Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 202

 

МАГАДЛАЛ

 

2018.01.15                                                     Дугаар 202                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Б.Б, Б.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02376 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Б холбогдох,

Ө аймгийн Д сум 3 дугаар баг 34 дүгээр байр, 2 өрөө 8 тоот /Ү-1105002679/ орон сууцны 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 3 өрөө 9 тоот /Ү-1105002678/ орон сууцны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 3 өрөө 13 тоот /Ү-1105002680/ орон сууцны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 2 өрөө 19 тоот /Ү-1105002682/ орон сууцны 2012 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 7 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, 8, 9, 13 ,19 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, хамтран ажиллах гэрээний дагуу илүү авсан 112 545 866 төгрөгийн ашиг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Б-ийн хамт өөрийн эзэмшлийн Ө аймгийн Д сумын 3 дугаар багийн нутагт байрлах эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр иргэн С.Б-тэй хамтран 1235.13 м.кв талбай бүхий 21 айлийн орон сууцны барилгыг барьж ашиглалтанд өгсөн. Уг орон сууцны барилгын  ажлыг дуусгах зорилгоор  21 айлын орон сууцны дутуу баригдсан барилгыг Х х банкинд барьцаалж 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 12/21 тоот 350 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж уг зээлээр барилгын ажлыг дуусгавар болгож барилгыг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Барилга ашиглалтанд орсноор хамтран ажиллагч талуудын хооронд өмчийн маргаан гарсан. Миний хувьд буюу Б.Б, Б.Б /нэгдмэл сонирхолтой болно/ нарын хувьд уг орон сууцны барилгад иргэн С.Б-г хөрөнгө оруулсан гэдэгт маргах зүйлгүй бөгөөд хэдий хэмжээний хөрөнгө оруулсан талаарх санхүүгийн баримтыг гаргаж өгөхийг иргэн С.Б-өөс хүссэн. Хамтран ажиллагч талууд уг барилгад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр үндсэн хөрөнгө оруулалтаа нөхөж авах, ашиг алдагдлыг хувь тэнцүүлэн хариуцах нь гарцаагүй билээ. Гэвч уг орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийсэн гэх С.Б нь хэдий хэмжээний хөрөнгө оруулалтыг уг барилгад оруулсан эсэхээ нотлох баримт, санхүүгийн баримтаар нотлож чадахгүй байгаагаар үл барам орон сууцны барилгаас дур мэдэн бусдад худалдах, борлуулах байдлаар захиран зарцуулж байгаа үйлдэл нь талуудын хооронд өмчийн маргаан бий болгоход хүргэсэн болно. Бидний хооронд үүссэн өмчийн маргаан даамжирч улмаар уг орон сууцны барилгын өртөг зардал, талуудын оруулсан хөрөнгө оруулалтыг тодорхой болгох үүднээс миний зүгээс уг барилгад аудитын шалгалт оруулж дүгнэлт гаргуулсан болно. Аудитын дүгнэлтээр уг орон сууцыг “...1 166 021 680 төгрөгөөр 5 давхар 1235.13 м.кв талбай бүхий 21 айлын нийтийн орон сууц барьж гүйцэтгэсэн, энэ барилгыг иргэн Б.Б нь өөрийн эзэмшлийн газар дээр 77 хувь буюу 896 283 925 төгрөгийн хөрөнгө оруулж ашиглалтанд өгсөн нь үнэн болно” гэх дүгнэлт гарсан байна. Хамтран ажиллаж байх хугацаанд С.Б нь миний өөрийн өмчлөлийн зарах гэж байсан Мерседес Бенз G-350 CDI  маркийн автомашиныг 100 000 ам.долларт бодож, мөн 800 000 иений үнэтэй Тоёота кроун мажеста маркийн автомашинуудыг өөрийн хэрэгцээнд надаас дараа тооцоогоор авсан. Мөн 63 150 ам.долларыг өөрийн эзэмшил, ашиглалтанд байдаг лизингийн экскваторын түрээсийн төлбөрт дараа тооцоогоор төлүүлсэн байдаг. Мөн бидэнтэй зөвшилцөлгүйгээр уг 21 айлын орон сууцны барилгаас 16 тоот 53.5 м.кв орон сууцыг 64 200 000 төгрөгөөр 17 тоот 66 м.кв орон сууцыг 79 200 000 төгрөгөөр, 18 тоот 50.62 м.кв орон сууцыг 42 520 800 төгрөгөөр тус тус худалдан борлуулж, нийт 185 920 800 төгрөгийн борлуулалтын орлогыг өөртөө авсан. Миний хувьд бид хамтран ажиллаж байгаагийн хувьд уг орон сууцны барилгын төсөвт өртгийг гаргах улмаар худалдан борлуулж татварын дараах байдлаар ашиг алдагдлыг хувь тэнцүүлэн хуваарилах гэсэн зарчмын байр суурьтай байсан болно. Гэтэл С.Б нь Б.Б, Б.Б нарын зөвшөөрөлгүйгээр уг сууцны барилгад менежерээр ажиллаж байсан Г.Ц-тай дахин тус бүр 4 орон сууцыг “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулан улмаар уг гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан байна. С.Б-ийн энэхүү үйлдлийг миний зүгээс хууль бус гэж үзэж байна. Учир нь Б.Б, Б.Б нараас иргэн Г.Ц-д уг орон сууцны барилгаас худалдах, захиран зарцуулах, бусдад ямар нэг шилжүүлэх эрх олгогдоогүй байхад Г.Ц-тай гэрээ байгуулан улмаар уг гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт орон сууцнуудыг өөрийн өмч мэтээр бүртгүүлсэн байна.

