Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 01178

 


 

 

 

 

 

    2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2019/01178

                Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:      ............... ЗХОХН ТББ /РД:......./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ...................,МОХНН УБТЗ холбогдох,

 

Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайг Х ТББ төрийн бус байгууллагын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюумаа, И.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЗХОХН ТББнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Замын хөдөлгөөнд оролцогчдын Х ТББ нийгэмлэг ТББ нь Баянгол дүүргийн 2 дугаар хороонд орших 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайд 1996 оны 07 дугаар сард УБТЗ-ын даргын шийдвэрийн дагуу нүүн орсноос өнөөдрийг хүртэл 22 жил болж байгаа билээ. Энэхүү хугацаанд Х ТББ ТББ нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ" гэж зааснаар хууль ёсоор эзэмшиж, уг барилгын засан сайжруулах, арчлан хадгалахтай холбогдсон бүх зардлыг төлж байгаа бөгөөд улмаар хуучин барилга тул урсгал болон их засвар хөрөнгө оруулалтыг тухай бүр хийж ирсэн. Ийнхүү нэхэмжлэгчийг хууль ёсоор эзэмшин үйл ажиллагаа явуулж байх хугацаанд буюу 2003 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын "Орон сууц хувьчлах тухай" 82 дугаар тогтоол, 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 180 дугаар тогтоолоор ОХУ-ын зээлийн хөрөнгөөр баригдсан, МОХНН УБТЗт ашиглагдаж байсан 920 орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлахаар шийдвэрлэсэн байдаг. Дээрх хувьчлах орон сууцны барилгад Баянгол дүүрэг, 2 хороо, 26-р байр хамаардаг юм. Гэвч тухайн үед Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг холбогдох байгууллагууд зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас өмч хувьчлал бүрэн дуусгавар болж чадаагүй байна. Тухайлбал, УБТЗ-ын Хэрэг эрхлэх газрын тухайн үеийн орлогч дарга Г.Вандангомбо 2003 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн албан бичигт “...26 дугаар байрны подваль буюу “доод хонгил" гэх ангилалд хамаарах талбай нь бүхэлдээ уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарах тул Сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэн өгөх үүргийг УБТЗ хүлээж байна" гээд “...цаашид түрээсийн гэрээ байгуулж ашиглах асуудлыг төмөр замын байгууллагатай бус СӨХ-той хэлэлцэн шийдвэрлэж болох юм" гэсэн нь УБТЗ орон сууцны 26 дугаар байрны доод давхрын эзэмшлээсээ аль 2003 онд татгалзаж, улмаар хувьчлагдах ёстой гэсэн байр суурь, шийдвэрийг гаргасан байдаг. Харин Хүчүгүр ТББ-ын үүсгэн байгуулагч, анхны тэргүүн Э.Эрдэмбилэг уйгагүй хөөцөлдсөний хүчинд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газраас 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн а/840 дугаар албан бичээр “...26 дугаар байрны доод хонгилын хэсгийг Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар сууц, орон сууцны оаишингиин дундын өмчлөлийн эд хөрөнгө биш болохыг тогтоолгож, СӨХ-д шилжүүлэх үндэслэлгүй" гэсэн тайлбарыг ирүүлсэн байдаг юм. БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийн 1дүгээр зүйлийн 1.1, 15 дугаар зүйлийн 15.2-т '‘Хувьчилж байгаа эд хөрөнгийг иргэний түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа иргэд нь хэрэв хүсвэл тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй", Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна" гэж зааснаар олон жил хууль ёсоор эзэмшиж байсны хувьд Х ТББ ТББ нь давуу эрхээр өмчлөх эрхтэй ба энэхүү эрх нь бусдад худалдах, бэлэглэх, эсхүл хувьчлах зэргээр бусдын өмчлөлд шилжих аль ч нөхцөлд тэгш хэрэгжих ёстой байна. Нэгтгэн дүгнэвэл, Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах 26-р байрны хагас нэг давхрын 90 м.кв талбай нь хувьчлагдах нөхцөлийг бүрэн хангасан өрөө, тасалгаа бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн “Орон сууц хувьчлах тухай" 82 дугаар тогтоол хүчин төгөлдөр тул тогтоол хэрэгжих нь зүй ёсны асуудал юм. Иймд ОХУ-ын зээлийн хөрөнгөөр баригдсан, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгт ашиглагдаж байсан Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах 26 байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайг хууль ёсны эзэмшигч Х ТББ ТББ-ын өмчлөлд шилжүүлэхийг Улаанбаатар Төмөр зам ХНН-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзээд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь Улаанбаатар төмөр замын салбар нэгж юм. Энэ талаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай Монгол улсын Олон улсын гэрээний хавсралт болох Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн 3.ж-д төмөр замын боловсон хүчнийг бэлтгэхийн тулд курс, сургууль ба бусад төрлийн сургуулийн газруудыг байгуулах гэж заасны дагуу Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулсан. Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/251 тоот тушаалаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дүрмийг шинэчлэн баталсан. Энэ дүрмийн 1.1 дэх хэсэгт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын нийгэмлэгийн бие даасан баланстай салбар нэгж байна гэж заасан. Нэхэмжлэгч Хүчүгүр нийгэмлэг Төрийн бус байгууллагын нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн баланст байдаг 26 дугаар байрны хагас хонгилын байрыг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй байгуулсан түрээсийн гэрээгээр ашиглаж байсан. Үүнийгээ нэхэмжлэлдээ дурдаж байна. Энэ орон сууцны 26 дугаар байрны хагас 1 давхрын 90 м.кв талбай бүхий 3 өрөөг 22 жил түрээсэлж байна гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсаныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. 26 дугаар байрны орон сууцнууд нь “Орон сууц хувьчлах тухай” Монгол улсын хууль, 2003 онд батлагдсан Засгийн газрын 82 дугаар тогтоолыг үндэслэн тухайн үеийн эзэмшигчид нь хувьчлагдсан. Орон сууцны 26 дугаар байрны хагас подваль нь анх ашиглалтад орсон цагаасаа тухайн үеийн нэрээр Улаанбаатар төмөр замын Техникумийн үйлдвэр сургалтын газар гэж анх ашиглалтад орсон. Дараа нь Улаанбаатар төмөр замын хэвлэх үйлдвэр, архив, конторын зориулалтаар ашиглагдаж байгаад, 1990-ээд оноос зах зээлд орсноос эхлээд аж, ахуй үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэн ашиглуулж ирсэн. 2000 оноос 2009 оны хооронд энэ хагас давхрын хонгилыг төмөр замын тэтгэвэрт гарсан өндөр настнуудыг дэмжих зорилгоор төмөр зам үнэ төлбөргүй ашиглуулж байсан. Манай өндөр настнууд дунд Хүчүгүр нийгэмлэг Төрийн бус байгууллагын тэргүүн н.Эрдэмбилэг байдаг. Энэ талбайг үнэ төлбөргүй ашиглаж байсан. н.Эрдэмбилэг гэж хүн 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03 тоот албан бичгээр тухайн үеийн Улсын Их Хурлын гишүүн асан О.Сүрэн, Улаанбаатар төмөр замын орон сууц хувьчлалын төв комисст бичгээр хандаж бичиж байсан. Энэ баримтыг нэхэмжлэгч хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг. Засгийн газрын 82 дугаар тогтоолоор Улаанбаатар төмөр замын орон сууцнуудыг үе шаттайгаар хувьчилсан. Үүний нэгдүгээр үе шатанд 1948 оноос 1960 онуудад ашиглалтад орсон байрнуудыг хувьчилсан. Сүүлд ирсэн нотлох баримтуудаас үзэхэд нийт 704 байшингийн 2492 орон сууц байгаа. Орон сууц гэдэг нь айл айлаараа тус, тусдаа 1, 2 тоот гэж байгаа. 2492 орон сууцнаас 2466 орон сууцыг 2466 айл өрхөд нь хувьчилж өгсөн. Энэ хагас хонгил нь 26 дугаар байрны хагас хонгил. 26 дугаар байрны 33 айлын орон сууцыг 40 өрхөд хувьчилсан мэдээлэл байна. Энэ хувьчлалын дүнд 26 дугаар байрнаас 34 дүгээр байрны орон сууц өмчлөгчид нь 9 шар гээд Сууц өмчлөгчдийн холбоо байгуулаад, одоо 9 шар гээд Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас харахад 26 дугаар байрны хонгилын хэсгийг хувьчлах талаар мэдээлэл огт байхгүй. Орон сууц гэхээр айл айлаар 1, 2 тоот гэж байгаа. Энэ орон сууцнуудыг нь тухайн эзэмшигчдэд нь хувьчилсан тухай баримтууд л байгаа. Нэгдүгээрт энэ хонгилын хэсэг хувьчлагдаагүй. Энэ хонгилын хэсэг нь Улаанбаатар төмөр замын өмчлөлд хэвээр үлдсэн гэдэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдсон. Тухайлбал энэ хонгилын хэсэг нь Улаанбаатар төмөр замын өмч, хувьчлах болон Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх үндэслэлгүй гэдгийг тухайн үеийн хувьчлалын асуудлыг хариуцаж байсан Барилга хот байгуулалт, Нийтийн аж ахуйн газрын дарга Б.Бямбажав гэдэг хүн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн а/840 дугаартай албан тоотоор Улсын Их Хурлын гишүүн О.Сүрэн болон Хүчүгүр нийгэмлэг Төрийн бус байгууллагын тэргүүн н.Эрдэмбилэг, мөн иргэн Г.Пүрэв нарт бичиж, хариу өгч байсан байна. Энэ бичиг хэрэгт байгаа. Төрийн өмчийг хувьчлах асуудал Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдана. Энэ хуулийн 61 дүгээр зүйлд өмч хувьчлан авсан этгээдэд өмчийг хэрхэн шилжүүлж өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох нөхцөл журмыг гэрээгээр тохиролцон хүлээлгэж өгнө гэх журмыг хуулиар зохицуулсан. Орон сууцнуудыг л эзэмшигчид нь хувьчилж өгсөн. Хуульд заасны дагуу эхний удаад үнэ төлбөргүй хувьчилж өгсөн. Хонгилын хэсгийг хувьчлаагүй, Улаанбаатар төмөр замын өмчид хэвээр үлдээсэн. Хүчүгүр нийгэмлэг Төрийн бус байгууллагын тэргүүн н.Эрдэмбилэг 2003 оноос буюу анх хувьчлал явагдаж эхэлсэн үеэс энэ байрны хонгилын хэсгийг хувьчилж авахаар нилээд хөөцөлдсөн байсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтууд болон албан бичгүүдээс харагдана. Үүний дараа 2009 онд энэ талаар дахин хөндөж, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг хайхрахгүй орхисон байсныг би өөрөө хөөцөлдөж, Улаанбаатар төмөр замын өмчид хэвээр үлдээсэн байсан гэж янз бүрийн байгууллагуудад хандаж, 90 м.кв талбайг давуу эрхийн үндсэн дээр н.Эрдэмбилэг гэж хүний өмчлөлд шилжүүлж өг, эсвэл эзэнгүйдсэн хөрөнгийг олсон гэж үзэн уг талбайн 1/10 хэсгийг түүнд шагнал болгон өгөхийг хүсэх зэрэг янз бүрийн аргаар тэр байрыг өөрийн өмчлөлд авахыг санаархаж байсан. Энэ асуудлыг тухайн үед ингэж шийдвэрлэх боломжгүй. Харин түүнийг ахмад төмөр замчны хувьд 2009 оны эхний улирлын түрээсийн төлбөрөөс чөлөөлье гэсэн баримтууд хэрэгт авагдсан байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а” заалтыг үндэслэн замын дарга Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 26 дугаар байрны подвалийг шилжүүлж өгсөн байдаг. 2009 оноос эхлээд түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн боловч энэ хүн өөрөө ашиглахгүй, цааш нь давхар өөр хүмүүст дамжуулан түрээслэх замаар ашиг олж эхэлсэн. 2015 оноос Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн захирал өөрчлөгдсөн. Ингээд түрээсээр ашигласан боловч энэ хүнийг түрээсийн төлбөрөө өгөхгүй байна гээд түрээсийн төлбөрийг нэхэж эхэлсэн. Түрээсийн төлбөрөө маш хойрго төлж байсан учраас түрээсийн төлбөрөө өгөхгүй байна. Дамжуулан түрээсэлж байна гэдэг үндэслэлээр түрээсийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч одоо хүртэл түрээсэлж байгаа гэж хэлж байна. Одоогоор түрээсэлж байгаа зүйл байхгүй. 2017 онд түрээсийн гэрээг цуцалснаас хойш энэ хүмүүс ашиглахгүй байгаа. Орон сууцны 26 дугаар байрны хонгилын давхар Улаанбаатар төмөр замын өмч. Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн харьяанд байдаг. Баланст бүртгэлтэй байдаг. Монгол улсын Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан. Тэгэхээр эд нар 22 жил түрээсээр эзэмшсэнээ зөвшөөрч ярьж байгаа боловч өнөөдөр Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу бид давуу эрхээр өмчлөх эрхтэй гэж яриад байна. 105.1 дэх хэсэгт бол тухайн эд хөрөнгийг арав буюу түүнээс биш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасан. Тэгэхээр түрээсээр 20 гаруй жил ашиглачхаад, өөрийн өмч болгоно гэж байхгүй. хуулийн заалт энэ шаардлагатай чинь тохирохгүй байна. Нэгэнт Улаанбаатар төмөр зам нийгэмлэгтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа бол миний өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтыг харахад хууль бусаар эзэмшиж, өөрийнхөө эзэмшилд байлгаж байгаа гэсэн нотлох баримт байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч ЗХОХН ТББнь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан МСҮТ-ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” 71 дүгээр тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгож, гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайг Х ТББ нийгэмлэг ТББ-ын өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 2 дугаар хороонд орших 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайг 1996 оны 07 дугаар сараас УБТЗ-ын даргын шийдвэрийн дагуу 22 жил эзэмшиж байгаа тухай дурдаад ...2003 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын "Орон сууц хувьчлах тухай" 82 дугаар тогтоол, 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 180 дугаар тогтоол гарч, ОХУ-ын зээлийн хөрөнгөөр баригдсан, МОХНН УБТЗт ашиглагдаж байсан 920 орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлахаар шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч Засгийн газрын тогтоолыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, уг талбайг хувьчлаагүй, өмчлөлд шилжүүлээгүй” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...УБТЗ-ын Барилгын засвар, үйлдвэрлэл үйлчилгээний нэгдсэн ангийн харьяа орон сууцны 26 байрны орон сууцнууд нь “Орон сууц хувьчлах тухай” МУ-ын хууль, 2003 онд батлагдсан МУ-ын Засгийн Газрын 82 дугаар тогтоолыг үндэслэн тухайн үеийн эзэмшигчиддээ хувьчлагдсан. Орон сууцны 26 байрны энэхүү подвал нь анх ашиглалтад орсон цагаасаа тухайн үеийн нэрээр УБТЗ-ын техникумийн үйлдвэр сургалтын газар, УБТЗ-ын хэвлэх үйлдвэр, архив, конторын зориулалтаар ашиглагдаж байсан. 1990 оноос үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэн ашиглуулж байгаа. Тухайн үед 26 байрны орон сууцнуудыг хувьчлагдахдаа уг подвалын хэсгийг хувьчлаагүй. Манай өмч тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх агуулга бүхий шаардлага гаргасан байна гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны хагас нэг давхрын талбай нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, 90 м.кв талбайг Замын хөдөлгөөнд оролцогчдын Х ТББ нийгэмлэг төрийн бус байгууллагад түрээсээр эзэмшүүлж байсан болох нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2007 оны 11 сарын 28-ны өдрийн үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай тушаал, ажилтан албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл, талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлж байсан талаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэлгэрэнгүй бланс, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 15, 53-58, 106 дугаар тал/

