Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 252

 

 

 

 

 

 

 

 

 

С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Отгонсүрэн,

орчуулагч Г.Мэндхүү,

шүүгдэгч С,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр, Э.Шинэцэцэг, Г.Бямбажаргал,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1753 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С-гийн өмгөөлөгч А.Энхбуйр, Э.Шинэцэцэг, хохирогч Х.Бум-Эрдэнийн өмгөөлөгч Г.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С-д холбогдох 201301000141 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1970 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах орны Жирмийн аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот, Баянгол дүүргийн Анвей тойргийн 3 дугаар байрны 106 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, С, /паспортын дугаар: ЕО5620947/;

 

Шүүгдэгч С нь:

2011 онд иргэн Х.Бум-Эрдэнэд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 5 ширхэг “Норд бенз” загварын автомашин оруулан ирж хамтран ажиллана, урьдчилгаа мөнгө хэрэгтэй” гэж 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Шинэ төгрөг” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 150.000 юань буюу 32.460.000 төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь өөрийн дансанд шилжүүлэн авсан, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод 6.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 38.460.000 төгрөгийг итгэл эвдэх замаар залилан авсан,

2014 оны 10 дугаар сард “Чингис” зочид буудлын гадаа Д.Мартаас “Амгалан дахь дулааны станцад ажил олж өгье, урьдчилгаанд мөнгө тушаах хэрэгтэй байна” гэж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан авсан,

2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэн А.Цэвээнжаваас “Амгалан дулааны цахилгаан станцын сантехникийн ажил хийлгэнэ” гэж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан авсан,

2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц.Өлзийбат /Wulijibatu/-аас “Амгалан цахилгаан станцын сантехникийн угсралтын ажилд хамтран хөрөнгө оруулалт хийнэ” гэж 5040 ам.доллар буюу 9.989.734 төгрөгийг залилан авсан,

2015 оны 3 дугаар сард “Чингис” зочид буудлын гадаа иргэн Ц.Амармэндээс “Баянзүрх дүүрэгт баригдаж буй Амгалангийн дулааны цахилгаан станцад сантехник угсралтын ажил авч өгнө, батлан даалтын мөнгө өг” гэж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан авсан,

2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрийн зүүн талын автомашины зогсоол дээр Ж.Жамбалаас “Амгалан дахь цахилгаан станцын дулааны шугам сүлжээ, сантехникийг засаж шугам тавина, хамтран ажиллана” гэж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан авсан,

2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Амгалан дулааны цахилгаан станцын гадаа иргэн М.Мөнхнарангаас “Амгалангийн цахилгаан станц дахь барилгад будгийн ажил хийхэд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа 25.000.000 төгрөг болгож өгнө” гэж хуурч 20.000.000 төгрөгийг залилан авсан,

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Чингис” зочид буудлын гадаа иргэн О.Батжаргалаас “Амгалан дахь цахилгаан станцад 160.000.000 төгрөгийн будгийн ажил олж өгнө” гэж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан авсан,

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны салбарт иргэн М.Наранмандахаас “Амгалан дахь цахилгаан станцад будгийн ажил хийгээд 60.000.000 төгрөг болгож өгнө” гэж итгүүлэн 20.000.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 138.449.734 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

мөн 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: С /Siriguleng/-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С-д Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож,

С-д Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчилж, С-г бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар С-г 4 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С-ийн цагдан хоригдсон 550 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн СD-R52Х 2 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт хадгалж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 12.000 юань, 740.000 төгрөг, Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 6.460.000 төгрөгийг хохирогч нарын хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С-гээс нийт 43.947.734 төгрөгийг гаргуулж, үүнээс 20.000.000 төгрөгийг М.Наранмандахад, 9.000.000 төгрөгийг Ж.Жамбалд, 4.000.000 төгрөгийг Ц.Амармэндэд, 4.487.734 төгрөгийг Ц.Өлзийбатад, 6.460.000 төгрөгийг Х.Бум-Эрдэнэд тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогч Х.Бум-Эрдэнийн өмгөөлөгч Г.Нацагдорж тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1753 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Бум-Эрдэнэ нь С руу 150.000 юань шилжүүлсэн ба уг мөнгийг аваагүй байхад энэ талаар шийдвэрлээгүй. Хохирол төлөгдөөгүй, ял шийтгэл хөнгөдсөн байна. Шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. ...” гэжээ.

