Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       А.Гын нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 129/ШШ2017/00565 дугаар шийдвэртэй

А.Гын нэхэмжлэлтэй

Д.Бт холбогдох

зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Д.Бын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, хариуцагч Д.Б, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “А.Г би 2012.07 сард Д.Бтай үнэлгээний сургалт явуулна гэж танилцсан. Тухайн үед манай нагац ах ходоодны хүнд өвчтэй гэсэн онош тогтоогдож Солонгос улс руу эмчилгээнд яаралтай явахаар болсон. Тэгээд мөнгө яаралтай хэрэг болоод машинаа 10 000 000 төгрөгөөр зарсан. Тухайн үед машин 15 000 000 төгрөгийн үнэтэй байсан. Улаанбаатар хотод машин их байсан болохоор зарагдахгүй байсан учраас хөдөө зараад өг гэж Д.Бт машинаа өгч явуулсан. Хариуцагч Д.Б бид хоёрын хооронд ямар ч худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй. Ингээд бүр нэг жилийн дараа 5,8 сая төгрөгийг миний эхнэрийн дансанд хийсэн. Үүнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Түүнээс хойш үлдсэн мөнгийг хичнээн шаардсан ч арга саам хийсээр өнөөг хүрлээ. Иймд хариуцагч Д.Баас миний зөвхөн эдийн хохирол болох 7 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний машиныг Д.Б 5 жилийн хугацаатай унасан. Би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж инфляци тооцохгүйгээр 4 200 000 төгрөгийг нэхэмжилж байна. Наад зах нь лизингээр өгсөн гэж бодоход тухайн мөнгө хэдэн төгрөг болох вэ? Улаанбаатар хотод тухайн машин одоо 30 000 000 төгрөгийн үнэтэй байгаа. Хариуцагч надад 600 000 төгрөг өгсөн гэдгээ нотол. Манай эхнэртэй Д.Б Барилгачдын талбайн тэнд явж байгаад таарсан. Тэгээд “би бизнес хийж байна, удахгүй мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн байсан. Дараа нь би тэвчээр алдаад гэрт нь очиж байсан. Би Д.Бт олон удаа боломж олгож, сүүлдээ машины үнийг 2-3 сая төгрөгөөр бууруулсан. Д.Быг заналхийлсэн асуудал байхгүй.” гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Хариуцагч Д.Б би нэхэмжлэгч А.Гтай анх 2012.02 сард Монгол улсын үнэлгээний хорооны ажилтан гэдэг албан тушаалаар нь танилцаж байсан. Дараа нь “үнэлгээний сургалт зохион байгуулагдана, төлбөр нь 600 000 төгрөг. Чи суугааач” гэсэн саналыг тавихад нь би хүлээн зөвшөөрч А.Гын гэрт нь 187 тоотод бэлнээр 600 000 төгрөг төлөөд цахимаар бүртгүүлсэн боловч уг сургалт нь явагдаагүй. Гэвч одоо болохоор энэ мөнгийг А.Г аваагүй гэж гүтгэж байна. Үүнээс хойш бид найз нөхдийн харилцаатай болсон. 2012.06 сард Хэнтий аймаг явах ажил гэнэт гарч А.Гын машиныг тав хоног авч явахаар 600 000 төгрөг бэлнээр өгсөн. Явах замд рулийн гидер эвдэрч 150 000 төгрөгөөр шинээр авч тавьж өгсөн. Үүнд А.Г маш их баярласан. Дараа нь “энэ машин хотод зарагдахгүй, он хуучин, давсан замд их явсан, доогуур шал нь эвдэрч үйрсэн гээд шалтгаан байна. Чи хөдөө малаар ч хамаагүй өгөөч. 7 сая орчимд өгвөл сайн байна” гэж санал болгоод эхнэрийн хамт Улаанбаатар хотын Ялалтын талбайн урд зогсоолд авчирч өгсөн. Энэ машиныг Архангайд авчирч олон хүнд санал болгосон боловч авах хүн олдоогүй нэг жил болсон нь үнэн. Тухайн үед би Зам тээврийн яаманд хяналтын инженерээр суурин ажилтай байсан тул энэ машиныг бараг унаагүй. Гэсэн ч надад өгөөд жил болсон учир би аваад зарахыг бодъё, муу машин болохоор ингээд тохиролцох юм байна гэж бодоод машины үнэ 5 800 000 төгрөг шилжүүлгээр өгсөн. Үүн дээр сургалтын төлбөрт өгсөн 600 000 төгрөг, засварт зарцуулсан 200 000 төгрөгийг оруулж тооцоод машинаа шилжүүлээд өгчих гэхэд зөвшөөрөөгүй. Найзын итгэлцлээр энэ үйлдэл болсон боловч 2014 онд А.Г Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэлтийн тасагт үндэслэлгүй өргөдөл гаргасан байсан. Уг өргөдөлдөө намайг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 5 дугаар хорооллын байрны гаднаас миний машиныг дээрэмдээд явсан тул тээврийн хэрэгслийг хурааж өгөөч гэсэн байсан. Би дээрхи тайлбарыг үнэнээр нь хэлж мөнгө шилжүүлсэн баримтыг өгч миний дэргэдээс хэрэг бүртгэгч А.Г руу шууд утсаар ярьж “худал өргөдөл өгч ажилд хүндрэл учруулсан байна, эхнэрийн хамт ирж уулз” гэснээр уг хэрэг дууссан. Үүнээс хойш би А.