Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0362

 

“Геофорс ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амартөгс нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Геофорс ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Геофорс ресурс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-025077 тоот өргөдлийг Ашигт малтмалын газарт цахимаар гаргасан, уг өргөдөл нь ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан учраас мөн хуулийн 19.3-т зааснаар 6/687 тоот албан бичгээр орон нутгийн Засаг даргад холбогдох саналыг хүргүүлэхэд Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тоот албан бичгээр дэмжихгүй гэсэн саналыг ирүүлсэн байна.

Ашигт малтмалын газар нь Өмнөговь аймгийн Засаг даргын 1-459 тоот саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрээр манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдэгдсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэж заажээ.

Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн талбай Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт оршдог. Тиймээс Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжих тухай асуулгыг хүргүүлжээ. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор тус саналыг дэмжих тухай шийдвэрлэжээ. Энэ санал нь манай хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн талбай орших орон нутгийн иргэдийн санал бөгөөд Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн санал нь орон нутгийн иргэдийн хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэж байна.

Харин Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны 46 тоот албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг уламжилсан байна. Тус албан бичигт сумын иргэдийн Төлөөлөгчдийн саналыг үндэслэсэн гэж дурдсан боловч 46 тоот албан бичиг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бичигдсэн байна. Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн үндэслэсэн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гарчээ. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн санал Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн саналд үндэслээгүй байна.

Өмнөговь аймгийн Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тоот саналыг сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналд үндэслэн гаргасан тухай тус саналд дурджээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн тухай Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан байхад тус саналыг үндэслэн гаргасан дээд шатны хурлын шийдвэр, аймгийн Засаг дарга нарын санал нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 62.2-т Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно.

Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тусгайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно, аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 30 дугаар зүйлийн 30.1.13-д харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх гэсэн тус тус заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Бид 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Кадастрын хэлтсийн даргын 355 дугаар шийдвэр гарсан тухай мэдээд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд 355 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрөл олгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Тус нэхэмжлэлийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх захиргааны хэрэг үүсгээд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх явцад 355 дугаар шийдвэрийн үндэс болсон Өмнөговь аймгийн Засаг даргын 1-459 тоот саналыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагатай гэж үзэн Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд дээрх санал нь илт хууль бус шийдвэр болохыг хүлээн зөвшөөрүүлж, манай компанийн хүсэлт өгсөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн акт гаргаж Ашигт малтмалын газарт хүргүүлэхийг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бадрал, У.Батгэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт сумаас урагшаа 26 км-т байдаг, Хар толгой гэдэг нэртэй газарт шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газарт өргөдөл гаргасан. Манай гаргасан өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байсан учраас 6/687 тоот албан бичгээр орон нутгийн Засаг даргад холбогдох саналыг хүргүүлсэн. Аймгийн Засаг дарга Б.Бадраа 2015 оны 03 дугаар сарын 12-ны 1/459 тоот албан бичгээр мөн өдрийн 9 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд дэмжихгүй гэсэн саналыг хүргүүлснийг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянагдаж явах үед мэдэж тэгээд Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Аймгийн Засаг даргын явуулсан энэ санал хуулийн дагуу гаргаагүй Монгол Улсын үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтыг зөрчиж байгаа учир манай зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, энэ талаар нэхэмжлэл дээр тодорхой бичсэн байгаа. Хуулиар олгосон сумын иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн эрх хэмжээний асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид шийдэх ёсгүй. Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын ирц 80 хувьтай байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдахдаа Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслээд байгаа нь ойлгомжгүй. Ноён сум Тэргүүлэгчдээрээ хуралдаад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нь тэнд байгаа ашигт малтмалыг тогтоох боломжтой учраас дэмжчихвэл яасан юм гэсэн саналуудыг хоорондоо ярилцсан байсан. н.Насанбуян дарга саналаа гаргахдаа өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг барьж саналаа гаргасан.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдахдаа нэг өдрийн дараа хуралдсан Ноён сумын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслээд шийдвэрээ гаргасан байгаа. Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар дээр бид өргөдөл өгөөгүй. Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс олгож болохоор талбай гэсний үндсэн дээр өргөдлөө өгөөд сум иргэдээсээ дэмжлэг авахыг хүсч байсан. Ноён сумын иргэд дэмжлэг үзүүлсэн. Дэмжихгүй гэсэн саналаа ямар хуулийн ямар зүйл заалтаар дэмжихгүй гэдгийг л тодруулмаар байна. Шүүхэд Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1/459 тоот саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6/687 тоот мэдэгдлийн хариу саналыг дахин явуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байсан, Өмнөговь аймгийн Засаг дарга дээрх албан бичгээр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх 09 дугаартай саналыг явуулсан байна.

Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тооттой Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх 9 тоот саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, мөн Ашигт Малтмалын Газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6/687 тоот мэдэгдлийн хариу саналыг дахин явуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа ирүүлсэн хариу тайлбарт: “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр дэмжсэн тогтоол гарсан, 02 дугаар сарын 26-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэмжихээс татгалзсан шийдвэр гарсан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт үндэслээгүй байгаа тул аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-д заасан харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн хурлын шийдвэрийг үндэслэн санал өгөх гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ хэмээн хуульчилсан. Үүнээс үзэхэд Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохдоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг биш аймгийн Засаг даргын саналыг харгалзан үзнэ.

Хэрвээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжсэн шийдвэр гаргасан бол аймгийн Засаг дарга болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжсэн шийдвэр гаргах ёстой гэсэн ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжсэн шийдвэр гаргасан ч аймгийн Засаг дарга тэр шийдвэрийг заавал тэр агуулгаар нь дэмжсэн шийдвэр гаргаж хэвээр батлах үүрэггүй.

Зөвхөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг харгалзан үзэх, нутгийн иргэдийн үзэл бодлыг саналын хэмжээнд танилцаж байгаа хэлбэр юм. Мөн аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын эрх зүйн үндэслэлийг хянах, хөндлөнгөөс оролцох эрх хэмжээгүй тул нэхэмжлэлд дурдсаны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гарсан байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гарсан нь үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгах хянах эрхгүй бөгөөд дээрх тогтоолуудын агуулга үзэл баримтлалд нийцүүлэн өөрийн саналыг гаргах үүрэггүй. Тиймээс Ашигт малтмалын газраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч танилцан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн нь эрх зүйн үндэслэлтэй, Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

"Геофорс ресурс" ХХК-ийн өргөдлийг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээтэй байгууллага нь Ашигт малтмалын газар бөгөөд тус хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч татгалзсан хариу өгсөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандсан захиргааны хэрэг маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй, хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тогтоогоогүй байхад уг шийдвэрийн үндэслэл болсон аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тоот саналыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хэрэг маргааныг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэг хэрэг маргааныг хоёр талаас нь хоёр шүүх хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй гэсэн хариу тайлбарыг хүргүүлж байна. Иймд "Геофорс ресурс" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амартөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талыг хуулийг буруу ойлгож тайлбарлаад байна гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтад аймаг, нийслэлийн засаг дарга нь энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд хэрвээ ямар нэгэн хариу өгөөгүй бол тухайн саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж хуульчлаад өгчихсөн. Нэхэмжлэгч тал ярихдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал саналаа гаргаад түүний дараа аймгийн Засаг дарга саналаа гаргах мэтээр яриад байна.

Тэгэхээр яг ийм нарийвчилсан дарааллыг тогтоосон зүйл бол хуулинд байхгүй. 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаад энэ хурлаараа маш олон асуудал хэлэлцсэн байдаг. Тэр өдрийн тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа. Мөн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдсан хурлын тэмдэглэл, хурлын даргынх нь саналын хамт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдсан зүйл байхгүй. Ноён сумаас ирүүлсэн хурлын тэмдэглэлийг нь та бүхэн уншсан байх.

Хурал дээрээ дэмжсэн хүн бол байхгүй, саналаа Засаг дарга н.Насанбаяр нь явуулахдаа дэмжиж байна гэж явуулсан байналээ. Энэ талаараа хариу тайлбар дээрээ тодорхой дэлгэрэнгүй бичсэн байгаа. Та бүхний хэлж байгаачлан Үндсэн хуулийн зүйл заалт зөрчиж эрх хэмжээнд нь халдсан зүйл бол биш юм. Мөн сумын иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр нь дэмжиж байна гэсэн саналыг ирүүлсэн гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дэмжихгүй гэсэн санал өгсөн. Тэгэхээр сумын хурлаас гаргасан шийдвэрийг яагаад ч үндэслэсэн болж таарахгүй гэдгийг та бүхэн харах хэрэгтэй.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гэдэг бол нэг өөр субъект, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гэдэг бол бас нэг өөр эрх хэмжээтэй субъект бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дагана гэсэн үг биш, хуульд зааснаар энэ хоёрын саналыг авч Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Төрийн захиргааны байгууллагад хариу өгөхөөр заасан байгаа.

Хавтаст хэргийн 25, 26 дугаар хуудсанд Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл байсан. Энэ тэмдэглэл нь өөрөө хууль зүйн үндэслэл муутай, тухайн хуралд оролцсон хүмүүс саналаа бүгдээрээ хэлсэн хирнээ хамгийн сүүлд ямар хуулийг үндэслэн, ямар шийдэлд хүрсэн нь тодорхойгүй, хичнээн хүн нь хар толгой нэртэй газарт гар өргөж дэмжсэн талаар байхгүй, тэмдэглэл дээрээ дэмжсэн талаараа тогтоол гаргаж хүргүүлье гэсэн мөртлөө тогтоол ирүүлсэн зүйл байхгүй, зөвхөн н.Насанбаяр гэж хүний албан бичиг л ирүүлсэн байдаг.

Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид их ярьцгаасан, дэмжихгүй байх шийдвэрээ гаргасан байдаг. Энэ тухай хурлын тэмдэглэл дээр тодорхой байгаа. Тухайн гаргасан саналуудыг үзээд аймгийн Засаг дарга дэмжих боломжгүй юм байна гэсэн саналаа хүргүүлсэн. Ашигт малтмалын газар, кадастрын хэлтэс нь тухайн Засаг даргын саналыг үндэслэлтэй эсэхийг өөрсдөө шийдээд нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх нь тэдний эрх хэмжээний л асуудал. Засаг даргын хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу саналаа л хүргүүлсэн. Ингэхдээ хууль тогтоомж зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан "Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тооттой Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх 9 тоот саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6/687 тоот мэдэгдлийн хариу саналыг дахин явуулахыг даалгах"-ыг хүссэн "Геофорс ресурс" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Геофорс ресурс” ХХК давж заалдах гомдолдоо: “Манай компани нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-025077 тоот өргөдлийг Ашигт малтмалын газарт цахимаар гаргасан юм. Тус өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан учраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар 6/687 тоот албан бичгээр орон нутгийн Засаг даргад холбогдох саналыг хүргүүлэхэд Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тоот  албан бичгээр дэмжихгүй гэсэн саналыг ирүүлсэн байна. Ашигт малтмалын газар нь Өмнөговь аймгийн Засаг даргын 1-459 тоот саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрээр манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдэгдсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд  хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заажээ.

Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн талбай Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт оршдог. Тийм ч учраас Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1-295 тоот албан бичгээр Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжих тухай асуулгыг хүргүүлжээ. Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор тус саналыг дэмжих тухай шийдвэрлэжээ. Энэ санал нь манай хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн талбай орших орон нутгийн иргэдийн санал бөгөөд Ноён сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн санал нь орон нутгийн иргэдийн хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэж байна. Харин Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 46 тоот албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг уламжилсан байна. Тус албан бичигт сумын иргэдийн төлөөлөгчдийн саналыг үндэслэсэн гэж дурдсан боловч 47 тоот албан бичиг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бичигдсэн байна.

Тус Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн үндэслэсэн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гарчээ.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн санал Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн саналд үндэслээгүй байна. Өмнөговь аймгийн Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тоот саналыг сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналд үндэслэн гаргасан тухай тус саналд дурджээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн тухай Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан байхад тус саналыг үндэслэн гаргасан дээд шатны хурлын шийдвэр, аймгийн Засаг дарга нарын санал нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 62.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.”, аймгийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “30.1.13 харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх, гэсэн тус тус заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцээд “Геофорс ресурс” ХХК-ын хэргийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 06 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Тухайлбал, Засаг дарга ашигт малтмалын өргөдөлд өгөх саналыг хэрхэн гаргах талаар тухайлсан зохицуулалт буюу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтыг хэрэглээгүй байна. Уг зүйлд “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байх бөгөөд Улсын Дээд Шүүхийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 тоот тогтоолын 10 дахь хэсэгт “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “ ...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Засаг дарга тусгай зөвшөөрөл хүсч ирүүлсэн талбай нь хуулийн дээр дурдсан зохицуулалтад хамрагдаж байгаа эсэх талаар сум, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авсны үндсэн дээр хариу өгөх үүрэгтэй болохыг тухайлан тодорхойлжээ.

“Геофорс ресурс” ХХК-ын гаргасан өргөдөлд дурдсан талбай нь Улсын Дээд шүүхийн дээрх тайлбарт дурдсан ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хориглосон, хязгаарласан эрх бүхий байгууллага талбайг нөөцөд тусгай хэрэгцээнд авсан талбайд хамаарч байгаа талаарх ямар нэгэн баримт хэрэгт  авагдаагүй, Засаг Даргын татгалзсан хариу нь хууль болон хуулийн холбогдох заалтыг тайлбарласан тайлбарын шаардлагад нийцээгүй, үндэслэлгүй гарсныг шүүх үнэлж дүгнээгүй байна. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйл (хурлын даргын нийтлэг бүрэн эрх)-ийн 22.1.12 (ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах, 30 дугаар зүйл (Аймаг, Нийслэлийн Засаг даргын нийтлэг бүрэн)-т  30.1.13 дахь хэсэг (харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх гэснийг тус тус хэрэглэсэн.

Дээрх зүйлүүд нь нэг талаас тухайн харилцааг шууд зохицуулсан хуулийн зохицуулалт биш, нөгөө талаас Аймгийн хурлын дарга болон Засаг даргын бүрэн эрхтэй холбоотой буюу заавал биелүүлэх үүргийн шинжийг агуулаагүй зохицуулалт гэж байна. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн өргөдөлд өгөх саналыг хэрхэн гаргах талаар тухайлан зохицуулсан, Засаг даргад үүрэг болгосон хэм хэмжээ гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тоот саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6/687 тоот мэдэгдлийн хариу саналыг дахин явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтын зарим хэсэгт үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

              Нэхэмжлэгч “Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тоот саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6/687 тоот мэдэгдлийн хариу саналыг дахин явуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон, харин хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс “....Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохдоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг биш аймгийн Засаг даргын саналыг харгалзан үзнэ ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжсэн шийдвэр гаргасан ч аймгийн Засаг дарга уг шийдвэрийг заавал тэр агуулгаар нь дэмжсэн шийдвэр гаргаж хэвээр батлах үүрэггүй...” гэж маргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 22.1.12-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга ... дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.13-д “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”,  19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”, 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл аймгийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар Ашигт малтмалын газарт санал хүргүүлэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэх, хэрэв татгалзсан тохиолдолд тэрхүү татгалзал нь хуульд нийцсэн байхыг шаардсан агуулгатай байна.

Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын газарт хүргүүлэх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх  хариу нь хүсэлт гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх Ашигт малтмалын газрын шийдвэрт нөлөөлөх буюу үр дагавар үүсгэхээр байх тул тэрхүү санал өөрөө үндэслэл бүхий байх буюу Засаг даргын санылн үндэслэл болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал нь хуульд заасан журамд нийцээгүй тохиолдолд тэрхүү саналыг үндэслэсэн Засаг даргын саналыг үндэслэл бүхий санал гэж үзэж боломжгүй байна.  

Дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “...сум...Хурлын болон ...Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногт төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэснээс үзвэл Аймгийн Засаг дарга нь энэ талаарх сумын Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн аль алиных нь саналыг авахаар байна. Түүнчлэн хэрэв Хурал болон Тэргүүлэгчдээс “зөвшөөрсөн” санал гаргасан байхад аймгийн Засаг дарга 30 хоногт багтаан ямар нэгэн санал хүргүүлээгүй бол Хурал, Тэргүүлэгчдийн “зөвшөөрсөн” саналыг зөвшөөрсөн гэж үзэх, харин аймгийн Засаг дарга нь Хурал, Тэргүүлэгчдийн зөвшөөрсөн саналаас эсрэг татгалзсан санал гаргавал тэдгээрийн саналд үндэслээгүй гэх нөхцөл байдалд хүрэх, хэрэв хурал, тэргүүлэгчдээс “татгалзсан” санал гаргасан байхад Засаг дарга эсрэгээрээ “зөвшөөрсөн” санал гаргавал мөн л “...хурал, тэргүүлэгчдийн саналд үндэслэх” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх, хэрэв хурал, тэргүүлэгчдээс “татгалзсан санал” гаргасан байхад аймгийн Засаг дарга 30 хоногт хариу өгөхгүй бол тэрхүү татгалзсан саналыг зөвшөөрсөнд тооцох, аймгийн ЗД-аас ИТХТ-ийн татгалзсан саналыг үндэслэл болгон татгалзсан хариу хүргүүлсэн тохиолдолд хурал, тэргүүлэгчдийн саналд үндэслэх гэсэн хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзэхээр байна.

Иймээс тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх аймгийн Засаг даргын саналын үндэслэл болж, үр дагавар үүсгэсэн шинжийг агуулж байх тул аймгийн Засаг даргын саналыг эс зөвшөөрч маргаж буй тохиолдолд тус саналын үндэслэл болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал нь хуульд заасан журмын дагуу гарч хүргэгдсэн эсэхэд зайлшгүй дүгнэлт өгөхөөр байна.

Нэхэмжлэгч “Геофорс ресурс” ХХК нь Өмнөговь аймгийн Ноён сумын Хар нэртэй 17680.87 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан бөгөөд тус хэлтсээс дээрх хуульд заасны дагуу Өмнөговь аймгийн Засаг даргаас санал авахаар албан бичиг хүргүүлсний хариуд хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргаас 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тоотоор хүргүүлсэн “...Ноён сумын нутаг дэвсгэрт өргөдлөөр хайгуулын зөвшөөрөл олгох санал авсан Хар нэртэй солбицол бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байна...” гэсэн санал үндэслэлгүй байна.

Учир нь, тусгай зөвшөөрөл хүссэн талбай байрлах Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “...хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжиж байгааг уламжилсугай...” гэж дэмжсэн санал гарсан байна. Гэтэл энэхүү сумын хурлын тогтоол гарахаас өмнөх өдөр буюу 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 46 тоот албан бичгээр “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн хайгуулын талбайнуудад тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дэмжихгүйгээр шийдвэрлэлэлээ...” гэсэн саналыг аймгийн Засаг даргад хүргүүлснийг үндэслэл бүхий санал гэж үзэх боломжгүй юм.

Тодруулбал, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал уламжилсан албан бичиг нь 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гарсан атлаа маргааш нь буюу 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэснээрээ үндэслэл бүхий байх боломжгүйн зэрэгцээ тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал гаргах байтал Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж санал гаргасан, түүнчлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал гаргах байтал аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал гаргасан нь тус тус дээр дурдсан хуулийн зохицуулалтуудад нийцээгүй байна.

 Хэдийгээр аймгийн Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр үйл ажиллагаанд хяналт тавих, засаж залруулах эрх хэмжээгүй ч цаг хугацааны хувьд болон хуульд заасан журмыг зөрчиж гарсан илэрхий үндэслэлгүй санал дүгнэлтүүдийг үндэслэл болгосон хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Ашигт малтмалын газарт хүргүүлсэн саналыг “үндэслэл бүхий санал” гэж үзэх боломжгүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолын 10 дахь хэсэгт “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “…татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж заажээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга нь тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талаар татгалзсан хариу өгөх эрхтэй хэдий ч тэрхүү татгалзсан хариу нь хуульд нийцсэн бодит үндэслэлийг агуулсан  байх учиртай байтал дээр дурдсан сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын Тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрүүдийг үндэслэсэн, тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь тусгай хэрэгцээ нөөцөд авсан болон хуулиар хориглосон талбайтай давхцалтэй эсэх талаар баримт нотолгоо зааж дурдаагүй байх тул Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 дугаар албан бичгээр Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргад хүргүүлсэн “нэхэмжлэгч хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал” нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан, гарсан цагаасаа хэрэгжих буюу үр дагавар үүсгэх чадамжгүй захиргааны акт байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин нэхэмжлэгч “Геофорс ресурс” ХХК-аас хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргад дахин санал явуулах талаар хандсан, Засаг дарга дахин санал явуулахгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй, ийм нөхцөл бүрдээгүй байх тул нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6/687 тоот мэдэгдлийн хариу саналыг дахин явуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “....Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.13-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тоот саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6/687 тоот мэдэгдлийн хариу саналыг дахин явуулахыг даалгах”-ыг хүссэн “Геофорс ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай..

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