Иймд иргэн С.Б-ийг үндэслэлгүйгээр хууль бусаар өмчлөх эрхийг олж авсан гэж үзэж байгаа тул дараах хэлцэлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, улмаар улмаар уг орон сууцнуудын өмчлөгчөөр Б.Б, Б.Б нарыг тогтоож өгнө үү. Үүнд, 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 7 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”, түүнийг үндэслэж олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-1105002682 дугаарт бүртгэлтэй орон сууц, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3 дугаар тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ” түүнийг үндэслэж олгосон үл хөдлдөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-1105002679 дугаарт бүртгэлтэй орон сууц, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ” түүнийг үндэслэж олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-1105002678 дугаарт бүртгэлтэй орон сууц, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 16 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ” түүнийг үндэслэж олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-1105002680 дугаар бүртгэлтэй орон сууцнуудын өмчлөгчөөр Б.Б, Б.Б нарыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар ихэсгэжээ. Ө аймгийн Д сумын 3 дугаар багийн нутагт 1235.13 м.кв талбай бүхий 21 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтанд оруулсан тухайгаа дурдсан болно. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл нь уг орон сууцны барилга нь 1 166 021 680 төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь өөрийн эзэмшилийн газар дээр 896 283 925 төгрөгийн хөрөнгө оруулж ашиглалтанд өгснийг “И М х а” ХХК-ийн аудитын болон “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн”-ийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоодсон. Мөн “Ш ш ү х”-ийн шинжээчийн дүгнэлтээр иргэн С.Б нь уг барилгад 269 737 755 төгрөгийн хөрөнгө оруулсан гэжээ. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 21 айлын орон сууцны барилгын төсөл дээр ашиг олох зорилгоор хамтран ажилласан, хамтран ажиллах гэрээний хувьд талууд амаар тохиролцсон бөгөөд хуулинд харшлаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-т “...гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж, 478.11-т “...хамтын ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж, 478.12-т “...гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд хамтран ажиллах гэрээгээр талууд 50, 50 хувиар хураамж төлөхөөр тохиролцсон боловч хариуцагчийн хөрөнгө оруулалт 50 хувьдаа хүрээгүй, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хариуцагч 269 737 755 төгрөгийн хураамж төлсөн бөгөөд энэ нь барилгын нийт өртгийн 18.85 хувь юм. Хариуцагч хамтран ажиллах хугацаандаа уг орон сууцны барилгаас 185 920 800 төгрөгийн борлуулат хийж борлуулалтын орлогыг өөртөө авсан, мөн өөрийн эксковаторын бусдад төлөх түрээсийн төлбөрийг дараа тооцоогоор 63 150 ам.долларыг нэхэмжлэгчээр төлүүлсэн, мөн нэхэмжлэгчээс 800 000 мений үнэ бүхий Тоёота кроун мажеста маркийн автомашиныг Мерседес бенз G350 маркийн автомашиныг 100 000 ам.долларт тооцож тус тус дараа тооцоогоор авсан байдаг. Хариуцагч уг барилгад 269 737 755 төгрөгийн хураамжийг буюу барилгын нийт өртгийн 18,85 хувийн хөрөнгийг оруулсан бөгөөд түүний төлсөн хураамжид 47 950 220 төгрөгийн ашиг ногдох ба уг барилгаас төлсөн хураамж буюу хөрөнгө оруулалт дээр нэмэх нь ашиг гэсэн томъёоллоор нийт 317 687 975 төгрөгийг авах эрхтэй байсан боловч өнөөдрийн байдлаар барилга угсралтын явцад барилгын борлуулалтын орлогоос 185 920 800 төгрөг, мөн нэхэмжлэгчээс дараа тооцоогоор /барилгын өөрт ногдох хэсгээс суутгуулах байдлаар/ 63 150 ам.долларыг  /АНУ-ын долларын тухайн өдрийн ханш 1 395.06 төгрөг/, 800 000 иений үнэ бүхий автомашиныг /Японы иений тухайн үеийн ханш 14,33 төгрөг/, мөн 100 000 ам.долларын үнэ бүхий автомашиныг /АНУ долларын тухайн үеийн ханш 1 447,51 төгрөг/ тус тус авсан нь түүнд ногдох хувиас даруй хэтэрч байгаа болно. Талууд хамтын ажиллагааны үр дүнд бий болсон уг барилгаас, оруулсан хураамжийнхаа хэмжээгээр өөрөөр хэлбэл оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр ашиг, орлогыг хуваарилан авах ёстой байтал хариуцагч илүүг авсан байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хамтран ажиллах гэрээний тал болох С.Б нь хамтран ажиллах хугацаандаа үндэслэлгүйгээр дагуу эрхийг өөртөө бий болгож, хамтран ажиллагааны үр шимээс 112 545 866 төгрөгийг илүү авсан байх тул хариуцагч С.Б-с 112 545 866 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нэхэмжлэлийн шаардлага, тайлбар нэхэмжлэгч Б.Б-тай нэгдмэл тул нэмж хэлэх тайлбар байхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: С.Б би 2013 оноос Ө аймгийн иргэн Б.Б, түүний хүү Б.Б нартай амаар харилцан тохиролцож хөрөнгө оруулан Ө аймгийн төвд 21 айлын орон сууц хамтран барьж оруулсан хөрөнгийн хэмжээгээр Б.Б болон түүний хүү ормогц тэднээс өөрийн оногдох хэсэг болох 000209891, 000209892, 000209893, 000209894, 000209895 дугаартай №8, №9, №12, №13, №19 тоот 5 ширхэг орон сууцны үл хөдлөх гэрчилгээнүүдийг миний нэр дээр гаргаж өгсөн. 2013 оны 12 дугаар сарын сүүлээр 18-21-ний хооронд би дээрх үл хөдлөх гэрчилгээнүүдээ аваад хотод ирсэний дараа орон сууцнуудыг захиран зарцуулах гэтэл 12 тоот 53.5 м.кв хэмжээтэй байрыг А.Б гэдэг хүний нэр дээр миний зөвшөөрөлгүйгээр дахин давхардуулан гэрчилгээ гаргасан байдаг. Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар А.Ц 201416000266 тоот эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Т.Б нарыг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн С.Б-ийн нэр дээр Ө аймгийн Д сумын 3 дугаар баг 34 дүгээр байрны 12 тоот орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1105002681 дугаарт бүртгэн, 000209894 дугаартай гэрчилгээг олгосон боловч уг гэрчилгээг хүчин төгөлдөр байхад 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр уг орон сууцны гэрчилгээг давхардуулан олгосон үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Ч.Э, Т.Б нар нь үйлдсэн хэргээ хүлээсэн ба өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Б.Б мөн байцаалтын явцад энэ талаар тодорхой мэдүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч нар нь Аудитын дүгнэлтээр уг орон сууцыг барихад нийт 1 166 021 680 төгрөгийн 5 давхар 1235 м.кв талбай бүхий 21 айлын нийтийн орон сууц барьж гүйцэтгэснээс Б.Б нь өөрийн эзэмшил газар дээрээ 77 хувь буюу 896 283 925 төгрөгийн хөрөнгө оруулж ашиглалтад өгсөн нь үнэн болно гэсэн дүгнэлт гарсан гэжээ. С.Б нь “Б” ХХК-ийн захирал бөгөөд энэ компанийг үүсгэн байгуулсан хүн нь юм. И м х аудит байгууллага нь дүгнэлт гаргахдаа “Б” ХХК-ийн баримтууд нь тухайн үед тус манай компанийн гүйцэтгэх захирал хийж байсан н.Б-ын нэрээр барилгад бараа материал явуулж байсныг нягталж үзээгүй Б.Б-гийн талд хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан байгааг шүүгч бусад нотлох баримт мэдүүлэгтэй харьцуулан өөрийн итгэл үнэмшилээр дүгнэж үзэхийг хүсэж байна. Мерседес бенз G-350 CDI маркийн автомашин, Тоёота кроун мажеста маркийн автомашинуудыг өөрийн хэрэгцээнд надаас дараа тооцоогоор авсан. Мөн экскаваторын түрээсийн төлбөр төлүүлсэн зэрэг зүйл дурьджээ. Эдгээр нь орон сууцны барилга барьсантай огт холбоогүй юм. Учир нь С.Б би Б.Б-тай хамтран 2012 оноос эхлэн “У г” ХХК-ийн бүх техник хэрэгсэлийг нь би дангаараа гарган хөрс хуулалтын ажил хийж байгаад Б.Б-гийн санал болгосноор олон ашгаараа түүний мэдлийн газар болох Ө аймгийн Д сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 18 дугаар байрны талын газар дээр түүний хүү Б.Б-ийн нэр дээр 21 айлын орон сууцыг мөн хамтран барихаар болсон. Барилгыг эхлүүлэхдээ хөрс хуулалтын ашгаас 200 000 000 төгрөг, мөн орон сууцны захиалга аван захилгын урьдчилгаа төлбөр зэрэг хөрөнгөөр бид хоорондоо амаар тохирон барьж эхлүүлсэн. Орон сууцыг улсын комисс хүлээн автал би бусад зардлыг Улаанбаатар дахь өөрийн компаниас болон орон сууц, автомашинаа барьцаалан зээл авч дуусгасан. Барилгын материал, бетон, бусад бүх ажлын гэрээг зөвхөн би өөрөө бусад аж ахуйн нэгжтэй байгуулж ирсэн. Энэ хугацаанд орон сууцны барилга 70 хувийн гүйцэтгэлтэй явж байхад Б.Б, Б.Б нар нь орон сууц захиалагч иргэдээс ямарч зөвшөөрөл авалгүй. Мөн надад мэдэгдэлгүйгээр барилгыг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Х х б барьцаанд тавьж 350 000 000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг төлөхдөө миний байруудаар төлөх талаар Х х б санал тавьж ирсэн ба би энэ талаар сүүлд мэдээд Б.Б-гаас ямар учиртайг асуухад чи санаа зоволтгүй барьцаанд өөр обьект, газар тавьсан байгаа, чи өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр аваарай би уг асуудлыг мэдэж байна гэж хариу өгсөн. Үүний дагуу миний хувьд өөрийн оруулсан хөрөнгө мөнгөний хэмжээ гээд тэдний нягтлан Г.Ц-тай тооцоо тулган 5 ширхэг байрыг гражийн хамт авахаар Б.Б, Б.Б нартай тохиролцсон. Гэвч бас гараашийг надад өгөхөөргүй болж сүүлдээ гараашгүй байр авахаар болоод түүний хүү Б.Б-ийн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүрдүүлж өгсөн материалын дагуу 000209891, 000209892, 000209893, 000209894, 000209895 дугаартай №8, №9, №12, №13, №19 тоот 5 ширхэг орон сууцны үл хөдлөх гэрчилгээнүүдийг миний нэр дээр гаргаж өгсөн. Тэрнээс Г.Ц бид 2 хуйвилдаад авцан юм байхгүй. Гэрчилгээ гаргуулах бүх материалд Б.Б гарын үсэг зурж явуулдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө аймгийн Д сум 3 дугаар баг 34 дүгээр байр, 2 өрөө 8 тоот /Ү-1105002679/ орон сууцны 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 3 өрөө 9 тоот /Ү-1105002678/ орон сууцны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 3 өрөө 13 тоот /Ү-1105002680/ орон сууцны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 2 өрөө 19 тоот /Ү-1105002682/ орон сууцны 2012 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 7 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ө аймгийн Д сум 3 дугаар баг 34 дүгээр байр, 2 өрөө 8 тоот /Ү-1105002679/ орон сууц, 34 дүгээр байр, 3 өрөө 9 тоот /Ү-1105002678/ орон сууц, 34 дүгээр байр, 3 өрөө 13 тоот /Ү-1105002680/ орон сууц, 34 дүгээр байр, 2 өрөө 19 тоот /Ү-1105002682/ орон сууцнуудын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, хамтран ажиллах гэрээний дагуу илүү авсан ашиг болох 112 545 866 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Б, Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б, Б.Б нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2 229 530 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч бидний зүгээс барилгын хөрөнгө оруулалтад 81,15 хувийн хөрөнгө оруулалтыг хийсэн, хариуцагч С.Б 18,85 хувийн хөрөнгө оруулалтыг хийсэн гэдэг нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. С.Б-н уг барилгад хөрөнгө оруулсан гэдэгт маргахгүй, харин хэдий хэмжээний хөрөнгө оруулсан, түүнд оногдох хэсгийн С.Б өмчлөх эрхтэй үүнийг нэхэмжлэгчийн зүгээс бол хязгаарлаагүй. Гагцхүү өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр оруулсан хөрөнгө оруулалтын ашгийг хүртэх учиртай бидний анхны тохиролцооны зорилго үүн дээр оршиж байгаа юм. Гэтэл хариуцагч тал өөрийн оруулсан 18.85 хувийн хөрөнгө оруулалтад маргаан бүхий 4 орон сууцыг өмчлөх улмаар ашиглах, захиран зарцуулж байгаа үйлдэл нь хууль бус гэж ойлгож байгаа. Тиймээс бидний зүгээс нэхэмжлэл гаргаж маргаанаа шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлүүлэхээр шүүх хандсан. Аудитын дүгнэлт; Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулсан шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртэл дээрхи дүгнэлтүүдийг хуульд заасан шалгуураар ач холбогдол өгч үнэлээгүй.

