Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00827

 

Замын хөдөлгөөнд оролцогчдын

Хүчүгүр нийгэмлэг ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01178 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1210 дугаар магадлалтай,

Замын хөдөлгөөнд оролцогчдын Хүчүгүр нийгэмлэг ТББ-ын нэхэмжлэлтэй,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох

Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайг Хүчүгүр нийгэмлэг ТББ-ын өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Батгэрэл, Д.Шинэхүү, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Замын хөдөлгөөнд оролцогчдын Хүчүгүр нийгэмлэг ТББ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай нийгэмлэг нь Баянгол дүүргийн 2 дугаар хороонд орших 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайд 1996 оны 07 дугаар сард УБТЗ-ын даргын шийдвэрийн дагуу нүүн орсноос хойш өнөөдрийг хүртэл 22 жил болж байгаа билээ. Энэхүү хугацаанд Хүчүгүр ТББ нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсоор эзэмшиж, уг барилгыг засан сайжруулах, арчлан хадгалахтай холбогдсон бүх зардлыг төлж байгаа бөгөөд улмаар хуучин барилга тул урсгал болон их засвар хөрөнгө оруулалтыг тухай бүр хийж ирсэн. Ийнхүү нэхэмжлэгчийг хууль ёсоор эзэмшин үйл ажиллагаа явуулж байх хугацаанд буюу 2003 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын Орон сууц хувьчлах тухай 82 дугаар тогтоол, 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 180 дугаар тогтоолоор ОХУ-ын зээлийн хөрөнгөөр баригдсан, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт ашиглагдаж байсан 920 орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлахаар шийдвэрлэсэн байдаг. Дээрх хувьчлах орон сууцны барилгад Баянгол дүүрэг, 2 хороо, 26 дугаар байр хамаардаг юм. Гэвч тухайн үед Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг холбогдох байгууллагууд зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас өмч хувьчлал бүрэн дуусгавар болж чадаагүй байна. Тухайлбал,  УБТЗ-ын Хэрэг эрхлэх газрын тухайн үеийн орлогч дарга Г.Вандангомбо 2003 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн албан бичигт ...26 дугаар байрны подваль буюу доод хонгил гэх ангилалд хамаарах талбай нь бүхэлдээ уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарах тул Сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэн өгөх үүргийг УБТЗ хүлээж байна гээд ...цаашид түрээсийн гэрээ байгуулж ашиглах асуудлыг төмөр замын байгууллагатай бус СӨХ-той хэлэлцэн шийдвэрлэж болох юм гэсэн нь УБТЗ орон сууцны 26 дугаар байрны доод давхрын эзэмшлээсээ аль 2003 онд татгалзаж, улмаар хувьчлагдах ёстой гэсэн байр суурь, шийдвэрийг гаргасан байдаг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газраас 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн а/840 дугаар албан бичгээр ...26 дугаар байрны доод хонгилын хэсгийг Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар сууц, орон сууцны байшингиин дундын өмчлөлийн эд хөрөнгө биш болохыг тогтоолгож, СӨХ-д шилжүүлэх үндэслэлгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байдаг. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар олон жил хууль ёсоор эзэмшиж байсны хувьд Хүчүгүр ТББ нь давуу эрхээр өмчлөх эрхтэй ба энэхүү эрх нь бусдад худалдах, бэлэглэх, эсхүл хувьчлах зэргээр бусдын өмчлөлд шилжих аль ч нөхцөлд тэгш хэрэгжих ёстой байна. Иймд ОХУ-ын зээлийн хөрөнгөөр баригдсан, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгт ашиглагдаж байсан Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах 26 байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайг хууль ёсны эзэмшигч Хүчүгүр ТББ-ын өмчлөлд шилжүүлэхийг Улаанбаатар Төмөр зам ХНН-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзээд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Хүчүгүр нийгэмлэг Төрийн бус байгууллагын нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн баланст байдаг 26 дугаар байрны хагас хонгилын байрыг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй байгуулсан түрээсийн гэрээгээр ашиглаж байсан. Үүнийгээ нэхэмжлэлдээ дурдаж байна. 26 дугаар байрны орон сууцнууд нь Орон сууц хувьчлах тухай Монгол улсын хууль, 2003 онд батлагдсан Засгийн газрын 82 дугаар тогтоолыг үндэслэн тухайн үеийн эзэмшигчид нь хувьчлагдсан. Орон сууцны 26 дугаар байрны хагас подваль нь анх ашиглалтад орсон цагаасаа тухайн үеийн нэрээр Улаанбаатар төмөр замын Техникумийн үйлдвэр сургалтын газар гэж анх ашиглалтад орсон. Дараа нь Улаанбаатар төмөр замын хэвлэх үйлдвэр, архив, конторын зориулалтаар ашиглагдаж байгаад, 1990-ээд оноос зах зээлд орсноос эхлээд аж, ахуй үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэн ашиглуулж ирсэн. 