Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 17 өдөр

           Дугаар 183/ШШ2018/00147

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, ************ тоотод оршин суух, М-ын Ц /РД:**********/-гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах, “Д3ЦС” ТӨХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 5 300 005 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.     

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичит хийлгүүлэх тухай. Иймд ажилгүй байсан хугацааны цалин 3 сар-493 000 төгрөг, 4 сар-1 318 500 төгрөг, 5 сар-1 662 100 төгрөг, 6 сар-790 500 төгрөг, ээлжийн амралтын зөрүү-550 000 төгрөг, жилийн үр дүнгийн шагналт цалингийн зөрүү 713 792 төгрөг, өмгөөлөгчийн хөлс- 1 000 000 төгрөг нийт 6 527 892 төгрөг үүнээс шүүхийн шийдвэрээр олгосон мөнгө 1 227 887 төгрөгийг хасч нийт авах ёстой дүн 5 300 005 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Д3ЦС” ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  

Тус компанийн Механик цехийн реле хамгаалалтын монтёр М.Ц нь ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Ц нь 1979 оноос 2015 оны 02 дугаар сар хүртэл Механик цехийн өргөх зөөх механизмын засварын бригадын реле хамгаалалтын монтёроор ажиллаж байсан. 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар бүтэц орон тооны асуудлыг хэлэлцэж Механик цехийн реле хамгаалалтын монтёрын 5 орон тооноос 1 орон тоог цөөрүүлэхээр шийдвэрлэсний дагуу Гүйцэтгэх захирлын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/84 тоот бүтэц орон тооны тушаалын 2 дугаар хавсралтаар Механик цехийн өргөх зөөх механизмын засварын бригадын реле хамгаалалтын монтёрын орон тоог 4-өөр баталж М.Цтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах байсан ч өөрийн хүсэлтийг нь харгалзан үзэж байгууллагын цалингийн санд багтаан цехэд байхгүй орон тоонд орон тоогүйгээр тушаал гарган цалинжуулан ажиллуулсан. Цаашид ийнхүү ажиллуулах боломжгүй болсон тул 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/410 тоот тушаалаар ажпаас халж Эрчим хүчний салбарт олон жил ажилласныг харгалзан орон тооны цомхотголоор халагдсны 19 963 117 төгрөгийн тэтгэмж олгосон. М.Ц нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 00995 дугаар шийдвэрээр М.Цг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1,227,887 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/209 дугаар тушаалаар Засварын цехийн эргэх механизмын засварчнаар 6 сарын хугацаагаар ажиллуулж ажилгүй байсан хугацааны цалин 1 227 887 төгрөг олгосон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед М.Цд гэрээний хугацаа дуусч байгаа талаар мэдэгдэл хүргүүлэхэд би банкнаас зээл авчихсан байгаа, зээлээ дуустал 1 жилийн хугацаанд ажиллуулаад өгөөч гэсэн хүсэлт гаргасныг компанийн зүгээс түүнд боломж олгож 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/416 тоот тушаалаар Механик цехийн реле хамгаалалтын монтёроор ажиллуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т "... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх тул М.Цгийн өмгөөлөгчид төлсөн 1 000 000 төгрөг нь зайлшгүй гарах зардал биш тул төлөх үндэслэлгүй юм. Мөн сар, жилийн үйл ажиллагааны үр дүнгийн шагнал нь ажилтанд заавал олгох цалин биш ба тухайн ажилтны ажлын үр дүнг харгалзан ажилласан цагт ногдох албан тушаалын болон цаг зэргийн үндсэн цалингаас тооцож олгодог. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 00995 тоот шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл М.Ц болон түүний өмгөөлөгч нар нь заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжпэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар М.Цгийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү болон өмгөөлөгчийн хөлс нийт 5,300,005 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч “Д3ЦС” ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн зардалд нийт  5 300 005 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хариуцагч нь шүүх М.Цгийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн тул дахин шийдвэрлэх үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шаардах эрхтэй байна.

 

           Хариуцагч “Д3ЦС” ТӨХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/00995 дугаар шийдвэрийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Б/209 дүгээр захирлын тушаал гарган биелүүлж, нэхэмжлэгч М.Цг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажилд нь томилжээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байхад хариуцагч байгууллага нь анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс нэхэмжлэгч М.Цг ажлын байраар хангаж, ажилд нь томилоогүй буруутай байх тул түүний ажилгүй байсан дээрх хугацааны цалинг төлөх үндэслэлтэй байна.

 

           Мөн ажил олгогч буюу хариуцагч үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан болох нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх ба нэхэмжлэгчээс өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 1 000 000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байгаа учраас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар буруутай этгээдээс гарсан зардлаа нэхэмжлэх эрхтэй байх тул өмгөөлөгчийн зардалд гаргасан 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  /х.х-15,16 дугаар тал/

          Иймд нэхэмжлэгч М.Цгийн ажилгүй байсан хугацааны ажлын 29 өдрийн /2017 оны 05-р сарын 01- ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 11-ны өдөр хүртэлх/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт / 4951.16 төгрөг x 8 цаг х 29 хоног/  1 148 670 төгрөгийг, өмгөөлөгчийн зардалд 1 000 000 төгрөг нийт 2 148 670 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 3 151 335 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

    

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

 

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49 328 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Д3ЦС” ТӨХК-иас 2 148 670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3 151 335 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49 328 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