 

Шүүгдэгч С-гийн өмгөөлөгч А.Энхбуйр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...БНХАУ-ын иргэн Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ял шийтгэл хүндэрсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлаагүй хэмээн давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.С нь дээрх хэрэгтээ хоёр удаа шүүхээр орж, хоёр удаа торгуулийн ял авч байсан бөгөөд Нийслэлийн шүүхээс хоёр удаа буцсан. Тэрээр өөрийн танил, найз нөхдөөсөө нийтдээ 138.000.000 гаруй төгрөгийг залилан авч, хохирол учруулсан гэдэг боловч хөрөнгө оруулалт хийх явцдаа хамтран ажиллаж байсан хүмүүстээ мөнгөө өгч алдсан бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэрэг шалгах явцад хохирлоо төлж барагдуулсан. Үүнээс нэр бүхий 4 хүнд 30.000.000 орчим төгрөгийн хохирол төлж барагдуулахаар гэрээ, хэлцэл байгуулж, тэдгээр хүмүүс хохирлоо төлсөн, гомдолгүй гэж гарын үсгээ зурж, баталгаажуулснаар хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд баригдаж дуусч байгаа, түүний хөрөнгө оруулсан гэх 12 давхар орон сууцны барилгаас буюу түүнийг зарж борлуулах, барьцаа болгон төлөх баталгаа гаргаж өгснийг үндэслэн хохирогч нар хохирлоо төлсөн гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.С нь дээрх барилгад иргэн Т.Отгонсүрэнгийн нэр дээр 5.000.000 юань буюу монгол төгрөгийн одоогийн ханшаар (2 тэрбум шахам төгрөг) хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд дээрх барилгыг 40:60 харьцаатай хувь эзэмшиж, ашиг хүртэхээр 2 тал гэрээ байгуулсан. Харин тухайн үед Б.С нь энэхүү баримтыг гаргаж өгч чадаагүй, иргэн Т.Отгонсүрэнтэй хохирогч нар гэрээ байгуулж, гарын үсэг зурсан бөгөөд дээрх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд дээрх хоёр иргэний хооронд хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээгээр хэн нь ч төлөөлөн хөрөнгө, баталгаа гаргах эрхтэй. Үүнийг ч хохирогч нар хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй, хохирлоо төлсөн гэж үзсэн бөгөөд өмнөх хоёр удаагийн шүүх хуралдаанд анхан шатны шүүх ч дээрх байдлыг үнэлэн үзсэн болно. Шүүгдэгч Б.Сд ял шийтгэл оногдуулахдаа түүний нийгэмд учруулсан хор аюул, хохирол төлсөн болон хувийн зан байдал, хохирогч нарын гомдолгүй гэсэн хүсэлт болон хохирол төлөх талаар гаргасан баталгаа, хийгдсэн гэрээ хэлцэл зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй хорих ялыг биечлэн эдлүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын эрх зүй, эрүүгийн хуулийн хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ... гэв.

 

Шүүгдэгч С-гийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасны дагуу тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч С-гийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэх, хэргийн зүйлчлэлтэй холбоотой шүүхээс хийсэн дүгнэлт, шийдвэрлэсэн байдалтай холбоотойгоор ямар нэгэн гомдол, санал өмгөөлөгчийн хувьд байхгүй бөгөөд гагцхүү гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн өөрчилж, өөр төрлийн ялаар солих боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ" гэж заасан байдаг. С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлсөн бөгөөд нийтдээ 83.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Түүнчлэн хохирогч Н.Нармандах, Ж.Жамбал, Ц.Амармэнд, Ц.Өлзийбат Х.Бум-Эрдэнэ нарын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт 7 дугаар хавтаст хэргийн 183 дугаар талд авагдсан. Гэтэл анхан шатны шүүхийн тогтоолд “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг шүүхээс ял оногдуулахдаа харгалзан үзсэн” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуульд заасан агуулгаас үзэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх, хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой талаар тусгасан. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нөхцөлийн нэг нь гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал байдаг. Тэрээр зарим хохирогч нарт хохирлыг бүрэн нөхөн төлсөн, мөн хохирлыг нөхөн төлөх талаараа илэрхийлсэн нотлох баримт хэргээс харагдана. Ял шалгах хуудсаар С нь урьд ямар нэг хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Иймд дээрх бүхий л нөхцөл байдлууд болон С-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасны дагуу тогтоолд өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч С-гийн өмгөөлөгч Г.Бямбажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С-д хорихоос өөр төрлийн ял оногдуулснаар хохирогч нарын хохирол, төлбөрийг хөрөнгө оруулалтын гэрээний дагуу, баригдаад улсын комисс хүлээн авахад бэлэн болсон байгаа байрыг худалдан борлуулах замаар төлж барагдуулна. Хэрвээ үйлчлүүлэгч маань хоригдоод ял авчих юм бол хохирогч нарын төлбөрийг барагдуулахад хүндрэл үүснэ. Эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулахад оршдог болохоос биш заавал шүүгдэгчид хорих ял биечлэн эдлүүлэхэд оршдоггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх боломжтой байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй. ...Миний үйлчлүүлэгч цагдан хоригдож байгаа учраас хохирол төлбөр нөхөн төлөх боломж нь бүрдэхгүй байсан. Хэрвээ хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцаасан тохиолдолд давж заалдах шатны шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Шийтгэх тогтоол гарах үед С-гийн цагдан хоригдсон хоног 18 сараас хэтэрсэн байсан. ...” гэв.   