2000 оноос 2009 оны хооронд энэ хагас давхрын хонгилыг төмөр замын тэтгэвэрт гарсан өндөр настнуудыг дэмжих зорилгоор төмөр зам үнэ төлбөргүй ашиглуулж байсан. Манай өндөр настнууд дунд Хүчүгүр нийгэмлэг Төрийн бус байгууллагын тэргүүн Н.Эрдэмбилэг байдаг. Н.Эрдэмбилэг нь 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03 тоот албан бичгээр тухайн үеийн Улсын Их Хурлын гишүүн асан О.Сүрэн, Улаанбаатар төмөр замын орон сууц хувьчлалын төв комисст бичгээр хандаж бичиж байсан. Засгийн газрын 82 дугаар тогтоолоор Улаанбаатар төмөр замын орон сууцнуудыг үе шаттайгаар хувьчилсан. Үүний нэгдүгээр үе шатанд 1948 оноос 1960 онуудад ашиглалтад орсон байрнуудыг хувьчилсан. Хувьчлалын дүнд 26 дугаар байрнаас 34 дүгээр байрны орон сууц өмчлөгчид нь 9 шар гээд Сууц өмчлөгчдийн холбоо байгуулаад, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас харахад 26 дугаар байрны хонгилын хэсгийг хувьчлах талаар мэдээлэл огт байхгүй. Энэ орон сууцнуудыг нь тухайн эзэмшигчдэд нь хувьчилсан тухай баримтууд л байгаа. Нэгдүгээрт энэ хонгилын хэсэг хувьчлагдаагүй. Энэ хонгилын хэсэг нь Улаанбаатар төмөр замын өмчлөлд хэвээр үлдсэн гэдэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдсон. Тухайлбал энэ хонгилын хэсэг нь Улаанбаатар төмөр замын өмч, хувьчлах болон Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх үндэслэлгүй гэдгийг тухайн үеийн хувьчлалын асуудлыг хариуцаж байсан Барилга хот байгуулалт, Нийтийн аж ахуйн газрын дарга Б.Бямбажав гэдэг хүн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн а/840 дугаартай албан тоотоор Улсын Их Хурлын гишүүн О.Сүрэн болон Хүчүгүр нийгэмлэг Төрийн бус байгууллагын тэргүүн Н.Эрдэмбилэг, мөн иргэн Г.Пүрэв нарт бичиж, хариу өгч байсан. Н.Эрдэнэбилэгийг ахмад төмөр замчны хувьд 2009 оны эхний улирлын түрээсийн төлбөрөөс чөлөөлье гэсэн баримтууд хэрэгт авагдсан байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн А заалтыг үндэслэн замын дарга Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 26 дугаар байрны подвалийг шилжүүлж өгсөн байдаг. 2009 оноос эхлээд түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн боловч энэ хүн өөрөө ашиглахгүй, цааш нь давхар өөр хүмүүст дамжуулан түрээслэх замаар ашиг олж эхэлсэн тул түрээсийн гэрээг цуцалсан. 2017 онд түрээсийн гэрээг цуцалснаас хойш энэ хүмүүс ашиглахгүй байгаа. Орон сууцны 26 дугаар байрны хонгилын давхар Улаанбаатар төмөр замын өмч бөгөөд мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн харьяанд байдаг. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан. Тэгэхээр эд нар 22 жил түрээсээр эзэмшсэнээ зөвшөөрч ярьж байгаа боловч өнөөдөр Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу бид давуу эрхээр өмчлөх эрхтэй гэж яриад байна. 105.1 дэх хэсэгт бол тухайн эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жил хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй гэж заасан. Тэгэхээр түрээсээр 20 гаруй жил ашиглачихаад, өөрийн өмч болгоно гэсэн ойлголт биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01178 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох, Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайг шилжүүлэх тухай нэхэмжлэгч Замын хөдөлгөөнд оролцогчдын Хүчүгүр нийгэмлэг төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Замын хөдөлгөөнд оролцогчдын Хүчүгүр нийгэмлэг төрийн бус байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1210 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянгол дүүргийн 2-р хороо, 26-р байрны хагас нэг давхарын талбай нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, 90 м.кв талбайг Замын хөдөлгөөнд оролцогчдын Хүчүгүр нийгэмлэг төрийн бус байгууллагад түрээсээр эзэмшүүлж байсан болох нь... тогтоогдож байна. гэх дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буй нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч тус талбайг түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан нь төрийн өмчийн хөрөнгийг ардчилсан зарчимд нийцүүлэн хуульд заасан журмаар хувьчлахад тэргүүн ээлжинд өмчлөлдөө шилжүүлэн авах давуу эрхийг үгүйсгэхгүй юм. Мөн давж заалдах шатны шүүх Хариуцагч байгууллага нь дээрх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг биелүүлж хувьчлагдсан орон сууцны байрны жагсаалтыг баталсан байх уг жагсаалтад Баянгол дүүргийн 2-р хороо, 