| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2020/0106/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/134 |
| Огноо | 2020-12-21 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Д.Шинэбал Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал, Шүүгдэгч Ширээ овогт Буянтогтохын Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бат-Эрдэнэд холбогдох 2023000000094 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ширээ овогт Буянтогтохын Бат-Эрдэнэ, регистрийн дугаар ДЕ97042111.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хохирогч Б.Батцоожийн цээжний зүүн ар талд буюу зүүн далны арын шугам хэсэгт хутгалж, цээжний ар суганы арын шугамаар 5, 6 дугаар хавирганы завсар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, уушиг цооролт, цус хий хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд Завхан аймгийн Шилүүстэй сум, Чандмань багийн 2 дугаар гудамжны доод хэсэг 22 тоот хашааны гадаа мотоциклынхоо хөгжмийг хутгаар засаж байхдаа тус сумын иргэн Б.Батцоожтой “чи өчигдөр манай ахад томорсон байсан, битгий давраад байгаарай” гэж хэллээ гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдаж, түүнтэй ноцолдож газар давхар унахдаа баруун гартаа байсан хутгаар Б.Батцоожийн цээжний зүүн ар талд буюу зүүн далны арын шугам хэсэгт хутгалж, цээжний ар суганы арын шугамаар 5, 6 дугаар хавирганы завсар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, уушиг цооролт, цус хий хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт:
- Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогч Б.Батцоожийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд Завхан аймгийн Шилүүстэй сумын Чандмань багт байх гэрээсээ гараад ахынх руугаа явж байтал сумын төвийн 2 дугаар гудамжны хамгийн доод хэсэгт мотоциклтой залуутай тааралдсан. Тэр залуу Энхээ ахын хашааны гадна мотоциклынхоо хөгжмийг хутгаар янзлаад зогсож байсан. Тэр залуу тухайн үед согтуу байдалтай байсан. Тэгээд би буугаад тэр залууг “чи өчигдөр манай ахад томорсон байсан, битгий давраад байгаарай” гэсэн чинь урдаас тэр залуу “битгий солиороод бай, чи юу юм” гэхээр нь бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд маргалдаад, урдаас олон юм яриад байхаар нь би түүнийг хавираад унагаах гэсэн чинь тэр залуу намайг түлхэж таараад би арагшаа ухраад бид хоёр давхаралдаад унасан. Тухайн үед тэр залуу надтай хамт зэрэг газар унасан байсан. Тэр үед гартаа мотоциклынхоо хөгжмийг янзалж байсан хутгаа бариастай унасан ба хутга барьсан баруун гар нь миний зүүн суганы хойд нуруу хэсэгт таарч унасан байсан байна. Тухайн үед тэр хутга нь миний зүүн суганы хойд хэсэг рүү зүсэх шиг болсон. Нэг сонин халуун оргиод явчихаар нь би хутгалуулчихлаа гэж бодсон. Тэгээд би босоод тэр залууд “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлээд өөрийнхөө унаж явсан мотоциклио асаагаад ахынд очоод тэнд ээж байхаар нь дуудаж гаргаж ирээд “би хүнд хутгалуулчих шиг боллоо” гэсэн чинь ээж миний цамцыг сөхөж үзээд “хутгалаад хаячихсан байна шүү дээ” гээд орилоод эхэлсэн чинь миний хөлс гараад, толгой эргээд дотор муухайраад, цээжнээс цус амтагтаад гэр налаад ухаан алдсан. Тухайн үед Бат-Эрдэнэ бид хоёрын хажууд манай сумын Энхээ гэдэг ах байсан, намайг анх очиход Бат-Эрдэнэ Энхээ ахын мотоциклийн хажууд мотоциклынхоо хөгжмийг оролдоод зогсож байсан. Энхээ ах бүгдийг нь харсан. Намайг Бат-Эрдэнэ гэгч миний араас ирж санаатай хутгалсан зүйл байхгүй. Би тухайн үед Бат-Эрдэнэ гэгчийг хүнтэй андуураад эхлээд хэрүүл маргаан өдсөн. Намайг очиход хутгаараа мотоциклио янзалж байсан. Тэгээд газар унахдаа хамт унаж, би тэрний барьсан хутган дээр зүүн талынхаа хавирга хэсгээрээ унаж таарсан байх, түүнээс намайг хутгалья гэж байгаад санаатай хутгалсан зүйл байхгүй. Би тухайн залууд хутгалуулснаас болж биедээ хүнд зэргийн гэмтэл авсан ба одоо байнгын эмчилгээ хийлгэж эрүүл мэндийн байдал сайжирч байна. Миний биеийн байдал сайжирч эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэж байгаа ба намайг хутгалсан гэх Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэн Б.Бат-Эрдэнээс эмнэлгийн төлбөр болон бусад зардлыг тогтмол авч цаашид гарах эмчилгээний төлбөрийг бүгдийг нь авсан. Одоо надад Бат-Эрдэнэд ямар нэг гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бат-Эрдэнэтэй өөрийн сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/, -
Гэрч Д.Цэрэннадмидын өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Батхүрэл овогтой Батцоожид оройны 19-20 цагийн үед эмчийн үзлэг хийсэн. Тухайн Батцоож нь анх эмнэлэгт орж ирэхэд хоёр хүнээр хоёр талдаа сугадуулсан байдалтай, өөрийгөө авч явах чадваргүй орж ирсэн. Анх харахад хувцасны гадна талд цус нь урссан байдалтай байсан. Тэгээд эмнэлгийн эрхлэгч Цэрэннадмидын хамт хувцсыг нь тайлаад үзэхэд зүүн суганы хойд нуруу, 5-6 дугаар хавирга орчимд 2 см орчим зүсэгдсэн шархтай, шархны үзүүр хэсэг цустай, шархны эргэн тойронд нь ЕМПИЗЕМ үүссэн учир анхны үзлэгээр уушиг нь гэмтсэн байж болзошгүй байдалтай байсан. Тухайн үед хүүхэд шоконд орсон байдалтай байсан учир шокоос гаргах эмчилгээ хийсэн, өвчин намдаах эмчилгээ хийсэн, шарханд оёдол тавьсан. Тухайн үед Батцоожийн АД-н даралтыг үзэхэд 90-60-тай, захад пульс нь сул тэмтэрэгдэж байсан. Захын цусны хүчилтөрөгчийн хэмжээ нь 93%- тай, зүрхний цохилт нь 65 зааж, царай цайсан, хамаг биенээс хөлс гарсан, салстууд цагаан, уруул ам нь хуйхай өнгөтөй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,
- Гэрч Т.Тунамал-Эрдэнийн өгсөн: “...Өчигдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 18 цаг 40 минутын орчимд намайг айлд байсан чинь манай хүүхэд Батцоож ирээд дуудсан юм. Тэгээд манай эгч гэрийнхээ хаалгаар шагайж харснаа “танай хүүхэд чинь хүнд зодуулчихсан юм биш үү, гадаа уйлаад зогсож байна” гэхээр нь би гэрээс гарч хүү дээрээ очиход манай хүү надад хандаж “ээжээ би нэг хүнд хутгалуулчихлаа” гэхээр нь би хүүгээсээ хэнд хутгалуулсан талаар асуухад манай хүү “танихгүй хүнд хутгалуулчихлаа” гэхээр нь би цамцыг нь сөхөөд харсан чинь зүүн талынхаа далны доод хэсэгт мэсний шархтай болчихсон тэрнээс нь цус гарч байсан. Тэгээд би эгчийндээ байсан дүү Дагварэнцэнг дуудаж “дүү чинь хүнд хутгалуулсан байна, дүүгээ харж бай, би цагдаа дуудлаа” гээд гэр лүүгээ явж утсаа аваад том хүү Базардоржийг дуудчихаад буцаад эгчийнхээ хашаанд иртэл манай хүү Батцоож ухаан алдаад уначихсан ах нь буюу Базардорж ирчихсэн хажууд нь зогсож байсан. Тэгээд бид нар Батцоожийг авч сумын эмнэлэг орж эрхлэгч эмч Цэрэннадмид, хүүхдийн эмч Цэрэннадмид гэж 2 эмчид үзүүлээд эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. Тэгээд аймгийн төвд авч ирж аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаа. ...Эмч нар үзээд Батцоожийн цээжний зүүн ар талд 7-8 дугаар хавирганы завсраар хутгалуулсан мэсний шархтай болсон. Мөн дотор талдаа буюу уушигны зүүн талд зүсэгдэж уушиг унжсан гэсэн оноштой байгаа гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,
- Гэрч Б.Жанчивдоржийн өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед мотокциклынхоо хойд дугуйны гол янданг цоолсон байхаар нь тэрийг гагнуулах гээд Шилүүстэй суманд орж ирсэн. Тухайн үед Намхай бас мотоциклынхоо ачааг гагнуулах гээд байж байсан. Тэгээд гагнуурчин ахын хүүхэд Намхайгийн мотоциклийг аваад гараад явсан. Удахгүй 10-15 минутын дараа гагнуурчин ахын хүүхэд нь “би нэг залууд хутгалуулчлаа” гэж мотокциклтой ирсэн. Тэр үед Намхай мотоциклоо асуухад тэр залуу эмнэлэг яваад ирье гэж хэлсэн. Би тухайн үед буюу Батцоож гэх хүүхдийг хэн хутгалсныг хараагүй. Дараа нь тухайн хүүхдийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бат-Эрдэнэ гэх хүн хутгалсан байна гэж сонссон. Тухайн хутгалуулсан хүүхэд нь бас нэрийг нь мэдэхгүй царайг нь харвал танина гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,
- Гэрч А.Энхтайваны өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн орчимд өөрийн эзэмшлийн хашааны гадаа мотоциклынхоо шаврын хаалтыг янзлаад байж байхад Говь-Алтай аймгийн харъяат Бат-Эрдэнэ гэх залуу над руу хүрч ирээд утсаар чинь ярья гэсэн. Тэр үед би Жи-Мобайлын дугаартай утсаа өгсөн. Тэр үед Бат-Эрдэнэ утсаар ярьж амжаагүй мотоциклынхоо хөгжмийг хутгаар янзлаад зогсож байхад Батцоож мотоциклтой явж байгаад Бат-Эрдэнэ бид 2-н хажууд ирээд зогссон. Тэр үед Батцоож Бат-Эрдэнэ 2 хоорондоо маргаад байсан. Би яг юунаас болж хоорондоо маргалдсаныг сонсоогүй.
Тэгээд Батцоож мотоциклиосоо буугаад Бат-Эрдэнэ Батцоож дээр очоод хоорондоо ноцолдсон. Тэр 2 хоорондоо нилээн удаан ноцолдсон. Хоорондоо ноцолдсон газрыг нь тодорхой хэлбэл Шилүүстэй сум Чандмань баг 2 дугаар гудамжны хамгийн доод айл буюу 22 тоот хашааны гадна хэсэгт ноцолдсон. Тэр хоёр ноцолдож байгаад хамт газар унасан. Тухайн газар унах үедээ Бат-Эрдэнэ баруун гартаа мотоциклынхоо хөгжмийг янзалж байсан хутгаа бариастай унасан байсан. Тэгэхэд Батцоожийн зүүн суганы хойд хэсэг рүү хутгаараа хатгасан юм шиг байна лээ. Би тэр үед гайхаж айсан байдалтай зогсож байсан. Батцоож, Бат-Эрдэнэ 2 хоорондоо ноцолдохоо болиод Батцоож босож ирээд “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэж Бат-Эрдэнэд хандаж хэлээд түрүүлж мотоцикл дээрээ суугаад гэрийнхээ зүг рүү явсан. Удалгүй Бат-Эрдэнэ өөрийнхөө мотоциклиороо араас нь явсан. Миний үзсэн харсан зүйл ийм л байна. ...Тухайн үед Батцоож нь “зүүн суганы хойд хэсэг рүү хутгалчихлаа” гээд зүүн сугаа хавчаад яваад өгсөн. Би яг Бат-Эрдэнэ Батцоожийг хутгалж байхыг хараагүй, ноцолдож байгаад газар хамт унахдаа БатЭрдэнийн гарт нь байсан хутганд нь Батцоож хутгалуулсан байх. Түүнээс БатЭрдэнэ санаатай хутгалаагүй байх гэж бодож байна. ...Би тэр 2 хоёр хоорондоо ноцолдоод газар унасан байсан учраас хутганы содон шинж тэмдгийг нь анзаараагүй. Бас иш хэсгийн нь атгасан болохоор сайн харж чадсангүй. ...Би мотоциклио янзлаад сууж байхад Бат-Эрдэнэ ирж надаас утас аваад, хутга гаргаж ирээд мотоциклынхоо хөгжмийг янзалж байтал араас нь Батцоож мотоциклтой ирээд тэр хоёр хоорондоо үг яриагаараа маргалдаж байгаад ноцолдоод газарт хамт унаж байсан. Би тэр хоёрын яриаг хальт сонсоход Батцоож Бат-Эрдэнэ рүү “чи өчигдөр манай ахтай маргалдсан байна, чи яах гээд томроод байгаа юм” гээд маргаад байсан. ...Батцоож нь манай хашааны гадна ирэхдээ зүгээр биеийн байдал нь хэвийн, өөрийгөө авч явах чадвартай, мотоцикл жолоодож байгаа нь хэвийн байдалтай ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,
- Б.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 14- ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй сумын төв рүү Шилүүстэй сумын Сайхан баг Уртын Чандмань гэх газраас адуугаа харж байгаад өдрийн 12 цагийн үед сумын төвөөс хүн авах гэж орж ирсэн. Тэгээд дэлгүүрээс нэг сав пиво 2.5 литрийн хэмжээтэй Нийслэл нэртэй, 0.5 литрийн хэмжээтэй Ерөөл нэртэй архийг зүс таних сумын хүмүүстэй хамт уугаад явж байгаад орой нь сумын төвөөс буцаж гарах гээд дэлгүүр орж тамхи аваад төв гудам уруудаад Энхээ гэдэг хүнтэй таараад утсаар нь ярих гээд зогсож байсан. Би тэр үед утсаар ярингаа мотоциклынхоо хөгжмийг засахаар жижиг хутгаа гартаа бариад зогсож байсан. Би Энхээ гэх хүнтэй уулзаад зогсож байхад миний хутгалсан гэх залуу /нэрийг нь мэдэхгүй/ зөрж явснаа над руу ирээд “чи яагаад давраад байгаа юм, өчигдөр манай ахад томорсон уу” гэж хэлээд мотоциклиосоо бууж ирээд надтай маргалдсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад ноцолдсон. Тэр залуу намайг хавсраад бид хоёр давхаралдаад унасан. Тухайн үед баруун гартаа мотоциклынхоо хөгжмийг янзалж байсан хүрэн улаан иштэй, жижиг хутгатай гараа тэр залуугийн доор хийгээд унасан. Тэгж унахад тэр залуугийн зүүн суганы хойд хэсэг рүү нь миний барьж байсан хутга хутгалсан юм шиг байна лээ. Тэгээд бид 2 салаад босоход тэр залуу “чи намайг хутгалчихлаа” гэж хэлээд зүүн сугаа хавчсан байдалтай мотоциклио унаад яваад өгсөн. Би бас сандраад, айгаад мотоциклио унаад араас нь очсон боловч айгаад уулзаж чадалгүй яваад өгсөн. Тухайн үед ийм л асуудал болсон. Гэхдээ би тэр залууг санаатай хутгалья гэж бодоогүй. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, харамсаж, гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй байх болно. ...Тухайн үед бид хоёрын хажууд Шилүүстэй сумын харьяат Энхээ гэдэг миний хуурай ах байсан ба мотоциклынхоо эд зүйлийг засаад зогсож байсан. Энхээ ах бүгдийг нь харж байсан. ...Би хохирогч Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэн Б.Батцоожтой уулзаж хохирол болох 1.027.640 төгрөгийг 2020 оны 07 сарын 21-ний өдрийн 16 цаг 18 минутанд миний ээж болох Бадарч овогтой Энх-Отгоны данснаас Батцоожийн ээж болох Т.Тунамал-Эрдэний 5513033266 дугаартай данс руу гүйлгээний утганд “эмчилгээний төлбөр” гэж бичээд шилжүүлсэн. Цаашид гарсан эмчилгээний төлбөр болон бусад хохирлыг төлж барагдуулахаа тухайн хүмүүст хэлсэн байгаа. Хохирлыг нь төлж барагдуулна. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Хэргийг минь түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү?” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/, - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 000000232 дугаартай “...Иргэн Б.Батцоожийн биед гэмтэл учирсан байна. Б.Батцоожийн цээжний ар суганы арын шугамаар 5, 6-р хавирганы завсар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх. Уушги цооролт, цус хий хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Зөрчил үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. Учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд 2020 оны 07 сарын 14-ний өдөр үүссэн байж болно. Б.Батцоожийн цээжний ар суганы арын шугамаар 5, 6-р хавирганы завсар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх. Уушги цооролт, цус хий хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь өөрийн үйлдлийг хохирогч Б.Батцоожийн эрүүл мэндэд гэмтэл учруулах санаа зорилгогүйгээр мэдэлгүй үйлдсэний улмаас эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул болгоомжгүй гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Б.Батцоожийн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 6.527.640 /зургаан сая таван зуун хорин долоо мянга зургаан зуун дөчин/ төгрөг төлсөн байна. Энэ нь шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч Б.Батцоожийн яллагдагчтай эвлэрсэн талаарх баталгаа зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Прокуророос шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд улсын яллагчийн сонсгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Харин шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан найман сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй, цагаан өнгийн Мустанг 5 маркийн мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох, эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн улаан иштэй, нийт урт нь 14 сантиметр, ажлын хэсэг нь 6 сантиметр, бариул хэсэг нь 8 сантиметр урттай, ир хэсэгтээ GUANGDA гэсэн бичигтэй хутгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ширээ овогт Буянтогтохын Бат-Эрдэнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5- д зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нэг жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн 700,000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй, цагаан өнгийн Мустанг 5 маркийн мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн улаан иштэй, нийт урт нь 14 сантиметр, ажлын хэсэг нь 6 сантиметр, бариул хэсэг нь 8 сантиметр урттай, ир хэсэгтээ GUANGDA гэсэн бичигтэй хутгийг устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