 

Прокурор Ч.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт прокуророос 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх гурван удаа хэргийг хянан хэлэлцээд, хоёр удаа шүүгдэгчид торгох ял оногдуулсан. Эдгээр тогтоолуудад хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын болон прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хоёр удаа, хяналтын шатны шүүх хоёр удаа хэлэлцээд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. С-гийн хувьд барилгад хөрөнгө оруулалт хийсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогч нартай гэрээ хийсэн гэж хэлдэг. Анх энэ хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж байхад 2017 оны 10 дугаар сард энэ барилга ашиглалтад орно гээд гэрээ байгуулаад ирсэн. Шүүх хоёр жилийн хугацаанд энэ нөхцөл боломжоор нь хангаж, торгох ял оногдуулаад хохирол төлбөр төлөх боломжийг олгосон. Үнэхээр хохирогч нарын хохирлыг төлөх хүсэлтэй байгаа бол барилгад оруулсан 100.000.000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын мөнгөө хохирогч нарт төлөхгүй яасан юм бэ. ...Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч нарыг заавал оролцуулах хүсэлтийг гаргаж, шүүх хуралдааны товыг бүгдэд нь мэдэгдэж, шүүх хуралдаанд танилцуулсан. 150.000 юань шилжүүлсэн нь тухайн үеийн ханшаар 32.460.000 төгрөг болсон. Мөрдөн байцаалтын явцад С 32.000.000 төгрөгийг Х.Бум-Эрдэнэ болон түүний эгчид шилжүүлэн өгсөн. Сүүлд 6.000.000 төгрөгийг Эрээн хотод байхад авсан бөгөөд тэр мөнгийг төлөөгүй учраас хохирол 6.460.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Өмгөөлөгч Г.Нацагдоржийн тухайд өөрөө шүүх хуралдаанд ирдэггүй, оролцдоггүй нөхцөл байдал байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны байх бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч С нь 2011 оноос 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 9 удаагийн үйлдлээр “...5 ширхэг “Норд бенз” загварын автомашин оруулан ирж хамтран ажиллана, урьдчилгаа мөнгө хэрэгтэй...”, “...Амгалан дахь дулааны станцад ажил олж өгнө, урьдчилгаанд мөнгө тушаах хэрэгтэй...” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 138.449.734 төгрөгийг залилан авсан болох нь:

 

Хохирогч Х.Бум-Эрдэнийн “...2011 оны намар ирэхдээ Эрээн, Улаанбаатарын хооронд карго ажиллуулъя, их ашигтай, Норд бенз автомашин худалдаж авъя гэж хэлсэн. ...2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “он гарангуут машины татвар нэмэгдэх гээд байна, эхний ээлжинд 150.000 юань шилжүүлээч” гээд би 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ханшаар тооцоод 32.984.000 төгрөгийг “Шинэ төгрөг” ББСБ-аар дамжуулан Сгийн 6228480870237123217 тоот данс руу шилжүүлсэн. ...2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 6.000.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг /1хх 14-16/,

хохирогч Х.Номинцэцэгийн “...Сд 150.000 юань шилжүүлсэн. 2000 юанийг би Сгээс зээлсэн мөнгөө нэмж 152.000 юань болгож шилжүүлсэн. ...Би 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бэлэн 28.000.000 төгрөг, 3000 доллар солиулж өгсөн. Би тухайн үедээ бодож үзэхэд 32.140.000 төгрөг болж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 18-20/,

