Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2015/0902/з |
Дугаар | 221/МА2016/0440 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2016/0440
Иргэн М.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү ныарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Манлайжавыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 268 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор М.*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн М.******* би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран, 9-11 тоот хаягт 2002 оноос эхлэн одоог хүртэл амьдарч байна. Уг хаягт хамт амьдарч байсан ээж Долгор нь 2004 онд, аав Мягмарсүрэн нь 2015 онд өвчний улмаас нас барж, би одоо ганцаараа амьдарч байна. Амьдралын нөхцөл байдал болон газар эзэмших, өмчлөх талаараа мэдлэг, мэдээлэл муутай зэрэг байдлаасаа болж одоог хүртэл газраа албан ёсоор эзэмшиж, өмчилж амжаагүй байтал манай урд хашаанд оршин суудаг Д.Батбаатар гэгчид миний одоо амьдарч байгаа /хашаалсан/ 149.1 м.кв газрыг түүний өөрийн хашааны газартай нь хамтруулан, намайг тус өрхийн гишүүнээр бүртгүүлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 929 дүгээр захирамжаар өмчлүүлсэн байна. Дүүргийн өмч, газрын харилцааны албанаас болон Нийслэлийн өмчийн харилцааны газраас миний газрыг иргэн Д.Батбаатарт эзэмшүүлж, өмчлүүлэхдээ нэг ч удаа ирж, хүн амьдарч байгаа эсэхийг үзээгүй, миний гэр барин амьдарсаар ирсэн газрыг минь иргэн Д.Батбаатарт эзэмшүүлэх, өмчлүүлэх үндэслэлтэй эсэхийг шалган тогтоож, нотлох хуульд заасан үүргээ биелүүлэлгүйгээр түүнд эзэмшүүлж, өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн хороон дахь өрхийн бүртгэлд намайг өөрийн гэр бүлийн гишүүнээр бүртгүүлж, надад болохоор газраа 500 мянган төгрөг өгөөд ав гэж миний мэдлэг муу байдлыг далимдуулж, уг газар нь хотын дахин төлөвлөлтөд орсныг үндэслэн барилга барих компанитай миний амьдарсаар байгаа газрыг өөрийн өмчөө болгон гэрээ байгуулсан нь миний газрыг ашиг олох зорилгоор, хууль бус аргаар өмчилсөн гэж үзэж байна. Ийнхүү миний 10 гаруй жил илээр, шударгаар эзэмшиж, одоо ч дээр нь амьдарсаар байгаа газрыг маань хууль бусаар бусдад эзэмшүүлж, өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх”, 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах”, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заасныг зөрчсөн. Мөн намайг өөрийн өрхийн бүртгэлд хууль бусаар бүртгүүлэн өөрийн гэр бүлийн гишүүн гэж харагдуулж, газрыг маань өмчилж авсан байх тул дээрх хуулийн 20 дугаар зүйлд заасныг мөн зөрчсөн гэж үзэж байна. Иймд иргэн Д.Батбаатарт Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9-11 тоот хаягт газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж болон уг газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 929 дүгээр захирамжийн миний эзэмшиж байгаа 149.1 м.кв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгож, М.******* надад уг газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхийг даалгаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ: “...Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Д.Батбаатар нь маргаан бүхий газрыг улсын бүртгэлийн Г-2204022366 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр авсан байх бөгөөд энэ баримт хэрэгт авагджээ. Дээрх хууль бус баримтуудыг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус гэж үзэж байна. Иймд гуравдагч этгээд Д.Батбаатарын нэр дээр Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9-11 тоот хаягт байрлах газрыг улсын бүртгэлийн Г-2204022366 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:“...Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/929 дүгээр захирамжаар иргэн Д.Батбаатарт 398 м.кв газрыг өмчлүүлжээ. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээллийн сан дахь кадастрын зургаас Д.Батбаатарын өмчийн газрын зургийг сансрын зурагтай давхцуулан харахад нэхэмжлэгч М.*******гийн хашааны газартай бүхэлдээ давхацсан байна. Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн амьдарч байгаа хашааны газраа эзэмших болоод өмчлөх хүсэлтийг гаргаж байгаагүй байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийг тухайн маргаан бүхий актаар иргэн Д.