 

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 82 дугаар тогтоолоор ОХУ-ын зээлийн хөрөнгөөр баригдсан, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд ашиглагдаж байгаа 920 орон сууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сууц эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй, үе шаттайгаар хувьчлахаар шийдвэрлэж, хувьчлах ажлыг зохион байгуулахыг Дэд бүтцийн сайд, Төрийн өмчийн хороо, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгахаар шийдвэрлэжээ.

 

Үүний дагуу МОХНН УБТЗорон сууц хувьчлах ажлыг явуулсан байх бөгөөд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 40 орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчилсан ч байрны хагас нэг давхрын талбайг хувьчлаагүй байна. /хх-ийн 206 дугаар тал/

 

Орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлд Сууц эзэмшигч сууц хувьчлахтай холбоотой гомдол гаргах, шийдвэрлэх талаар зохицуулсан. Нэхэмжлэгч маргаан бүхий талбайг өмчлөх талаар гаргасан хүсэлтэд Монгол Улсын Төрийн өмчийн хорооны дарга 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1а/1418 дугаартай албан бичгээр уг талбайг Иргэний хуулийн дагуу түрээслэгчийн давуу эрхээр хувьчлах боломжтой талаар, Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын даргын 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн а/840 дугаар албан бичгээр хувьчлах болон СӨХ-нд шилжүүлэх боломжгүй талаар тус тус хариу өгсөн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчээс Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд өөрийн эзэмшиж буй талбайг худалдах, СӨХ-нд шилжүүлэх талаар хүсэлт гаргасан ч хувьчлах, нийтийн эзэмшилд шилжүүлэхийг зөвшөөрөөгүй байна.

 

Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий талбайг нэхэмжлэгчид хувьчилсан, өмчлүүлсэн гэж үзэх, хариуцагч нь хууль, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч МОХНН УБТЗ-дхолбогдох, Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайг Х ТББ төрийн бус байгууллагын өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэгч Замын хөдөлгөөнд оролцогчдын Х ТББ нийгэмлэг төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэлгүй байх тул хариуцагч МОХНН УБТЗ-дхолбогдох, Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайг Х ТББ төрийн бус байгууллагын өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэгч Замын хөдөлгөөнд оролцогчдын Х ТББ нийгэмлэг төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Замын хөдөлгөөнд оролцогчдын Х ТББ нийгэмлэг төрийн бус байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.АЗБАЯР