Гтай харилцаагүй болсон. 2014.06 сараас хойш уг машин огт хөдлөөгүй манай хашаанд байсныг олон хүн гэрчилнэ. Автотехникийн үзлэгт 2014 оноос хойш одоог хүртэл ороогүй байгаа ба татвар, даатгал төлөгдөөгүй байгаагаар нотлогдоно. Мөн 2015-2017 онуудын машины татварыг төлөөгүй учраас цагдаа нар тухайн машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй. Би машиныг өөрийн хэрэгцээгээр унаж явсан асуудал байхгүй. 2016 оны зун А.Г эхнэрийн хамт Хөвсгөл рүү рашаанд явах замдаа манайд ирж хашаанд огт хөдлөөгүй хэдэн жил болсон уг машиныг нүдээр харсан. Иймд А.Гын нэхэмжилж байгаа 7 900 000 төгрөгийг өгөх ямар ч үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч А.Гын нэр дээр машины бүртгэл байдаг. Намайг Барилгачдын талбайн тэнд машиныг унаад явж байсан гэж А.Г худлаа хэлж байна. Би машиныг унаж явахдаа А.Гтай тааралдаагүй. 2013 онд машиныг унаж байсан нь үнэн. Харин 2014-2017 онуудад машиныг унаагүй гэдгийг баримтаар гаргаж өгье. Нэхэмжлэгчийг Улсын бүртгэлийн газраас машин яваагүй талаархи нотлох баримтыг гаргаж өгөх байх гэж бодсон. Надад 2013 онд машин үзлэгт орсон талаархи тамгатай баримт байгаа. Бусад баримт байхгүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ намайг Төв аймгийн наадам үзэхээр машиныг авч явсан гэсэн байсан. Би А.Гын машиныг унаж Төв аймаг яваагүй. Харин машиныг танилцуулж А.Г надтай хамт наадам үзсэн. Тэр үед А.Г согтуу явсаар байгаад ирсэн. Би машиныг авсныхаа дараа Пажеро засварын газарт үзүүлэхэд “энэ машин үйрээд уналаа, таны амь насанд аюултай, та машиныг унаад хэрэггүй” гэж хэлж байсан. Тухайн машин явах ямар ч нөхцөлгүй машин юм. Мөнгийг нь бүрэн шилжүүлэх гэж байхад нэхэмжлэгч уурлан бухимдаж намайг “ална тална, би олон зайран удамтай хүн” гээд байхаар нь больсон.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 129/ШШ2017/00565 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2, 251 дүгээр зүйлийн 251.2-т заасныг баримтлан хариуцагч Д.Баас 3 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 66 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Бын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 129/ШШ2017/00565 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч Д.Б надаас 3 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Гад олгох шийдвэр гаргасанд гомдолтой. Учир нь А.Г бид хоёр худалдах-худалдан авах гэрээ хийгээгүй, маргаж байгаа автомашиныг бодитоор үзэж үнэлээгүй, нотлох баримт бүрэн хангагдаагүй. Машины төлбөрт 5 800 000 төгрөгийг манайх шилжүүлсэн, засварын мөнгө 200 000 төгрөг гаргасан, сургалтын төлбөр 600 000 төгрөгийг А.Гад бэлнээр өгсөн боловч энэ сургалт нь явагдаагүй учир энэ мөнгийг машины төлбөрт оруулж тооцож ийм үнээр тохиролцсон гэж үзэж байгаа. Машины үнэ 7 сая төгрөг бүгдийг өгөөгүй байх тул 9 сая төгрөгөөр үнэлж 3 200 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шаардлага хангагдаагүй байна. Уг машин нь 2013 оноос хойш хөдлөөгүй, Пажеро засварт үзүүлэхэд “энэ машин үйрээд уналаа, амь насанд аюултай” гэж хэлсний дагуу унаагүй, татвар, даатгал ч төлөөгүй, гэрчилгээ нь А.Гын нэр дээр хуучин хэвэндээ байгаа тул А.Гад машиныг өгч болох байсанд дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэлд машины үнэ биш эдийн хохирол гэж нэхэмжилсэн нь бүрхэг ойлгомжгүй зүйл бөгөөд 3 200 000 төгрөгийг ямар баримтанд тулгуурлан шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэхдээ 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 129/ШШ2017/00565 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл бичихдээ нэрийн зөрүү гаргасан, үг утгын алдаатай, хөөн хэлэлцэх хугацаа тоолсон нь ойлгомжгүй байна. Хэрвээ хөөн хэлэлцэх хугацааг бодох гэж байгаа бол 2012.02.06-наас тоолох ёстой.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Д.Баас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 3 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо “...А.Г бид хоёр худалдах-худалдан авах гэрээ хийгээгүй, маргаж байгаа автомашиныг бодитоор үзэж үнэлээгүй, нотлох баримт бүрэн хангагдаагүй. ... шийдвэрийг хүчингүй болгуулах...” хүсэлт гаргажээ.

