Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 283

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 01 өдөр

             Дугаар 183/ШШ2018/00283

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхон, Фидес цамхаг, 202 тоот байранд байрлах, “Э Э Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Эрдэнийн төгөл, АОС байр, 24 тоотод оршин суух, Их мянган овогт Багаагийн Тодмөр /РД:ТЗ76030117/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 335 170 212 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баатарцогт, Б.Туул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э Э Э ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Т, Ө.Энхзул нар нь 2017 оны 3 дугаар сарын 09-нй өдөр “Э Э Э ББСБ” ХХК-иас №17030293 тоот зээлийн гэрээ байгуулан 264 000 000 төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, зээлийн гэрээний хавсралт-1-ийн дагуу төлөх нөхцлөөр зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгон Б.Т, 1 хүний өмчлөлийн БЗД-ийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22Б байр, 75 тоот, 12 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай Ү-2204008326 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Б.Т, Ө.Энхзул, Т.Аминжин, 3 хүний өмчлөлийн ХУД-ийн, 11 дүгээр хороо, Эрдэнийн төгөл хотхон, ХД-24 тоот 209 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай Ү-2206016110 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ө.Энхзул, Б.Өлзийбаатар, 2 хүний өмчлөлийн БЗД-ийн, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5 дугаар байр, 59 тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай Ү-2204003057 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Грэйтпарагон групп ХХК-ийн өмчлөлийн БЗД-ийн 11 дүгээр хороо, Грейтпарагон групп ХХК-ийн аж ахуйн хашаанд байрлах, Sangmu super 13MWC 2011-07-SM-DE12T010 загварын 16,5 тн өөрийн жинтэй, Daewoo12T 280 HP хөдөлгүүртэй, 600, 1000 м өрөмдөх хүчин чадалтай хайгуулын өрмийн машин, трэйлерийн хамт барьцаалан №17030293-1, 107030293-2, 17030293-3, 17030293-4 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 2 тал гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлэн хуулийн дагуу УБЕГ-т барьцааны гэрээг бүртгүүлэн барьцаалбар үйлдэн зээлийн гэрээний дагуу харилцах дансаараа дамжуулан зээл авсан. Гэтэл зээлдэгч Б.Т нь авсан зээлээ зээлийн гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчин биднийг хохироож байна. Иймд үндсэн зээл 263 900 000 төгрөг, хүү 60 977 280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 260 432 төгрөг, нотариатын төлбөр 32 500 төгрөг, нийт 335 170 212 төгрөгийг Б.Төөс гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд хариу гаргасан тайлбартаа:

“Э Э Э ББСБ” ХХК нь иргэн Б.Төөс гэрээний үүрэгт 335 170 212 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Б.Т нь энэ зээлийг авахаас өмнө тухайн ББСБ-аас 2 удаагийн зээл авч төлж байсан байна. Тухайлбал:

1. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15040099 тоот зээлийн гэрээгээр 200 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатайгаар, сарын 3,4 хувийн хүүтэйгээр авч гэрээний хугацаанд бүрэн төлж барагдуулсан. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15040099 тоот зээлийн гэрээгээр зээлдэгч нь 200 000 000 төгрөгийн зээлэнд 113 688 565 төгрөгийн хүү, нийт 313 688 565 төгрөгийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсоноос 316 683 897 төгрөг төлсөн байна. /гэрээгээр тохиролцсон хүүнээс 2 995 332 төгрөг илүү төлсөн/

2.2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0016060250 тоот зээлийн гэрээгээр 35 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатайгаар сарын 3,6 сарын хүүтэйгээр авч хугацаанаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-нд үндсэн зээлнд 35 000 000 төгрөг, хүүнд 5 544 000 төгрөг, нийт 40 544 000 төгрөг бүрэн төлж барагдуулсан.

3.Хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 0017030293 тоот зээлийн гэрээгээр 264 000 000 төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд 100 000 төгрөгийн зээл, 9 900 000 төгрөгийн хүү төлөөд байна.

Зээл төлөх явцад “Э Э Э ББСБ” ХХК нь зээлийн хүү бодох аргачлал нь эргэлзээ төрүүлсэн тул шалгаж үзэхэд дараах зөрчил илэрсэн. Талуудын байгуулсан гэрээнд хүүний хэмжээг жилийн 43,2 хувиар нарийвчлан тохиролцсон мөртлөө “Э Э Э ББСБ” ХХК нь эргэн төлөлтийн хуваарьт оруулахдаа жилийн хүү бодох хоногийг 360 хоногоор тооцож оруулсан нь 1 өдөрт ногдох хүүгийн хэмжээг бодит байдлаас илүү бодох санхүүгийн жижиг заль мэх байжээ хэмээн үзэж байна. Дээрх санхүүгийн залийг жишээгээр тайлбарлахад: Иргэн нь 500 000 000 төгрөгийг жилийн 45 хувийн хүүтэй авсан гэвэл сарын хүүг бодохын тулд түүний нэг өдөрт ногдох хүүгийн хэмжээг олох шаардлагатай болно. Жилийн хүү нь 500 000 000 * 45 хувь = 225 000 000 төгрөг, өдрийн хүү нь жилийн 365 хоногоор бол = 616 438 төгрөг, жилийн 360 хоногоор бол = 625 000 төгрөг болж зөрүү нь 1 хоногт 8 562 төгрөг, сарын /31 хоногоор бодоход/ 31*8 562 = 265 411 төгрөг болж байна.