Батбаатарт өмчлүүлсэн хашааны газрын түүний хашаалсан хэсгийг эзэмших, өмчлөх эрхтэй гэдгийг тогтоосон тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой” гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн М.*******гийн нэхэмжлэлтэй иргэн Д.Батбаатарт эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа гэх 149.1 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, уг газрыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар гудамж, 9-11 тоотыг 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нотариатаар гарын үсгийн үнэн зөвийг баталгаажуулсан Д.Бямбасүрэн өргөдөлдөө “Өөрийн эзэмшлийн газар, хашаа байшингийн гэрчилгээг авахаар өөрийн нэр дээр материал бүрдүүлж өгснийг өөрийн нөхөр болох Даваажамц овогтой*******ын эр дээр 4 тал хашаа, байшинг шилжүүлж гаргахаар тохиролцов. Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Батбаатарын нэр дээр гаргаж өгнө үү." гэх хүсэлтийн дагуу Д.Батбаатарт 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар дүүргийн 6 дугаар хороо, Улаанхуарангийн 9-11 тоот 406 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/929 дүгээр захирамжаар 398 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. Иргэн Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргасан тул тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч М.******* нь 2015 оны 10 дугаар сард дүүргийн Засаг даргад хандаж өргөдлөө ирүүлсэн байх ба нэхэмжлэлдээ 2002 оноос тус газарт амьдарч байсан гэж дурдсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчиж байна. Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.5.2, 19.1.4, 21.1 заасныг зөрчсөн гэжээ. Тус хуулийн дугаар 5.1.1-т газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах гэж заасан тул нэхэмжлэгч тус заалтыг үндэслэхийн тулд иргэн сайн дурын үндсэн дээр буюу хүсэлтээ гаргасан байх ёстой байна. 8 дугаар хорооны өрхийн бүртгэлээс Улаанхуарангийн 9-11 тоотод оршин суугчдын бүртгэлийг шалгахад Гэндэнжамцын Мөнхсаруул, Мягмарсүрэнгийн ******* гэж 2 өрхийн бүртгэл байх ба М.*******гийн өрхийн дэвтрийг 2015 онд нээсэн байна. Иргэн Д.Батбаатар нь 2013 онд тус тоотоос шилжсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чанцалдиймаа шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 9 дүгээр гудамжны 11 тоотод байрлах, 398 м.кв талбайтай, 18648311809351 тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нийслэлийн Засаг даргын 2013 оны А/929 тоот захирамжаар олгосон 0044277 тоот Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, газрын кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Батбаатар /СФ86060111/-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2204022366 дугаарт бүртгэж 000287519 тоот гэрчилгээ олгогдсон байна. Уг гэр бүлийн хэрэгцээний газрыг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Монголын Санхүүгийн групп” ББСБ-аас 3,000,000 төгрөгийн зээл авч барьцаалсан байна. Дээрх газрын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 13, 14 дүгээр зүйл, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 22 дугаар зүйлүүдийг тус тус баримтлан ажилласан байна. Эрхийн улсын бүртгэлийн Г-2204022366 дугаарын архивын эх нотлох баримт бичгийг хянан үзэхэд эрхийн улсын бүртгэл нь холбогдох хууль дүрэм, журамд заасны дагуу хийгдсэн байна. Нийслэлийн Засаг даргаас дээрх газрыг тухайн иргэнд өмчлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, газар өмчлөх эрхийг давхцуулан бүртгээгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн Г-2204022366 дугаарын бүртгэл, 000287519 тоот гэрчилгээг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна.” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Д.Батбаатар нь Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Улаанхуаран 9-11 тоот хаягт байрлалтай 398 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 52 тоот захирамжаар эзэмшихээр, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/929 тоот захирамжаар өмчлөх эрх нь баталгаажин хууль ёсны өмчлөгч нь болсон. М.******* нь өөрийн оршин сууж байсан гэх тухайн маргаан гаргаад байгаа газартаа оршин сууж байсан гэх албан ёсны бүртгэл, хаяг байхгүй, эзэмшиж, өмчлөх талаар хүсэлт, маргаан гаргаж байгаагүй байх бөгөөд гэнэт 2015 онд өрхийн бүртгэлийн дэвтэр нээлгэж, Д.Батбаатарын өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж байна” гэв.
Гуравдагч этгээд “Монголын санхүүгийн групп” ББСБ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус ББСБ-аас Даваажамцын Болормаа нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12001302 тоот зээлийн гэрээгээр 3,000,000.00 /Гурван сая / төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн барьцааны гэрээнд Даваажамцийн Болормаа нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 9 гудамж 11 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, Хувийн сууцны зориулалттай УБД-Ү2204064008-тай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 18648311809351 нэгж талбарын дугаартай 398 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2204022366-тай газрын хамт өөрийн дүү болох Даваажамцын*******ын 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хууль ёсны итгэмжлэлээр барьцаалсан болно. Тухайн маргаантай газрын захиргааны хэргийн материалын нотлох баримтыг үзэхэд иргэн Д.Батбаатар нь хууль ёсны өмчлөгч гэж үзэн хариуцагч талыг дэмжин оролцож байна” гэв
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 268 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 9-11 тоот хаягт байрлах 398 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлж, өмчлүүлж, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэсэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 52 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 929 дүгээр захирамжуудаар Д.Батбаатарт эзэмшүүлж, өмчлүүлсэн 398 м.кв газраас нэхэмжлэгчтэй давхацсан 149.1 м.кв хэсэг болон Улсын бүртгэлийн Г-2204022366 дугаартай бүртгэлийг тустус хүчингүй болгож, дээрх хаягт байрлах 149.1 м.кв газрыг нэхэмжлэгч М.*******гийннэр дээр эзэмшүүлж, өмчлүүлэх захирамж гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засагдарга болон Нийслэлийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Д.Батбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Иргэн М.*******гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, дүүргийн Засаг даргын 2008 оны 52 дугаар захирамжийн Д.Батбаатарт холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа гэх 149.1 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, уг газрыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 268 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт “.....хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас гуравдагч этгээд Д.Батбаатар газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч М.*******гийн 2002 оноос хойш гэр барин амьдарч байсан газрыг бүхэлд нь давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 27.5-д заасныг .......зөрчсөн байна гэж шүүх үзлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч М.******* нь хэдийгээр амьдарч байгаа газраа эзэмшиж, өмчлөх талаар төрийн захиргааны байгууллагад гаргаж байгаагүй хэдий ч иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу уг газраа эзэмшиж, өмчлөх давуу эрхтэй бөгөөд төрийн захиргааны байгууллагын зүгээс дээрх хуулиуд болон Газрын харилцаа, геодизм зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан журмын 6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна” гэж дурдсан.
Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88.2-д зааснаар нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.7-д “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж зааснаас үзэхэд нэгдүгээрт хууль бус захиргааны акт байх, хоёрдугаарт нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдсөн байхыг ойлгож байна.
Маргаан бүхий актын хувьд Газрын тухай хуулийн 27.5, 31.3 дахь зaалтыг зөрчсөн тул хууль бус захиргааны акт гэж үзсэн гэж ойлгогдож байх боловч нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэдгийг дүгнээгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2002 оноос хойш өдийг хүртэл төрийн өмчийн газрыг зөвшөөрөлгүй эзэмшсэн байхад шүүхээс анзаарч үзсэнгүй.
Анхан шатны шүүх маргаан бүхий актыг Газрын тухай хуулийн 27.5, 31.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь газрын тухай хуулийн 31.3 дахь хэсэг нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-өөс улбаатай, хууль ёсоор газар эзэмшсэн, өөрөөр хэлбэл захирамжаар эзэмшүүлсэн, мэдээллийн санд орсон газарт дахиж давхардуулж газар олгож болохгүй гэсэн санаа билээ. Мөн Газрын тухай хуулийн 27.5 дахь хэсгийг тайлбарласан улсын дээд шүүхийн тайлбар байдаг ба тус тайлбарын дагуу хүний үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх этгээд тухайн шатны Засаг даргатай урьдчилан гэрээ байгуулах тухай заасан байдаг.Нэхэмжлэгчийн хувьд ийм нөхцөл хангагддаггүй бөгөөд хашаа барихын тулд бөглөсөн асуудал л байдаг юм.
Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг үндэслэж давуу эрхтэй гэсэн нь мөн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж бисан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасан ба тус заалтын нөхцөл нь нэгд хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол, хоёрд эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшсэн байх, гуравт хугацааны хувьд 10 буюу түүнээс дээш жил эзэмшсэн байх гэсэн шаардлага тавигдаж байна.
Тус маргааны хувьд хуульд өөрөөр заасан /Газрын тухай хуулиар/ , хууль ёсоор эзэмшээгүй байна. Газрын харилцаатай асуудлыг газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино гэж заасны дагуу Газрын тухай хуулийг хэрэглэх ёстой байтал иргэний хуулийг хэрэглэсэн учир хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасны дагуу газраа эзэмших хүсэлт гаргасан бол Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу төрийн байгууллага, албан тушаалтан харьяаллын дагуу ирсэн өргөдөл гомдлыг заавал хүлээн авч, ямар нэгэн байдлаар шийдвэрлэх байсан. Нэхэмжлэгчийн өргөдлөө гаргаагүй байхад төрийн байгууллагын зүгээс санаачлагаараа газар эзэмшүүлэх асуудал байхгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 268 дугаар шийгвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална”, 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг өмчлүүлэх талаар заасан бөгөөд мөн зүйлийн 5.1.5.2-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтаас үзвэл аливаа иргэн нь хуульд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр гаргахдаа бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй, мөн ямар нэг хэмжээгээр давхцаагүй газрыг эзэмших, өмчлөх талаар хүсэлт гаргах үүрэгтэй бөгөөд харин төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь хүсэлт болон түүнд хавсаргасан баримт бичгийг нягтлан хянаж, бусад этгээдийн эзэмшил, өмчлөлийн бус газрыг эзэмшүүлж, өмчлүүлэх үүрэгтэй.
