Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 337

 

О.Ц-т холбогдох эрүүгийн

                                                                          хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч О.Ц-,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 384 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр О.Ц-т холбогдох эрүүгийн 1802004750327 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржгон овгийн О.Ц-, 1994 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            О.Ц- нь өөрийн түр оршин суух Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны 35 тоот гэртээ болон өөрийн биедээ 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0,7 гр жинтэй “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: О.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. “Зулзага”, “Анхбаяр” гэгч этгээдүүдийн үйлдэл оролцоог бүрэн гүйцэд шалгах, шүүгдэгч О.Ц-тэй холбогддог байсан үүрэн телефоны утаснуудын /99185331, 98822202, 96935252, 88737760 гэх мэт/ эзэмшигчийн талаарх лавлагаа авах шаардлагатай. Тухайлбал Нийслэлийн прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 125 дугаартай “Хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар буцаах тухай” тогтоолд заасан даалгаврыг мөрдөгч огт биелүүлэлгүйгээр хэргийг дахин прокурорт хүргүүлсэн байна.

2. Шүүгдэгч О.Ц-ийн хувийн байдлыг тодорхой болгох, яагаад ерөнхий боловсролын сургууль төгсөх үедээ “Эрдэнэбаатарын Ц-” гэсэн нэрээр суурь боловсролын гэрчилгээтэй болсон, мөн түүний бага насны хүүхдүүдийн асрамжийн асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд О.Ц-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Мөнгөнсүх бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. “Анхбаяр” гэгчийг энэ хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, бэлтгэсэн, бусдад өгсөн, борлуулсан үйлдэл тогтогдоогүй ба зөвхөн О.Ц-ийн өгсөн “Мөс” гэх бодисыг хэрэглэсэн байдаг. Уг үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн. О.Ц- нь “Зулзага” гэх хүнд “мөс” гэх бодисыг худалдах гэж яваад баригдсан байдаг. Тухайн хүнд худалдсан зүйл байхгүй. Иймээс “Зулзага” гэх хүний санаа зорилгыг тогтоох боломжгүй байсан. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж, нотлох баримтад бус хийсвэрээр “шүүгдэгч О.Ц-тэй утсаар холбогдож байсан /99185331, 98822202, 96935252, 88737760/ дугаарын этгээдүүд түүнээс мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисыг авсан байна, ял завшуулж байна” гэсэн дүгнэлт хийж хэргийг буцаасан нь үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Ц- нь дээрх утасны дугааруудын эзэмшигч нартай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдсан болох нь тогтоогдоогүй. Зөвхөн “мөс байна уу, байхгүй, хүнээс асууя” гэх зэргээр холбогдсон асуудал байдаг. Түүнчлэн О.Ц- нь Эрдэнэбаатарын Ц- гэдэг нэртэй байж байгаад Одгаригийн Ц- болгож өөрчилсөн талаарх баримт хэрэгт цугларсан. Өөрөөр хэлбэл Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас сүүлийн байдлаар лавлагаа авсан байгаа. Түүний насанд хүрээгүй 2 хүүхдийн асран хамгаалагчийн хувьд уг асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг товлон явуулалгүйгээр гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан, мөн шүүгчийн захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 12 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч О.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэх тайлбар байхгүй. “Мөс” гэх бодисыг найз Анхбаяраас авсан...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн материалыг судлахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Ц- нь “...найз Анхбаяраас “мөс” гэх бодисыг авч хамтдаа хэрэглэсэн. Бусдаас зээлсэн өрөө төлөхийн тулд уг бодисоос өөрийн танил “Зулзага” гэх хүнд 200.000 төгрөгөөр худалдахаар болж ээжийнхээ данс руу мөнгийг шилжүүлсэн...” хэмээн мэдүүлсэн байх бөгөөд тэрээр анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд мөн адил утга бүхий мэдүүлгийг өгчээ.

Прокуророос О.Ц-ийн өгсөн мэдүүлгийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 125 дугаартай тогтоолоор хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаанд буцаасан боловч уг тогтоолд заасан “Анхбаяр”, “Зулзага” гэгч этгээдүүдийн үйлдэл оролцоог шалгаж тогтоох тухай заалтууд биелэгдээгүйн гадна, О.Ц-ийн хувийн байдалтай холбоотой баримт, мэдээллийг бүрэн гүйцэд шалгаагүй, түүнтэй холбогддог байсан зарим үүрэн телефоны дугаарын эзэмшигчийг олж тогтоогоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгээгүй, орхигдуулсан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Үүнээс гадна, О.Ц- болон түүний эх У.Батцэцэг нарын эзэмшдэг харилцах дансны мөнгөн гүйлгээний хуулгыг холбогдох банкнаас гаргуулж, хэрэгт ач холбогдол бүхий шүүгдэгчийн мэдүүлэгт дурьдсан бусад ажиллагааг хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамж, магадлалд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг давхар баримталсан нь төдийлөн зохимжгүй байна.

Учир нь хэргийг прокурорт буцаах дээрх заалтууд нь нэг ойлголт мэт боловч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, цаг хугацаа, хянан шийдвэрлэх журмын хувьд тус тусдаа хуулийн зохицуулалт болохыг цаашид анхаарвал зохино.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 384 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.ОЮУНЧУЛУУН

                       ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН