Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2300

 

 

 

2017 оны 10 сарын 25 өдөр

            Дугаар 183/ШШ2017/02300

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Булган сум, 5 дугаар баг, Далт оршин суух, Дажуу овогт Д.Х-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, 63 дугаар байр, 4 тоотод оршин суух, Боржигон овогт Г.Э-т холбогдох

Зээлийн гэрээний төлбөрт 2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Этай 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед би хүмүүст хүүтэй мөнгө зээлдэг байсан. Г.Э нь Төрийн банканд харилцааны зээлдэгч хийдэг байсан тул миний хувьд найдвартай зээлдэг байна гэж үзэж, 2 000 000 төгрөг зээлдүүлсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч удаа биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд би хүү, алданги тооцохгүйгээр үндсэн зээл 2 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний дагуу 2 000 000 төгрөг авсан гэдэгтээ маргахгүй. Энэ мөнгийг төлнө гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Г.Эт холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 2 000 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

          Шүүх нэхэмжлэгч Д.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Зохигч 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, сард 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулсан, зээлийн гэрээнд хариуцагч Г.Э гарын үсгээ зурсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Бурмаа нь 2 000 000 төгрөг авсан, үүнийг төлнө маргахгүй, төлөхөд хугацаа шаардлагатай байх тул хугацаа олгож өгөөч гэж тайлбарлаж байна.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж, гэрээ байгуулснаа баталгаажуулан нотариатаар гэрчлүүлсэн, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д хамаарах, зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн хүчин төгөлдөр хэлцэл мөн байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг авсан, төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Эаас зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дуггаар зүйлийн 282.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Эаас 2 000 000 /хоёр сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгосугай.

  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эаас 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