Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2432

 

 С.Г-ын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02531 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Г,

Хариуцагч “И” ХХК, Ө.Б, Ч.Г, Б.Д, Б.Дэ, А.О, А.С нарт холбогдох,

 

2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд хийсэн “Инкомнет” ХХК-ийн эрхийг шилжүүлэн авсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, “Инкомнет” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Дэ, Ч.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо,

Хариуцагч Б.Дэ, түүний өмгөөлөгч Б.Дамба,

Хариуцагч Ө.Б, Ч.Г, Б.Д, А.О, А.С нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа, өмгөөлөгч Н.Ичинхорлоо нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И” ХХК нь 2 үүсгэн байгуулагчтай ба үүнээс Б.Одсүрэн 92.5 хувь, С.Г 7.5 хувийн хувьцаа эзэмшдэг. Б.Одсүрэн нь С.Гд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 14/08/22-01 тоот тогтоолыг үндэслэж, компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулан “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлэн авсан байдаг. Ингэснээр Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтыг зөрчсөн. Мөн Компанийн дүрмийн 6.1, 12.1.1, 12.1.7 дахь заалтуудыг зөрчсөн. Үүнийг С.Г 2015 оны 12 дугаар сард мэдэж, Улсын бүртгэлийн газарт хандахад энэ талаар иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсний дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, хувьцаа эзэмшигч С.Гантулгыг оролцуулалгүйгээр Б.Одсүрэн дангаараа өөрийн ашиг сонирхлын үүднээс хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол гаргасан нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 17 дугаар зүйлийн 17.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2, 61.7, 63 дугаар зүйлийн 63.1, 69 дүгээр зүйлийн 69.2, компанийн дүрмийн 6.1, 12.1.1, 12.1.7 дахь заалтуудыг зөрчсөн учраас  2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн.

Иймд 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 тоот тогтоолыг үндэслэн хийсэн мөн оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулж, “Инкомнэт” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, бүртгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа нотолсон баримтыг гаргаагүй, харин нэхэмжлэгч талаас гаргасан хавтаст хэргийн 4-109 дүгээр талд авагдсан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэдгийг нотолно гэж үзэж байна.

Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, түүнийг үндэслэн хийсэн гэрээнүүд нь хувьцаа эзэмшигч С.Гантулгын Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 65 дугаар зүйлийн 65.7, 63 дугаар зүйлийн 63.7 дахь хэсгээр олгогдсон эрхийг зөрчсөн, Б.Одсүрэн хууль бус тогтоол гаргаж, “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлж авсан нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.4 дэх заалтыг зөрчсөн тул С.Г гэрээнд оролцогч биш учир шаардлага гаргах эрхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Энэ гэрээнд С.Гантулгыг оруулаагүйн улмаас гэрээний тал болоогүй боловч энэ хүн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 56.1.10 дахь заалтуудыг үндэслэн энэхүү хууль зөрчиж хийсэн гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Захиргааны хэргийн 3 шатны шүүхэд хэлэлцэгдсэн маргаан бол өөр нэхэмжлэлийн шаардлага нь бүртгэлийг хүчингүй болгох, хариуцагч нь өөр бүртгэлийн байгууллага байсан тул энэ хэрэгтэй давхацсан асуудал биш юм. Нэг хувьцаа эзэмшигч нь мэдэхгүй байхад нөгөө нь дур мэдэн хэлцэл хийснээр, өр зээлтэй компанийг шилжүүлэн авсан, хувьцаа эзэмшигчийн эрхийг хөндөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Б.Одсүрэн дангаараа тогтоол үйлдэж, шийдвэр гаргах эрхтэй хүн мөн үү,  гэрээг байгуулах эрхтэй юу гэдгийг нягталж үзэх шаардлагатай, нөгөө талаас өөрийн эрх шилжүүлж байгаа компанийн өр төлбөрийн асуудлыг үнэн зөвөөр мэдээлэх үүрэгтэй. Иймд хариуцагч нарын компанийн бүртгэл бол тухайн компанийн дотоод асуудал гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “И” ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг Ө.Болд-Эрдэнэ, Ч.Г, Б.Д, Б.Дэ, А.О, А.С нартай байгуулсан. “И” ХХК буюу “Инкомнэт” ХХК-ийн 100 хувийн хувьцааны 50 хувийг “Эм И Ар Си” ХХК эзэмшдэг, 50 хувийг Б.Одсүрэн эзэмшдэг. “Эм И Ар Си” ХХК-ийн 85 хувийг н.Одсүрэн, 15 хувийг С.Г эзэмшдэг нь үнэн. Б.Одсүрэн нь 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 14/08/22-01 тоот тогтоолыг гаргаж, “Эм И Ар Си” ХХК-ийн 100 хувийн өмчлөлд “Инкомнэт” ХХК-ийг нэгтгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч А.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.О миний бие “Инкомнэт” XXК-ийн, өөрийн мэдлийн 25.859 хувийн хувьцааг 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “И” ХХК-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж, эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн болно. Зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулж, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр “Инкомнэт” ХХК болон Б.Одсүрэн дийлэнх хувьцааг нь эзэмшдэг “И” ХХК-д шилжсэн.  Хувь тодорхой хүнд шилжүүлсэн байдлаар тооцоход тухайн худалдан авагч компанийн багахан хувьцааг эзэмшигч С.Г нь энэхүү гэрээний талаар гомдол гаргах хуулийн эрхтэй байж болох ч, тэрхүү гомдлоо бидний эсрэг бус харин хамтрагч Б.Одсүрэнгийнхээ эсрэг гаргах нь шударга ёсонд нийцтэй санагдана.

Бид гэрээг зохих журмын дагуу үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ба эдгээр шатанд “И” ХХК-ийн хуулийн зөвлөх, гэрээг баталгаажуулсан нотариатч, улсын бүртгэлд бүртгэж авсан бүртгэгч гээд хууль эрх зүйн мэдлэгтэй олон хүмүүс оролцсон билээ. Энэ худалдаанаас хойш нэгэнт 2 жил, 9 cap өнгөрсөн байгаа ба бидний хувьд компанийн үйл ажиллагааг буцаан сэргээх боломж эргэлт буцалтгүйгээр алга болсон гэсэн үг юм. Иймээс энэ хэлцлийг буцаах ямар ч боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Дэ шүүхэд болон түүний өмгөөлөгч Ч.Дамба шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Г нь гэрээний оролцогч биш тул гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргах эрх бүхий субъект биш юм. Мөн “Инкомнет” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлага нь хариуцагч Б.Дэ надад огт хамааралгүй юм. Учир нь, “И” ХХК нь “Инкомнет” ХХК-ийн эрх, 100 хувийн хувьцааг худалдан авсан тул уг асуудал нь “И” ХХК-ийн дотоод асуудал билээ. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн нэг Б.Одсүрэн нь Компанийн тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, гэрээ байгуулсан нь тэдгээр гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэг үндэслэл болсон гэж тайлбарлажээ.

Гэтэл дээрх тайлбартай холбоотой маргааныг захиргааны хэргийн 3 шатны шүүх хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэсэн байна. Товч тодруулбал, нэхэмжлэгч С.Г нь захиргааны хэргийн шүүхэд хандаж, “Инкомнет” ХХК-ийн эрхийг “И” ХХК-д шилжүүлэн авах өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага гаргасан байдаг. Уг хэргийг хянан шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн тогтоолд “И” ХХК-ийн хувьцааны 7.5 хувийг нэхэмжлэгч С.Г, үлдэх 92.5 хувийг гуравдагч этгээд Б.Одсүрэн эзэмшдэг байх бөгөөд уг компани нь “Инкомнет” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авсан байна.

Гэвч бүртгэл хийгдсэнээр нэхэмжлэгчийн эзэмшлийн хувьцаанд өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Мөн бүртгэл хийгдсэнээр хууль зөрчөөгүй, хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байгаа тул захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгчээс Б.Одсүрэнд Инкомнет ХХК-ийн эрхийг шилжүүлэн авах зөвшөөрөл олгоогүй, хувьцаа эзэмшигчийн хуралд оролцоогүй, шинэчилсэн дүрэмтэй танилцуулаагүй гэрээнд гарын үсэг зураагүй зэргээс нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх гомдлын хувьд Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч хуралд оролцсоноор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчинтэйд тооцох ба хуулийн энэ шаардлагыг маргаан бүхий бүртгэл хангасан болно.

Хамгийн гол нь уг маргаан бүхий бүртгэл нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хувьцаанд өөрчлөлт оруулсан бүртгэл биш бөгөөд түүний эзэмшил хувьцаа нь хэвээрээ байгаа учраас нэхэмжлэгчээс зөвшөөрөл олгоогүй тухай гомдол нь хэрэгт ач холбогдолгүй юм гэж дүгнээд нэхэмжлэгч С.Гантулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Түүнчлэн, “И” ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14108122-01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/101143 дугаартай захирамж нь И ХХК-ийн 92.5 хувийн хувьцаа эзэмшигч Б.Одсүрэнгийн хуульд заасан эрхийг хязгаарласан шийдвэр биш бөгөөд тэрээр өөрийн эзэмших хувьцааны хүрээнд хэнтэй ч дангаараа гэрээ байгуулах эрх бүхий субъект юм.

 Нөгөө талаар Б.Одсүрэн нь уг компанийн хувьцаа эзэмшигчээс гадна компанийн эрх бүхий албан тушаалтан буюу уг компанийн ерөнхий захирал юм. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.4, 84.6-д заасны дагуу нэхэмжлэгч С.Г нь надаас биш, компанид эсхүл түүнд өөрт нь хохирол учирсан бол хариуцагч Б.Одсүрэнгээс шаардах боломжтой. Нөгөө талаар хариуцагч Б.Дэ би худалдан авагч “И” ХХК-д биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлсэн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.Г шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргахдаа хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн шаардлага гаргасан. Энэ гэрээнүүд 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээнүүд байгаа.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ямар эрх нь хуульд зааснаар ямар байдлаар зөрчигдсөн юм бэ гэдгийг тодорхой заагаад өгөх гэхээр аль вэ гэдэг. Хуулийн зүйл заалтыг зааж байгаа болохоос биш тэр нь ямар хэлбэрээр зөрчигдсөн бэ гэдгийг тодорхойлохгүй байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол зэрэг баримтуудаар нэхэмжлэгч С.Гантулгын хувьд зөрчигдөөгүй гэдгийг тогтоогоод өгсөн байгаа.

2015 оны байдлаар “Инкомнэт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь өөр хүмүүс байгаа. Гэтэл өнөөдөр хариуцагч Б.Дэгийн хувьд энэ компанийн хувьцаа эзэмшигч мөн үү. Дүрэмд өөрчлөлт оруулах, санал оруулах этгээд мөн үү гэдэг асуудал яригдана. Гэтэл ийм эрх Б.Дэд байхгүй байхад яагаад даалгах шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Д, Ө.Болд-Эрдэнэ, Ч.Г нар шүүхэд болон тэдний өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бидний зүгээс энэ нэхэмжлэлийг таван хүнд бус Б.Одсүрэнд гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Миний зүгээс өөрийн эзэмшлийн Инкомнэт ХХК-ийн 12.929 хувийн хувьцааг хуулийн дагуу байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр И ХХК-ийг төлөөлсөн, ерөнхий захирал Б.Одсүрэнд худалдаж, шилжүүлсэн. Энэ нь ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй, талууд өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээ, хэлцэл гэж үзэж байна. Бусад хувьцаа эзэмшигч Ө.Болд-Эрдэнэ, Ч.Г нар мөн адил хийсэн болно. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаа зөв тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байна.

Учир нь, компанийг итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх эрх бүхий этгээдтэй холбоотой гарч байгаа асуудлыг тухайн эрхээ хэтрүүлсэн этгээдэд хандах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч энэхүү 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх тухай асуудлыг хэзээ мэдсэн, эрх нь яагаад одоо хөндөгдөх болж байгаа нь тодорхойгүй байна. Энэ гэрээ хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, дүрэмд өөрчлөлт орсон байхад мэдээгүй өнөөдрийг хүртэл явсан гэх нөхцөл байдал нэхэмжлэлээс харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэсэн нь Иргэний хуулийн аль заалтыг үндэслэл болгож байгаа нь тодорхойгүй байна.

Мөн компанийн дурмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, бүртгэлд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн газарт даалгуулах гэсэн нь компанийн дүрэмд зааснаар тухайн компанийн дотоод асуудал бөгөөд Улсын бүртгэл нь хуульд заасны дагуу явагддаг учраас тусдаа зохицуулалтаар хандах газар нь өөр гэж үзэж байна. Энэ захирамжид бичсэнээс үзэхэд хариуцагч этгээд болох Б.Одсүрэн нь хууль зүйн мэдлэг дутмагаас тогтоол гаргасан мэтээр бичсэн нь өөрийгөө иргэний эрх зүйн чадамжгүй гэж дүгнэсэн утга бүхий, илт нэхэмжлэгчтэй хуйвалдсан тайлбар тавьсан байдалтай байгааг тодруулах нь зүйтэй байна. Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Анх шүүхэд ирүүлж байсан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэл байгаа. Үүнийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр найруулгын хувьд өөрчлөх тухай гээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн хүрээнд хэргийг шийдэж өгөөч гэж хүссэн. Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулж, “Инкомнэт” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах гэсэн утгатай байна. Үүнээс харахад нэхэмжлэлийн шаардлага, талууд гэж хэнийг хэлээд байгаа нь тодорхойгүйгээс гадна хууль зүйн үндэслэл тодорхойгүй. Ямар үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах гээд байгаа нь тодорхойгүй.

Мөн дүрэмд ямар өөрчлөлт оруулах гээд байгаа юм. Олон хариуцагч байгаагийн хэнд нь даалгах гээд байгаа юм. Б.Одсүрэнд даалгах гээд байгаа юм уу, эсвэл хариуцагч нарт даалгах гээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Хэрэг үүсснээс хойш нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.12-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу талууд өөрсдөө нотлох баримтаа гаргаж, мэтгэлцэх ёстой. Хариуцагч нарын зүгээс нотлох баримт гаргах зүйл байхгүй. Яагаад гэхээр эрхээ шилжүүлээд, хувьцаагаа худалдах, худалдан авах гэрээ байгуулаад өгөхдөө холбогдох бүх баримт бичгүүдээ хамтад нь хүлээлгээд өгчихсөн. Энэ нь Б.Одсүрэнд байгаа. Миний хувьд нэхэмжлэгчид өөрт нь ч байгаа гэж үзэж байна. Миний зүгээс үүргээ биелүүлээд, шүүхээр дамжуулаад, Улсын бүртгэлийн газраас холбогдох баримтуудыг гаргуулсан байгаа. Харамсалтай нь зарим баримтууд нь ойлгомжгүй, урд хойно нь оруулсан, зөрүүлсэн, дутуу зүйлүүд орж ирсэн. Үүнийг би санаатайгаар хэргийг будлиантуулах гэж оруулж ирж байна гэж хэлмээр байна.

Өнөөдөр “И Эм Ар Си” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ойлгомжгүй байдлаар хэрэгт оролцож байна. Үүнийг зориуд санаатайгаар зохион байгуулсан үйлдэл гэж үзэж байна. Анх зөвшөөрөхгүй байснаа хэргийн явцад зөвшөөрч байгаа мэт харагдуулж байгаа нөхцөл байдал байна. Тэгэхээр үүнийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэл байхгүй. Шүүгчийн захирамж нэгэнт гарчихсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримыг дахин тогтоох шаардлагагүй. Мөн гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөд байхад оролцуулаагүй. Хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн тайлбараар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Ингэхдээ алдаа гаргасан. Хожмын үр дагаврыг нь тооцоогүй. Өөрөөр хэлбэл, 2 этгээдийн хоорондын хуйвалдааны үр дагавраар гарч байгаа зүйлийг нягталж үзээгүй.

Гэтэл хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар яриагүй. Энэ хэлцэл өөрөө хүчин төгөлдөр хэлцэл. Хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндэслэлд орохгүй байна. С.Г өр нэхэгдээд ирэхээр мэдсэн гэдэг. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар энэ хүн мэдэхгүй гэж байгаа боловч мэдээд гарын үсэг зураад яваад байдаг. Ийм үйлдэл хийсэн хүн би мэдээгүй гэж байгаа нь хачирхалтай. Энэ компанийг анх худалдаж авах зорилго нь юу байсан, яагаад худалдаж авсан гэдгийг хариуцагч нар тайлбарлах ёстой байсан.

Б.Одсүрэнд энэ компани яагаад хэрэг болсон, эргээд яагаад ийм асуудал үүсгээд байгаа юм. Яагаад гэхээр худалдсан хувьцааныхаа үнийг төлөхгүй байгаа. Нэг хувьцаа эзэмшигч нь хувьцааныхаа мөнгийг өгөөч гэж нэхэмжлэл гаргаад байгаа, бусад нь гаргаагүй. Гэхдээ сөрөг нэхэмжлэл гаргана гэсэн байр суурьтай байсан. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө гаргах боломж олгоогүй. Нөгөө талаар С.Г энэ компанийг өр зээлтэй гэдгийг нэхэмжлэл ирэхээр мэдсэн гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 251, 252 дугаар зүйлд заасан эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж ярих гээд байгаа. Гэрээний 3.2, 4.1-т энэ талаар заасан байгаа юм. С.Г өөрийгөө хувьцаа эзэмшигч гээд байгаа ч компанийн хувьцаа эзэмшигч биш.

Б.Одсүрэн “Эм И Ар Си” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан болохоос “И” ХХК-ийн хувьцааг эзэмшдэггүй байсан. Харин “Инкомнэт” ХХК-ийн хувьцааг худалдаж авсны дараагаар 50 хувиас нь хувьцаа аваад байгаа юм. Энэ нь 2015 оны үйл явдлаас харагдаж байгаа. Цаг хугацааны хувьд ухарч юм хийгээд байгаа юм уу, тэр нь зөв болоод сүүлд хийсэн нь буруу болоод байдаг юм уу, ойлгомжгүй зүйл яриад байгаа тул үндэслэлгүй гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд нь удирдах байгууллагаар дамжуулаад иргэний эрх зүйн харилцаанд орж байгаа. Энэ компаниудын хувьд хууль зөрчсөн үйлдэл харагдана.

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар ижил төсөөтэй, төөрөгдүүлсэн нэрийг өгч болохгүй гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж, гэрчлүүлээд, бүртгүүлчихсэн. Энэ нь Иргэний хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1 дэх хэсэгт зааснаар бүртгэл үнэн зөвд тооцогдож байгаа. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн өмнө хүлээх үүргийг хариуцахгүй.

Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5 дахь хэсэгт заасныг дурдаж байна. Хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн гээд байгаа. Гэтэл сонгох, санал өгөх эрхийг нь л зөрчсөн байгаа. Гэхдээ тэр нь зөвхөн “Эм И Ар Си” ХХК-ийн хувьд биш энэ компанийн хувьд ч эрх нь зөрчигдсөн. С.Г нь 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг үндэслэн Б.Одсүрэнгийн мэдэгдэхгүй авсан “Инкомнэт” ХХК-ийн хувьцааны 50 хувиас өөрөө хувьцаа эзэмшиж байгаа. Гэтэл нөгөө тогтоолоо хүчингүй болгосон гээд байгаа. Ийм хууль бус зүйл хийгээд, хүмүүсийн толгой эргүүлэх гээд байгаа нь зохимжгүй бөгөөд буруу замаар яваад байна. Ийм учраас энэ нэхэмжлэлийн шаардагыг болон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хариуцагч Ч.Г, “И” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 30 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 36 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, А.С, “И” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 26 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 36 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, Б.Д, “И ХХК” нарын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 33 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, Ө.Болд-Эрдэнэ, “И” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 28 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 34 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, А.О, “И” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 25 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 31 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, С.Ганбаатарын төлөөлөгч хариуцагч Б.Дэ “И” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 22 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 25 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, “Инкомнэт” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг хариуцагч “И” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 908 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-иас 129 707 төгрөг, Ө.Болд-Эрдэнээс 129 707 төгрөг, Ч.Гаас 129 707 төгрөг, Б.Дгээс 129 707 төгрөг, Б.Дэгаас 129 707 төгрөг, А.Оээс 129 707 төгрөг, А.Соос 129 707 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Гд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Дэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх хуралдаанаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд бүрэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Бид нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, тайлбараа нотлох үүргийн хүрээнд захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тэдгээр бичгийн баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан билээ.

