шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгч А.Г-ын шүүхэд гаргаж өгсөн эхнэр Ж-ийн  депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан бөгөөд машины үнэнд 2013 оны 02 сарын 07, 2013 оны 09 сарын 11-15-ны хугацаанд 5800 000 төгрөг шилжүүлсэнээс хойш нэхэмжлэгч хариуцагч нар машины  үнийг төлөх талаар удаа дараа тохиролцохыг оролдож байсан  гэж тайлбар гаргасан бөгөөд 2016 онд нэхэмжлэгч өөрөө хариуцагч Д.Б-ын гэрт ирж машиныг үзэж хараад явсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч хариуцагч нар гаргасан болно. Мөн хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2016 онд А.Г-ыг 1 сая төгрөг өгчих гэхээр нь өөрийн охин А-г  явуулсан боловч А.Г уулзаагүй гэсэн тайлбар өгсөн болно. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар 2013 оны 09 сарын 25-наас 2016 он хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. 2016 оноос эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нэхэмжлэгч 2017 оны 09 сарын 29-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаанд шүүхэд хандсан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан зохигч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэсэн заалт,  25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч тал Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ы 2017 оны 08 сарын 10-ны өдрийн 22 тоот  үнэлгээг нотлох баримтаар өгсөн боловч маргаж байгаа автомашиныг бодитоор үзэж үнэлээгүй учир хэрэгт ач холбогдолгүй юм гэж дүгнэн нотлох баримтаар үнэлээгүй болно. 

Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч А.Г-ын Мицубиши Пажеро маркийн автомашиныг нэхэмжлэгч  заруулахаар өгсөнийг хариуцагч худалдан авсан байх бөгөөд машины үнэнд 5 сая 800 000 төгрөг шилжүүлэн өгч үлдэгдэл төлбөрийн асуудал дээр талууд маргаж байна. Нэхэмжлэгч А.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа:  машиныг 10 сая төгрөгөөр зарна гэдгээ хэлж байсан, хариуцагч хүлээн зөвшөөрч машиныг унаад явсан гэх боловч 10 сая төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон гэдгээ баримтаар нотлоогүй тул хариуцагчийн Д.Б -ын” ... Машиныг заруулахаар надад өгөөд жил болсон учир би аваад зарахыг бодьё гээд 5800 000 төгрөг шилжүүлж өгсөн. Сургалтын төлбөрт өгсөн 600 000 төгрөг, засварт зарцуулсан 200 000 төгрөгийг тооцоод машинаа шилжүүлээд өгчих гэсэн боловч зөвшөөрөөгүй. Мөн 500 000 төгрөг өгөөд шилжүүлээд ав гэхээр нь хүүхдээ явуулж байсан боловч тохиролцоогүй. ...Надад машинаа шилжүүлж өгөхдөө 9 сая төгрөг гэж байгаа юм. Бэлэн өгвөл 7 сая төгрөгөөр ав гэж хэлээд бид хоёр тохиролцсон. Машин 2000 онд үйлдвэрлэгдээд 2007 онд Монгол Улсад орж ирсэн. Шинэ машинтай харьцуулагдах боломжгүй машин” гэсэн тайлбарын дагуу машины үнийг бэлэн бүгдийг өгвөл 7 сая төгрөгөөр,  шууд бүгдийг өгч чадахгүй бол 9 сая төгрөгөөр үнэлж тохиролцсон байна гэж дүгнэлээ. 

Иймд хариуцагч Д.Б машины үнэ 7 сая төгрөгийг бүгдийг өгөөгүй байх тул машины үнэ 9 сая төгрөгөөс түүний төлсөн 5800 000 төгрөгийг хасаж үлдэх 3200 000 төгрөгийг хариуцагч Д.Б-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т  заасныг баримтлан нэхэмжлэгч А.Г –ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд буюу 3 200 000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 66150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т  олгох нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2, 251 дүгээр зүйлийн 251.2-т заасныг баримтлан  хариуцагч Д.Б -аас 3200000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Г-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т  заасныг баримтлан нэхэмжлэгч А.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 66150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН