Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00842

 

          “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018/00283 дугаар шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Т-т холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт нийт 335 170 212 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Т, Ө.Э нар 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Э” ХХК-иас 17030293 тоот зээлийн гэрээ байгуулан 264 000 000 төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, зээлийн гэрээний хавсралтын дагуу төлөх нөхцлөөр зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгон Б.Т-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22Б байр, 75 тоот, 12 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Б.Т, Ө.Э, Т.А нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Эрдэнийн төгөл хотхон, ХД-24 тоот 209 м.кв талбайтай амины орон сууц, Ө.Э, Б.Ө нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5 дугаар байр, 59 тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, “Г” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх 11 дүгээр хороо, “Г” ХХК-ийн аж ахуйн хашаанд байрлах, Sangmu super 13MWC 2011-07-SM-DE12T0010 загварын 16,5 тн өөрийн жинтэй, Daewoo12T 280 HP хөдөлгүүртэй, 600, 1000 метр өрөмдөх хүчин чадалтай хайгуулын өрмийн машин, трэйлерийн хамт барьцаалан №17030293-1, 107030293-2, 17030293-3, 17030293-4 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлэн хуулийн дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаалбар үйлдэн харилцах дансаараа дамжуулан зээл авсан. Гэтэл зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд үндсэн зээл 263 900 000 төгрөг, хүү 60 977 280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 260 432 төгрөг, нотариатын төлбөр 32 500 төгрөг, нийт 335 170 212 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Т энэ зээлийг авахаас өмнө тухайн ББСБ-аас 2 удаагийн зээл аваад төлж байсан.

          2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15040099 тоот зээлийн гэрээгээр 200 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэй авч гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 200 000 000 төгрөг, хүү 113 688 565 төгрөг нийт 313 688 565 төгрөгийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсоноос 316 683 897 төгрөг /хүүнээс 2 995 332 төгрөг илүү/ төлсөн байна. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0016060250 тоот зээлийн гэрээгээр 35 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 3,6 сарын хүүтэй авч хугацаанаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-нд үндсэн зээл 35 000 000 төгрөг, хүү 5 544 000 төгрөг, нийт 40 544 000 төгрөг бүрэн төлж барагдуулсан.

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 0017030293 тоот зээлийн гэрээгээр 264 000 000 төгрөгийг, сарын 3,6 хувийн хүүтэй аваад 100 000 төгрөгийн зээл, 9 900 000 төгрөгийн хүү төлөөд байна. Зээл төлөх явцад “Э” ХХК нь зээлийн хүү бодох аргачлал нь эргэлзээ төрүүлсэн тул шалгаж үзэхэд дараах зөрчил илэрсэн. Зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг жилийн 43,2 хувиар тохиролцсон мөртлөө “Э” ХХК эргэн төлөлтийн хуваарьт оруулахдаа жилийн хүү бодох хоногийг 360 хоногоор тооцсон нь 1 өдөрт ногдох хүүгийн хэмжээг бодит байдлаас илүү бодсон байна. “Э” ХХК зээл олгох үйл ажиллагаандаа Монгол банкны Ерөнхийлөгчийн 2004 оны 648 тоот тушаалын “ББСБ-ын зээлийн үйл ажиллагаанд мөрдөх үлгэрчилсэн журам” хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.8-д заасныг удирдлага болгох ёстой бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална гэж заажээ.

          Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 тушаалын хавсралтаар баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т хүү бодох давтамж нь хагас жилээр бол жилийн хүүг 2-т, улирлаар бол жилийн хүү 4-т сараар бол жилийн хүүг 12-т өдрөөр бол жилийн хүүг 365-т хувааж хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно гэж заасан. 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15040099 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зээлийн хүүг хоногоор тооцож оруулсан байна. Мөн журмын 1 дүгээр хавсралтын мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлал бүлгийн 4 дүгээр хэсэгт нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлалыг журамласан байна. Монгол банкнаас гаргасан журмын дагуу нэмэгдүүлсэн хүүг бодоход төлөгдөөгүй зээл 264 000 000 төгрөг, зарласан хүүгийн хэмжээ жилээр 43,2 хувь, нэмэгдүүлсэн хүү 20 хувь, хугацаа хэтэрсэн хоног 43 хоног /2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл/, нэмэгдүүлсэн хүү = 264 000 000*43,2%*20%*/43 хоног/365/= 2 687 158 төгрөг болно. Гэтэл нэмэгдүүлсэн хүүг хуримтлагдсан хүүний 20 хувиар тооцож 10 260 432 төгрөг нэхэмжилсэн нь эрх бүхий байгууллагаас гаргасан журмыг зөрчсөн хууль бус үйлдэл болсон байна. Нэхэмжлэлийн шаардлагаас өмнөх зээлэнд илүү төлсөн 2 995 332 төгрөгийг хасуулах, илүү нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү 7 573 274 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

  Зээлдэгч нь тус байгууллагаас удаа дараа их хэмжээний зээл авч хугацаандаа төлж байсан ч “Э” ХХК хүүгийн хэмжээгээ буулгахгүй, харин нэмж байсан нь зээлийн гэрээнүүдээр нотлогдох тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилж буй хүүгийн 50 хувийг хөнгөлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

      Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2,453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Т-өөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 311 964 604 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 205 608 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-д зааснаар хариуцагч Б.Т үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 833 805 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 717 773 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодохдоо хоногийг дутуу тооцож шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж дутуу бодсон 13 990 724 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хүү бодохдоо нэхэмжлэл гаргасан 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл бодох байсныг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл бодож 39 хоногийн 12 101 128 төгрөг мөн нэмэгдүүлсэн хүүг бодохдоо төлөлтийн хуваарь зөрчигдсөн өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 92 хоногийн 1 889 595 төгрөгийг дутуу бодсон байна гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

    Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Б.Т-т холбогдуулан  үндсэн зээл 263 900 000 төгрөг, зээлийн хүү  60 977 280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 260 432 төгрөг, нотариатын төлбөр 32 500 төгрөг, нийт 335 170 212 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

  Талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарынн 09-ний өдөр 264 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй зээлж, гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх, гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд үндсэн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Б.Т-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22Б дугаар байрны 75 тоот, Б.Т, Ө.Э, Т.А нарын өмчлөлийн  амины орон сууц, Ө.Э, Б.Ө нарын өмчлөлийн орон сууц, “Г” ХХК-ийн өмчлөлийн Sangmu super 13MWC 2011-07-SM-DE12T0010 загварын 600, 1000 метр өрөмдөх хүчин чадалтай хайгуулын өрмийн машин, трэйлерийн хамт тус тус барьцаалсан болох нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0017030293 тоот зээлийн гэрээ, зээлийг эргэн төлөх хуваарь, 0017030293-1, 0017030293-2, 0017030293-3, 0017030293-4 тоот барьцааны гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон. /Хх-6-24/

      Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Т-т 264 000 000 төгрөгнөөс 0,5 хувийн шимтгэлийг суутган үлдэх 262 680 000 төгрөгийг шилжүүлсэн болон зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 100 000 төгрөг, зээлийн хүүд 9 900 000 төгрөг нийт 10 000 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

     Зохигчдын хооронд хооронд зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээний зүйлийг зээлдэгч хүлээн авсан болох нь баримтаар тогтоогдсон тохиолдолд  зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр барагдуулах үүрэгтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

     Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний дагуу хүү тооцох хоногийг бодохдоо зээлийн гэрээ дууссан өдрөөр хязгаарласан буюу  нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийг төлөх хуваарь зөрчигдсөн үеэс тус тус бодох ёстой байхад буруу тооцож тооцооллын алдаа гаргасныг залруулан шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

       Талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 262 162 388 төгрөг /262 680 000-517 612/ бөгөөд зээлийн хүүнд 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 59 264 448 төгрөг /нэг өдрийн хүү 310 285 төгрөг*191 хоног/, нэмэгдүүлсэн хүүнд 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 4 495 992 төгрөг /нэг өдрийн хүү 62 057 төгрөг*72 өдөр/ нийт 325 922 828 төгрөгийг хариуцагч Б.Т төлөх үүрэгтэй.

    Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нотариатын зардалд 32 500 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул нотариатын зардал 32 500 төгрөгийг хариуцагч Б.Т-өөс гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болно.

      Мөн нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1,  175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна.

      Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018/00283 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “311 964 604” гэснийг “325 922 828” гэж, “23 205 608” гэснийг “9 247 384” гэж, 3 дахь заалтад “1 717 773” гэснийг “1 787 564” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Ч.ЦЭНД

                                                                                                            Д.БАЙГАЛМАА