Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2431

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03243 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Т-,

Хариуцагч Ш.Л-, Л.Э- нарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Ш.Л-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наянтай,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

Хариуцагч Ш.Л-, түүний өмгөөлөгч Х.Одонтуяа, Г.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Т- нь өөрийн үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 5а гудамж, 9а тоот хаягт байрлах, улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээний №000129939 дугаартай, 321,6 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 50 м.кв талбайтай гэрчилгээний 000275368 дугаартай хувийн сууцыг бусдад худалдан борлуулахаар Ш.Л-д 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр итгэмжлэл олгосон болно. Ш.Л- нь Н.Т-оос олгосон итгэмжлэлийн дагуу дээрх газрыг 40 000 000 төгрөг, хувийн сууцыг 5 000 000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгүүдийг Л.Э-ад нийт 45 000 000 төгрөгөөр үнэлэн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр худалдсан байдаг.

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар Ш.Л-гийн Л.Э-тай хийсэн хэлцлээс үүсэх эрх нь Н.Т-од бий болсноор худалдан авагч Л.Э-аас үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ 45 000 000 төгрөгийг шаардсан боловч “хэлцэлд төлөөлсөн Ш.Л-д шилжүүлсэн, та хоёр учраа ол” гэсэн тайлбарыг өгдөг. Мөн Ш.Л-гээс шаардсан боловч холбогдох утсаа авахгүй, зугтааж алга болсон. Ш.Л- болон Л.Э- нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 45 000 000 төгрөгөө шаардахад хэн аль нь бие биерүүгээ чихэж, нэхэмжлэгчийг төөрөгдөлд оруулж, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хохироож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас Иргэний хуулийн 186, 243 дугаар зүйлүүдийг үндэслэн 45 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Ш.Л-, Л.Энхбаяр нарт Н.Т- нь зээлтэй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч нарын тайлбарыг үндэслэн Н.Т-ын төлөх байсан Актив капитал ББСБ-д төлсөн 12 306 795 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа 32 693 205 төгрөг болгон багасгаж байна гэжээ.

Хариуцагч Л.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ш.Л-тэй Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Дэнжийн 5а гудамж, 9а тоотод байрлах газар болон байшинг худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тус газар болон үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үед 13 000 000 төгрөгийн барьцаанд байсан бөгөөд миний бие Ш.Л-тэй хамт очиж зээлийг төлж үлдэгдэл мөнгийг Ш.Л-д өгсөн. Ш.Л- нь мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. 

Ш.Л- гэх хүн цааш нь Н.Т-од өгсөн гэх боловч нэхэмжлэгч аваагүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Н.Т- нь тухайн үед Ш.Л- гэх хүнийг над дээр дагуулж ирээд “би энэ хүнд өртэй байгаа, 1 итгэмжлэл хийгээд өгье, миний газрыг, байшинтай нь худалдаж аваач” гэсэн. Би энэ хүсэлтийг хүлээн авч мөнгөө бүрэн төлж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Гэтэл одоо ийм нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн намайг хариуцагчаар татан оруулж байгааг хасч өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Л- шүүхэд болон түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.Т-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Н.Т- нь тухайн үед надаас мөнгө зээлж аваад өгч чадахгүй удаа дараа хөөцөлдсөний эцэст өөрийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, дэнж 7-254 тоот хашаа, байшингаа миний нэр дээр итгэмжлэл хийлгэж, нотариатаар орж гэрээ хийсэн. Н.Т- нь бусдаас худлаа ярьж мөнгө зээлэн хугацаандаа төлөхгүй байнга хохирол учруулдаг байсан.

Н.Т- нь Ш.Л-д 6 000 000 төгрөг, гэрч н.Энхбаярт 7 000 000 төгрөг, Актив капитал ББСБ-д 12 306 795 төгрөгийн өртэй байсныг Ш.Л- нь н.Энхбаяр болон Актив капитал ББСБ-д зээлийг төлж, өөрийн зээлүүлсэн мөнгийг авсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн 2 хувийн татварт 900 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 18 793 205 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрч н.Алтанзаяагийн хамт Н.Т-ыг хөдөө явж байхад нь аваачиж өгсөн бөгөөд одоо 45 000 000 төгрөгийг бүхлээр нь нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Иймд Н.Т-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Л-гээс 32 693 205 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-од олгож, хариуцагч Л.Э-ад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Л-гээс улсын тэмдэгтийн хураамжид 321 416.03 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-од олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.Л-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Н.Т- нь Актив капитал ББСБ-д ХУД-ийн 8-р хороо, Дэнж 5а гудамж, 9а тоот хаягт байрлах, 50 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 12 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, 4.5 хувийн хүүтэй зээлэхээр 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ хийсэн.