Анхан шатны шүүхийн “...Баянзүрх дүүргийн Засаг даргаас гуравдагч этгээд Д.Батбаатарт газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч М.*******гийн 2002 оноос хойш гэр барин амьдарч байсан газрыг бүхэлд нь давхцуулан эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн байна...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч М.******* нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 9-11 тоот хаягт байрлах газарт 2002 оноос эхлэн амьдарч эхэлсэн болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай тодорхойлолт[1], тус хорооны Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 26/105 тоот албан бичигт “...тус хорооны Улаанхуаран 9-11 тоотод анх 2003 онд өрхийн бүртгэлийн дэвтэр нээж байсан бөгөөд түр оршин суугчийн бүртгэлтэй байсан...” гэх тодорхойлолт, мөн гэрч Ц.Сансар-Оч, Д.Доржханд нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байхад иргэн Д.Батбаатарт уг газрыг Баянзүрх дүүргийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/929 дүгээр захирамжаар өмчлүүлж тус тус шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд нийцээгүй байна.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасны дээр, иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, нягтлан хянах, газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийн төсөл боловсруулах, баталгаажуулах, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, газрын улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 6.1-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ”, 6.2-д “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ”, 6.2.1-д “Өргөдөлд дурьдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх”, 6.2.2-т “Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах” гэж тус тус заасан байна.
Дээрх хууль, журмын дагуу эрх бүхий этгээдээс иргэн Д.Батбаатарын эзэмшиж, өмчлөхийг хүссэн хүсэлтийг нягтлан хянах буюу газар дээр нь очиж судалгаа хийгээгүй, өргөдөлд дурдсан газрын хил заагийг урьдчилан тогтоогоогүй, тэмдэгжүүлээгүй, бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулаагүй болох нь хариуцагчийн хариу тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдсөн гэдгийг дүгнээгүй ... нэхэмжлэгч нь 2002 оноос хойш өдийг хүртэл төрийн өмчийн газрыг зөвшөөрөлгүй эзэмшсэн байхад шүүх анхаарч үзсэнгүй ... нэхэмжлэгч өргөдөл гаргаагүй байхад төрийн байгууллага газар эзэмшүүлэх асуудал байхгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн, ... хүний үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх этгээд тухайн шатны Засаг даргатай урьдчилан гэрээ байгуулах тухай заасан ... нэхэмжлэгчийн хувьд ийм нөхцөл хангагдаагүй бөгөөд хашаа барихын тулд бөглөсөн асуудал л байдаг...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно”, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж тус тус заажээ.
Хэдийгээр нэхэмжлэгч М.******* Газрын албанд маргаан бүхий газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй ч 2002 оноос эхлэн амьдарч, гуу жалга дагасан газар байсныг тэрээр аав, Д.Оюунчимэг нарын хамт тэгшилж, хүн амьдрах боломжтой болгосон, тэрээр аав ээжийн хамт тусдаа хашаа барин амьдарч байсан болох нь, түүнчлэн гуравдагч этгээд нь одоо амьдарч буй газрыг эзэмших эрх хууль ёсоор хэн нэгэнд үүсээгүй байхад буюу 2007 онд иргэн Д.Оюунчимэгээс худалдаж авах үед нэхэмжлэгчийн амьдарч буй газрыг оролцуулалгүй зарсан, тухайн үед тусдаа хашаатай байсан зэрэг үйл баримтууд нь гэрч Ц.Сансар-Оч, Г.Мөнхсаруул, Д.Оюунчимэг нарын мэдүүлэг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын албан бичиг, нэхэмжлэгч болон бусад хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул түүний амьдарч буй газрыг иргэн Д.Батбаатарт эзэмшүүлсэн, улмаар тус шийдвэрийг үндэслэн маргаан бүхий газрыг түүний нэр дээр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон хариуцагч нарын шийдвэрүүдийн нэхэмжлэгчийн газартай давхцсан хэсэг болон Г-2204022366 дугаар бүртгэлийг тус тус зөвтгөх үндэслэлгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