Тухайлбал, шүүх хуралдаанаар захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолыг шинжлэн судалсан. Гэтэл шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх бичгийн баримтын талаар болон уг баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд анхан шатны шүүх огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, шийдвэртээ огт дурдаагүй орхисон нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, нотлох баримт үнэлэхдээ нэг талыг барьсан. Нөгөө талаар дээрх бичгийн нотлох баримтыг үнэлээгүй орхисон нь давж заалдах журмаар нөхөж үнэлэх боломжгүй байдлыг бий болгосон.

“И” ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол бол энэ Компанийн дотооддоо шийдвэрлэж гаргасан бичгийн баримт бөгөөд түүнийг хүчингүй болгосон СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01143 дугаартай захирамж нь зөвхөн энэ компанид хамаарах, нэг талын шинжтэй бичгийн баримт юм. Тийм учраас талуудын хооронд байгуулсан компанийн эрх шилжүүлэх, мөн хувьцаа худалдах, худалдан авах хариу төлбөртэй 2 талт гэрээнд нэг талын шинжтэй дээрх бичгийн баримтууд хамааралгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд гэрээ байгуулах болсон үндэслэл нь “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол биш, харин гэрээ байгуулагч 2 талын тухайн үеийн аль алиных нь хүсэл зоригийн нэгдэл байсан. Тийм учраас талууд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа уг гэрээний 1-д зааснаар “...Талуудын харилцан хүсэл зорилгод тулгуурлан” гэж гэрээг байгуулсан байдаг. Нөгөө талаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг шүүхийн журмаар хүчингүй болгосон нь “И” ХХК-ийн нийт хувьцааны 92.5 хувийг эзэмшигч Б.Одсүрэнгийн эрхийг хязгаарласан явдал биш бөгөөд тэрээр бусад хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж, зөрчихгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцааны хэмжээнд гэрээ байгуулах, хувьцаагаа худалдах, хөрөнгө худалдан авах эрхтэй. Энэ эрхийнхээ хэмжээнд Б.Одсүрэн нь гэрээ байгуулж, компанийн эрх шилжүүлэн авсан, мөн хувьцаа худалдан авсан нь хууль ёсны бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй болох нь захиргааны хэргийн шүүхийн магадлал, тогтоолоор нотлогдож байгаа.

Б.Одсүрэн нь гэрээ байгуулах үед “И” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.4.1, 84.6 дахь хэсэгт энэ талаар заасан байна. Нэхэмжлэгч С.Г нь ерөнхий захирал Б.Одсүрэнг хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэж байгаа бол гэрээ хүчин төгөлдөр буст тооцуулах иаардлага гаргах биш, харин Компанийн тухай хуулийн дээрх заалтуудыг үндэслэн компанид эсхүл өөрт учирсан хохирлоо ерөнхий захирал Б.Одсүрэнгээс шаардах хууль үндэслэлтэй байгаа юм. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, нэхэмжлэгч нотлох баримтаа хуурамчаар тайлбарласан нэхэмжлэлийг үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагаас хальж, Иргэний хууль болон Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...Хариуцагч “И” ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.” гэжээ. “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбар гаргалгүй явж байгаад шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн товчхон байр сууриа илэрхийлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх явцад надад олгосон эрхийн хүрээнд нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэсэн. Энэ нь нэхэмжлэгч тал болон хариуцагч болох “И” ХХК нь нэг ашиг сонирхолтой, нэг талын этгээдүүд гэдгээ нотолсон явдал болсон. Үүнийг шүүгч дээрх байдлаар дүгнэж байгаа нь илт нэг талыг баримталж байгаагаа далдлах гэсэн илэрхийлэл ба дээрх хоёр талын хуйвалдаан гэдгийг мэдээгүй, эсхүл мэдэхгүй дүр исгэсэн, мөн хэргийн бодит нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийсэнгүй.

Энэ хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасан агуулгатай ба 57.1 дэх хэсэгт заасан сонирхогч этгээд гэж өөрийгөө тодорхойлсон мэт шаадлагаа гаргаад байдаг боловч нэхэмжлэгч үүнийгээ хууль зүйн хувьд нь тодорхойлж өгөөгүй. Гэтэл шүүгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан этгээд болгочихсон. Энэ заалт нь хэлцлээс үүдсэн үр дагаврыг арилгуулах тухай байгаа ба нэхэмжлэгч С.Гд хэлцлээс үүдэн хохирол учирсан бол түүнийгээ арилгуулахаар хэлцэл хийгч буруутай этгээдэд шаардлага гаргах зохицуулалт юм. Хэрэгт авагдсан баримтад С.Г гэдэг хувьцаа эзэмшигч хувь этгээдэд учирсан хохиролтой холбоотой ямар ч баримт байхгүй байна. Харин түүний хэрэгт гаргаж өгсөн хуулийн этгээдийн нэр дээр ирсэн, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд тусгагдсан зүйл байх ба С.Г нь үүнийг өөр дээрээ хамаатуулан хохирч байгаа, эрх ашиг нь хөндөгдсөн мэт тайлбар гаргасан нь шүүхийг болон хэргийн оролцогч нарыг хууран мэхэлж байгаа үйлдэл байна.

Харин шүүх үүнийг нь залруулахдаа нэхэмжлэлийн шаардлагаас хальж, хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, шүүгчийн дүгнэлтээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж үзсэн бол нэхэмжлэгч С.Гантулгын нотлох баримтаар төлчихсөн, хохирчихсон баримтыг үндэслээд хохирол төлбөрийг нь буруутай этгээдээр төлүүлэх, гаргуулах, арилгуулах үндэслэлтэй байтал, тогтоогдоогүй байхгүй, ирээдүйд бий болох эсэх нь тодорхойгүй зүйлийг бий болгосон шийдвэр гаргалаа.

Мөн С.Гантулгыг “И” ХХК-ийн хувьцааны 7.5 хувийг эзэмшдэг учраас сонирхогч этгээд гэж тогтоогоод “Инкомнэт” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авсан нь С.Гантулгын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэлээ. Хэрэгт авагдсан баримтаар С.Г нь “Инкомнэт” ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн хувьцаа худалдах, худалдан авсан үйл явдлаас хойно, “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн ба “Инкомнэт” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авсан хувьцаанаас хувь эзэмшин “И” ХХК-ийн хувьцааны 7.5 хувийг эзэмшдэг болсон байхад шүүх тонгоруулж, үйл баримтын байрыг сольж, С.Г гэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэсэн хоёрдмол ойлгомжгүй дүгнэлтийг хийлээ.

Өөрөөр хэлбэл, С.Гантулгын эрх ашиг нь энд заасан дүгнэлтээр хувьцаа худалдан авснаар эсвэл доор дурдсан Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, мөн саналаа илэрхийлэх эрх нь зөрчигдсөн аль нь болж байгаа нь ойлгомжгүй болгочихлоо. Хэрэв С.Г нь “Инкомнэт” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авсан нь түүний эрхийг хөндөх болж байгаа бол өөрөө уг хувьцаанаас үүдэн эзэмших болсон 7.5 хувийн хувьцаа нь юу болж хувирч байгааг тайлбарлах шаардлага үүсч байна. Аливаа нэг компанийн хувьцааны бага хувьцаа эзэмшдэг этгээд нь хувьцаа эзэмшдэг компаниараа дамжуулаад, уг компани нь өөр компанийн хувьцааг эзэмшдэг болохоор тэрхүү өөр компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх ёстой учраас эрхийг нь зөрчиж байна гэсэн утгаар хуулийг нэхэмжлэгчид тохируулж хэрэглэжээ.

Гэтэл 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар С.Г нь “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байгаагүй бөгөөд энэхүү “И” ХХК-ийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг ижил төстэй нэртэй “Эм И Ар Си” ХХК-ийн хувьцаа буюу 15 хувийг эзэмшдэг байсан байна. С.Г нь ижил төстэй нэртэй хоёр компанийн нэг компанийнх нь 15 хувийн хувьцааг эзэмшдэг болохоор нөгөө компанийнхаа хувьцаа эзэмшигч болж байгаа мэтээр тайлбарлаж, хуулийн этгээд, хувь хүн хоёрын хувьцаа эзэмших нь нэг ижилхэн зүйл учраас эрх зөрчлөө гэсэн ерөнхий агуулгатай нэхэмжлэлээр шүүх болон хэргийн оролцогч нарыг төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн арга заль хэрэглэж байгааг тайлбарласаар байхад шүүгч үүнийг нь мэдэлгүй, төөрөгдөж, Компанийн тухай хуулийг нэхэмжлэгчид ашигтайгаар буруу хэрэглэсэн. Харин “Эм И Ар Си” ХХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлаараа 15 хувийн хувьцаа эзэмшигч С.Гантулгыг хуралд оролцуулалгүй шийдвэр гаргасан бол санал өгөх эрхийг нь зөрчсөн гэж үзэж энэ хуулийн заалтыг хэрэглэж болох байжээ.

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэх хуулийн зохицуулалт нь хурлын шийдвэр хүчин төгөлдөр байх зохицуулалт бөгөөд цөөн тооны хувьцаа эзэмшигчдийг хуралд орох эрхийг хязгаарласан зохицуулалт биш юм. Энэхүү хуулийн заалтаар нэхэмжлэгч С.Гантулгыг тухайн үед “И” ХХК-ийн хувьцаа эзэмшээгүй байсан, мөн “Эм И Ар Си” ХХК нь хувьцааны 50 хувиас дээш хувьцаа эзэмшдэггүй учир аль ч компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох ч боломжгүйг зааж өгсөн байна. Шүүх харин “...хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болж, хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр байх зохицуулалт гэж хуулийн гол үндэслэлийг авч үзсэн атлаа цөөн тооны хувьцаа эзэмшигчдийг хуралд орох эрхийг хязгаарласан зохицуулалт биш юм” гэсэн дээрхтэй хамаатуулах гэсэн эсрэг санаа оруулжээ. Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан хуралд оролцоогүй хувьцаа эзэмшигчийн шүүхэд гаргах гомдлын талаар зааж өгсөн байх ба нэхэмжлэгч С.Гантулгын нэхэмжлэлийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байжээ.

Шүүх олон хариуцагч нараас ганцхан “И” ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт ач холбогдол өгөхдөө тайлбарт нь хөтлөгдсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон нэхэмжлэлдээ “И” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 дүгээр тогтоол нь хүчингүй болсон, уг тогтоолд үндэслэж “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлэх гэрээ болох хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэдэг. Уг тогтоолоос үзэхэд хариуцагч “И” ХХК-ийн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Энэ тогтоолд “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах тухай нэг ч үг үсэг байхгүй байна. Энэ тогтоол хүчингүй болсон нь “И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч "MERC" ХХК 50 хувь, Б.Одсүрэн 50 хувь тэнцүү эзэмшихээр тогтсон асуудалтай хамааралтай болохоос “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авахтай ямар ч хамааралгүй, үндэслэл болоогүй нь уг хүчингүй болсон тогтоолоос харагдаж байхад “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлэх, мөн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулах шийдвэрийг компанийн эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад хувьцаа худалдан авсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн шүүгчийн дүгнэлт үндэслэлгүй болж байна.

Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь ямар хууль зөрчсөн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Мөн хүчин төгөлдөр буст тооцох үндэслэлтэй байна гэсэн атлаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийн заалт болох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан тогтоож байгаа нь хууль буруу хэрэглэсэн байгааг харуулж байна. Шүүх уг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн найруулснаар шийдвэрлэх гэж шийдвэр гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаас хальж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Энд нэг талаас хувьцаа эзэмшигч нар болох хувь хүмүүс хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлсөн этгээд нарын хооронд хийгдсэн хэлцэл сонирхогч этгээдэд ямар нэгэн хохирол, гэм хор учруулаагүй байхад талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэж байгаа нь алдаатай буруу шийдвэр байна. Нөгөө талаар энэ хувьцаа худалдах, худалдан авах эрх шилжүүлэх гэрээ нь компанийн хурал зохион байгуулах, хувьцаа эзэмшигчийн хуралдаа оролцох, оролцохгүйтэй хамааралгүй, хэлцлээс гадуурх хэн нэгний эрх ашиг хөндөгдөх нөхцөл үүсэхгүй, холбоогүй асуудал юм.

Мөн шүүх шийдвэртээ хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... худалдан авсан хувьцааныхаа үнийг төлөхгүй байгаа юм. Заль хэрэглээд байна. Нэг хувьцаа эзэмшигч маань хувьцааныха мөнгийг өгөөч гээд нэхэмжлэл гаргаад байгаа. Бусад нь гаргаагүй.” гэх тайлбараас үзэхэд хувьцааны үнэ шилжээгүй гэж дүгнэхээр байна.” гэжээ. Уг дүгнэлтийг хийсэн гол санаа нь өмгөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласан гол асуудлуудыг бүрхэгдүүлэх гэсэн байдал харагдаж байгаа ба хувьцааны үнэ шилжээгүй гэж дүгнэж, хариуцагч нарыг гэрээний үүргээ шаардаагүй нь гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөл гэж үзсэн байна. Гэтэл “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлж авах, хувьцааг худалдан авах санааг Б.Одсүрэн гаргасан бөгөөд тухайн үед түүнд хэрэгцээтэй, шаардлагатай нөхцөл байдлыг ашиглан авсан байдаг ба одоо болтол нэг ч төгрөгийн төлбөр хийхгүй завшиж, бусдын хөрөнгийг залилан үнэгүйтүүлж эцэст нь нэхэмжлэгчтэй үгсэн хуйвалдаж, хамтран жүжиглэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, нэхэмжлэл гаргаж байгааг шүүх анзаарахгүй шийдсэн болж байна.

Энэ шүүхийн шийдвэрээр хувьцаа эзэмшигч наргүйгээр “Инкомнэт” ХХК-ийн дүрэмд хөндлөнгийн нэг компани болох эзэн холбогдогчгүй “И” ХХК гэгч өөрчлөлт хийх болж байна. Харин тодорхой эзэн холбогдогч нэрлэгдвэл С.Г гэгч бас тогтоогдох бөгөөд “Инкомнэт” ХХК-ийн хувьцаанаас авсан 7.5 хувийн хувьцааг яах эсэхийг шийдвэрлэх болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч “И” ХХК, Ө.Б, Ч.Г, Б.Д, Б.Дэ, А.О, А.С нарт холбогдуулан “И” ХХК-ийн хариуцагч нартай байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Инкомнет” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “И” ХХК хүлээн зөвшөөрч, бусад хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “И” ХХК нь С.Ганбаатар, Ч.Г, Б.Д, А.О, А.С нартай “Инкомнет” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, Инкомнет” ХХК-ийг шилжүүлж авсан, “И” ХХК-ийг төлөөлж Б.Одсүрэн гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч “И” ХХК-ийн хувьцааны 7.5 хувь, иргэн Б.Одсүрэн 92.5 хувийг тус тус эзэмшдэг, “И” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 дүгээр тогтоол хүчин төгөлдөр бус тул Б.Одсүрэн нь компанийг төлөөлөн С.Ганбаатар, Ч.Г, Б.Д, А.О, А.С нартай байгуулсан “Инкомнет” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Энэхүү эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг “И” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 дүгээр тогтоолыг үндэслэн хийгдсэн гэж Б.Одсүрэн, С.Г нар тайлбарласан ба “Инкомнет” ХХК-ийн хувьцааны 50 хувийг “Эм И Ар Си” ХХК, 50 хувийг иргэн Б.Одсүрэн тус тус тэнцүү эзэмшихээр тогтоосон дээрх 14/08/22-01 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр буст тооцуулахаар С.Гантулгын гаргасан нэхэмжлэлийг хариуцагч “И” ХХК зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1143 дугаар захирамж хэрэгт авагджээ.

Маргаж буй эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулагдах үе буюу 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хувь нийлүүлэгчдийн хурлын дээрх 14/08/22-01 дүгээр тогтоолын талаар маргаангүй, улмаар эрх бүхий этгээдээс тогтоолыг хүчин төгөлдөр буст тооцсон шийдвэргүй байснаас гадна Б.Одсүрэн нь “И” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Иймд тогтоолыг сүүлд буюу 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар хүчин төгөлдөр буст тооцсон нь эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэл болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар талууд өөрсдийн хүсэл зоригийг үндэслэн эвлэрснийг шүүх батлах нь шүүхээс тодорхой үйл баримтын нотлогдсон эсэх болон үүнтэй холбоотой эрх зүйн дүгнэлт хийн гаргаж буй шийдвэр биш бөгөөд хариуцагч биш этгээдүүдийн хувьд хууль зүйн үр дагавар үүсгэх, эрх ашигт нь нөлөөлөх учиргүй.

Түүнчлэн, Б.Одсүрэн нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан гэрээ, хэлцэлд шууд төлөөлөх компанийн эрх бүхий албан тушаалтан учраас түүнтэй гэрээ байгуулсан хувьцаагаа худалдах, компанийн эрх шилжүүлэхээр харилцан тохиролцсон хариуцагч Б.Дэ, Ч.Г, Б.Д, А.О, А.С нарыг С.Гантулгын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гэрээ байгуулсан гэж, түүний шаардлагаар уг хэлцлээс үүссэн үр дагаврыг хариуцуулах үндэслэлгүй юм. Тодруулбал, маргаж буй хоёр гэрээг “И” ХХК болон хариуцагч Б.Дэ, Ч.Г, Б.Д, А.О, А.С нар нь гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, харилцан тохиролцож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар байгуулсан гэж үзэхээр байх бөгөөд уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр буст тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх “Инкомнет” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар нэхэмжлэгч С.Гантулгын ямар эрх, ашиг хөндөгдөгдсөн нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй бөгөөд “Инкомнет” ХХК-ийн эрхийг шилжүүлэн авсан асуудлаарх Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 390 дүгээр тогтоолын үндэслэлд уг хэлцлийн улмаас С.Гантулгын эрх, ашиг хөндөгдөөгүй болохыг дүгнэжээ.

Түүнчлэн, хүчин төгөлдөр буст тооцогдсон 14/08/22-01 дүгээр тогтоол нь “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Эм И Ар Си” ХХК-ийн эзэмших хувьцааны хувь хэмжээг тогтоосон боловч тус компани уг тогтоолын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж гомдол гаргаагүй, харин “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн улмаас  эрх зөрчигдсөн гэх С.Гантулгын гомдол нь хувьцаа эзэмшигчийн эрхийг тодорхойлсон компанийн дотоод шийдвэрт хамаарах тул “Инкомнет” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах бусад этгээдтэй  байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдалд хамааралгүй болно.  

Иймд нэхэмжлэгч С.Гантулгыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй сонирхогч этгээд гэж үзэхгүй тул түүний нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02531 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.Гантулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Дэгаас төлсөн 262 000 төгрөг, Ч.Гаас төлсөн 129 707 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