Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00002

 

 

Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01031 дүгээр шийдвэр,

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1139 дүгээр магадлалтай,

 Нэхэмжлэгч:******* бирж ТӨХК

Хариуцагч: *******-Уул ХК

 5,964,575 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэлийн гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Б.Баярцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:******* бирж ТӨХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.28-д заасан үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд юм. ******* уул ХК нь 1992-06-08-ний өдөр******* бирж ТӨХК-тай бүртгэлийн гэрээ байгуулан бүртгүүлж, үнэт цаасны арилжаагаа гүйцэтгүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл бүртгэлтэй хэвээр байгаа. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49.3-т заасны дагуу******* бирж ТӨХК нь үйлчилгээний хөлс болон урамшууллыг тогтоох эрхтэй байгууллага болно. Иймд үнэт цаасны бүртгэлийн журам батлан дагаж мөрдүүлж, үйлчилгээний хөлсөө тогтоосон. Тус журамд зааснаар жилийн үйлчилгээний хөлсийг тухайн оны эхний улиралд багтаан биржийн дансанд төлөхөөр заасан байдаг. ******* Уул ХК нь 2018-06-26-ны өдөр манай байгууллагатай тооцоо нийлж 5,964,575 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан. Гэвч ******* Уул ХК нь бүртгэлийн гэрээний 1.1-д заасны дагуу холбогдох хууль журмыг мөрдөх, мөн гэрээний 1.3-д заасны дагуу хураамжаа цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчаас 5,964,575 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрч байсан хэдий ч гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байгаа. Тэгэхээр манай байгууллага 2016-2018 оны төлбөр болох 1,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс өмнөх төлбөрийг төлөх боломжгүй. 1992 онд хийсэн гэрээнд н.Халтар гэх хүн гарын үсэг зурсан, одоогийн удирдлагууд энэ гэрээг хараагүй байсан. Н.Халтар нь тухайн үед ******* уул ХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй байсан эсэхийг мэдэхгүй. Талуудын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдэл гэдэгт танилцлаа гэж гарын үсэг зур гэсэн учраас зурсан болохоос тооцоо нийлж үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрсөндөө гарын үсэг зураагүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 101/ШШ2019/01031 дүгээр шийдвэр гаргаж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасныг баримтлан ******* уул ХХК-с 5,964,575 төгрөг гаргуулж******* бирж ТӨХК-д олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 110,390 төгрөгийг улсын орлогод үлдээх, хариуцагчаас 110,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэр гаргажээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1139 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01031 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 гэснийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргахдаа төлсөн 86,383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 Хариуцагчийн төлөөлөгч Д.Одгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ******* уул ХК нь******* бирж ТӨХК-д 1992-06-08-ны өдөр үнэт цаас бүртгүүлэх өргөдөл гаргаж, талуудын хооронд мөн өдрөө бүртгэлийн гэрээ хийгдсэн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь ИХ-н 186.1-т заасан үүргийг үүсгэсэн, хүчин төгөлдөр байна. Улмаар 2018-06-26-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж хариуцагч байгууллага нь 5,946,575 төгрөгийн бүртгэлийн хураамжийн тооцооны үлдэгдэлтэй болохыг тохиролцож талуудын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан байх ба Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар нягтлан бодогч нь компанийн эрх бүхий албан тушаалтан болох юм гэж дүгнэсэн. Гэтэл Компанийн тухай хуулийн 83-р зүйлд компанийн гүйцэтгэх удирдлагын тухай хуульчилсан. Өөрөөр хэлбэл нягтлан бодогчийг компанийг төлөөлөх эрхтэй гэж дүгнэсэн нь хууль бус болсон гэж үзэж байна. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь гүйцэтгэх захирал юм. Иймд 2018 онд үйлдсэн актыг үндэслэж шийдвэрлэж байгаа нь хууль бус болсон байна гэж үзэж байна. ИХ-н 75.2.1-т зааснаар гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн байх боловч хариуцагч тал нь төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч тооцооны баталгааг гаргаснаас гадна шүүхэд гаргасан тайлбарт хугацаа олгосон тохиолдолд энэ үнийг 2 хувааж төлж барагдуулах талаар байр суурийг илэрхийлжээ. Иймд ИХ-н 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлт мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Манай компани хариу тайлбартаа эвлэрэх байр сууриа илэрхийлсэн боловч нэхэмжлэгч талаас энэ саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх хуралдаан дээр маргасан. ...зохигчийн тайлбар,... шүүх хуралдааны тэмдэглэл- г зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр хэрхэн маргасан талаар анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал аль алинд нь тусгагдаагүй. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Мөн Давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо 2018 онд тооцоо нийлснээрээ өмнөх гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь хууль бус гэж үзэхээр байна. өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрт 2007 оны Үнэт цаасны бүртгэлийн журмыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж дүгнэсэн. Гэтэл энэ журмыг бид огт мэдэхгүй, бидэнд танилцуулсан удаа байхгүй. Өнгөрсөн хугацаанд огт чимээгүй байж байгаад 2018 онд компани дээр ирж тооцоо нийлэх талаар хэлж, бэлэн болсон баримтан дээр нягтлангаар гарын үсэг зуруулсан. Үүнийг тооцоо нийлсэн гэж үзэхгүй. Учир нь Компанийн тухай хуульд зааснаар компанийг төлөөлөх эрхтэй этгээдийг нарийвчлан зохицуулсан. Гэтэл төлөөлөх эрхгүй этгээдтэй тооцоо нийлсэн мэтээр баримт бүрдүүлсэн. Хэргийн материалд хавсаргасан баримт нь бодит байдал дээр тооцоо нийлээгүй, Хөрөнгийн биржээс бэлэн баримт дээр гарын үсэг зуруулсан. Мөн ИХ-н 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан байхад нэхэмжлэгч нь 1992 оноос 2018 оныг дуустал хугацаанд гэрээний үүргийн биелэлтийг шаардсан ба үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлээс сүүлийн 3 жил болох 2016-2018 онуудад холбогдох хураамжийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Монголын хөрөнгийн бирж Төрийн өмчит хувьцаат компани 2019-01-23-ны өдөр нэхэмжлэл гаргаж, ******* уул ХК-с 1996 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны үнэт цаасны бүртгэлийн хураамж нийт 5,964,575 төгрөг гаргуулахыг шаардахдаа ...1992-06-08-ний өдөр******* бирж ТӨХК-тай бүртгэлийн гэрээ байгуулсан... үйлчилгээний хөлс төлөөгүй байгаа....хөлс төлөх талаар акт үйлдсэн... .. гэсэн үндэслэл заажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ..хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул 2016-2018 оны төлбөрийг төлнө....актыг эрх бүхий этгээд үйлдээгүй... гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

*******-Уул ХК нь хөрөнгийн биржийн үйл ажиллагаа явуулдаг******* бирж ТӨХК-д хувьцаагаа бүртгүүлж нийтэд чөлөөтэй арилждаг болох нь мөн 1992-06-08-ны өдөр үнэт цаас буюу хувьцааг бүртгүүлэх өргөдөл гаргаж, талуудын хооронд 1992-06- 08-ны өдөр бүртгэлийн гэрээ хийгдсэн, нэхэмжлэгчийн тогтоосон бүртгэлийн хураамжийг хариуцагч төлөөгүй байх бөгөөд маргаагүй уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцнэ.

 Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар нэхэмжлэгч нь үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй юм.

 Хариуцагч нь гэрээ болон******* бирж ТӨХК-с баталсан Үнэт цаасны бүртгэлийн журам, тус журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2012, 2014, 2015, 2018 онуудын тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй байна.

 Бүртгэлийн хураамжийг хариуцагч төлөөгүй бөгөөд ...2018 оны 214 тоот тооцооны үлдэгдлийн баталгаа.. нь нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэл болгох нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчинө.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн байх боловч хариуцагч нь төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч тооцооны баталгааг гаргасан /хх 6, 43/ байна.

 Иймд хөөн хэлэлцэх хугацааны талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1-г зөрчөөгүй гэж үзнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

 Хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа ч 1996 оноос тогтоосон хураамжийн хэмжээний талаар маргаагүй болно.

 Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1139 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 86,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

 

   ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