| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/03025/И |
| Дугаар | 213 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 213
| 2018 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2018/00213 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Л.Нарангэрэл, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 угаар хороо, ************** хотхонд байрлах, “Н” СӨХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,**************** тоотод оршин суух, Ж.Т-т холбогдох
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөр 1 728 150 төгрөг гаргуулах, гэм хорын хохиролд 880 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэн, Ц.Ариунзул, хариуцагч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Н” СӨХ нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Тус хотхоны оршин суугч Ж.Т нь 2014 оны 4 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөр болох нийт 1 782 150 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Ж.Төөс СӨХ төлбөр 1 728 150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Т шүүхэд хариу гаргасан тайлбартаа:
“Н” СӨХ-ийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг бүгдийг нь төлөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь энэ байрыг худалдаж аваад 2 сар өнгөрсөний дараа “Н” СӨХ нь өмнөх эзэмшигчийн өр гэж 600 000 төгрөг нэхсэн. Тухайн үед нь би өмнөх эзэмшигчтэй нь СӨХ-ийн ажилтанг утсаар яриулж өрөө төлөхийг шаардсан. Өмнөх эзэмшигч нь СӨХ-тойгоо тохироод барагдуулахаар болсон. Энгээд 2 сар өнгөрсөний дараа “Н” СӨХ-ийн ажилтан гэх 2 залуу 1 эмэгтэй удаа дараа гэрт дайрж орж ирээд өрөө төл, төлж чадахгүй бол тог тасална. СӨХ-ийн мөнгөө төлж чадахгүй юм бол энэ байрнаас зайлаач гэж хэл амаар доромжилон тог таслах болсон. Мөн эзэнгүй байх хойгуур тог таслаж /2 удаа/ хөргөгчин дотор байсан бүх зүйл муудаж өмхийрсэн, цахилгаан салгаж маас үүсгэснээс болж Samsung smart IED 40 телевизорын борд шатсан, гражид зогсоолд байсан автомашины салхины хаалт хугалж эвдэж алга болгосон зэрэг эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлыг манай гэр бүлд учруулсан. 2017 оны СӨХ-ийг захирал ажилчид нь солигдож шинэ хүмүүс ажиллах болсон. Энэ шинэ СӨХ байгуулагдсан хугацаанаас хойш гарсан СӨХ-ийн мөнгийг төлж болно гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Ж.Т миний бие нь 2013 оны 12 дугаар сард ХУД-ийн 15 дугаар хороо, Махатма гандийн гудамж, ************* тоотод оршин сууж эхэлсэн. 2014 оны 4 дүгээр сар хүртэл СӨХ мөнгөний талаар маргаагүй. Гэтэл 2015 оноос эхлэн манай гэр бүл нүүж ирэхээс өмнө амьдарч байсан н.Б***********ын СӨХ-ийн 600 000 төгрөг нэхэх болсон. Миний бие уг шаардлагыг надад хамаарахгүй тул төлөхгүй гэж хэлж, н.Б***********аас уг 600 000 төгрөгийг гаргуулж авахыг зөвлөсөн. Ингэж хэлснээс хойш 2015 оны 1 дүгээр сараас эхлэн манай тогийг таслана, мөнгөө өг, өгч чадахгүй бол зайл гэж доромжилсон. Улмаар 2015 онд хэд хэдэн удаа СӨХ-өөс хүн ирж манай байрны тогийг тасалсан. Таслах тоолонд орон сууцны конторт мэдэгдэж тогоо залгуулах, тог тасалж байх үед нь СӨХ-ийн тог тасалсан ажилтанд хэлж тогоо буцааж залгуулж байсан. 2015 оны 3 дугаар сард нэг удаа СӨХ-ийн 2 эрэгтэй, 1 эмэгтэй ажилтан ирж манай гэрийн тогийг тасалсан. Миний бие тог тасалсан дээрх 3 ажилтанд хандаж, та нарт тог таслах эрх байхгүй би тогны мөнгөө өгсөн байхад тог таслах эрх байхгүй шүү гэж хэлтэл хариуд нь бид УБЦТС-тай ярилцаж, СӨХ-ийн мөнгө төлөөгүй айлын тогийг тасалдаг гэж хэлж маргалдсан. 