 

Хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А.Гын шүүх хуралдаанд гаргасан “Улаанбаатар хотод машин их байсан болохоор зарагдахгүй байсан учраас хөдөө зараад өг гэж Д.Бт машинаа өгч байсан” /хх-26/ гэх тайлбар болон хариуцагч Д.Бын шүүхэд гаргасан “”...энэ машин хотод зарагдахгүй, он хуучин, давсан замд их явсан, доогуур шал нь эвдэрч үйрсэн гээд шалтгаан байна. Чи хөдөө малаар ч хамаагүй өгөөч. 7 сая орчимд өгвөл сайн байна” гэж санал болгоод эхнэрийн хамт Улаанбаатар хотын Ялалтын талбайн урд зогсоолд авчирч өгсөн. Энэ машиныг Архангайд авчирч олон хүнд санал болгосон боловч авах хүн олдоогүй нэг жил болсон нь үнэн“ /хх-15/ гэх тайлбараар А.Г нь машинаа заруулахаар Д.Бт шилжүүлэн өгч, Д.Б нь уг машиныг зарахаар тохирсон байх ба 2012 онд талуудын хооронд даалгаврын гэрээ байгуулагдсан байна. Улмаар хариуцагчийн шүүхэд гаргасан “Гэсэн ч надад өгөөд жил болсон учир би аваад зарахыг бодъё гээд 5 800 000 төгрөг шилжүүлгээр өгсөн” /хх-15/ гэх тайлбараар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцож, даалгаврын гэрээний үүрэг дуусгавар болж талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн байна. Нэхэмжлэгч машинаа 10 000 000 төгрөгөөр худалдсан гэж нэхэмжилж байх боловч үүнийг нотлох баримт хэрэгт байхгүй ба хариуцагч шүүх хуралдаан дээр “Нэхэмжлэгч “миний машин 9 000 000 төгрөг. Хэрвээ бэлэн мөнгө байгаа бол 7 000 000 төгрөгөөр ав” гэж хэлээд бид хоёр хоорондоо тохиролцсон” /хх-26/ гэсэн тайлбарыг өгчээ. Уг тайлбараас үзвэл зохигчдын байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд хариуцагч нь машины үнийг бэлнээр, өөрөөр хэлбэл төлбөрийг нэгмөсөн хийхээр бол 7 000 000 төгрөгийн үнэтэй, харин төлбөрийг хэсэгчлэн хийхээр бол машины үнэ 9 000 000 төгрөг болох юм гэж тохиролцсон гэж үзэх бөгөөд хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.

