Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2018/00720

 

 

 

 

 

 

 

 

 

Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00093 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Батбаярт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3 680 364 298 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ариунжаргал, Б.Насанбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Болортуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж нар оролцов.

Нэхэмжлэгч Капитал банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ж.Батбаяр нь тус банктай 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр №86 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 1 500 000 000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн буюу сарын 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №12 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 500 000 000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн буюу сарын 2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлдэн авсан. Дээрх 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 байрны 3 тоот хаягт байрлалтай, 400 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2206022885 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан гудамж, 65/6 байр, 4 тоот  хаягт байрлалтай, 400 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206030519 дугаарт бүртгэгдсэн орон сууц, 7258 УНП улсын бүртгэлийн дугаартай, WDCYC7BF2BX189159 арлын дугаартай, Benz G550 маркын автомашин гэх хөрөнгүүдийг барьцаалуулан зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн: Зээлдэгчийн өнгөрсөн хугацаанд төлсөн зээлийн төлбөр дараах байдалтай байна. №86 тоот зээлийн гэрээний хувьд үндсэн зээлийн төлбөр 10 967 164.27 төгрөг, зээлийн хүү 188 722 067.2 төгрөг, нийт 199 689 231.47 төгрөг, №12 тоот зээлийн гэрээний хувьд үндсэн зээл 0 төгрөг, зээлийн хүү 8 732 100.51 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 04-ний  өдөр 86-1 болон 12-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг тус тус байгуулж дээр дурдсан 2 зээлийн гэрээний хугацааг тус бүр 3 сараар сунгаж, төлбөрийн хуваарийг өөрчилсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд №86 тоот зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 1 489 032 835.73 төгрөг, зээлийн хүү 1 046 628 319.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209 325 663.92 төгрөг, нийт 2 744 986 819.23 төгрөг, №12 тоот зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 500 000 000 төгрөг, зээлийн хүү 362 814 566.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75 562 913.23 төгрөг, нийт 935 377 479.39 төгрөг, №86, №12 тоот зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болох нийт 3 680 364 298.62 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Батбаяр нь тус банктай 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдөр №86 тоот зээлийн гэрээ байгуулж 1 500 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатайгаар сарын 1.9 хувь, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж 65/5-р байрны 3,4 тоот нийт 800 м.кв орон сууцыг гэр ахуйн цахилгаан бараа, тавилга, эд хогшлийн хамт барьцаалж зээл авсан. Мөн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №12 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 500.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар, сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэйгээр мөн дээрх үл хөдлөх болох Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж 65/5-р байрны 3 тоот 400 м.кв талбайтай орон сууц, гэр ахуйн цахилгаан бараа тавилга эд хогшлийг дахин барьцаанд тавьсан төдийгүй мөн Бенз G 55 маркийн 7258 УНП улсын дугаартай автомашиныг барьцаалж зээл авсан, хоёр дахь зээл буюу 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн мөнгөний барьцаа хөрөнгө болох автомашиныг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Капитал банкны нэр дээр шууд шилжүүлж өмчлөх эрх шилжсэн. Анхны байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаартай зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2 жил, хугацааг 1 удаа 3 сараар сунгасан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуусах байсан.

Ж.Батбаяр нь тус банкинд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтдээ ...барилгын ажил бүрэн хийгдэж дуусаагүй, захиалга хангалттай хэмжээнд хийгдэхгүй байгаа талаараа дурдаж байсан нь эдийн засгийн хувьд зээлээ эргэн төлөх боломжгүй байдалд ороод байсан учир зээлийн хугацаагаа сунгахыг хүсэж байсан зэрэг нь тэрээр эрсдэлд ороод байсны илрэл юм. Тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээний 8.3-т Дараахь нөхцөлд банк зээлийн гэрээг өөрийн санаачлагаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардана гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийг тодорхой заасан байх ба 2016 оны 5 дугаар сараас хойш огт эргэн төлөлт хийхгүй, гзрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.7, 8.3.10-т заасан нөхцөл байдлууд үүссэн байхад гэрээг дуусгавар болголгүй гэрээний хугацаа дууссанаас хойш 11 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь төлбөрийг багасгах үндэслэл болно. Зээлсэн зээлнээсээ эргэн төлөлт хийсэн нь 225 481 223.45 төгрөг байтал 208 421 331.98 төгрөг төлсөн мэтээр тооцоог буруу бодсон гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Батбаяраас зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 3 398 475 721 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 281 88 577 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Батбаяр үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар барьцааны гэрээнүүдэд заасан тус тус барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 559 771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Батбаяраас 17 150 329 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболд давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан №86, №12 тоот гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч тал зээлийг эргэн төлүүлэх талаар удаа дараа шаардаж байсан. Мөн дээрх гэрээний 3.13-т зааснаар ...Гэрээнд заасан ерөнхий хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй" гэж заасан байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч "Капитал банк" ХХК нь нэмэгдүүлсэн хүүг талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон хуулийн дагуу шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заалтад заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгосон 281 888 577 төгрөгийг "Капитал банк" ХХК-нд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг "...барьцааны гэрээнүүдэд тус тус заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна" гэж тайлбарласан мэтээр бичээд тогтоох хэсэгтээ "...барьцааны гэрээнүүдэд заасан тус тус барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай" гэж шийдвэрлэсэн нь шүүгч шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа шийдвэрийн талаарх түүний амаар танилцуулсан "барьцааны гэрээнүүдэд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэв" гэсэн дүгнэлтээс эрс өөрөөр гарсанд гомдолтой байна.

Түүнчлэн шүүх "Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй" юм гэж дүгнэсэн атлаа дээрх үл хөдлөх хөрөнгөнүүдтэй хамтад нь барьцааны гэрээнүүдэд заасан гэр ахуйн цахилгаан бараа, тавилга, эд хогшлоос үүргииг гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус төдийгүй нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэг дээр "үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна, хөдлөх хөрөнгө хамаагүй" гэж удаа дараа тайлбарлаад байхад хэт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэлээ. 2 айлын орон сууцанд нийтдээ 1 500 000 000 төгрөгний үнэ бүхий хөдлөх эд хөрөнгө байгаа болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.3.3-т зааснаар хариуцагч "зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэн байхад нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлээгүй буруутай байна" гэж үзэж нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба харин нэгэнт ингэж дүгнэсэн бол нэхэмжлэлийг шаардлагаас хүүг багасгаж шийдвэрлэж болох байсан. "Капитал банк" ХХК нь 86 дугаартай зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дууссан, 12 дугаартай зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дууссан байхад шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу бүтэн 1 жилийн дараа нэхэмжлэл гаргаж буй явдал нь нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах үндэслэл болно. Нэхэмжлэгч "Капитал банк" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 86, 86.1 дугаартай зээлийн гэрээнээс зээлийн хүүнд 1 046 628 319 төгрөг нэхэмжилснээс 500 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12, 12.1 дугаартай зээлийн гэрээнээс зээлийн хүүнд 362 814 566 төгрөг нэхэмжилснээс 162 814 566 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хүүгийн хэмжээнээс 662 814 566 төгрөгийг багасгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Ж.Батбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 680 364 298 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2017/09958 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гарган иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг орхигдуулж иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд уг захирамжийг өөрчилж, залруулсан талаар хэрэгт баримт авагдаагүй болно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг иргэний хэрэг үүсгэсэн захирамжид заагаагүй нь талуудын мэтгэлцэх зарчимд нийцэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргах, өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргах боломжоор хангагдсан буюу хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргах учиртай.

 

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан хэрэг үүсгэсэн шүүгч хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлах үүрэгтэй. Гэтэл шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10807 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжид эрх, үүрэг тайлбарлаж танилцуулахыг шүүгчийн туслах Б.Билэгжаргалд даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг шүүх гэж ойлгоно.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т шүүгчийн туслах нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх чиг үүрэгтэй байхаар заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч өөрөө биечлэн хэрэгжүүлэхэд хамаарахгүй болно. Шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал, гүйцэтгэх чиг үүрэг, зохион байгуулалтын асуудлыг зохицуулсан Шүүхийн захиргааны тухай хуулийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамааруулан хэрэглэж үл болно.

 

Түүнчлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргахдаа уг захирамжийн агуулга бүтэц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан үндсэн шаардлагад нийцсэн байх атал шүүх 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2017/12908 дугаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт нэхэмжлэгчийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг мөн заагаагүй орхигдуулжээ.

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 567 393 төгрөгийг, хариуцагч Ж.Батбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 472 050 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

 

Д.ЦОГТСАЙХАН