Нэхэмжлэгч нь уг зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр графикийн дагуу нэг удаа төлөлт хийгээд түүнээс хойш эргэн төлөлт хийгээгүй. Шүүх нэхэмжлэгчийг хариуцагч Ш.Л- 6 000 000 төгрөг, гэрч Ж.Энхбаярт 7 000 000 төгрөгийн өртэй байсныг хариуцагч нарын тайлбар болон гэрч Ж.Энхбаяр, У.Алтанзаяа, Ч.Болд нарын мэдүүлгээр тогтоогдож байхад нотлох баримтын хүрээнд үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан Ж.Энхбаяр, У.Алтанзаяа, Ч.Болд нарыг гэрчээр оролцуулах, Актив капитал ББСБ-иас зээлийн болон барьцааны гэрээг авч хэргийн материалд хавсаргах зэрэг хүсэлтийг хангаж шийдвэрлэн ажиллагааг явуулсан атлаа шүүхийн шийдвэрт “...Н.Т- нь Ш.Л-гээс 6 000 000 төгрөг зээлсэн байсныг өрөндөө суутган авсан, гэрч Ж.Энхбаяраас 7 000 000 зээлснийг Ж.Энхбаярт төлсөн, мөн үл хөдлөх эд хөрөнгийн 2 хувийн татварт 900 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 18 793 205 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрч У.Алтанзаяагийн хамт Н.Т-ыг хөдөө явж байхад нь аваачиж өгсөн бөгөөд одоо Ш.Л- нь Н.Т-од төлбөр төлөхгүй гэсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй...” гэж дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэгч Н.Т-ын төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үйл явдлын талаар бүрэн төлөөлж чадахгүй, тодорхой мэдээлэл байхгүй, оролцогдын болон шүүгчийн тодорхой асуултад бүрэн гүйцэт хариулт өгч чадахгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэргийн байдлыг тал бүрээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Н.Т- нь шүүх хуралдаанд оролцсон гэрч нар болон хариуцагч Ш.Л- нарт өр төлбөртэй, Актив капитал ББСБ-ийн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр найз Ш.Ганхүүгээр дамжуулан барьцаалсан эд хөрөнгийг чөлөөлж, өр зээлээ төлөхийн тулд хариуцагч Ш.Л-д үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хуульд заасны дагуу итгэмжлэл хийж шилжүүлсэн байх дүгнэлтэд хүрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан хэдий ч маргаантай харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд зөвтгөн дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Н.Т- хариуцагч Ш.Л-, Л.Э- нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 45 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 32 693 205 төгрөг болгон багасгасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Н.Т-оос хариуцагч Ш.Л-д 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр 2 жилийн хугацаатай олгосны /хх-10, 47/ дагуу Ш.Л- нь түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 5а гудамж, 9а тоотод байрлах, 321 м.кв талбайтай газар, түүн дээр баригдсан 50 м.кв талбайтай хувийн сууцыг Л.Э-ад худалдахаар 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ /хх 5, 7/ байгуулснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх Л.Э-ад шилжсэн, Л.Э- нь гэрээний үнэ 45 000 000 төгрөгийг Ш.Л-д шилжүүлсэн талаарх үйл баримт зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Дээрхээс үзвэл Ш.Л- нь Н.Т-ын нэрийн өмнөөс түүний даалгавраар 321 м.кв талбайтай газар, түүн дээр баригдсан 50 м.кв талбайтай хувийн сууцыг худалдаж, үнийг шилжүүлэн авсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн  гэж үзнэ.

Харин Ш.Л- нь уг үл хөдлөх эд хөрөнгийг Л.Э-ад худалдсаны үнэ болох 45 000 000 төгрөгийг өөрт шилжүүлэн авч, Н.Т-ын өмнөөс “Актив капитал” ББСБ-д 12 306 795 төгрөгийн зээлийг төлсөн талаар талууд маргаагүй тул шүүх Л.Э-ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 32 693 205 төгрөг нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.3 дахь хэсэгт “даалгавар гүйцэтгэгч нь ...даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн дариу шилжүүлэх үүрэгтэй.” гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Л- мөнгийг шилжүүлэн өгснөө нотолж чадаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.

Хариуцагч Ш.Л- нь үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс Н.Т-ын Ж.Энхбаяраас зээлсэн 7 000 000 төгрөг, өөрөөс нь зээлсэн 6 000 000 төгрөгийг тус тус хасч, үлдэх 18 793 205 төгрөгийг Н.Т-од хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан ба энэ тухайгаа нотлохоор шүүхэд хүсэлт гарган, гэрчээр У.Алтанзаяа, Ж.Энхбаяр, Ч.Болд нарыг оролцуулжээ.

Хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх гэрчээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авахад гэрч Ж.Энхбаяр Н.Т- түүнээс 7 000 000 төгрөг зээлснийг Ш.Л-гээс авсан гэж, /хх-84/ гэрч У.Алтанзаяа “...Н.Т- Ш.Л-гээс 6 000 000 төгрөг зээлж авсан байсан...” /хх-86/ гэж тус тус мэдүүлжээ.

Иймд 6 000 000 төгрөгийг өөрийн авлагад суутган авч, 7 000 000 төгрөгийг Ж.Энхбаярт өгсөн гэх  хариуцагч Ш.Л-гийн татгалзлыг гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэх ба шүүх гэрчийн мэдүүлгийг бусад баримтаар давхар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй болно. 

Харин үлдэх мөнгийг Н.Т-од өгсөн гэх тайлбараа болон 900 000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгө худалдсаны татварт төлсөн гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй.

Хэргийн дээрх нөхцөл байдал, гэрчийн мэдүүлгийг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэлийн шаардлагаас 13 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Харин үлдэх 18 793 205 төгрөгийг Н.Т-од хүлээлгэн өгсөн гэх болон 900 000 төгрөгийг татварт төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.3 дахь хэсэгт зааснаар 19 693 205 төгрөгийг хариуцагч Ш.Л-гээс гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-од олгох үндэслэлтэй,  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн, шийдвэрийг зөвтгөх нь зүйтэй байна.  

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийг хангасан дүн, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулж, хариуцагч Ш.Л-гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03243 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.3” гэснийг “400 дүгээр зүйлийн 400.3” гэж, “32,693,205 /гучин хоёр сая зургаан зуун ерэн гурван мянга хоёр зуун тав/” гэснийг “19 693 205” гэж, “Н.Т-од олгож,” гэсний дараа “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 000 000 төгрөгийг болон” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “321,416.03 төгрөгийг” гэснийг “256 416 төгрөгийг”

гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 324 416 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