Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 241

 

А.Ба-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Г.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал,

Нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаар магадлалтай 201626020016 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Ба-гийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эмэгтэй, 1998 онд Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэн, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 17 хоногийн хорих ялын зарим болох 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 1 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж байсан Бо- овогт А.Ба- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж, бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Ба-г давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ба-гийн цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ба-гийн нэр хөрөнгөөс 2.706.600 төгрөгийг гаргуулж, 225.000 төгрөгийг Б.Гэ-т, 193.600 төгрөгийг П.Ар-т, 170.000 төгрөгийг Л.Бя-т, 231.000 төгрөгийг Б.Ба-д, 216.000 төгрөгийг Б.Ат-д, 270.000 төгрөгийг Г.Эн-т, 198.000 төгрөгийг И.Жа-д, 450.000 төгрөгийг Р.До-д, 273.000 төгрөгийг Б.Га-т, 240.000 төгрөгийг Б.Эн-д, 240.000 төгрөгийг А.Пү-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “Бо- овгийн А.Ба-давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Бо- овгийн А.Ба-хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Бо- овгийн А.Ба-гаас эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ба-1 жил 4 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Ба-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ба-д оногдуулсан 1 жил 4 сар 3 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж, 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар А.Ба-гийн цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэснийг, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Ба-гийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан А.Ба-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч О.Даваажаргалын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Ба- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие надад оногдуулсан биеэр эдлэх хорих ялын үлдсэн хугацааг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг Улсын Дээд шүүхээс хүсэж өргөдөл гаргаж байна. Миний нөхөр 1997 онд 32 насандаа бусдын гарт хэрцгийгээр хөнөөгдөж амь насаа алдсан. Энэ цагаас хойш үр хүүхдээ өсгөх, хадам эцэг, эхээ асрахын төлөө хүний амьдралд тохиолдох саад бэрхшээлийг туулж алдаж, онож явсаар 20 жилийг өнгөрүүлсэн. Уг хэрэг гарснаас 19 жилийн дараа буюу 2016 оны 2 дугаар сард уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг Турк улсаас орж ирсний дараа илрүүлэн баривчилсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ миний хийсэн гэмт хэрэг миний нөхрийн үхэлтэй холбоотой гэж ойлгуулахыг хүсээгүй бөгөөд зөвхөн миний биед ахадсан хүнд ачаа, асар их шаналал зүдгүүрийг харгалзан үзэхийг хүсэж байна. Би 2015 онд автомашины осолд орж хүнд гэмтэл авсан бөгөөд хоригдох хугацаанд гэмтэл маань сэдэрч суумгай болох аюулд ороод байна. Миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ анхнаасаа шударгаар хандан өргөдөл гомдол гаргаагүй хохирогч нараа өөрөө нэрлэн зааж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тус болсон. Одоогийн байдлаар хохирол бүрэн төлөгдсөн, хохирогчид гомдол саналгүй болон давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор “хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэснийг, мөн миний эрүүл мэндийн байдал, нийгэмд учруулсан хор хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзэж биеэр эдлэх ялын үлдсэн хугацааг өөр төрлийн хөнгөн ял шийтгэлээр сольж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.Ба- нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож тогтоогдсон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Ба-г 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан ял оногдуулсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас шийтгэх тогтоол, магадлалыг хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн гэсэн дүгнэлт гаргаж байна ” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байна. А.Ба- нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэг өгөхөөсөө эхлэн өөрийн гэм буруугаа ойлгож, үйлдсэн гэмт хэргээ илрүүлэхэд гар бие оролцож, өөрийн санаачилагаар 2015 онд үйлдсэн гэмт хэргээс өмнөх үйлдлүүдээ өөрөө мэдээлэл өгч илчилсэн байдаг. Энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх заалтад заасан хөнгөрүүлэн үзэх үндэслэл гэж үзэхээр байна. Мөн түүний учруулсан хохирол нь үйлдэл тус бүрд 200.000-400.000 төгрөгийн хооронд байдаг бөгөөд тухайн хохирлоо барагдуулъя гэдгээ илэрхийлж, тухайн хүмүүсийг хайж олох гэх мэт бүхий л боломжит аргыг хийж ирсэн. Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуульд тухай гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн төрөлд багтаж байгаа, түүнчлэн А.Ба-гийн эрүүл мэндийн байдал хүнд байгаа зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.Ба- нь 2010 оны 12 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 11 удаагийн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 2.706.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх А.Ба-г давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Харин 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилж, хорих ялын хэмжээ хөнгөрсөн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх А.Ба-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэн А.Ба-гийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйлд заасан хорих ялын хэмжээний дотор хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Хяналтын шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх эрх хэмжээний хүрээнд, хэргийн бүх ажиллагааг хянаж үзсэнээр, ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчмыг үндэслэн, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж чанар болон  мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргээ өөрөө илчилж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөн шүүгдэгчийн хувийн амьдрал болон эрүүл мэндийн байдал, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан А.Ба-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд ялыг оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд А.Ба-д 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаар магадлалд: “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ба-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ба-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Т.УРАНЦЭЦЭГ

                                      ШҮҮГЧ                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Б.ЦОГТ

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН