Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/88

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгч Д.Б*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч  М.Гансүх,

гэрч *******,

гэрч *******,

гэрч *******,

гэрч ******* нарыг оролцуулан 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д зааснаар Д.Б*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201618000366 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 19******* оны 03 дугаар сарын 09-нд Булган  аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, ******* настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2 эхнэрийн  хамт Сэлэнгэ аймаг, ******* сум 6 дугаар баг 12 дугаар байрны ******* тоотод оршин суух хаягтай, гэмт хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын харъяа салбарын эрхлэгч ажилтай байсан, улсаас “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Хүндэт гаальчин” тэмдгээр тус тус шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, Их мэргэд овогт Д Б*******, /РД:РЭ*******030932 /     

Холбогдсон хэргийн талаар, /яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Шүүгдэгч Д.Б******* нь 2015 оноос хойш Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын салбарын эрхлэгчээр ажиллах хугацаандаа Монгол Улсын хилийн боомтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасныг зөрчиж өөрийн охины нэр дээр бүртгэлтэй  “Гүн мөрөн” ХХК, Ш.Цэвээнравдангийн нэр дээр бүртгэлтэй “Орхон харбин” ХХК болон Д.Болдын нэр дээр бүртгэлтэй “Тайгын шанд” ХХК-иудын санхүүгийн тэмдгийг ашиглаж гаалийн хяналтын бүсэд бараа, материал импортлон оруулж ирж буй аж ахуй нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхдээ ачилт, буулгалтын ажил хийж, түүний төлбөр хэмээн нэг тээврийн хэрэгслээс 20.000 төгрөг бэлнээр хураан авч албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улмаар аж ахуй нэгж байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх ашигт үлэмж хэмжээний хохирол буюу бусдад нийт 15.247.000 /арван таван сая хоёр зуун дөчин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүхийн хэлэлцүүгээр тогтоогдсон нөхцөл байдлуудтай харьцуулан дүгнэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Б******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Намайг 2015 оны 01 дүгээр сараас эхлээд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэсэн.  Гэвч би 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажилд орсон. Монгол улсын Хилийн боомтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 2 дах заалтыг зөрчсөн гэж байна. Би ажилдаа орохдоо боомтоос зөвшөөрөл авах чиг үүрэг надад байхгүй. Гэвч 243 дугаар ангийн захирагч Энхсүх, албаны дарга Ганзориг, боомтын дарга Мөнхзолбоо нар боомт дотор “Орхон мөрөн”, “Тайгын шанд”, “Гүн мөрөн” гэдэг компаниуд ажиллаагүй гэсэн байдаг. Гэтэл прокурор ажилласан болгож яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Боомт дотор тухайн компанийн нэг ч ажилтан байгаагүй ...Би Монгол улсын хуулийн байгууллага, прокурор, шүүхэд хандаж байгаа нь бол гэм буруугүй болохоо тогтоолгохоор хөөн хэлэлцэх хугацааг дууссан хэргийг сэргээж өгөхөөр хүсэлт гаргасан. Улсын ерөнхий прокуророос миний хүсэлтийг харгалзан хэргийг сэргээсэн. Гэтэл прокурорын яллах дүгнэлт өмнөхөөсөө утга санаа нь зөрсөн байна. Намайг анх шалгахдаа “гаалийн үйлчилгээний хураамж гэж машин болгоноос 20,000 төгрөгийг хурааж байсан” гэж яллаж байсан. Гэтэл яллах дүгнэлт нь дээр “гаалийн үйлчилгээний хураамж” гэдэг үг байхгүй болсон байна.

Хоёрдугаарт “охиныхоо данс руу 20,000 төгрөгийг хийдэг байсан” гэж ялласан энэ үг нь бас байхгүй болсон байна. ...Хавтаст хэрэгт нийтдээ 25 компани байгаа үүнээс 4 компани нь учирсан хохирлоо нэхэмжилнэ гэсэн. 21 компани нь бид нарт хохирол учраагүй ингэж хүнийг хохироож болохгүй гэсэн байдаг. Би хавтаст хэрэгтэй танилцахад 528-н орлогын баримтыг 25 нь аж ахуйн нэгжээс цуглуулсан байдаг. Тухайн орлогын баримтуудыг үзэхээр тал хувь нь мөнгө тушаасан хүний гарын үсэггүй, мөнгө хүлээж авсан хүний гарын үсэг байхгүй. Зарим баримт нь зүгээр тамгатай тэгээд ямар ч гарын үсэг байхгүй байдаг. Тэгээд тухайн мөнгө өгсөн гээд байгаа хүмүүс нь гаальд мөнгө өгсөн дээрх нэр дурдагдсан компаниудад мөнгө өгсөн гэж мэдүүлээд байдаг. Мөрдөн байцаалтын шатанд нэг зүйл тогтоогдсон. Зуучлагч хийж байгаа хүмүүс “Орхон мөрөн”, “Тайгын шанд”, “Гүн мөрөн” гэх компаниудад өгсөн гэсэн атлаа өөрсдөө мөнгийг нь авсан байдаг. Цаад компаниудад тайлбарлахдаа гаальд мөнгө өгсөн гэж хэлдэг. Тийм учраас худлаа ярьж мөнгө шамшигдуулаад байдаг. ...Мөн тухайн мөнгө авсан баримтууд дээр музейд байдаг тамга ч дарсан. Үүнийг нотлох баримт гэж оруулж ирээд байна. Зуучлагч нарт өөрийн гэсэн хувийн тамга байдаг. Намайг энэ ажилд томилогдохоос өмнө тухайн асуудал 2002 оноос эхэлж явагдсан... аж ахуйн нэгжүүд нь өөрсдөө гуйж ачаагаа ачуулдаг байсан. Үүнийг би удаа дараа хэлж тайлбарласан ... Гаалийн ажилчдын барих гол журам бол Гаалийн журам байдаг. ...Гаалийн журам дээр байцаагч, ахлах байцаагч хоёр хянана гэж байдаг. Үүнийг бол надад шалгах эрх байхгүй. Гэтэл яллах дүгнэлт нь дээр намайг хяналт шалгалтын ажил хийдэг гэж бичсэн. Журам дээр зааснаар бол улаан гэрэл ассан тохиолдолд шалгана гэж байдаг. Энэ тохиолдолд ихэвчлэн эрэгтэй хүмүүс шалгадаг. Тийм учраас хүн хүч хүрэхгүй учраас хүн гуйлгаж ачаа зөөдөг. Гаалийн хяналт шалгалтын хажуугаар мэргэжлийн хяналт шалгалт хийдэг. Мэдээж хэдэн тонны ачаа оруулж ирж байгаа тохиолдолд хүнсний аюулгүй байдал гэх зэргээр шалгахад хугацаа ордог тул ачааг заавал гадны хэн нэгнийг дуудаж ачаа өргүүлдэг. Гэхдээ зөвхөн зуучлагч нар л дамжуулж өгдөг. Тэрнээс хүний ачаанд дураараа хүрэхгүй. Манай охины нэр дээр байдаг компани үйл ажиллагаа явуулсан гэж байна. Би үүнийг мэдсэнийхээ дараа охиноо боль гэж хэлсэн. Дээр дурдсан компаниуд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Үүнийг ч боомтын дарга, хилийн цэргийн дарга нар хэлдэг. Гэтэл прокурор үүнийг гүтгээд байдаг. Би үүнийг шалгуулахаар удаа дараа хүсэлт тавихад хүлээж аваагүй. Ачааны зуучлагч болон ачааны эзэн хэнээр ачаа буулгаж янзлуулах нь өөрсдийнх асуудал би тэрийг хянаж байх эрх ч надад байхгүй, шаардлага ч байхгүй...” гэжээ,              

Хохирогч Д.Бэлгүтэгийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мэдүүлэгч этгээд нь  гаалийн харилцаанд оролцож байх явцдаа гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний  хураамжийг төлдөг. Хураамжийн хэмжээг үйлчилгээний  зардлыг харгалзан Гаалийн ерөнхий газрын дарга баталдаг. Аливаа хураамжийг улсын төсөвт төвлөрүүлдэг юм. Гаалийн үйлчилгээний  хураамж гэдэг нь гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгсэлд бүрдүүлэлт хийхэд үйлчилгээний хураамж төлдөг үүнд нь үндсэн мэдүүлэг бүрт 7000 төгрөг, нэмэлт мэдүүлэг бүрт 1200 төгрөг тус тус төлдөг. Гаалийн байгууллагаас  ямар ачилт буулгалтын хөлс гэж  авах ёсгүй. Ачаа бараа овор хэмжээ ихтэй зайлшгүй 2-3 хүнээр өргөж буулгаж  шаардлагатай гэж үзвэл мэдүүлэгч өөрөө хүнээ олоод ачих буулгах асуудлыг хариуцдаг. Түүнээс гаалийн байгууллага нь үүнд ямар ч хамаагүй.  Болохгүй, үүнийг хилийн боомтын тухай хуулиар зохицуулсан  байгаа. Хэрвээ аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа  явуулахдаа  эрх бүхий байгууллагаас  зохих зөвшөөрлийг тодорхой хугацаатайгаар авах ёстой. салбар дээр ингэж мөнгө авдаг байсан талаар өмнө нь мэддэггүй байсан. Танайхаас  ирсэн албан бичигтэй танилцаад мэддэг болсон.  Энэ угаасаа буруу гаалийн  бүсэд ингэж дарга ч бай, ажилтан албан хаагч нар ч хамаагүй хэн ч ийм үйлдэл хийж, гаалийн байгууллагын нэр барьж ард иргэдээс  мөнгө шулж болохгүй. Энэ бол шууд хууль бус үйлдэл бөгөөд албан тушаалаа ашиглаж мөнгө олж байна гэсэн үг юм.  Гаалийн ерөнхий  газрын дарга 2013 оны  199 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад заагдсан хураамжаас  бусад ямар ч төрлийн хураамж авах ёсгүй. Хэрвээ  тийм байдлаар хураамж авсан байдаг бол энэ нь хууль  зөрчиж байгаа хэлбэр юм...” гэсэн/1-р хх-ийн 89-92 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн автозамын боомтоор 2015 оноос 2016 оны хооронд бараа материал оруулж ирсэн аж, ахуйн нэгж байгууллагуудаас ачилт, буулгалтын хураамж төлсөн баримтын жагсаалт, мөрдөгчийн гаргасан хохирлын тооцоо /1-р хх-ийн 94-96 дугаар тал/

Гэрч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай компани   боомтоор хүнсний бүтээгдэхүүн болох өндөг импортлохдоо гаалийн татвар, бүрдүүлэлт хийхээс  гадна ачилт буулгалтын мөнгө гэж  1 машинаас  20.000 төгрөг бэлнээр тушаадаг.  Манай гэрээт төлөөлөгч Оюунчимэг нь  хэлэхдээ гааль мэдүүлсэн барааг шалгаж, дотор бараа үнэн зөв байгаа эсэхийг шалгахаар тээврийн хэрэгслийн чингэлэгт байгаа бараанаас  буулгаад буцаагаад ачдаг учраас 1 машинаас 20.000 төгрөг авдаг гэж хэлсэн. Сэлэнгэ аймагт манай ХХК-нийн гэрээт  төлөөлөгч Оюунчимэг хариуцаж ажилладаг учраас мөнгө хураалтын талаар сайн мэдэж  байгаа.  Мөнгө хураалгасан баримт ордер баримтыг Оюунчимэг ирүүлдэг. Ачилт буулгалтын мөнгө тушаасан орлогын баримтууд нь манай  санхүүгийн баримтанд байгаа учир би гаргаж өгье. 2013 оноос эхлэн ачилт буулгалтын мөнгө  гэж 1 машинаас  20.000 төгрөг  авах болсон. Бид түүнээс хойш  Сэлэнгэ аймгийн боомтоор  ачаатай  машин орж  ирэх болгонд 1 машинд 20.000 төгрөг төлсөөр ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98 дугаар тал/

Гэрч Ц.Цогтгэрэлийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тиймээ нэг машинаас 20.000 төгрөг авдаг байсан.  Манайх ОХУ-аас  зөвхөн өндөг  л оруулж  ирдэг өөр төрлийн  бараа ОХУ-аас  оруулж ирдэггүй.   Харин өнгөрсөн оны ******* дүгээр сараас  эхлээд Польш улсаас  жимс оруулж ирж байгаа. Тэр боомтоор орж ирж байгаа. Нэг төрлийн бараа тэгээд  рентгенээр  орсон ачааг дахин үзэх нэрийдлээр  ачилт буулгалтын мөнгө гэж  машин тус бүрээс 20.000 төгрөг авдаг.  Манайх өгөх ёстой юм байх гэж ойлгоод л өгөөд явдаг. Уг нь гаалийн бүрдүүлэлтийн зардал гээд авдаг л даа. Ачилт буулгалтын 20.000 төгрөг  нь  авах ёстой  үгүйг мэдэхгүй байна. Өгөх ёстой гээд нэхэхээр нь өгдөг юм. Намайг “Окинск” ХХК-ийг төлөөлүүлж иргэний нэхэмжлэгчээр томилж байна гэж ойлголоо. Намайг ч  манай  захирал тус компанийг төлөөлүүлж  оролцуулж байгаа. Тиймээс буруутай этгээдээс  даарх мөнгөн дүн болох 1.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрвээ хилийн боомт дээр  илүү мөнгө аж ахуйн нэгжүүдээс хураадаг байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдож, түүнийг шүүхээр  шийдвэрлэж буруутай этгээдээс, илүү тушаасан мөнгө болох 1.600.000 төгрөгийг  нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100 дүгээр тал/

Бичиг баримт хураан авсан тухай тэмдэглэл, хуулбарууд /1-р хх-ийн 101-123 дугаар тал/

Гэрч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тиймээ нэг машинаас 20000 төгрөг гэж тогтмол тушаадаг байсан. Бид нар ойлгохдоо тушаах ёстой юм байх гэж бодоод тушаадаг байсан. Хил дээр ирээд рентгенээр орсон ачааг хаалгыг онгойлгож харчихаад ямар ч ачаа, барааг буулгаагүй байж ачилт, буулгалтын мөнгө гэж 1 машинаас 20000 төгрөг авдаг компаний зүгээс ч гэсэн хэл амны нэмэр гээд цаг алдахгүйн тулд хурдан өгөөд явдаг. Хил дээр манай компанийг төлөөлөөд гаалийн бүрдүүлэлт хийж өгдөг юм. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн ачилт буулгалтын 20000 төгрөгийг төлөөд гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримттай хамт манайх компани руу явуулаад бид дансаар мөнгийг нь шилжүүлдэг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125-126 дугаар тал/

Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, баримтын хуулбарууд /1-р хх-ийн 127-170 дугаар тал/

Гэрч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... боомт дээр манай компанитай гэрээгээр ажиллаж  байгаа гаалийн бүрдүүлэлт хийдэг компани байдаг тэр компаний хүмүүс нь манай  ачаа барааны  бүрдүүлэлтийг  хийгээд манайх руу  утсаар татвар болон бусад гаалийн зардлыг хэлдэг түүний  дагуу гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэний  данс  руу шилжүүлдэг. Түүний  дараагаар  манайх руу  холбогдох бичиг баримтуудаа явуулдаг юм. Гааль дээр ачаа бараа ачуулж  буулгасан гэх 3 ширхэг бэлэн мөнгөний баримт манай санхүүгээс гарсан. Өөр баримт байхгүй байна лээ. Манай нөгөө нягтлан шүүгээд “Гүн мөрөн” ХХК-ний санхүүгийн тамгатай 3 ширхэг бэлэн мөнгөний  орлогын ордер байсан өөр баримт байхгүй байгаагүй. Миний хувьд тодорхой  сайн мэдэх зүйлгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-172 дугаар тал/

Худалдаа үйлчилгээний РЕАКТИВ ХХК-ний “Манай компани 1997 оноос хойш Сэлэнгэ аймгийн боомтоор гаалийн бүрдүүлэлт хийж байгаа бөгөөд машин орж ирэх болгонд ачилт буулгалт болон үзлэгийн хураамж гэж 20.000 /хорин мянган/ төгрөг байнга төлдөг. Энэхүү төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн машиныг гаалийн хашаанаас  гаргадаггүй” гэсэн тодорхойлолт /1-р хх-ийн 173 дугаар тал/

Санхүүгийн баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 174-175 дугаар тал/

Гэрч 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 он гарсаар энэ асуудал яригдаж эхэлсэн  бөгөөд үзсэн машинаасаа 20.000 төгрөг авдаг болсон.  Гаалийнхан өөрсдөө тайлбарлахдаа  гаалийн байцаагчийн  хяналт дор онцгой татвартай барааг заавал үзэх ёстой гэж тайлбарлаж  байсан. 20.000 төгрөгийн мөнгөний баримт дээрээ болохоор ачилт буулгалтын үнэ гэж бичсэн байдаг. Нэхэмжлэхгүй учир нь  жилийн эцсийн тайлан бланс гарсан байгаа учир тайлан блансад дахин засвар хиймээргүй байна. Захиралдаа  энэ талаар мэдэгдсэн захирал нэхэмжлээд хэрэггүй, тэгээд ч хууль шүүхийн  байгууллагад дуудагдахыг хүсэхгүй байна. Би компаниа төлөөлөөд оролцож байгаа тул дээрх мөнгөн дүнг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-178 дугаар тал/

Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 179-185 дугаар тал/

Гэрч 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Машин бүрээс 20.000 төгрөг авсан талаар гаалийн зуучлагч маань ачилт буулгалтын үнэ гэж авсан 20.000 төгрөгийн баримтын нэг хувийг манайх руу  явуулдаг байсан. Нийтдээ 77 ширхэг баримт байгаа бөгөөд нийт 1.620.000 төгрөгийн  баримт манай дээр байна. Танай газарт уг баримтыг үндсэн баримтуудаас ялгаж хуулбарлаад санхүүгийн тэмдгээр баталгаажуулж өгсөн. Дээрхи мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Энэ талаар  компанийн удирдлагад танилцуулсан, хуулийн зөвлөх ч гэсэн хууль бус үйлдэл юм бол нэхэмжилэх нь зүйтэй гэж надад хэлсэн тиймээс 1.620.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187-188 дугаар тал/

Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, баримтын хуулбарууд /1-р хх-ийн 189-217 дугаар тал/

Гэрч 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хааяа авдаг байсан манайх жимс оруулж ирдэг болохоор хөргүүртэй машинаар тээвэрлэлт хийдэг тул ачаа барааг буулгаж ачаад байвал муудах аюултай юм.  Тиймээс хурдан шалгуулаад явахыг боддог. Санхүүгийн  баримтаа шүүж үзэхэд 9 ширхэг 180.000 төгрөгний  “Гүн мөрөн”, “Орхон харбин” гэсэн санхүүгийн тамгатай  нэртэй компаний бэлэн мөнгөний баримт ч гарч ирсэн. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр танайхаас хүн ирээд үзлэг хийгээд хуулбарлаж авсан. Одоо миний ойлгож байгаагаар бол авах ёсгүй мөнгийг боомт дээр  хураалгаж байсан  юм гэж ойлголоо цаашид өгөхгүй байх ёстой юм байна. Гэхдээ энэ илүү төлсөн 180.000 төгрөгийг манай компани нэхэмжлэхгүй ээ. Учир нь тайлан мэдээ гараад үдэгдсэн байгаа дахин өөрчлөх боломжгүй тэгээд ч 180.000 төгрөгийн   араас дахин дахин  нааш цааш явахыг хүсэхгүй байна...” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 219-220 дугаар тал/

Худалдаа үйлчилгээний “Алтан халбага” ХХК-ний тодорхойлолт /1-р хх-ийн 221 дүгээр тал/

Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, баримтын хуулбарууд /1-р хх-ийн 222-228 дугаар тал/

Гэрч 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Авдаг байсан болоод манайх руу бэлэн мөнгөний баримтыг явуулсан байх тухайн гаалийн зуучлагч манай өмнөөс мөнгийг өгөөд баримтын дагуу  манайх дараа нь харилцах дансаар  нь гаалийн зуучлагч руу мөнгийг шилжүүлдэг юм.  Дээрх мөнгөн дүнг нэхэмжлэхгүй ээ.  Яагаад гэхээр  хэрвээ нэхэмжилнэ гэвэл хууль, шүүхийн байгууллагаас  дуудах  байх гэж бодож байгаа тул ажил төрлийн байдлаас  болж дахин дуудагдаж ирж чадахгүй тул нэхэмжлэхгүй гэж байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 231-232 дугаар тал/

Бичиг баримт хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 233-239 дүгээр тал/

Гэрч 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Зарим тохиолдолд авдаг байсан нэг машинаас  20.000 төгрөг авдаг гэж байсан. Гаалийн зуучлагч  авсан 20.000 төгрөгийн баримтаа  манайх руу хамт явуулдаг. Тэр нь  тайлан мэдээнд хавсрагдаад явдаг.  Нийтдээ 18 удаагийн 380.000 төгрөг төлсөн баримт манайд байгаа. 380.000  төгрөгийг  нэхэмжлэхгүй  ээ. Учир нь тайлан бланс гаргаад 380.000 төгрөг нь  зарлага гээд гарч  энэ талаар тайланд тусгаад  архивласан байгаа болохоор дахиж  өөрчлөх боломжгүй . Тэгээд  явдлын нэмэр байх гэж бодож байна. Тиймээс дээрх мөнгөн дүнг  нэхэмжлэхгүй...” /1-р хх-ийн 240-241 дүгээр тал/ гэсэн мэдүүлэг,

Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 242-оос 2-р хх-ийн 01 дүгээр тал хүртэл/

Гэрч 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тиймээ тийм мөнгө авдаг нэг машинаас  20.000 төгрөг авдаг гээд манай зуучлагч мөнгөний баримтуудыг манай руу явуулдаг бид тайлан мэдээндээ  тусгадаг. Авах ёстой  юм байх гэж ойлгоод төлөөд явдаг. 2015-2016 он нийлээд  25 ширхэг  бэлэн мөнгөний баримт байдаг бөгөөд нийтдээ *******0.000 төгрөг манай компани нь ачилт буулгалтын үнэ гэж төлсөн байна. Үүнийг баримтаар нь ялгах юм бол 40.000 төгрөгийн  2 ширхэг  20.000 төгрөгийн  23 ширхэг баримт байна. Мөн “Орхон харбин” гэсэн санхүүгийн тэмдэгтэй  5 ширхэг “Гүн мөрөн” ХХК-ний  санхүүгийн тэмдэгтэй  20 ширхэг бэлэн мөнгөний баримт манай дээр ирж санхүүгийн баримтад үдэгдсэн байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 3-4 дүгээр тал/

Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, баримтын хуулбарууд /2-р хх-ийн 05-31 дүгээр тал/

Гэрч Т 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай компани боомтоор хүнсний бүтээгдэхүүн  импортлохдоо гаалийн татвар, бүрдүүлэлт хийхээс гадна ачилт буулгалтын 1 машинаас  20.000 төгрөг тушаадаг. Яагаад ингэж хураалгаж байгаа талаар мэдэхгүй байна. Сэлэнгэ аймагт  манай  ХХК-ний  гэрээт төлөөлөгч Байгалмаа хариуцаж ажилладаг учраас мөнгө хураалтын талаар мэдэж байгаа. Мөнгө хураалгасан баримт ордер  баримтыг Байгалмаа  ирүүлдэг.  Нийт хэчнээн удаа  20.000 төгрөг хураалгасан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-35 дугаар тал/

Гэрч 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ талаар  мэдээгүй  байсан чинь тэгтэл Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас  явж байна гээд 2 хүн ирээд манай санхүүгийн баримтад байсан 2 ширхэг баримтыг хуулбарлаж аваад явсан уг баримтыг  харахад  20.000 төгрөгийн нийтдээ 40.000 төгрөгийн   баримт байсан өөр баримт бол байгаагүй ээ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40-41 дүгээр тал/

Бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 42-44 дүгээр тал/

Гэрч Л.Мөнхсайханы 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тиймээ  төлж байсан.  Ачилт буулгалтын хөлс гэж  20.000 төгрөг нэхдэг түүнийг нь өгөх ёстой  юм байх гэж бодоод хэл үггүй  өгдөг юм.  Нийтдээ 25 ширхэг баримт манай  санхүүгийн  баримтад байгаа бөгөөд нийтдээ  500.000 төгрөг   хилийн боомт дээр ачилт  буулгалтын үнэ хөлс  гэж тушаасан байгаа нь  баримтаар харагдаж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 47-48 дугаар тал/

Санхүүгийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 49-53 дугаар тал/

Гэрч Г.Гансүрэнгийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тиймээ гаалийн бүрдүүлэлтийн зардлаас  гадна ачилт  буулгалтын  үнэ гэж  20.000 төгрөг боомт дээр  тушаадаг байсан юм. “Орифлейм монгол” гаалийн бүрдүүлэлтийг  манай компани  хийж байгаа ч  гэсэн  тус компанитай  гэрээгээр ажилладаг тул  “Орифлейм монгол” ХХК-ний  гаалийн бүрдүүлэлт хийсэн ажлын үнэнд тус 20.000 төгрөг ороод  явж байгаа тул манай компани  хохирогч байгаа гэж үзэж болно. Тиймээ төлж байсан 40.000 төгрөгний  3 ширхэг баримт, 20.000 төгрөгийн  33 ширхэг нийтдээ 780.000 төгрөгийн баримт  байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-56 дугаар тал/

Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 57-69 дүгээр тал/

Гэрч Т.Гэрэлчимэгийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тиймээ манай компани бол машин болгоноос тогтмол төлдөг. Манай компанийн санхүүгээс гаргасан тооцоогоор  явсан бүх машины он сар өдөр тээврийн хэрэгслийн дугаар зэргийг нарийн гаргаж  өгсөн байгаа. Учир нь манайд ачилт буулгалтын мөнгө тасалсан мөнгөний баримт  өгдөггүй байсан юм байна лээ.  Өгсөн гэх баримт нь  үзлэг хийгээд гарч ирсэн 10 ширхэг баримт  байгаа юм. Түүнээс тооцоо гаргасан энэ мөнгөн  дүнг бол яг боомт  дээр хураалгасан мөнгөн дүн юм. Одоо тэгээд санхүүгийн баримт байхгүй нотлох  баримтгүй гэж байгаа бол тэр л биз дээ. Компанийн дотоод санхүүгийн тайлангаар  ийм дүн гарч байгаа юм аа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 73-74 дүгээр тал/

Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 75-78 дугаар тал/

Гэрч Д.Болорцэцэгийн 2017 оны 03  дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тус компани нь 2015 онд  үүсгэн байгуулагдсан бөгөөд  2015 оны  07 дугаар сараас эхлэн  үйл ажиллагаа явуулсан бөгөөд  2015 онд  3 удаа  2016 онд 10 гаран удаагийн тээвэрлэлт  хийсэн байгаа.  Тиймээ  манай компани 7  удаа  140.000 төгрөг төлсөн байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80-81 дүгээр тал/

Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 82-89 дүгээр тал/

Гэрч Б.Чанцалдуламын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 7 хоногт 1-2 удаа   тус боомтоор ачаа тээвэрлэлт  орж ирдэг бөгөөд  багадаа 1 удаа  тээвэрлэлт хийдэг.  Нэг төрлийн бараа буюу  зөвхөн өндөг л оруулж ирдэг. Тийм ээ төлдөг. Яг 20.000 төгрөг биш 40.000 болон  90.000 төгрөг авдаг. Харин тиймээ манай ачааг буулгаад байдаггүй  атлаа ачилт буулгалтын  мөнгө гэж авдаг  авах ёстой гэж  гэж манай гаалийн зуучлагчид  хэлдэг юм байна лээ. Тэгээд өндгөө муудах вий гэхээс сэргийлж  хурдан өгөөд л цааш  явахаа боддог гэж  байсан. Ачилт буулгалтын  мөнгө гэж  авсан баримтуудыг  гаалийн зуучлагч манайх руу явуулдаг. “Орхон харбин” ХХК-ний  санхүүгийн тэмдэгтэй 90.000 төгрөгийн  3 ширхэг квитанц, “Гүн мөрөн”ХХК-ний  90.000 төгрөгийн  12 ширхэг, 40.000 төгрөгийн  1 ширхэг, “Тайгын шанд” ХХК-ний 20.000 төгрөгийн  3 ширхэг 40.000 төгрөгийн  1 ширхэг, нийтдээ 1.490.000 төгрөгийн баримт манай санхүүд хадгалагдаж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 92-93 дугаар тал/

Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 94-105 дугаар тал/

Гэрч П.Оролмаагийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг ажилд орсноос хойш ачилт буулгалтын  зардал  20.000 төгрөг гэж  тогтмол авагддаг. Ачилт буулгалтын 20.000 төгрөгөнд тасалж өгч байгаа  квитанц  нь өөрөө  албан ёсны  компанийн санхүүгийн тэмдэгтэй байдаг тул  авах  ёстой юм тогтмол зардал гэж ойлгоод  төлөөд явдаг байсан. “Орхон харбин” ХХК-ний  20.000 төгрөгийн   2 ширхэг 40.000  төгрөгийн 2 ширхэг, “Гүн мөрөн”ХХК-ний 20.000  төгрөгийн  15 ширхэг, 40.000 төгрөгийн 6 ширхэг, 60.000 төгрөгийн 1 ширхэг, “Би жи Жей Би” ХХК-ний  20.000 төгрөгийн  3 ширхэг баримт, “Ханбүргэдэй ерөө” ХХК-ний  40.000 төгрөгийн  1 ширхэг,  баримт, “Ланд бридж”ХХК-ний  40.000 төгрөгийн 1 баримт,   дахь гаалийн салбар гэсэн 20.000 төгрөгийн 1 баримт нийтдээ  880.000 төгрөгийн  32 ширхэг баримт манай квитанзны нэг хувь нь ирдэг бөгөөд манай санхүүгийн баримтад хавсаргасан байгаа...” гэх мэдүүлэг  /2-р хх-ийн 107-108 дугаар тал/

            Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 109-127 дугаар тал/

Гэрч Ц.Болормаагийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... боомт дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн 20.000 төгрөгийн 6 ширхэг  квитанц байна лээ. Нийтдээ  120.000 төгрөг болж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 129 дүгээр тал/

Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 131-137 дугаар тал/

Гэрч Б.Очгэрэлийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тийм ээ авдаг. Ачилт буулгалт гэж нэг машинаас 20.000 төгрөг аваад квитанц бичиж өгдөг. Тэр квитанцууд нь манай санхүүд байгаа. Манай  компаниас  2015-2016 оны хооронд 18 ширхэг квитанц тасалж 420.000 төгрөг авсан байна.  Манайх ч энэ талаараа тайлан мэдээндээ тусгаад явж байна. Уг 420.000 төгрөг гэж хаяхгүй нэхэмжилмээр байвч дахин дахин  дуудагдаж чирэгдэл болох вий  420.000 төгрөгөөсөө илүү цаг санхүүгээр хохирох вий гэхээс сэрэмжлэх үүднээс нэхэмжлэхээс татгалзаж байна. Буруутай этгээдийн үйлдлийг өөхшүүлж энэ мэт шалтгаанаар татгалзаад байвал улам л даврах байх даа. Хэрвээ буруутай этгээдээс энэ мөнгийг гаргуулах юм бол улсын орлого болгоорой гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 139-140 дүгээр тал/

            Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 141-146 дугаар тал/

Гэрч Г.Баярцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тиймээ төлдөг. Машин бүрээс  ачилт буулгалтын хөлс гэж  20.000 төгрөг авдаг юм.  Ачааг буулгаад  буцаагаад ачаад байхаар  тэгж үздэггүй  гэсэн тэгсэн атлаа  ачилт буулгалтын мөнгө гээд авдаг.  Санхүүгийн тайлан болон  анхан шатны  баримтанд танайхаас  ирж үзлэг хийгээд явахад хамт  тоолж үзсэн чинь  ачилт буулгалтын  баримт 20 ширхэг буюу  бүх баримт нь  20.000 төгрөгийнх  бөгөөд нийтдээ  400.000 төгрөг боомт дээр тушаасан байна.  Санхүүгийн анхан шатны баримт болох  квитанцуудыг хуулбарлаж авсан байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 148-149 дүгээр тал/

Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 150-1******* дугаар тал/

Гэрч  У.Анхбаярын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай компани ачаа  бараа боомт дээр гаалийн бүрдүүлэлт хийдэг хүн  байдаг ачаа барааг хэрхэн яаж шалгадаг талаар сайн мэдэхгүй байна.  Гаалийн зуучлагч холбогдох зардлын баримтуудыг гаргаад манайх руу  явуулдаг түүнд  нь ачилт буулгалтын хөлс гээд 20.000 төлсөн бэлэн мөнгөний  баримт ирдэг. Манай компани дээр 20.000 төгрөгний   9 ширхэг баримт байна. Нийтдээ 180.000 төгрөг ачилт буулгалтын үнэ  гэж төлсөн байна лээ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 160-161 дүгээр тал/

Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 162-165 дугаар тал/

Гэрч Т.Шинэсарын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ачаа бараа тээвэрлэсэн 2015 онд 71 удаа, 2016 онд 83 удаа нийтдээ 154 удаа ачаа бараа хилийн боомтоор 2015-2016 онуудад ачаа оруулж ирж байсан.  20.000 төгрөгөөр 13 удаа,  40.000 төгрөгөөр 1 удаа, 60.000 төгрөгөөр 2 удаа нийтдээ 16 удаагийн баримтаар 420.000 төгрөг боомт дээр тушаасан байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 167-168 дугаар тал/

                Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 169-191 дүгээр тал/

Гэрч Т.Мөнхжаргалын 2017 оны  03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тиймээ ачилт буулгалтын үнэ гэсэн гүйлгээний утгатай  20.000 төгрөгний бэлэн мөнгөний орлогын тасалбар баримт гаалийн бүрдүүлэлт бидэн лүү явуулдаг. Түүнийх нь дагуу  зарлага дээрээ  тусгаад тайлагнаад явж байгаа.  Нэг  машинаас  20.000 төгрөг авдаг.  2015-2016 онуудад манай компани дээр ирсэн бэлэн мөнгөний  санхүүгийн баримтаар тооцож үзэхэд  57 ширхэг баримт буюу  1.225.000 төгрөгний  санхүүгийн баримт  байна. Уг баримт танайхаас  ирж үзлэг  хийгээд  хуулбарлаж авсан байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 207-208 дугаар тал/

Санхүүгийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 210-250 дугаар тал/

Гэрч М.Дамдинхоролын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Б******* гэж нөхөр рентгенээр орсон бүх автомашинуудаас давхар ачаа бараа буулгаж түүндээ гаалийн үйлчилгээний төлбөр хэмээн 20000 төгрөг авдаг байсан байна лээ. Гаалийн бүрдүүлэлтээр гаалийн хураамж 10000 төгрөг авсан атал Д.Б******* давхардуулж авдаг байсан нь илэрсэн энэ асуудал бүр заншил болсон байсан. Энэ нь шууд хууль зөрчиж байгаа хэлбэр юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 121-123 дугаар тал/

Гэрч Э.Ганзоригийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ талаар мэдээгүй. Манай үйл ажиллагаанд яг бүрэн утгаараа бол хамааралтай биш. Учир нь гаалийн бүрдүүлэлт хийж байгаа иргэн, аж ахуйн нэгж нөгөө талдаа гаалийн хураамж гэж авч байгаа гаалийн байгууллага 2 маань хэн нь хэндээ хэдэн төгрөг өгч байгаа нь манай албанд шууд утгаараа хамааралтай биш. Харин тухайн боомтод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж  байгууллагуудын үйл ажиллагааны онцлог зөвшөөрөл хэрхэн яаж үйл ажиллагаа явуулж байгаа зэрэгт нь хяналт тавьж ажилладаг юм. “Гүн мөрөн”, “Орхон харбин” ХХК-иуд нь албан ёсны зөвшөөрөл аваагүй. Ийм нэртэй компани сонсоогүй юм байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 124-125 дугаар тал/

Гэрч С.Чулуунбатын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 20000 төгрөг авч байсан гэдгийг нь мэднэ. Энэ болохгүй хуулиар хориглосон хэм хэмжээ юм. Өөрт нь энэ үйл ажиллагаа чинь болохгүй шүү гэж анхааруулж хэлэхэд Д.Б******* бүх юм хуулийн дагуу явж байгаа аж ахуйн нэгж байгуулаад татвараа төлөөд явж байгаа гэж хэлсэн. Бид иргэд аж ахуйн нэгжээс 20000 төгрөг хураах ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 126-127 дугаар тал/

Гэрч *******ын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг машинаас 20000 төгрөг ачаа буулгаж буцаан ачсаны хөлсөнд авдаг. Өдөрт дунджаар 3-4 машины ачаа буулгана заримдаа машин их байна заримдаа огт машингүй ч үе байна. Ачааны эзнээс бэлнээр 20000 төгрөг авч Гүн мөрөн ХХК-ний нэртэй квитанц тасалж өгдөг. Тэгээд бэлнээр хурааж авсан 20000 төгрөгийнхөө 8000 төгрөгийг ачигч нар аваад 12000 төгрөгийг салбарын эрхлэгч Д.Б*******ын төрсөн охин Халиунаагийн Гүн мөрөн ХХК-ний Хаан банкны 5692053796 тоот харилцах данс руу хийдэг байсан. Д.Б******* дарга албаны 62-53 СЭҮ улсын дугаартай Старекс маркийн бага оврын автобус Сэлэнгэ хоёрын хооронд унадаг бөгөөд тэр машинд нь заримдаа шатахуун хийж өгдөг. ******* ах бид хоёр 7 хоногоор ээлжилж машиныг нь барьдаг байсан юм. Өглөө оройдоо байцаагч нараа зөөгөөд өдөр нь Д.Б******* эрхлэгч хамт жолооч хийж явдаг байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 130-133 дугаар тал/

Гэрч *******гийн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Жолооч ******* ******* 2 бидэнд квитанц өгч ачаанд оруулдаг байсан. Гэхдээ тэр хоёрын мэддэг ч гэж юу байх вэ мэдээж хэрэг Д.Б******* дарга л тийм үүрэг өгнө шүү дээ. Тэр хүн зөвшөөрөл өгөөгүй байхад нь хэн нэгэн тэгж дураараа аашилж хүний ачаа бараанд орохгүй шүү дээ. Гаалийн байцаагч нар болоод гаалийн зуучлагч нар шалгаж байгаа тээврийн хэрэгсэлд нь ачигч хэрэг болоод дуудсан үед нь бид нар орно л доо. Ямар машиныг шалгаад ямрыг нь шалгадаггүй юм мэдэхгүй. Бид нарын хувьд гэвэл зүгээр л хий гэснийг нь хийгээд явдаг нэг машины ачаа барааг буулгаад 20000 төгрөг аваад жолооч болон ачааны эздэд 20000 төгрөгийн квитанц тасалж өгөөд 20000 төгрөгөөс 8000 төгрөгийг нь аваад үлдсэн 12000 төгрөгийг ******* юм уу ******* 2-ын аль нэгэнд өгдөг...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 134-135 дугаар тал/

Гэрч Т.Лувсаншаравын 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... боомтын эрхлэгч Д.Б******* 2 жолоочоороо дамжуулж бэлэн мөнгөний ордер буюу квитанц өгдөг байсан. Яах зориулалттай вэ гэхээр хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр ОХУ-аас ачаа ачиж орж ирсэн тээврийн хэрэгслүүд ачаа барааг буулгаж гаалийн байцаагч нарт шалгасны дараагаар ачигч нар ачаа барааг нь ачиж өгдөг түүний хөлс гээд нэг машинаас 20000 төгрөг авдаг байсан тэгээд *******, ******* 2 жолоочийн өгсөн бэлэн мөнгөний баримтыг тасалж нэг хувийг нь ачааны эзэнд өгөөд нэг хувийг нь авч үлддэг байсан юм. Ер нь бол ачигч нар бид чинь мэдлэг боловсрол нимгэнтэй хүмүүс тэгж ачаа бараа буулгаж болдог болдоггүйг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 137-138 дугаар тал/

Гэрч *******ын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн ачааны эзэн бэлнээр 20000 төгрөг тухайн ачиж буулгасан ачигчид өгдөг юм. Тухайн ачигч бэлэн мөнгөний баримт тасалбар тасалж өгдөг. Халиунаа гэж захиралтай Гүн мөрөн ХХК-аас тасалбар өгдөг юм. Нэг авахдаа нэг багц буюу  100 ширхгийг өгдөг. Манай нөгөө ээлжийн жолооч ******* бид хоёр 7 хоногоор ээлжлээд боомт дээр ажилладаг юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 140-142 дугаар тал/

Гэрч Ч.Мөнхзолбоогийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд мэдэх зүйл алга байна. Цагдаа нар ирээд надаас байцаалт мэдүүлэг авах үед мэдсэн. Дээрх компаниуд нь ямар нэгэн байдлаар надаас зөвшөөрөл авч байгаагүй. Би зөвшөөрөл өгдөг эрх бүхий албан тушаалтан биш, Д.Б******* нь надтай уулзаад Ганбаатар гэж манай дүү байгаа юм хилээр бараа зөөж байгаа компаниудтай гэрээ байгуулан бараа буулгах ажил хийх гэж байгаа гэж хэлэхээр нь би зөвшөөрлөө аваад ирэх юм бол болно гэж хэлж байсан. Түүнээс хойш ямар нэгэн зөвшөөрөл ирээгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 146-147 дугаар тал/

Гэрч С.Энхсүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний мэдэх зүйл алга байна. Надад дээрх компаниуд нь зөвшөөрөл авахаар ямар нэгэн байдлаар хандаагүй. Дээрх компаниуд нь үнэхээр боомтод үйл ажиллагаа явуулсан бол Хил хамгаалах ерөнхий газраас албан ёсны зөвшөөрөл авах ёстой ба бид тэр зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах 30-90 хоногоор зөвшөөрлийг олгоод түүндээ хяналт тавьж сунгах эсэхийг нь шалгаж мөн үйл ажиллагааг нь давхар шалгана...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 148-149 дүгээр тал/

Гэрч Д.Болдын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын эхээр шиг санагдаж байна.....манай компаний нэр дээр ачилт буулгах ажил хийгээд 1 машинаас 20000 төгрөг аваад түүний 12000 төгрөгийг нь надад өгөөд 8000 төгрөгийг нь чи өөрөө аваад ажиллах уу гэхэд дуртай зөвшөөрсөн. Учир нь хилийн бүсэд гадны хүн оруулдаггүй тул дотор нь ажилладаг хүнээр ажил хийлгэсэн. Ингэхдээ дугаарласан бэлэн мөнгөний 100 ширхэг орлогын ордер өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 150-151 дүгээр тал/

Гэрч Н.Батхүүгийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Б******* дарга *******, ******* 2 жолоочдоо мөнгөний квитанц өгч таслуулаад өдөрт нь тооцоогоо хийгээд авдаг. Бид нар түүнээс юу гэж дураараа тийм ажил хийхэв дээ хэн л бид нарыг тоож 20000 төгрөг өгөхөв дээ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 152-153 дугаар тал/

Гэрч О.Гансүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Жолооч *******, ******* хоёр Д.Б******* даргын машиныг барьдаг бөгөөд 2 жолоочид тамгатай квитанц байдаг юм. 2 жолооч өглөө ирээд гарч байгаа харуул 5-6 ширхгийг өгөөд ачаанд оруулж таслуулдаг юм. Тэгээд орой ажил тарах үеэр тасалсан квитанцаа мөнгөтэйгөө хамт өгөөд заримдаа 2-3 квитанц үлдээгээд явдаг шөнө машин шалгуулах юм бол таслаарай гэдэг...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 154-155 дугаар тал/,

Гэрч О.Гансүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний санаж байгаагаар 2013 оноос хойш Орхон Харбин ХХК-ний оврын хэрэгслээс ачилт буулгалтын хөлс хэмээн 20000 төгрөг авч түүнийхээ баримтыг өгдөг байсан. Тэрний дагуу бид нар өөр ачилтанд орох үедээ тухайн баримтыг жолоочид өгөөд 20000 төгрөг авдаг байсан. 20000 төгрөг болон баримтын үлдэх хувийн хамт *******, ******* нарт өгдөг байсан юунд яаж зарцуулагддаг талаар би мэдэхгүй. Харин ачилт буулгалт хийсэн хөлс болох 8000 төгрөгийг 2 ачигч хувааж авдаг байсан. Үлдсэн 12000 төгрөг нь ямар учиртайг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 160 дугаар тал/

Гэрч К.Эрдэнэсувдын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Анх миний мэдэхээр гаалийн газар өөрсдөө 12.000 төгрөг ачилт буулгалтын мөнгө гэж аваад түүнийгээ 6000 төгрөгийг гаалийн газрын аж ахуйдаа оруулдаг харин үлдсэн 6000 төгрөгийг 4 ачигч 1500 төгрөгөөр нь хувааж авдаг байсан. Харин сүүлийн 2-3-н жилд Орхон Харбин гэх хувийн компани 20000 төгрөг авдаг байснаа болиод миний санаж байгаагаар сүүлийн 4-5 сард нь Гүн мөрөн ХХК 20000 төгрөгийн тасалбар тасалж машинуудаас авдаг байж болиод дараа нь Тайгын Шанд ХХК-нь 1 сар гаран бас 20000 төгрөгийн тасалбарыг тасалж өгдөг байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 1******* дугаар тал/

Гэрч Р.Оюуны 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гаалийн хяналтын рентген аппаратанд оруулахад ачиж яваа бараа материал дотор орсон мэтээр харагддаг юм. Энэ тохиолдолд гаалийн байцаагч шалгаад нэг төрлийн бараа материал байхад байхад түүнийг онгойлгон үзэх шаардлагагүй юм. Тэгэхэд Д.Б******* нь сайн үз шалга гэж хэлээд ачигч нарыг машины ачааны хаалга онгойлгон үзээд 20000 төгрөг авдаг юм. Энэ нь ямар хууль журмын дагуу авдаг талаар надад мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 169-171 дүгээр тал/

Гэрч Б.Халиунаагийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хилээр ачаа бараа оруулж ирж байгаа гаалийн хяналт шалгалтанд орж байгаа автомашинуудаас ачилт буулгалтын мөнгө нэг машинаас 20000 төгрөг хураадаг байсан. Энэ ажлыг  манай компани 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хийж байгаад больсон. Сэлэнгэ аймгийн гаалийн байгууллагад жолоочоор ажилладлаг *******, ******* нартай хамтран ажиллах гэрээ хийж ажилласан. Яагаад тэр 2 хүнтэй гэрээ хийж ажиллах болсон бэ гэхээр ******* ******* нар нь гаалийн үндсэн ажилтнууд учраас хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр орж гарах эрхтэй байдаг гэж өөрсдөө хэлсэн. Ер нь бол *******, ******* хоёр надад өөрсдөө хамтран ажиллах санал тавьсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 191-193 дугаар тал/

Гэрч Ш.Цэвээнравдангийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 онд анх боомтын эрхлэгч Д.Б*******, мененжер Энхтүшиг нар хамт байхдаа Д.Б******* надаас чамд өөрийн чинь нэр дээр компани байгаа юу, байдаг бол боомт дээр ачилт буулгалтын ажил байдаг юм аа гээд цонхоор харуулаад албан ёсны ачигч хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг нэг компаниар гэрээ байгуулаад хийлгэмээр байна гэдэг саналыг анх тавьсан. Тухайн үед миний нэр үүсгэн байгуулсан компани бол байгаа за тэгье гэж зөвшөөрсөн. Тухайн үед дарга, менежер нь өөрөө тэгж санал тавьсан болохоор хууль ёсны үйл ажиллагаа юм байна тэгээд ч аж ахуйн нэгж гэрээ хийгээд ажиллаж болох юм байна гэж ойлгосон. ...Нэг дэвтэр гэдэг нь 100 ширхэг байдаг бөгөөд Д.Б*******тай утсаар ярихдаа би өөрөө асуусан чи хэдэн дэвтэр дээр тамга дарсан бэ гэхэд 1 дэвтэр дээр дарсан гэж хэлсэн тэгэхээр нь би ойлгохдоо 100 ширхэг квитанц дээр манай компаний санхүүгийн тэмдгийг дарсан юм байна гэж ойлгосон. Түүний дараагаар Сэлэнгийн гаалийн газрын жолооч ******* надад 200000 төгрөг өгсөн.  ******* уг квитанцуудыг тасалдаг байсан юм. Тэгтэл жолооч *******, Барсаа хоёр манай гэрт очиж хамт 98 ширхэг квитанц дээр санхүүгийн тэмдэг дарсан байна лээ. Тэгээд би гааль дээр Д.Б*******тай таараад гэрээ хийхгүй юм уу гэхэд дугарахгүй яваад өгсөн. Тэгэхээр нь би гаалийн нягтлан С.Чулуунбат гэдэг хүн дээр очоод гэрээ хийхгүй юм уу гэхэд ийм үйл ажиллагаа явуулж болохгүй үүнийг хориглоод болиулсан шүү дээ гэхээр нь би гэнэт хар аваад дахиж тамга тэмдгээ өгч квитанц дээр даруулаагүй. Би компаний нэрийн өмнөөс нэг ч ачигч ажиллуулаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 188-190 дүгээр тал/ болон  хавтаст хэргийн  4 дүгээр хавтаснаас кассын орлогын баримтын эх хувиудыг /94-95 дугаар хуудас/,  хавтаст хэргийн  7 дугаар хавтас дахь  86-92 дугаар хуудсаас  давж заалдах шатны шүүхийн  магадлал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх гаргасан саналдаа: “...Яллах дүгнэлтийг уншихаар үйлдлийн талаар огт байдаггүй. Байхгүй үйл баримтаар яллах дүгнэлт үйлдээд байна. Прокурорын байгууллага үндэслэлгүйгээр яллагдагчаар татаж шүүхийн эрх хэмжээг эдлээд байна. Шүүгдэгчийн буруутай тооцоод байна. Энэ эрхийг шүүх дангаар эдэлнэ. 15,247,000 төгрөгийн хохирол учирсныг прокурор зөв гэж тайлбарлаад байна. Ямар байдлаар эд мөрийн баримтыг хурааж авсан юм бэ? эх сурвалж нь байна уу? хамгийн сонин зүйл нь иргэний нэхэмжлэгчээр татсан хүмүүсийг бүгдийн гэрчээр асуугаад иргэний нэхэмжлэгч гэж тогтоосон байдаг. Тийм зүйл байхгүй гэрч гэдэг нь энэ хэрэгт хамааралгүй хөндлөнгийн хүнийг хэлнэ. Шүүх бол хэзээ ч ялын бодлоготой байж болохгүй. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлнэ. Хэргийн материалыг үзвэл хаа хамаагүй хүмүүсийг гэрчээр асуугаад байдаг. Үүнийг би өмнө ч хэлж байсан. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэжээ

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон прокурор гаргасан дүгнэлтэндээ: “...Шүүгдэгч Б*******ын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Энэ хэрэг өмнө нь хоёр ч удаа хэрэгсэхгүй болж байсан. Хэрэгсэхгүй болох үндэслэл Б*******ын хүсэлтээр гэм буруугийн хувьд маргахгүй тул гэсэн байдлаар гаргаж учраас хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Тэгэхэд дахиад Б******* нь гэм буруу дээрээ дахин маргасан. Хэдий хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэм буруугийн талаар хэлэлцэж байна. Тэгэхээр шүүгдэгч Б******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан учраас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалтай нотлогдон тогтоогдож байна. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь шаардаад байна. Тэгэхээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь Авлигын эсрэг тухай хуулийн 3.1 дэх хэсгийн 3 дугаар зүйлд албан тушаалын эрх мэдлийг албаны эсрэг буюу хувийн ашиглах сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашиглаж хийх ёстой үйлдлээ хийхгүй эсвэл хийх ёсгүй үйлдлийг хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахад шүүгдэгч Б******* нь гаалийн боомтын эрхлэгчээр ажиллаж байж гаалийн мэдүүлэгтүн нарыг цуглуулж хурал цуглаан хийсэн дээр нь өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг хамтран ажиллагчаар оруулсан. Төрсөн охин гаалийн бүсэд 5, 6 сар үйл ажиллагаа явуулахад огт мэдээгүй гэдэг нь байж болох зүйл мөн үү? тийм учраас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Хохирол төлбөрийн тухайд 25 аж ахуйн байгууллагаас 15,247,000 төгрөгийг хохирол учруулсан нь баримтаар тогтоогдсон. Баримт нь дунд хоосон нэргүй зүйлүүдэд байгаа энэ баримтууд нь хохиролд огт ороогүй. Яллах дүгнэлтэд хохирлын асуудлыг тусгасан. Тийм учраас анхны саналаа дэмжиж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэжээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд

 Шүүгдэгч Д.Б*******ыг өөрийн төрсөн охиноороо “Гүн мөрөн” нэртэй компани байгуулуулж,  мөн танил талынхаа “Орхон харбин”, “Тайгын шанд” нэртэй компанийн санхүүгийн тэмдгийг нь ашиглан, гаалийн үйлчилгээний ажилтнуудад гаалийн бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй “Гүн мөрөн”, “Орхон харбин”, “Тайгын шанд” нэртэй компаниудын санхүүгийн тамга тэмдэг бүхий орлогын ордер тараалгаж, гаалийн хяналт, шалгалтын ачилт буулгалт нэрээр автомашин болгоноос тус бүр 20.000 төгрөгийн хураамж авах үүрэг өгч, аж ахуйн нэгж байгууллагуудад хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж, ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2******* дугаар зүйлийн 2*******.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар гаалийн боомтын бүсэд гаалийн хяналтын ачилт буулгалтын хөлс, төлбөр нэрээр 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд ******* аж ахуй нэгжийн нэрээр болон аж ахуйн нэр тодорхойгүй санхүүгийн баримтуудаар, 25 аж ахуйн нэгжээс 1300 ширхэг “Кассын орлогын ордер” гэсэн санхүүгийн тамга тэмдэг бүхий баримт үндэслэн мөнгө хураасан болохыг тогтоосон /хурааж авсан санхүүгийн тамга тэмдэг бүхий баримтууд, гэрч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгүүдээр/ байх боловч хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалган тогтоолгүй байсаар хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан байна. Тухайлбал:

Дээр дурдсанаар хилийн  боомтын бүсэд ачилт, буулгалт хийсэн нэрээр “Кассын орлогын ордер” гэсэн санхүүгийн тамга тэмдэг бүхий баримт ашигласан ******* аж, ахуйн нэгжүүдээс зөвхөн 3 аж ахуйн нэгж буюу “Гүн мөрөн”, “Орхон харбин”, “Тайгын шанд” нэртэй компаниудын үйл ажиллагааг шүүгдэгч Д.Б*******т холбогдуулан шалгаад, адилхан үйл ажиллагаа явуулсан  бусад “Алтан булаг авто замын боомтын захиргаа”, “ дахь гаалийн салбар”, “Би Ди Ти Юу” ХХК, “Би Жи Жэй Би” ХХК, “Билгүүн хүүд” ХХК, “Ландбридж” ХХК, “УБ транс” ХХК, “Ханбүргэдэй ерөө” ХХК зэрэг 8 аж, ахуйн нэгжийн нэрээр болон аж ахуйн нэгжийн  нэр хаяг тодорхойгүй баримтуудаар дээрх хэлбэрээр мөнгө хураасан асуудлыг шалгаж тогтоогоогүй, мөн цаг хугацааны хувьд энэ хэлбэрээр мөнгө хураах ажиллагаа нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс авто замын боомт гэсэн санхүүгийн тэмдэг бүхий баримтаас эхэлсэн байхад /хх-ийн 2 дугаар хавтасны 176 дугаар хуудас/ Д.Б******* нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/166 дугаартай  тушаалаар /хх-ийн 4 дүгээр хавтасны 26 дугаар хуудас/ Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт бүрдүүлэлт хариуцсан орлогч даргаар ажилд томилогдон боомтод ажиллаж эхэлсэн байна.

Өөрөөр хэлбэл: Д.Б*******ыг ажилд томилогдохоос өмнө ч ачилт буулгалтын ажлын хөлс гэж улсын хилээр импортын бараа ачиж орж ирж буй  машин тус бүрээс 20.000 төгрөг хураадаг байсан нь шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдлоо.

 Иймээс гаалийн хяналт шалгалт хийгдэх үеийн бараа материалын ачилт буулгалтын ажлын хөлсөнд 20.000 төгрөг хурааж байх тухай шийдвэрийг анх хэн гаргаж, хэзээнээс эхлэн хэрэгжүүлж, хэдэн машинаас хэдэн төгрөгийг /иргэн аж ахуйн нэгж/  хурааж, уг мөнгийг хэн, хэрхэн, яаж хэрэглэж зарцуулсныг  тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалган тогтоож, хохирол, хор уршгийг эдийн засгийн шинжилгээ хийлгэн тооцоолж тодорхойлуулаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд цаашид хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах  үндэслэлгүй байна.

Мөн прокурорын яллах дүгнэлтэд Д.Б*******ыг “Монгол Улсын хилийн боомтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэж дурдсан байх боловч энэ хууль нь 2016 оны 12 дугаар сарын 28-нд хүчингүй  болсон байхад хүчингүй болсон хуулийг үндэслэн Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татсан байна. /хх-ийн 3 дугаар хавтасны 215-222 дугаар хуудас/

 Прокуророос Д.Б*******ыг  2015 оноос хойш Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын салбарын эрхлэгчээр ажиллах хугацаандаа өөрийн охины нэр дээр бүртгэлтэй  “Гүн мөрөн” ХХК, Ш.Цэвээнравдангийн нэр дээр бүртгэлтэй “Орхон харбин” ХХК болон Д.Болдын нэр дээр бүртгэлтэй “Тайгын шанд” ХХК-иудын санхүүгийн тэмдгийг ашиглаж гаалийн хяналтын бүсэд бараа, материал импортлон оруулж ирж буй аж ахуй нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхдээ ачилт, буулгалтын ажил хийж, түүний төлбөр хэмээн нэг тээврийн хэрэгслээс 20.000 төгрөг бэлнээр хураан авч албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улмаар аж ахуй нэгж байгууллага, хуулиар хамгаалсан эрх ашигт үлэмж хэмжээний хохирол буюу бусдад нийт *******.712.000 /арван нэгэн сая долоон зуун арван хоёр мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэж 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, яллагдагчаар татсан атлаа 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн *******2 тоот яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 15.247.000 /арван таван сая хоёр зуун дөчин долоон мянга/ төгрөг гэж үзэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх  ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тухайн үеийн хуулиар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байсан, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрвөл эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан тул  Д.Б*******ыг гэмт хэрэг үйлдэж эхэлсэн болон төгссөн гэх хугацаа, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол зэргийг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоож чадаагүйг, прокурорын яллах дүгнэлтэд ч тодорхой тусгаагүйг  тодорхой болгох боломжгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд мөнгө хураах ажиллагаа  2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төгссөн гэж үзвэл хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 06 дугаар сарын 21-ний дуусч, тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д заасан “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр Эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл, тохиолдол үүссэн байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор /2017 оны 06 дугаар сарын 21-нээс өмнө/  цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийж шийдвэрлэлээ. 

2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөн хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч Д.Б*******ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргээр зүйлчилсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зүйл хэсгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй.

Гэвч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь албан тушаалтан үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад “Үлэмж” хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүний энэ шинжийг эргэлзээгүй нотлох баримтаар шалган тогтоосон байж гэмт хэрэгт тооцогддог.

Прокуророос уг  хэргийн хохирлыг тооцохдоо хэрэгт зайлшгүй шаардлагатай санхүүгийн тусгай мэдлэг, мэргэшил бүхий мэргэжилтэн, шинжээчийн гаргасан дүгнэлтэд үндэслээгүй, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч  мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон  компаниудын санхүүгийн баримтад үзлэг хийж, хураан авсан кассын орлогын ордер гэх баримтуудын үнийн дүнг нэмж нэгтгэн тооцоолж гарган 15.247.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн тооцоололд тулгуурлан,  шүүгдэгч Д.Б*******ыг гэмт хэргийн улмаас бусдад 15.247.000 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэж прокурорын  яллах дүгнэлт үйлдсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт ялласан нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.

            Шүүх хэргийг шийдвэрлэх  ажиллагаа нь    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ, хязгаар үйлчлэх хүрээний дотор явагдах тул  мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэл тогтоогдож байгааг харгалзан  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байхад  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоох болон бусад ажиллагааг  шүүхийн заалтаар хийлгэх боломжгүй байна.  Нөгөөтэйгөөр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан,  хохирол тооцсон тухай / хх-ийн 5 дугаар хавтасны 142-231 дүгээр хуудаст авагдсан байгаа/  “Их Монгол хөлөг Аудит” ХХК-ны захирал С.Тунгалагийн аудитын дүгнэлт, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 174 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн санхүүгийн шинжээч Ц.Энхмаагийн дүгнэлт зэрэг  баримт мэдээллийг нотлох баримтаар тооцох, үнэлэх боломжгүй зэрэг нөхцөл байдлууд үүссэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан эрүүгийн 201618000366 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б*******т холбогдох үйлдлийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтэд хүрэв.   

Шүүхээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө мөрдөн байцаалтаар цуглуулж, бэхжүүлж, хэрэгт хавсаргасан санхүүгийн баримт, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд, бусад баримтуудад  болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гаальд мэдүүлэг өгөгч нараас бараа материал ачсан машин бүрээсээ гаалийн хяналт шалгалт хийгдэх үеийн ачилт буулгалтын ажлын хөлсөнд   нэр бүхий компаниудад  20.000 төгрөг төлсөн асуудал нь Д.Б*******т хамааралгүй, харилцагч иргэд, аж ахуйн нэгжүүдийн хоорондын асуудал  гэж дүгнэх үндэслэлтэй байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар энэ хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД, мөнгөний тооцоо бичигдсэн гэх бор өнгийн дэвтэр 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалж, энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр хянан шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирүүлээгүйг тэмдэглэх шаардлагатай гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 36.3 дугаар зүйлийн 2, 36.9 дүгээр зүйл заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэгт зааснаар Д.Б*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201618000366  тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч  Их мэргэд овогт Д Б*******ыг цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД, мөнгөний тооцоо бичигдсэн гэх бор өнгийн дэвтэр 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалсугай.

4.Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5.Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Э.ОЮУНТУНГАЛАГ