Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2467

 

 

О.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02208 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГА-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1141 дүгээр шийдвэрээр О.Г надаас 25 034 60 төгрөг гаргуулж Арвайн үр ХЗХ-д олгуулахаар шийдвэрлэсэн. НШГА гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгатын 6 дугаар байрны 6 тоотын 29 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206002936 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг үнэлгээний компаниар 67 150 000 төгрөгөөр үнэлүүлэн дээрх үнийн 70 хувь буюу 47 005 000 төгрөгөөр тооцон албадан дуудлага худалдаагаар оруулах мэдэгдлийг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр надад гардуулан өгсөн. Энэ хугацаанд би нийт 4 500 000 төгрөг төлсөн ба энэ мөнгийг би өөрөө авч хэрэглээгүй, багынхаа найзад авч өгөөд өнөөдрийг хүртэл авч чадахгүй хохирсон. Би полиартроз, полиартрит өвчнөөр олон ажил өвдсөнөөр хөдөлмөрийн чадвараа 80 хүртэл хувь алдаж, байнгын группт байдаг. Хүнд итгэж мөнгө авч өгөн одоо орох оронгүй гудамжинд гарахдаа хүрээд байна. Миний орон сууцыг үнэлсэн үнэлгээг би дараах шалтгаанаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 67 150 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний компанийн үнэлгээг хүчингүй өгнө үү. НШГА-ны томилсон үнэлгээний компани миний үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, үл хөдлөх хөрөнгийг бусад адил төстэй үл хөдлөх хөрөнгөтэй жишиж харьцуулан бодит үнийг тогтоож үнэлээгүй, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашигтай байрлал, цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш, газрын давуу талыг огт анхааралгүй хэт хямд үнэлэн, өмчлөгч миний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01141 захирамжаар О.Г-с 25 034 600 төгрөгийг гаргуулж, Арвайн үр ХЗХ-д олгохоор захирамж гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад О.Г-ийн өмчлөл Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол 6 дугаар байрны 6 тоот 2 өрөө орон сууц нь бүртгэлтэй талаар хариуг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч хугацаанд нь төлбөрөө төлөөгүй байх тул О.Г-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206002396 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол, 6 дугаар байрны 6 тоот 2 өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 138/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 138/02 тоот тогтоолоор хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гарын үсэг зуруулан гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг тайлбарлан үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч нараас үнийн саналаа авахад төлбөр төлөгч, өмчлөгч нар нь харилцан тохиролцоогүй тул 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийг томилж зах зээлийн үнийг тогтоолгоход 67 150 000 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 3/19558 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч О.Г-т хүлээлгэн өгч, төлбөр төлөгчийн санал хүсэлтийг бичүүлэн авч, тэмдэглэл хөтөлсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-нд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай О.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Шийдвэр хүчин төгөлдөр болмогц О.Г-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилах тул иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...НШГА гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгатын 6 дугаар байрны 6 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлгээний компаниар 67 150 000 төгрөгөөр үнэлүүлэн дээрх үнийн 70 хувь буюу 47 005 000 төгрөгөөр тооцон албадан дуудлага худалдаагаар оруулах мэдэгдлийг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр надад гардуулсан. Миний бие нь НШГА-ны томилсон үнэлгээний компани миний үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, үл хөдлөх хөрөнгийг бусад адил төстэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашигтай байрлал, цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш, газрын давуу талыг огт анхааралгүй хэт хямд үнэлэн, өмчлөгч миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Гэвч тус шүүх нь үл хөдлөх хөрөнгөө зах зээлийн ханш, ашигтай байрлал зэргийг харгалзаад 91 930 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг огт хэлэлцэхгүйгээр нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэг талыг барьж өөр үнэлгээний компаниар дахин үнэлгээ гаргуулахгүйгээр бодит байдалд нийцэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөр үнэлгээний компаниар дахин үнэлгээ гаргуулж, үл хөдлөх хөрөнгийг бодит байдалд нийцсэн байдлаар үнэлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч О.Г хариуцагч НШГА-нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01141 дүгээр захирамж гаргаж, “Арвайн-Үр” ХЗХ О.Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25 761 120 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн, зохигч 25 034 600 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь 25 034 600 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.                                                                         /хх-18 дугаар тал/

 

            Дээрх шийдвэрийг үндэслэж 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 183/ГХ2017/00247 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр төлөгч О.Г-т 26 004 498 төгрөгийн төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулахыг мэдэгдэж, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 138/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор О.Г-ийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2017 оны 5 дугаар сарын 02-ны дотор төлбөр төлөх хугацаа олгосон, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 138/02 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоол үйлдэж, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлбөр төлж барагдуулах мэдэгдэл өгсөн, талуудаас албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авсан боловч тохиролцоогүй тул 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн үйл баримт тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна” гэж зааснаас гадна хуулиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах дарааллыг тогтоосон байна.

 

Шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01141 дүгээр захирамжид барьцааны гэрээтэй холбоотой заалт байхгүй буюу 25 034 600 төгрөгийг төлбөр төлөгчөөс гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, дарааллын дагуу явуулах байтал хариуцагч төлбөрийг шууд 2 өрөө орон сууцнаас гаргуулахаар болсон нь мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол 6 дугаар байрны 6 тоот, 2 өрөө орон сууц нь нэг хүний өмч буюу О.Г-ийн өмч байна.                                                                                                                 /хх-22 дугаар тал/

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01141 дүгээр захирамжийг албадан гүйцэтгэхдээ хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байх бөгөөд төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй болно.

 

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөс төлбөр гаргуулах талаар зохигчид эвлэрсэн заалт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01141 дүгээр захирамжид байхгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу явуулах үндэслэл юм.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол 6 дугаар байрны 6 тоот, 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01141 дүгээр захирамжид заасан төлбөрийг О.Г-ээс гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, дарааллын дагуу явуулахад энэ магадлал саад болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02208 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт тус тус зааснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол 6 дугаар байрны 6 тоот, 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч НШГА-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Г-т олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Г-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