хохирогч М.Мөнхнарангийн “...Тухайн үед С “Ланд-200” загварын автомашинтай явж байсан ба машиндаа намайг дагуулж ороод би мөнгөө тоолж 20.000.000 төгрөг болгож өгөөд мөнгө авсан гэх баримт бичүүлж авсан. ...” гэх мэдүүлэг /3хх 139-140/,

хохирогч О.Батжаргалын “...2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Стэй Чингис зочид буудлын үүдэнд уулзаад 8.900.000 төгрөг өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1.800.000 төгрөг өгсөн. Тэр үед 38 хүний иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зургийн хамт өгсөн. ...”  гэх мэдүүлэг /3хх 143-144/,

хохирогч Wulijibatu /Ц.Өлзийбат/-ын “...Би 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүнээс 10 хувийн хүүтэй 10.000.000 төгрөг зээлээд Сд өгсөн. ...” гэх мэдүүлэг /3хх 146-147/,

хохирогч Ц.Амармэндийн “...Би Сд 10.000.000 төгрөгийг ажилтнуудынхаа зургийн хамт өгсөн. Тухайн үед надад 4.000.000 төгрөг байсан бөгөөд хүнээс 6.000.000 төгрөгийг хүүтэй зээлж авсан. ...” гэх мэдүүлэг /3хх 163-164/,

хохирогч М.Наранмандахын “...Би 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбар дээрээс 13.000.000 төгрөг аваад бэлнээр 7.000.000 төгрөг нэмээд 20.000.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг /3хх 166-167/,

хохирогч А.Цэвээнжавын “...С 2015 оны 3 дугаар сарын эхээр Амгалангийн дулааны цахилгаан станц дээр хамтарч ажиллая гээд урьдчилгаа 10.000.000 төгрөгийг авсан. ...” гэх мэдүүлэг /4хх 1/,

хохирогч Ж.Жамбалын “...Би 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн зүүн талын зогсоол дээр С гэх хүнд хамтран ажиллах гэж бэлнээр 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай өгсөн. ...” гэх мэдүүлэг /5хх 170/,

хохирогч Д.Мартын “...Манай нөхөр “Чи Сд 10.000.000 төгрөг аваачаад өгчих” гэхээр нь би дүү Баянбулганы хамт Чингис зочид буудлын үүдэнд очоод Сгийн унаж ирсэн саарал өнгийн автомашин дотор мөнгөө тоолж өгсөн. ...” гэх мэдүүлэг /5хх 220-221/,

гэрч Ш.Бат-Эрдэнэ /2хх 121/, Б.Энхбаяр /4хх 15/, Б.Эрдэнэбүрэн /4хх 16/, Э.Хатансэлэнгэ /3хх 250/, Б.Батсүрэн /3хх 248/, П.Хорлоо /5хх 208/, Г.Баянбулган /5хх 229/, Xi Baisu /Ши Бай Суй/ /5хх 223/, Б.Баттөмөр /3хх 243/, /5хх 231/, Niu Yaping /3хх 245/, Dong Lili /3хх 247/, Ч.Цогтсайхан /5хх 230/, Т.Отгонсүрэн /3хх 249/ нарын мэдүүлэг,

С-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх 33-34/, 5хх 206/, /6хх 4/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /3хх 189-190/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх 68/,   

 

хохирогч М.Мөнхнарангаас 20.000.000 төгрөг /4хх 47/, О.Батжаргал, И.Отгондорж нараас 10.000.000 төгрөг /3хх 121/, Wulijibatu /Ц.Өлзийбат/-аас 5040 ам.доллар /3хх 153/, А.Цэвээнжаваас 10.000.000 төгрөг /3хх 157/, Ж.Жамбалаас 10.000.000 төгрөг /5хх 166/ авсан баримт,

эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 233-234, 237-239/,

хохирлын тооцоо /4хх 99/, эд зүйл хураан авах тогтоол /3хх 240/, ХААН банкны орлогын мэдүүлэг /4хх 189, 190/, зарлагын мэдүүлэг /1хх 8/, депозит дансны хуулга /1хх 24/, “Шинэ төгрөг” ББСБ-ын дансны хуулга /1хх 8/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч С-г залилах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С-г 2011 оноос 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нэр бүхий 9 иргэний итгэлийг эвдэх, хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан авч, 138.449.734 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн Сгийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн /оногдуулах ял хөнгөрсөн/ 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Х.Бум-Эрдэнийн өмгөөлөгч Г.Нацагдорж “...хохирол төлөгдөөгүй, ял хөнгөдсөн, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй. ...” гэсэн, шүүгдэгч С-гийн өмгөөлөгч А.Энхбуйр, Э.Шинэцэцэг нар “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ. 