2015 оны 4 дүгээр сард манай гэр бүл Баянхонгор аймаг руу яваад иртэл манай гэр тоггүй болсон байсан. Үүнээс болж хөргөгч унтарч хөргөгч дотор байсан мах муудаж идэх аргагүй болж 250 000 төгрөгний хохирол учирсан бөгөөд энэ талаар СӨХ-д тухай үед мэдэгдсэн. СӨХ-ийн ажилтан нар удаа дараалан тог тасалж, тогний хэлбэлзэл үүсгэсний улмаас миний Samsung smart IED 40 инчийн зурагт 2015 оны 5 дугаар сард шатсан. Уг зурагтыг 450 000 төгрөгөөр “Тамир” ТВ засварын газраар засуулсан. Мөн 2015 оны 4 дүгээр сард Баянхонгор аймгаас ирэхэд СӨХ-ийн эзэмшлийн талбайд байсан миний Ford escape маркийн машины салхины хаалт буюу хөмсөг хугалж эвдэлсэн байсан. Энэ талаар СӨХ-ийн манаачид хандаж, та хариуцлагагүй хандсан байгаа тул та төл, эсхүл СӨХ-ноос машины хөмсөгний мөнгийг гаргуулж өгөөрэй гэж хэлсэн. Уг машины хөмсөг хугарсанаас болж 190 000 төгрөгний хохирол надад учирсан. Иймд муудсан махны үнэ 250 000 төгрөг, Нархан СӨХ-оос Samsung smart IED 40 инчийн зурагт засварын зардалд 450 000 төгрөг, машин хөмсөг 190 000 төгрөг нийт 880 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Н” СӨХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар бичгээр ирүүлээгүй байна.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н” СӨХ нь хариуцагч Ж.Тт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 782 150 төгрөг гаргуулах, хариуцагч гэм хорын хохиролд 880 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “Н” СӨХ нь хариуцагч Ж.Тт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 782 150 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 156 000 төгрөгөөр багасгаж үлдэх 1 626 150 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ эвлэрэх боломжгүй учир нь надад учруулсан хохирлыг нэхэмжлэгч арилгавал би дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
“Нархан” сууц өмчлөгчдийн холбоог 2008 оны 12 дугар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 38 дугаартай гэрчилгээ олгосон байх бөгөөд тус Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16/08 дугаар тогтоолоор П.Энхтуяаг гүйцэтгэх захирлаар томилжээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал П.Энхтуяа нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч “Н” СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2014 оны 4 дүгээр сарын 1-ээс 2015 оны 5 дугаар сарын 01 хүртэл нэг сарын 30 150 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 1-ээс 2017 оны 8 дугаар сарын 31 хүртэл нэг сарын 42 150 төгрөг болсон талаар хариуцагч маргаагүй бөгөөд, зардлын сарын хураамж нь “Н” СӨХ-ны бүх гишүүдийн 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16/01 тогтоолоор нэмэгдсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 11 дүгээр тал/
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан тул хариуцагчаас дээрх зардлыг нэхэмжлэх эрхтэй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн 2014 оны 4 дүгээр сарын 1-ээс 2014 оны 11 дүгээр сарын 01 хүртэлх хугацааны зардал болох 265 050 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, үлдэх 2014.11.01-ээс 2015.05.01-ний өдөр хүртэл 180 900 /30160* 6 сар/, 2015.05.01-ээс 2017.08.31 хүртэл 1 180 200 /42 150* 28 сар/ нийт 1 361 100 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Ж.Т нэхэмжлэгч “Н” СӨХ-оос тог тасалснаас муудсан махны үнэ 250 000 төгрөг, зурагтын засварын зардалд 450 000 төгрөг, машины хөмсөгний үнэ 190 000 төгрөг нийт 880 000 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа бол түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.
Хариуцагч Ж.Т “Н” СӨХ-ны ажилчид тог тасалсан гэж хохирол нэхэмжилсэн боловч тог тасалсан, мөн машины хөмсөг гэмтээсэн талаар СӨХ-нд мэдэгдсэн энэ талаарх үйл баримтыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Ж.Төөс 1 361 100 төгрөг гаргуулан “Нархан” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 265 050 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд 880 000 төгрөг нэхэмжилсэн хариуцагч Ж.Тийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 465 төгрөг, хариуцагчаас төлсөн 25 670 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36 727 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ
Ж.СЭМЖИД