26-р байрны 40 орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчилснаас байрны хагас нэг давхарын талбайг хувьчлах жагсаалтад оруулаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийсэн байна гэж анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөн дүгнэхдээ яагаад зөв гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ магадлалд огт заагаагүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хэргийн 206 дахь талд авагдсан баримтыг иш татсан байдаг. Гэтэл харин ч энэхүү баримт нь буюу Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Орос, Монгол талуудын хамтарсан шийдвэрээр барилгыг бүхэлд хувьчилж шийдвэрлэсэн нь хэргийн 206 дахь талд авагдсан 1-р шатанд хувьчлагдсан байрнуудын жагсаалтын 231 дугаарт 26-р байрны нийт талбайг 2539 м.кв гэж заасан бөгөөд үүний ашигтай талбай буюу орон сууцны зориулалт бүхий талбайг 1665 м.кв гэсэн ба үлдэх 874 м.кв нь сууцны бус зориулалттай шатны хонгил болон подвалийн хагас нэг давхарын талбай хамаарч байгаа болохыг нотолдог юм. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэн, зөв эргэлзээгүй талаас нь бүрэн бодитой, хууль зүйн үндэслэлтэйгээр үнэлж дүгнэж чадаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй байна. Хариуцагч нь анхан шатны шүүхэд энэ нотлох баримттай холбогдуулан маргаагүй, шүүх ч энэ талаар тодруулаагүй хэрнээ хувьчлалд ороогүй байна гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалтай. Text Box: сТүүнлэн магадлалд нэхэмжлэгч маргаан бүхий талбайг өмчлөх талаар гаргасан хүсэлтэд Төрийн өмчийн хороо..., Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын дарга... тус тус хариу хүргүүлж байсан байна гэжээ. Ашиглалтын хугацаа нь дуусч 0 төгрөгийн бодит үнэтэй гэж хувьчлагдсан барилгын подвалийн хэсгийг түүний дээр байрлах орон сууцнаас салгах, тусдаа өндөр үнэлэгдэх боломжгүй ба анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болсон дээрх хариу албан тоот нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ерөнхий хувь нийлүүлэгчдийн 2002 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны протокол, 2002 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны протокол, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууц хувьчлах тухай 82 дугаар тогтоолыг үгүйсгэх, өөрчлөх, давж үйлчлэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт эрх бүхий этгээдийн шийдвэрээр балансаас хасагдсан нь Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын даргын 2003 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар тогтоогдож байгаа ба хэрэв уг барилгын зарим хэсгийг буцаан өөрийн өмчлөлд авах бол мөн нийгэмлэгийн ерөнхий хувь нийлүүлэгчдийн шийдвэр, ЗГ-ын тогтоолоор хийгдэх ёстой. Гэвч буцаан Улаанбаатар төмар зам ХНН-ийн балансад бүртгэх шийдвэр байхгүй юм. Тиймээс хууль зүйн үндэслэлгүйгээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн эрх барих дээд байгууллагын шийдвэрийг Хэрэг эрхлэх газрын дарга, харьяа байгууллага болох Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал гэх этгээдүүд нь зөрчиж, байгууллагын балансад бүртгэлгүй хөрөнгийг сургалтын зориулалтаар ашиглах нэрийн дор зөвхөн өөрсдөдөө ашиг олж буй нь буруу бөгөөд тухайн байгууллагын дээд удирдлагын шийдвэр, Монгол улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байгааг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасантай нийцсэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэл болон гомдлыг бүхэлд нь шийдвэрлээгүй буюу нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж ирсэн талбай хувьчлагдахад тэргүүн ээлжинд өмчлөх давуу эрхийн талаарх нэхэмжлэлийн үндэслэлд огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Иймд дээрх үндэслэл, хэргийн бодит үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үнэн зөвөөр тогтоож, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Хүчүгүр нийгэмлэг ТББ хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайг тус нийгэмлэгийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна, гэж үзээд хариуцагчид холбогдуулан мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх агуулгаар тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Хүчүгүр нийгэмлэг ТББ нь ...26 дугаар байрны хагас нэг давхарын талбайгаас маргааны зүйл болсон 90 м.кв талбайг 22 жилийн туршид эзэмшиж ашиглаж байгаа нь зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон боловч тухайн хөрөнгийг тус нийгэмлэгийн өмчлөлд шилжүүлэх үндэслэл үүсээгүй талаархи шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

