Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 10 өдөр

          Дугаар 183/ШШ2018/00093

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-43, өөрийн байранд байрлах, “КБ” ХХК /РД:2556375/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 хэсэг, туул 1 дүгээр байр, 5 тоотод оршин суух, Жамъян овогт Ж.Б-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3 680 364 298 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунжаргал, Э.Идэрчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “КБ” ХХК шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.Б нь тус банктай 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр №86 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 1 500 000 000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн буюу сарын 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №12 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 500 000 000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн буюу сарын 2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлдэн авсан. Дээрх 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалуулан зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнд:

1.ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 байрны 3 тоот хаягт байрлалтай, 400 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2206022885 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2.ХУД-ийн 11 хороо, Зайсан гудамж, 65/6 байр, 4 тоот  хаягт байрлалтай, 400 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206030519 дугаарт бүртгэгдсэн орон сууц,

3.7258 УНП улсын бүртгэлийн дугаартай, WDCYC7BF2BX189159 арлын дугаартай, Бенз  /Benz/ G550 маркын автомашин,

Зээлдэгчийн өнгөрсөн хугацаанд төлсөн зээлийн төлбөр дараах байдалтай байна. №86 тоот зээлийн гэрээний хувьд үндсэн зээлийн төлбөр 10 967 164.27 төгрөг, зээлийн хүү 188 722 067.2 төгрөг, нийт 199 689 231.47 төгрөг, №12 тоот зээлийн гэрээний хувьд үндсэн зээл 0 төгрөг, зээлийн хүү 8 732 100.51 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 04-ний  өдөр 86-1 болон 12-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг тус тус байгуулж дээр дурдсан 2 зээлийн гэрээний хугацааг тус бүр 3 сараар сунгаж, төлбөрийн хуваарийг өөрчилсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд №86 тоот зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 1 489 032 835.73 төгрөг, зээлийн хүү 1 046 628 319.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209 325 663.92 төгрөг, нийт 2 744 986 819.23 төгрөг, №12 тоот зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 500 000 000 төгрөг, зээлийн хүү 362 814 566.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75 562 913.23 төгрөг, нийт 935 377 479.39 төгрөг, №86, №12 тоот зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болох нийт 3 680 364 298.62 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Капитал банкны нэхэмжлэлтэй уншиж танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Ж.Б нь тус банктай 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдөр №86 тоот зээлийн гэрээ байгуулж 1.500.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатайгаар сарын 1.9 хувь, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр ХУД-ийн 11-р хороо, Зайсангийн гудамж 65/5-р байрны 3,4 тоот нийт 800 м.кв орон сууцыг гэр ахуйн цахилгаан бараа, тавилга, эд хогшлын хамт барьцаалж зээл авсан.

Мөн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №12 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 500.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар, сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэйгээр мөн дээрх үл хөдлөх болох ХУД-ийн 11-р хороо, Зайсангийн гудамж 65/5-р байрны 3 тоот 400 м.кв талбайтай орон сууц, гэр ахуйн цахилгаан бараа тавилга эд хогшлыг дахин барьцаанд тавьсан төдийгүй мөн Бенз 3 55 маркийн 7258 УНП улсын дугаартай автомашиныг барьцаалж зээл авсан. Хоёр дахь зээл буюу 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн  500.000.000 төгрөгний барьцаа хөрөнгө болох автомашиныг 2015 оны 02 дугаар рын 17-ны өдөр Капитал банкны нэр дээр шууд шилжүүлж өмчлөх эрх шилжсэн. Нэхэмжпэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь: Анхны байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаартай зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2 жил, хугацааг 1 удаа 3 сараар сунгасан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуусах байсан.

Ж.Б нь тус банкинд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтдээ “...барилгын ажил бүрэн хийгдэж дуусаагүй, захиалга хангалттай хэмжээнд хийгдэхгүй байгаа талаараа” дурдаж байсан нь, эдийн засгийн хувьд зээлээ эргэн төлөх боломжгүй байдалд ороод байсан учир зээлийн хугацаагаа сунгахыг хүсэж байсан зэрэг нь тэрээр эрсдэлд ороод байсны илрэл юм. Тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээний 8.3-т:”Дараахь нөхцөлд банк зээлийн гэрээг өөрийн санаачлагаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардана” гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийг тодорхой заасан байх ба 2016 оны 5 дугаар сараас хойш огт эргэн төлөлт хийхгүй, гзрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.7, 8.3.10-т заасан нөхцөл байдлууд үүссэн байхад гэрээг дуусгавар болголгүй гэрээний хугацаа дууссанаас хойш 11 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийг шаардлагыг багасгах үндэслэл болно. Зээлсэн зээлнээсээ эргэн төлөлт хийсэн нь 225.481.223.45 төгрөг байтал 208.421.331.98 төгрөг төлсөн мэтээр тооцоог буруу бодсон байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “КБ” ХХК нь хариуцагч Ж.Бт холбогдуулан зээлийн гэрээнийнүүдийн үүрэгт нийт 3 680 364 298 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

            Нэхэмжлэгч “КБ” ХХК нь 2014.08.14-ний өдрийн 86 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1 489 032 835 төгрөг, зээлийн хүү 1 046 628 319 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209 325 663 төгрөг, нийт 2 744 986 819 төгрөг, 2015.02.16-ны өдрийн 12 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 500 000 000 төгрөг, зээлийн хүү 362 814 566 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72 562 913 төгрөг нийт 935 377 479 төгрөг, 2014.08.14-ний өдрийн 86 дугаартай, 2015.02.16-ны өдрийн 12 дугаартай барьцааны гэрээнүүдэд тус тус заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

 

            Хариуцагч Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2014.08.14 өдрийн 86 дугаартай, 2015.02.16-ны өдрийн 12 дугаартай зээлийн гэрээнүүдийн дагуу зээлийг зүйлийг хүлээн авсан, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон тооцоололд маргах зүйлгүй, эдийн засгийн нөхцөл байдал муудаж орон сууцны борлуулалт байхгүйгээс үүргээ биелүүлж чадаагүй, банкинд үүргээ биелүүлж чадахгүй байна, зохих газарт нь ханд гэдгээ хэлж байсан, банк гэрээнд заасан шүүхэд хандах эрхээ эдлэхгүй хугацааг санаатай хэтрүүлж хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч болон зээлдэгч нар  2014.08.14-ны өдрийн 86 дугаартай зээлийн гэрээний зүйл болсон 1 500 000 000 төгрөг, 2015.02.16-ны өдрийн 12 дугаартай зээлийн гэрээний зүйл болсон 500 000 000 төгрөг нийт 2 000 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн зүйлийг хариуцагч хүлээн авсан гэх үйл баримтын талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээ байгуулагдаж, зээлийн харилцаа үүссэн байна. /хх-7-10, 16-19 хуудас/

            

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “КБ” ХХК болон хариуцагч Ж.Б нар 2014.08.14-ний өдөр 86 дугаартай зээлийн гэрээ  байгуулж, барилгын санхүүжилтын зориулалтаар 1 500 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 1,9 хувийн хүүтэй, 2015.11.04-ний өдрийн 86-1 дугаартай гэрээгээр зээл төлөх хугацааг 3 сараар сунгасан, 2015.02.16-ны өдөр 12 дугаартай зээлийн гэрээ байгуулж, барилгын санхүүжилтын зориулалтаар 500 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, нэг сарын 2 хувийн хүүтэй, 2015.11.04-ний өдөр 12-1 дугаартай гэрээгээр зээл төлөх хугацааг 3 сараар сунгахаар харилцан тохирчээ. /х.х-ийн 7-10,14,15, 16-19, 23,24 хуудас/

 

             Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан 2014.08.14-ний өдрийн 86 дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зээлийн гэрээний хугацаа 24 сар, нэмэлтээр 3 сараар сунгасан байх ба зээлийн гэрээний  үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дууссан, 2015.02.16-ний өдрийн 12 дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зээлийн гэрээний хугацаа 18 сар, нэмэлтээр 3 сараар сунгасан байх ба зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус дууссан, учраас хариуцагч төлбөр төлөх үүргээ зөрчсөн байна. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д  “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул хариуцагч Ж.Б 2014.08.14-ний өдрийн 86, 86-1 дугаартай зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээл 1 489 032 835 төгрөг, зээлийн хүү 1 046 628 319 төгрөг, 2015.02.16-ны өдрийн 12, 12-1 дугаартай зээлийн  гэрээнүүдийн дагуу үндсэн зээл 500 000 000 төгрөг, зээлийн хүү 362 814 566 төгрөг, нийт 3 398 475 721 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

  

           Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийг хугацаандаа төлөөгүйн  хариуцлага гэж нэмэгдүүлсэн хүүнд 2014.08.14-ний өдрийн  86, 86-1 дугаар зээлийн гэрээнүүдийн дагуу нэмэгдүүлсэн хүү 209 325 663 төгрөг, 2015.02.16-ны өдрийн 12, 12-1 дугаартай зээлийн гэрээнүүдийн дагуу  нэмэгдүүлсэн хүү  72 562 913 төгрөг, нийт 281 888 577 төгрөгийг нэхэмжилсэн боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.3.3-д заасан “...төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй, энэ нь 60 хоног үргэлжилсэн бол” .... гэрээг өөрийн санаачлагаар дуусгавар болгох,  үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон .... хохирлыг шаардана гэж зааснаар хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хугацааг 8 сар буюу 240 хоног хэтрүүлсэн байхад нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлээгүй буруутай байна гэж үзэж, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-т зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй юм.

 

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар зээлдэгчийн өмчлөлийн Ү-2206022885 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 байр, 3 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Ү-2206030519 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 байр, 4 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалахаар хөрөнгө барьцаалах барьцааны гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 11-13, 20-22, 27, 28 дугаар тал/

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, түүнчлэн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ...” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 86 дугаартай, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай тус тус байгуулсан барьцааны гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

 

Мөн Барьцааны зүйл болох эд хөрөнгийг өмчлөх эрхийг тодорхойлсон нотлох баримтууд хэрэгт авагджээ. /х.х-ийн 27-28 дугаар тал/ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

Иймд Ж.Бт холбогдох зээлийн гэрээнийнүүдийн нийт үүрэгт 3 398 475 721 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 281 888 577 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ж.Баас зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 3 398 475 721 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “КБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 281 888 577 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.        

  

          2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-д зааснаар хариуцагч Ж.Б үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол 2014.08.14-ний өдрийн 86 дугаар, 2015.02.16-ны өдрийн 12 дугаар барьцааны гэрээнүүдэд заасан тус тус барьцааы зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 559 771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас 17 150 329 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “КБ” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