| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00393/И |
| Дугаар | 138/ШШ2018/00058 |
| Огноо | 2018-01-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 138/ШШ2018/00058
2018 01 16 138/ШШ2018/00058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******од холбогдох Гэм хорын хохиролд 28380125 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 3 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Н.*******, иргэдийн төлөөлөгч Б.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1998 оноос эхлэн Баянтүмэн сумын 4-р багийн нутаг Энх зуслангийн баруун талд голын тохойд жил бүр төмс, хүнсний ногоо тариалж түүнийгээ зориулалтын зооринд хадгалан зах зээлд худалдан борлуулж олсон орлогоороо гэр бүлийнхээ амьжиргааг авч явж ирсэн. Энэхүү төмс, хүнсний ногоо тариалсан ажил маань миний гэр бүлийн бүтэн жилийн санхүүгийн болон амьжиргааны эх үүсвэр хэрэгцээ болж байдаг. 2016 онд өөрийн эзэмшлийн талбайдаа нийт 2 га газарт төмс, хүнсний ногоо тариалсан. Гэтэл 2016 оны 9 сарын 15-наас 16-ны өдрүүдэд Н.*******ын үхэрнүүд ногооны талбайд орж бөөрөнхий байцааг идэж төмс, бусад ногоог идэж гишгэлэн цаашид ургах болон ашиглах боломжгүй болгож намайг их хэмжээний алдагдалд оруулсан. Миний тарьсан 5000 орчим бөөрөнхий байцааг 10 хувь гэмтээж сүйтгэсэн. Энэ талаар сумын цагдаагийн газарт мэдэгдэн хэсгийн төлөөлөгч, сумын цагдаа нар ирж шалган танилцаж зураг авсан байгаа. Энэ үед *******ын үхэр ногооны талбайн хашааг эвдэн орж ногоог идэж байсан бөгөөд үхэрнүүдийг хөөж туугаад дийлдэхгүй байсан. Миний хувьд хаврын тариалалтанд 2360860 төгрөгийн зардал гаргасан. Миний гол орлогын эс үүсвэр болсон төмс, хүнсний ногооны ургац байхгүй болсон учир надад дараах бодит хохирол учирсан. Миний хувьд хохирол учраагүй бол 26400000 төгрөгийн ашиг олох байсан. Энэ ашгаасаа Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөр 580125 төгрөг, хүү Б.Пүрэвдалайн сургалтын төлбөрт зээлсэн хоёр сая төгрөгийн хүү 1400000 төгрөгийг тус тус төлөх байсан төлж чадаагүй учир надад хохирол учруулсан Н.*******оос нэхэмжилж байгаа. Ингээд нийт 28380125 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би бас өөрөө нэг га газарт ногоо тарьдаг. Ногоо тарих ажлын талаар мэднэ. *******ы ногооны талбай нь зүүн хойд хэсэгтээ хашаагүй, шон хоорондын зай нь 6 метр байдаг, тухайн үед эзэнгүй байсан. Ингэж хашаагаа хол зайтай барьснаас үхэр мал орсон. 7 сарын 20-нд ******* надтай ирж уулзаад ногоо ашиггүй байна, таны хадлангийн хэрэгслийг аваад таны өвсийг бэлтгээд өгье гэж хэлээд хадуур, тармуур аваад явсан. Би өмнө нь *******ы ахтай хамт зуны цагт өвс хадаад, намар болохоор ногоо тарьдаг байсан. Манай суманд ногоо тарьж байгаа иргэдийг өөрсдийнхөө талбайг хамгаалах тухай сумын засаг даргаас захирамж хүртэл гаргасан байгаа. Энэ нь өөрсдийн тариалалтын талбайг хамгаалах талаар гарсан. 2016 онд их гантай, ургац муу байсан. Би *******д ийм их хэмжээний мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч байсан ийм талбайд ногоо тариалж ийм хэмжээний ашиг олохгүй. Харин тухайн үед манай үхэр ногооны талбайд орсон учир ногоо тарихад гарсан зардлыг өөрөө тооцож нэг шүдлэн үхэр өгье гэж хэлж байсан. Түүнээс хойш уулзаагүй. Би шүдлэн үхрээ 700-800 мянган төгрөгөөр үнэлнэ гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Н.*******од холбогдуулан өөрийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд тариалсан ногооноос олох ёстой байсан ашиг 26.400.000 төгрөг, Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн хүү 580125 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөр төлөх зорилгоор бусдаас зээлсэн зээлийн хүү 1.400.000 төгрөг буюу нийт 28.380.125 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандан гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.******* нь өөрийн эзэмшлийн 1,8 га талбайд 2016 оны хавар 1 га талбайд төмс, 0,8 га талбайд 5000 ширхэг бөөрөнхий байцаа тариалсан байх ба 2016 оны 9 сарын 15, 16-ны өдөр хариуцагч Н.*******ын өмч болох үхрүүд Ж.*******ы ногооны талбайд орж төмс, бөөрөнхий байцааг идсэн талаар талууд тус тус маргаагүй байна.
Нэхэмжлэгч Ж.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Н.*******ын үхэрнүүд ногооны талбайд орж ногоо идсэнээс 26400000 төгрөгийн ашиг олох байсныг алдсан. Энэ ашиг нь манай гэр бүлийн амьжиргааны гол эх үүсвэр байсан. Энэ ашгаас хүүхдийн сургалтын төлбөр төлөхөөр хүнээс зээлсэн 2 сая төгрөгийн хүү 1400000 төгрөг, сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн хүү 580125 төгрөгийг төлөх байсан гэж, хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч 2016 онд гантай, ургац муутай байсан. Би ч өөрөө ногоо тарьдаг. 26400000 төгрөгийн ашиг олно гэдэг үндэслэлгүй, жилдээ 500000-600000 орчим төгрөгийн зардал гаргаж ногоо тариад 2-3 сая орчим төгрөгийн ашиг олох боломжтой, мөн зээлийн хүү гэж нэхээд байгаа мөнгө надад хамааралгүй, Миний хувьд тухайн хохиролд тооцож шүдлэн үхэр өгье гэж хэлж байсан. Шүдлэн үхрээ 700000-800000 төгрөгөөр үнэлнэ гэж тус тус тайлбарлан талууд маргаж байна.
Нэхэмжлэгчийн ногоо тариалсан талбайд хариуцагчийн өмчлөлийн үхрүүд орж төмс, бөөрөнхий байцааг идэн нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны хохирлыг үхрийн өмчлөгч Н.******* хариуцан арилгах үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл өмчлөгч нь бэлчээрлэж яваа мал сүргээ хариулга хамгаалалттай байлгах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан байх тул уг гэм хорыг тухайн мал сүргийн өмчлөгчид хариуцан арилгах үүрэг бий болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас ногоогоо хураан авч борлуулсан бол 26400000 төгрөгийн ашиг олох ёстой байсан гэж нэхэмжилж байх ба шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дараах байдлаар тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч өөрийн ашгаа тооцохдоо нийт 2 га талбайн 1 га-д төмс тариалж 9000 кг төмс хураан авч нэг кг-ыг 800 төгрөгөөр худалдан борлуулахад 7.200.000 төгрөгийн орлого, 0.8 га-д бөөрөнхий байцаа тариалж 16000 кг бөөрөнхий байцаа хураан авч нэг кг-ийг 1200 төгрөгөөр худалдан борлуулахад 19.200.000 төгрөгийн орлого олж нийт 26.400.000 төгрөгийг ашигтай байх байсан гэж тооцоолжээ.
Харин шинжээчийн дүгнэлтээр тооцвол нэхэмжлэгч нь нийт 1.7 га талбайд ургац тариалснаас төмс 1 га-гаас 9,4 тн, хүнсний ногоо 0,7 га-гаас 5,635 тн ургац хураан авах боломжтой гэсний дагуу зах зээлд төмсийг нэг кг-ийг 800 төгрөгөөр худалдаалбал 7.520.000 төгрөг, байцааг нэг кг-ыг 1200 төгрөгөөр худалдан борлуулбал 6.720.000 төгрөг буюу нийт 14.240.000 төгрөгийн орлого олох боломжтой байжээ.
Гэвч нэхэмжлэгч Ж.******* нь өөрийн тариалсан ногооны талбайг харуул хамгаалалттай байлгах, хашаа, хайсаа стандарт шаардлага хангасан материалаар хийгээгүйгээс ногооны талбайд үхэр орж, тариалсан ногоог идэж, сүйтгэх шалтгаан нөхцлийг бий болгосон байх тул нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй байдал нь түүний эд хөрөнгөд хохирол учрахад нөлөөлсөн гэж үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасны дагуу хохирлын хэмжээг багасгаж 14.240.000 төгрөгийн 20 хувь болох 2.848.000 төгрөгийг бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.*******ы нэхэмжлэлийн шаардлагаас Сум хөгжүүлэх сангийн авсан зээлийн үлдэгдэл 580125 төгрөг, хүүхдийнхээ сургалтын төлбөр төлөх зорилгоор хүнээс зээлсэн 2000000 төгрөгийн хүү 1400000 төгрөг төлүүлэх тухай хэсэг нь хариуцагчийн учруулсан гэм хорын хохиролтой шалтгаант холбоогүй байх тул гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Н.*******оос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 2.848.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25532125 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******ийн *******оос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 2.848.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******гийн *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25.532.125 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 299851 төгрөгийг төсвийн орлогод үлдээж хариуцагч Н.*******оос 60518 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Г.УРТНАСАН