“Э Э Э ББСБ” ХХК нь зээл олгох үйл ажиллагаандаа Монгол банкны Ерөнхийлөгчийн 2004 оны 648 тоот тушаалын “ББСБ-ын зээлийн үйл ажиллагаанд мөрдөх үлгэрчилсэн журам” хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.8, /зээлийн үйл ажиллагаанд Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагаа эрхлэх тухай хууль болон эрх бүхий этгээдээс баталсан бусад эрх зүйн актыг мөрдлөг болгоно/ хэмээн заасныг удирдлага болгох ёстой бөгөөд Монгол улсын банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 /зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална/ хэмээн заажээ.

Монгол банк нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-ийг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 тушаалын хавсралтаар “Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг баталсан байна. Уг журмын 2 дугаар бүлгийн 2.2-т хүү бодох давтамж нь хагас жилээр бол жилийн хүүг 2-т, улирлаар бол жилийн хүү 4-т сараар бол жилийн хүүг 12-т өдрөөр бол жилийн хүүг 365-т хувааж хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно хэмээн журамласан байна. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15040099 тоот зээлийн гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарь хэсэгт зээлийн хүүг хоногоор тооцож оруулсан байна. Мөн журмын 1 дүгээр хавсралтын мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлал бүлэгийн 4 дүгээр хэсэгт нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлалыг мөн журамласан байна. Монгол банкнаас гаргасан журмын дагуу нэмэгдүүлсэн хүүг бодоход дараах байдлаар гарч байна. Үүнд: эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй зээлийн дүн 264 000 000 төгрөг, зарласан хүүгийн хэмжээ жилээр 43,2 хувь, нэмэгдүүлсэн хүүгийн хувь 20 хувь, хугацаа хэтэрсэн хоног 43 хоног /2017 оны 9 дүгээр сарын 09 – 2017 оны 10 дугаар сарын 20 хүртэл 43 хоног/, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ= 264 000 000 * 43,2 % * 20 % * /43 хоног/365/= 2 687 158 төгрөг болж байна.

Гэтэл “Эм Эй Эф ББСБ” нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шууд хуримтлагдсан хүүний 20 хувиар тооцож 10 260 432 төгрөг нэхэмжилсэн нь эрх бүхий байгууллагаас гаргасан журмыг зөрчсөн хууль бус үйлдэл болжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмнөх зээлэнд илүү төлсөн 2 995 332 төгрөгийг хасуулах, мөн илүү нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү 7 573 274 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Мөн зээлдэгч Б.Т нь тус байгууллагаас удаа дараа их хэмжээний зээл авч цаг хугацаанд нь төлж байсан ч зээлдэгч “Э Э Э ББСБ” ХХК нь хүүгийн хэмжээгээ буулгахгүй, харин ч нэмж байсан нь зээлийн гэрээнүүдээр нотлогдох тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилж буй хүүгийн 50 хувийг хөнгөлж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э Э Э ББСБ” ХХК нь хариуцагч  Б.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 335 170 212 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч “Э Э Э ББСБ” ХХК  нь  зээлдэгч Б.Тт эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгосон ба зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 263 900 000 төгрөг, зээлийн хүү  60 977 280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 260 432 төгрөг, нотариатын төлбөр 32 500 төгрөг нийт 335 170 212 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зээлийн гэрээний дагуу  нэхэмжилсэн 335 170 212 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр илүү тооцоолол хийсэн, журмын дагуу тооцоо нийлж манай нягтлан бодогч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан учраас илүү тооцоолсон нийт  4 607 901 төгрөгийг хасахад татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

         Хариуцагч Б.Т зээлийн тооцооллыг журмын дагуу боддоггүй байх тул урьд авсан хоёр зээлэнд илүү төлсөн төлбөрийг хасах, зээл аваад урьд  нь авсан зээлээ төлүүлээд гар дээр бэлэн 122 000 000 төгрөг өгсөн тул зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, мөн зээлдэгч Б.Т нь тус байгууллагаас удаа дараа их хэмжээний зээл авч цаг хугацаанд нь төлж байсан ч зээлийн хүүгийн хэмжээг бууралахгүй нэмж байсан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилж буй хүүгийн хэмжээг 50 хувиар бууруулж өгнө үү гэж маргаж байна.

           Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч  “Эм Эй Эф ББСБ”  ХХК болон хариуцагч Б.Т нар 2017 оны 03 дугаар сарын 9-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, эргэлтийн зориулалтаар 264 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3,6 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохирчээ. /х.х-ийн 6-9 дүгээр тал/

           Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч нь гэрээний зүйл болсон 264 000 000 төгрөгнөөс 262 680 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэх үйл баримтын талаар маргахгүй байх тул тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээ байгуулагдаж, зээлийн харилцаа үүссэн байна.

           Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн зээлийн гэрээний зүйл болох 264 000 000 төгрөгнөөс 0,5 хувийн шимтгэлийг суутган үлдэх 262 680 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Хариуцагч уг зээлийн гэрээний дагуу урьд авсан зээлээ төлж гэрээний зүйлд 122 000 000 төгрөг авсан гэж маргаж байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид 2017.03.09-ны зээлийн гэрээний дагуу 262 680 000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул  шүүх гэрээний зүйлийг 262 680 000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна. /х.х-26 дугаар тал/

          Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр  зүйлийн 1.1-т зээлийн гэрээний хугацаа 6 сар байх ба зээлийн гэрээний  үүрэг гүйцэтгэх хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр дууссан учраас хариуцагч төлбөр төлөх үүргээ зөрчсөн байна. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д  “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул хариуцагч Б.Т зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

          Хариуцагч Б.Т нь урьд авсан зээлээс буруу тооцоолон илүү зээлийн төлбөр төлүүлсөн тул хасуулах, олон удаа зээл авсан тул зээлийн хүүг бууруулах тухай тайлбар нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

          Учир нь нэхэмжлэгч нь 2017.03.09-ний өдөр олгосон зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан тул өөр зээлийн гэрээний дагуу гүйцэтгэсэн үүргийг харилцан тооцох үндэслэлгүй, мөн хариуцагч 2017.03.09-ний өдрийн зээлийн гэрээг байгуулахдаа хүүг харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан байх тул шүүх Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “ ... эрх тэгш, ... гэрээний эрх чөлөө, ...” зарчмыг хөндөх эрхгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч зээлийн хүүг бууруулах  хүндэтгэн үзэх нөхцөл байдлаа нотлоогүй байхад гэрээний эрх чөлөөг зөрчих нь хуульд үл нийцнэ.

           Хариуцагч Б.Тт  2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн зээлийн гэрээний дагуу доор дурдсан үүрэг үүсчээ. Үүнд:

1.Үндсэн зээлд - 262 162 388 төгрөг,

а/ 10 000 000 төгрөг /төлсөн үүргийн дүн/ – 9 482 388 /2017.03.09-2017.04.09 хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүү/ = 517 612 төгрөг

б/ 262 680 000 – 517 612= 262 162 388 төгрөг,

 

2.Хүү - 47 163 320 төгрөг

                      а/ 262 162 388 х 43,2% /жилийн хүү/ = 113 254 151  төгрөг

                      б/ 113 254 151 : 365 /хоног/ = 310 285 төгрөг /1 өдрийн хүү/

                      в/  310 285 х 152 хоног /2017.04.09-2017.09.08 хүртэл/ = 47 163 320 төгрөг,

3.Нэмэгдүүлсэн хүү – 2 606 396 төгрөг

а/ 2017.09.09 – 2017.10.20 хүртэл нийт 42 хоног

б/ 113 254 151 х 20% = 22 650 830 /жилийн нэмэгдүүлсэн хүү/

в/ 22 650 830 : 365 хоног = 62 057 / 1 өдрийн нэмэгдүүлсэн хүү/

г/ 62 057 х 42 хоног = 2 606 394 төгрөг

 

Нэхэмжлжэгч нь зээлийн гэрээний үүрэгт 311 932 104 төгрөг, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэлээр нотариатын зардалд гарсан 32 500 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардах эрхтэй байна.

          Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээнүүдийг байгуулсан байна. /х.х-ийн 10-24 дүгээр тал/

          Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, түүнчлэн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ...” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн  2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №0017030293-1, №0017030293-2, №0017030293-3, № 0017030293-4 тоот байгуулсан  барьцааны гэрээнүүдийг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

         Мөн Барьцааны зүйл болох эд хөрөнгийг  өмчлөх эрхийг тодорхойлсон нотлох баримтууд хэрэгт авагджээ. /х.х-ийн 27-29 дугаар тал/ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болдог. Гагцхүү бусдын эд хөрөнгийг өөр этгээдийн үүрэгт барьцаалуулах эсэхийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч өөрөө гэрээ байгуулах, эсхүл ийнхүү барьцаалуулахыг зөвшөөрсөн байх ёстой.

           Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсдэг байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2., 9.4.-т зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй бөгөөд барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байх ба  үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалуулах зөвшөөрөл олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан байх тул барьцааны гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байна. /х.х-ийн 30-31 дүгээр тал/

          Иймд  Б.Тт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 311 964 604 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж,  нэхэмжлэлийн шаардлагаас 23 205 608 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн зарим шаардлагыг нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Төөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 311 964 604 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э Э Э ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 205 608 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1,  453 дугаар зүйлийн 453.2-д зааснаар хариуцагч Б.Т үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 833 805 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 717 773 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