Маргаан бүхий 4 орон сууцын гэрээ талуудын хооронд байгуулагдсан "Орон сууц захиалан бариулах гэрээ" Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар "хүчич төгөлдөр бус хэлцэл мөн боловч орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байна учир нь талууд хэд хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн, орон сууц худалдан борлуулсан борлуулалтын татварын тайлан шүүхэд ирүүлээгүй байхад хэлцлийн үр дагаврыг шүүх шийдвэрлэх боломжгүй" гэж үзэж байгаа нь шүүх хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж гаргаж өгсөн нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг хянан үзэж, маргаан бүхий 4 орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Б.Б, Б.Б нарыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б, Б.Б нар хариуцагч С.Б-д холбогдуулан Ө аймгийн Д сум 3 дугаар баг 34 дүгээр байр, 2 өрөө 8 тоот /Ү-1105002679/ орон сууцны 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 3 өрөө 9 тоот /Ү-1105002678/ орон сууцны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 3 өрөө 13 тоот /Ү-1105002680/ орон сууцны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 2 өрөө 19 тоот /Ү-1105002682/ орон сууцны 2012 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 7 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, эдгээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хамтран ажиллах гэрээний дагуу илүү авсан 112 545 866 төгрөгийн ашгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх тул хамтран ажиллах гэрээний үүрэг буюу орон сууцны барилга барьж олсон ашгийг талууд тэнцүү хэмжээгээр хуваарилах үүрэг үүснэ.