 

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн боловч гэрээний харилцааг үндэслэлтэй тодорхойлж чадаагүй тул залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Талуудын тохиролцоог дүгнэвэл хариуцагч нь машины үнийг хэсэгчлэн төлсөн байх ба 2013.02.07-нд 2 200 000 төгрөг, 2013.09.11-нд 1 000 000 төгрөг, 2013.09.13-нд 1 000 000 төгрөг, 2013.09.14-нд 1 000 000 төгрөг, 2013.09.15-нд 600 000 төгрөг тус тус төлсөн, ийнхүү хэсэгчлэн төлөх машины үнэ нь бэлнээр төлөх төлбөрийн хэмжээнээсээ 2 000 000 төгрөгөөр их бөгөөд үүнд хүү шингэсэн байх тул гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө машиныг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрэгтэй байна. Худалдан авагч Д.Б нь машиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаас хойш нэхэмжлэгчид шилжүүлсэн 5 800 000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн ба ийнхүү худалдан авагч үнийг хэсэгчлэн төлөх тохиолдолд 2 000 000 төгрөгийн хүү төлөхөөр талууд тохиролцсон тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзнэ.

 

Хариуцагч нь машиныг худалдан авч үнэд 5 800 000 төгрөг шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй боловч хариуцагч нь засварт 200 000 төгрөг, сургалтын төлбөрт 600 000 төгрөг тус тус өгсөн, эдгээр мөнгийг зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт тооцсон, нэхэмжлэгчид одоо төлөх төлбөргүй гэж маргажээ.

 

Хавтаст хэрэгт хариуцагч машины засварт 200 000 төгрөг зарцуулсан болон сургалтын төлбөрт нэхэмжлэгчид 600 000 төгрөг төлсөн талаар нотлох баримт байхгүй, эдгээр нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хамаарахгүй, тусдаа асуудал тул хариуцагчийн тайлбарын дагуу эдгээр мөнгийг машины үнэд харилцан тооцох үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагчийн хувьд засварт зарцуулсан болон сургалтын төлбөрт өгсөн мөнгийг нэхэмжлэгчээс шаардах эрх нь нээлттэй, энэ шийдвэр саад болохгүй юм.  

 

Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийх бөгөөд энэ журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол Иргэний хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байна. Зохигчид гэрээг бичгээр байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-д зааснаар энэ гэрээний үүрэгт хариуцагч нь 7 000 000 төгрөг төлөх үндэслэлтэй гэж үзнэ.   

 

Иймд хариуцагч нь худалдан авсан машины үнэд 7 000 000 төгрөг төлөхөөс 5 800 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 1 200 000 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.4-т нийцэх бөгөөд энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 129/ШШ2017/00565 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2, 251 дүгээр зүйлийн 251.2-т” гэснийг “262 дугаар зүйлийн 262.1-д” гэж, “3 200 000” гэснийг “1 200 000” гэж, “1 000 000” гэснийг “3 000 000” гэж, 2 дахь заалтын “66 150” гэснийг 33 350” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 66 150 төгрөгөөс 33 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 32 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

            ШҮҮГЧИД                                   Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                                Д.БЯМБАСҮРЭН