26 дугаар байр анх ашиглалтад орсон цагаас хагас нэг давхарын талбай хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан, уг байгууллагын нэгж болох Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй нэхэмжлэгч Хүчүгүр нийгэмлэг ТББ нь 90 м.кв талбайг 2017 он хүртэл түрээсийн гэрээгээр эзэмшснээс үзвэл хариуцагч Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь уг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөгч мөн байна.

Эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигчид уг хөрөнгийн өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрх үүсэх нөхцлийг Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-д, тухайлбал, өмчлөгч эд хөрөнгөө гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд байж болохыг заасан байна.

Харин Орон сууц хувьчлах тухай хуульд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн хүн амьдрах зориулалттай орон сууц, өрөөг хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж амьдарч байсан тухайн иргэн, түүний гэр бүлийн гишүүн хувьчлан авах эрхтэйг заажээ.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууц хувьчлах тухай шийдвэрийг тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага гишүүдийн хурал гаргах бөгөөд ийнхүү хувьчлахдаа энэ хуульд заасан зарчим, журмыг баримтлана гэж заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтыг баримталж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Ерөнхий хувь нийлүүлэгчдийн 2002.07.05-ны өдрийн хуралдааны протокол, мөн нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2002.11.25-ны өдрийн хуралдааны протоколыг үндэслэн Засгийн газраас 2003 оны 82 дугаар тогтоол гарч ОХУ-ын зээлийн хөрөнгөөр баригдсан, тус нийгэмлэгт ашиглагдаж байсан 920 орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлахаар шийдвэрлэсний дотор 26 дугаар байр багтсан байна.

Хариуцагч, хувьчлах жагсаалтад багтсан байруудад амьдарч байсан иргэд, түүний гэр бүлд орон сууцыг хувьчилж өгсөн, энэ хүрээнд 26 дугаар байрны 40 орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчилжээ.

Засгийн газрын 2003 оны 82 дугаар тогтоолд орон сууцыг хувьчлахдаа хүн амьдрах сууцны зориулалттай хэсгээс гадна тухайн байшингийн бусад хэсгийг хувьчлахаар тогтоосон гэж үзэх боломжгүй юм.

Учир нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Ерөнхий хувь нийлүүлэгчдийн 2002.07.05-ны өдрийн хуралдааны протокол, мөн нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2002.11.25-ны өдрийн хуралдааны протокол, Засгийн газрын тогтоол нь Орон сууц хувьчлах хуулийн хүрээнд гарсан бөгөөд хуульд хувьчлах эд хөрөнгийг, -сууц буюу гагцхүү ...орон сууцны байшин дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолбор-ыг гэж, хувьчлан авах эрх бүхий этгээдийг -сууц эзэмшигч буюу нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууцыг эзэмших эрхийн бичиг, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг ойлгоно гэжээ.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Хүчүгүр нийгэмлэг ТББ-ын түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан талбай нь Орон сууц хувьчлах тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор давуу эрхийн хүрээнд хувьчлагдах объектод хамаарах боломжгүй. Иймээс хариуцагчийг Засгийн газрын тогтоолыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, уг талбайг хувьчлаагүй, давуу эрх бүхий этгээдийн өмчлөлд шилжүүлээгүй гэж үзэх боломжгүй болно. Иймээс нэхэмжлэгч хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгахыг шаардах эрх үүсэхгүй. Энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Дээрх байдлаар хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01178 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1210 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Замын хөдөлгөөнд оролцогчдын Хүчүгүр нийгэмлэг ТББ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