Дээрх гэрээний дагуу Ө аймгийн Д сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 1235,13 м.кв  талбай бүхий, 21 айлын орон сууцыг Б.Б-гийн эзэмшил газар дээр барьж, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтад оруулсан, энэ байрнаас хариуцагч нь 8, 9, 13, 19 тоот 4 орон сууцыг “Б” иргэнтэй /Г.Ц-тай/ байгуулсан “Орон сууц захиалан бариулах” гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон. /хх 52-75/

Хамтран ажиллах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул үйл ажиллагаа явуулж олсон ашгийг гэрээгээр тохиролцсон хувь хэмжээгээр тооцон хэн аль нь шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтад үндэслэгдсэн байна. Учир нь нэхэмжлэлд заасан 3, 7, 15, 16 тоот гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн хуулийн 58 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал баримтаар нотолж чадаагүй болно.

Хариуцагч С.Б-тэй байгуулсан гэрээнд нягтлан Г.Ц гарын үсэг зурсан байх ба тэрээр гэрээнд гарын үсэг зурах болсон шалтгаанаа “...“Г г” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхад Б.Б захирлын том хүү Б.Б-ийн нэрээр 21 айлын орон сууц баригдсан, бүртгэлийн хэлтсээс захиалагч нарын нэрсийн жагсаалтыг шаардсан, Б.Б-ийн гарын үсэг зурагдах ёстой байсан боловч Б.Б нь У х Т И с сурч байсан учир захирал Б.Б-гийн хэлснээр би гарын үсэг зурж материалыг бүртгэлийн хэлтэст өгсөн...” гэжээ.                             /хх 55-79/

Г.Ц-ын дээрх тайлбарыг нэхэмжлэгч нар үгүйсгээгүй байна. Дээрх орон сууцуудыг хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагчид өгөхөөр тохиролцсон талаарх нэхэмжлэгч Б.Б-гийн удаа дараа тайлбарлаж байсан баримт хэргийн 29, 30, 123, 129 талд авагдсан бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь энэ тохиролцоог няцааж үгүйсгэсэн тайлбар гаргаагүй тул хариуцагч нь Г.Ц-тай хуйвалдан, гэрээ байгуулах замаар 8, 9, 13, 19 тоот орон сууцыг өмчлөлдөө авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн хамтран ажиллах гэрээний дагуу авах ашгаас 112 545 866 төгрөгийг хариуцагч илүү авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 574 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                          М.НАРАНЦЭЦЭГ