 

Хохирогч Х.Бум-Эрдэнийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гомдлын тухайд, шүүгдэгч С-д холбогдох хэргийг өмнө нь анхан шатны шүүхээр хоёр удаа, давж заалдах шатны шүүхээр хоёр удаа, хяналтын шатны шүүхээр хоёр удаа тус тус хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан ба анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр С-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэхдээ хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгчид хуралдааны тов мэдэгдээгүй байх бөгөөд хохирогч Х.Бум-Эрдэнэд учирсан 38.460.000 төгрөгийн хохирлоос 32.000.000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр түүний эгч Х.Номинцэцэгт хүлээлгэн өгч /2хх 69/, үлдэгдэл 6.460.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсныг хохирогч нарын төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хохирогчийн эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй байна гэж үзэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Нацагдоржид 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр болох шүүх хуралдааны товыг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр утсаар мэдэгдэж, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мессеж үлдээсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

Анхан шатны шүүхээс С-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч С-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, тодорхой хэмжээний /94.500.000 төгрөгийн хохирол төлсөн/ хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг 2 жил 6 сар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч С-г “...2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц.Өлзийбат /Wulijibatu/-аас “Амгалан цахилгаан станцын сантехникийн угсралтын ажилд хамтран хөрөнгө оруулалт хийнэ” гэж 5040 ам.доллар буюу 9.989.734 төгрөг залилан авсан, 2015 оны 3 дугаар сард “Чингис” зочид буудлын гадаа иргэн Ц.Амармэндээс “Баянзүрх дүүрэгт баригдаж буй Амгалангийн дулааны цахилгаан станцад сантехник угсралтын ажил авч өгнө” гэж итгүүлэн 10.000.000 төгрөг залилан авч, ...нийт 138.449.734 төгрөгийн хохирол учруулсан...” гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байтал /6хх 58/ анхан шатны шүүх хохирлын хэмжээг Ц.Өлзийбатаас 2265 ам.доллар буюу 4.489.734 төгрөг, Ц.Амармэндээс 4.000.000 төгрөгийг залилан авсан гэж бууруулан тогтоосон атлаа хохирлыг багасгасан үндэслэлээ шийтгэх тогтоолдоо тусгаагүй байна. /Хохирлыг багасгасан боловч нийт учруулсан хохирлын дүн 138.449.734 өөрчлөгдөөгүй/ Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ц.Өлзийбатаас 5040 ам.доллар буюу 9.989.734 төгрөг, Ц.Амармэндээс 4.000.000 төгрөгийг залилан авсан болох нь тогтоогдож байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын дүнгээс төлөгдсөн үнийг дүнг хасч тооцсон нь буруу байна. Харин төлөгдсөн хохирлыг хохирол төлөгдсөн байдлаар хасч тооцох нь зүйтэй.

 

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэдэг боловч уг үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль мөрдөгдөж эхэлсэн тохиолдолд “хууль буцаан хэрэглэх” зарчим үйлчилдэг бөгөөд энэ зарчим 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан байна.

 

Анхан шатны шүүх дээрх зарчмыг баримтлан шүүгдэгч С-гийн үйлдсэн “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн...” гэмт хэрэгт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, түүнд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон хууль гэдэгт өмнөх эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж үзэж байсан тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг шинэ хуулиар эрүүгүйжүүлсэн /хүчингүй болгосон/ хуулийн хэм хэмжээ юм.

 

2002 оны Эрүүгийн хуулиар “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн...” бол гэмт хэрэгт тооцож байсныг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар буюу тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Х.Бум-Эрдэнийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн “...хохирол төлөгдөөгүй, ял хөнгөдсөн, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй. ...” гэсэн, шүүгдэгч С-гийн өмгөөлөгч А.Энхбуйр, Э.Шинэцэцэг нарын “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. …” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1753 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...С-д Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэснийг “...С-д Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай. ...” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар С-г 4 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар С-г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

 5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С-д шүүхээс оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С-гийн өмгөөлөгч А.Энхбуйр, Э.Шинэцэцэг, хохирогч Х.Бум-Эрдэнийн өмгөөлөгч Г.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН