Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 556

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.О, Ж.Ө нарын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Х банк ХХК-н Архангай салбарт холбогдох 

Орон сууц зээлээр худалдах худалдан авах 2241 тоот зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах, гэрээгүйгээр илүү төлсөн 12140000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгч Ж.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Э, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О, Ж.Ө, нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х банкинд ажиллаж байхдаа хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцны зээлийг сарын 0.5 хувийн хүүтэй, нөхөр Ж.Ө нь хамтран зээлдэгчээр зээлийн гэрээний үүргийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцон авч, зээлийн гэрээний үүргийн дагуу сард төлөх төлбөр нь 575000 төгрөг болж, үүнийг сар тутам саадгүй төлж байсан юм. Миний бие тодорхой шалтгааны улмаас 2015 оны 07 дугаар сарын 01-нд ажлаасаа гарсан. Ажлаас гарсан хэдий ч 2014 оны 11 сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ биелүүлж байсан ба 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн төлөлтөө хийсэн байсан. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр эдийн засагч Ж над руу утсаар ярьж, зээл чинь хугацаа хэтрээд байна гэж мэдэгдсэн. Би зээлээ төлсөн талаар хэлтэл, ажлаас гарсан тул зээлийн хүүг нэмэгдүүлсэн гэж хэлсэн. Банкны хүүг нэмэгдүүлж гэрээнд өөрчлөлт оруулах, хүүг нэмэгдүүлэх шинэчилж байгуулах талаар надтай болон хамтран зээлдэгч Ө хэн алинтай нь ч ярьж тохиролцоогүй. Тэгсэн атлаа бидэнд мэдэгдэлгүйгээр бидэнд илтэд хохиролтойгоор, 2016 оны 02 дугааар сарын 18-ны өдөр зөвхөн эргэн төлөлтийн графикийг банк дур мэдэн өөрчлен засаж, хоёр тал тохиролцон байгуулсан зээлийн гэрээнд заасан хүүг нэмэгдүүлж сард төлөх төлбөрийг 639000 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцсон байсан. Ингэснээр зээлийн эргэн төлөлтийн сарын төлбөр 1214000 төгрөг болж, зээлдэгчид илтэд хохиролтой, эрсдэлтэй байдал үүсч байгаа болно. Энэ талаар банкны эрх бүхий албан тушаалтнуудтай уулзахад зээлийг ипотекийн 8 хувийн зээл рүү шилжүүлж өгнө гэж хэлсээр 19 сар биднийг 1214000 төгрөгөөр зээл тушаалгасан. Үүнийг би гэрээгүйгээр хүү төлсөн гэж үзэж байна. Миний бие Х банкны эрх бүхий албан тушаалтнуудыг өөрсдийн буруутай үйл ажиллагаагаа зөвтгөн, зээлийн хүүг бууруулж надад ашигтайгаар шийдвэрлэж, хохиролгүй болгож өгнө гэдэгт итгэсээр өнөөг хүрсэн. Харин банк зээлийн хүүг бидэнтэй зөвшилцөлгүйгээр өөрсдөө дур мэдэн нэмэгдүүлсэн буруутай үйлдлээ зөвтгөлгүй биднийг хохироосоор байна. Иймээс Х банкинд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ХААН банк, зээлдэгч Д.О, хамтран зээлдэгч Ж.Ө нарын хооронд байгуулсан орон сууц зээлээр худалдан авах тухай 2241 дугаартай гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгаж, миний гэрээгүйгээр 19 сарын турш сар тутам 639000 төгрөг, нийт дүнгээр илүү төлсөн 12140000 /арван хоёр сая нэг зуун дөчин мянган/ төгрөгийг Хаан банкнаас эргүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О нь Булган суман дахь Х банкны тооцооны төвийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн төвд 2 өрөө орон сууц худалдан авах зориулалтаар 68,000,000 төгрөгийг ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны зээлээр авсан. 2015 оны Дотоод аудитын газрын шалгалтаар түүний гаргасан ноцтой зөрчил илэрч Д.О байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгааг цуцалсан. Түүний гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил байсан бөгөөд зээл судлан олгохдоо ашиг сонирхлын зөрчил гаргаж, харилцагчид нэмэлт зээл олгохгүйгээр зээлийн үлдэгдлээ хаах шаардлага тавьж, зээл хаах мөнгийг хувиасаа зээлдүүлэн буцаан авахдаа 200.000 төгрөг нэмэгдүүлэн авдаг, 22 зээлдэгчийн нийт 39252000 төгрөгийн зээлийг хувийн мөнгөөр төлж, салбар болон тооцооны төвийн зээлийн хороог хууран мэхэлж хувийн авлагаа авах зорилгоор зориулалт бус зээл судлан олгосон байсан. Ажилтан бүр банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас гарсан тохиолдолд хөнгөлөлттэй нөхцлөөр авсан орон сууцны зээл, зээлийн хүү тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны энгийн нөхцөлтэй зээлийн хүүнд шилждэг гэдгийг гэрээгээг ч тохирсон, өөрөө ч сайн мэдэж байгаа. Д.О байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний нөхцөл буюу 2.1.4.2-т заасны дагуу зээлийн хүүг 2016 оны 2-р сарын 18-ны өдөр нэмэгдүүлсэн нь хууль болон гэрээг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 09 сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцоно. Надад мэдэгдээгүй гэрээг өсгөж намайг 12.140.000 төгрөгөөр Хаан банк хохироогоод байна. Тийм учраас үндэслэлгүйгээр нэмсэн хүүгээ гаргуулах, 2241 тоот гэрээг үргэлжлүүлэх буюу 8 хувийн ипотекийн зээлд хамруулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. 1.214.000 төгрөгийг чи өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн гэж хэлээд байгаа. 2015 оны 08 сарын 05-ны өдөр банкнаас энгийн нөхцөл рүү шилжүүлэх юм чинь намайг дуудна, дуудахдаа надтай гэрээ хийнэ, хийхдээ надад 8 хувийн зээл рүү орох бүрэн боломж байна гэдгийг хэлнэ гэсэн үүднээс 08 сарын 05-ны өдөр би дансандаа 25.000.000 төгрөг шилжүүлсэн. Яагаад гэвэл 8 хувийн зээлд хамрагдахад 30 хувиа төлсөн хүн ордог гэсэн шаардлага байдаг. 10 хувиа төлсөн учраас 25.000.000 төгрөг дансандаа байршуулсан. Надад 10 сар, 9 сард мэдэгдсэн зүйл байхгүй. Би өөрөө 8 хувьд шилжүүлээд өгөөч, би өөрөө авдагаараа авна, банканд ямар нэгэн хохирол учруулахгүй, өөртөө ямар нэгэн эрсдэл гаргахгүй гэж хэлээд олон удаа гуйсан. Намайг тэгж хэлэхэд чи одоогоор ажил хийгээгүй байгаа учраас чамд 8 хувийн зээл олгох боломжгүй байна гэсэн. Ажилд ороод ажлаа авсан өдрөө Хаан банк руу яриад би ажилтай болчихлоо, 6 хувиар байгаа зээлийг 8 хувийн зээлд хамруулаад өгөөч гэдгээ дахин хэлсэн. Би нөхрийнхөө нэр дээр компани, аж ахуйн нэгж байгуулаад нийгмийн даатгалыг нь төлж байсан, 8 хувийн зээл авах шаардлагыг хангасан, хүсэлт гаргасан. Сар болгоны 25-ны өдөр Жавзандулам гэх хүн дээр очсон. Эдийн засагч дээр нь хоёр ч удаа очиж гуйсан. Яагаад миний хувьд ингээд төлөөд байсан бэ гэхээр банк намайг хуурсан. 8 хувьд оруулж өгнө, зээлээ хугацаа хэтрүүлэхгүй төлөөд бай гэж хэлсэн учраас итгээд нэг ч өдөр алдахгүй төлсөн. 8 хувийн зээлд орохын тулд материалуудаа сар болгон бүрдүүлээд эдийн засагч нартаа өгсөн. Ажлаасаа халагдахдаа хүртэл гомдолтой байна гээд хийсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй байдаг юм шүү. Яагаад шүүхэд хандах болсон бэ гэхээр хуулийн мэдлэг дутуу байсан учраас ажлаа хүлээлгэж өгөөд, ажлаасаа гарсан. Үнэхээр их гомдолтой байна гэв.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2014 оны 11 сарын 27-ны өдөр О, Ө нар Орон сууцны зээлийн гэрээг байгуулсан байдаг. 2015 оны 07 сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. 2016 оны 02 сарын 25-ны өдөр хүртэл 2241 дугаартай гэрээ хэвийн үргэлжилж байгаад 2016 оны 02 сарын 25-ны өдрөөс хойш зээлэнд өөрчлөлт орж нэмэгдүүлсэн нөхцөл байдал үүссэн. 2016 оны 11 сарын 27-ны өдрийг гэрээ 6 хувийн хүүтэй, түүнээс хойш хүүг нэмэгдүүлж өөрчлөхдөө О, Ө нарт мэдэгдэлгүйгээр гэрээ гэж хэлэхэд хэцүү жагсаалт гаргаад жагсаалтын дагуу мөнгийг нь нэмэгдүүлээд авсан байсан. Эдийн засагчийн зүгээс зээлээ төлнө үү гэсэн шаардлага тавьсан. Зээлээ төлсөн байгаа гэж хэлэхээр таны гэрээг өөрчилсөн байгаа гэсэн тайлбарыг хэлдэг. Өөрчилсөн гээд байгаа яаж өөрчилсөн гэдгээ хэлэхгүй, зөвхөн өөрчлөгдсөн гэж л хэлдэг. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тайлбараа хэлэхэд хууль бус гэрээ болсон гэж үзэж байгаа учраас өмнөх 2014 оны 11 сарын 27-ны өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлж, гэрээгүйгээр төлөгдсөн илүү мөнгө болох 12.140.000 төгрөгийг гаргуулж О, Ө нарт олгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Өмгөөллийн тухайд тайлбар хэлэхэд банкны гэрээ нь нэг талын хүсэл сонирхлоор илэрхийлэгдэхгүй, хүү тооцогдож байгаа учраас нэг талд нь О, Ө нар, нөгөө талд нь банк байж энэ гэрээ өөрчлөгдөх ёстой байсан. Гэтэл банк өөрөө дур мэдэж гэрээг өөрчилсөн байгаа нь хууль бус болсон. Хүү тооцох гэрээ бичгийн хэлбэртэй болох шаардлагыг зөрчсөн гэрээ болсон учраас үндэслэлгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрээг үндэслэл муутай байна гэж үзэж байна. Учир нь гэрээ өөрчлөгдөх болгонд уулзаж байсан, 8 хувийн зээлд хамруулаад өгөөч гэсэн байнгын хүсэлттэй, тухайн хүсэлтээ байнга тавьдаг байсан. Гэрээндээ дараа сарын тавны өдрөөс өөрчлөнө гэдэг хүсэлт байгаа. Дараа сарын тавны өдрөөс өөрчлөнө гэдэг хүсэлтээ нэгэнт гэрээн дээрээ байгаа юм чинь банк өөрчлөх хүсэлт манайд тавих юм байна гэж бодсон учраас О 8 хувийн зээл рүү орох хүсэлтийнхээ дагуу бүх материалаа бүрдүүлээд бэлэн болгосон байсан. Банкны хүсэлт ирэх юм бол гэрээндээ өөрчлөлт оруулах зорилго агуулаад баримтаа бүрдүүлсэн байгаа байдал нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаас харагдана. Гэтэл банк өөрөө энэ санаачлагыг гаргаагүй. Банканд гэрээ өөрчлөх үүрэг байхад тухайн үүргээ гүйцэтгээгүй хэзээ хойно буюу 2016 оны 02 сарын 25-ны өдөр автоматаар өөрчлөөд явчихж байгаа нь буруу гэж үзэж байна. Хуулийн шаардлага нь өөрөө хүү тооцож байгаа гэрээ заавал бичгийн байна гэж заасан. Гэтэл гэрээ нь өөрөө бичгээр байгуулагдаагүй, мөн гэрээний доод талд талууд гарын үсэг зурсаны дараа гэрээ байгуулагдсанд тооцож бичгийн гэрээ болдог байхад банк дангаараа гэрээг өөрчлөөд бичиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын тайлбарыг сонслоо. Иргэний хэрэг тэр тусмаа гэрээний эрх зүйд гэрээг байгуулахдаа хоёр тал хүсэл сонирхлоо бүрэн илэрхийлж, гэрээний талууд тэгш эрхийн зарчимд сайн дураар гэрээг байгуулдаг. Банкны тухайд банкны гэрээний шаардлага нөхцлийг зээлдэгч тал хүлээн зөвшөөрснөөр зээлийн гэрээ барьцааны гэрээ байгуулагддаг. Өөрөөр хэлбэл банкны нөхцөл шаардлага гэдэг нь банкны хүү, хугацаа, нэмэлт төлбөр, зээлийн хураамж шимтгэл эдгээр бүх нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулагддаг. Банкны шаардлага, гэрээнд заасан нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээ байгуулсанд тооцогдохгүй. 2014 оны 11 сарын 27-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээг зээлдэгч О, Ө нар хүлээн зөвшөөрч, өөрөөр хэлбэл Х банкны хөнгөлттэй нөхцлийн гэрээг байгуулах хүсэлтээ гаргаж зөвхөн Хаан банкнаас олгодог. Монгол улсад ийм хөнгөлттэй нөхцлөөр зээл олгодог банк Х банкнаас өөр байхгүй. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4.2-д зааснаар “зээлийн хүүг өөрчлөх: Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктэй байгуулсан түүний хөдөлмөрийн гэрээ контракт түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан дуусгавар болсон банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд дараа сарын 5-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг тухайн үед мөрдөгдөж байгаа энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүнд үл маргах журмаар шилжүүлэн тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээгээр талууд тохиролцсон. Хэрвээ та Х банкнаас олгож байгаа энэ хөнгөлттэй зээлийг аваад цааш нь үргэлжлүүлээд явбал энэ гэрээ цааш үргэлжлээд явна, харин ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн, ямар нэгэн байдлаар ажилтаны хариуцлагагүй байдлаас болж гэрээ цуцлагдаж байгаа тохиолдолд банкнаас орон сууцны зээлийн 8 хувь, 6 хувийн зээлийг хэвээр үргэлжлүүлэн явуулах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. Яагаад гэвэл банкны зээлийн төлбөр гэдэг бол тухайн зээлдэгчийн банканд ажиллаж байх хугацаандаа олсон орлого, түүнтэй адитгах цалингийн орлогоор зээл төлөгдөж явдаг. Гэтэл зээлдэгч банкнаас гарчихаад тэр зээлийг Хаан банкны  төлбөрөөр  буюу цалингаар төлөх ямар ч боломжгүй болоод байгаа юм. Ийм тохиолдолд банк цааш гэрээгээ үргэлжлүүлэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа тул энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүнд шилжиж байгаа юм. Мөн Орон сууцны зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5-д зээлийн төлбөр төлөхтэй холбоотой аливаа төлбөр тооцоог Банкны тухайн үед мөрдөгдөж буй хүү шимтгэлийн нөхцлөөр гүйцэтгэхийг зөвшөөрч байна. Гэрээ байгуулснаас хойш Банкны дээрх шимтгэлийн хураамжийн нөхцөл өөрчлөгдсөн бол тэрхүү нөхцлийг баримтлана гэж заасан. Энэ нь давхар баталж байгаа юм. Нэгэнт гарын үсэг зураад зөвшөөрсөн гэрээ байгаа учир үл маргах журмаар шилжүүлэх, хүү өөрчлөгдөхийг зээлдэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тиймээс үл маргах журмаар гэдэг хуулийн агуулга нь цаашид маргахгүй юм гэсэн хуулийн агуулгыг агуулж байгаа учраас ямар нэгэн байдлаар банк нэг талын хүсэл зорилгоор өөрчилсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Хоёрдугаарт нэхэмжлэгч би гэрээгүйгээр илүү хүү төлсөн гэж хэлээд байгаа. Гэрээгүйгээр илүү хүү төлсөн асуудал огт байхгүй. Яагаад гэвэл зээлийн гэрээний 2.1.4.2-д үл маргах журмаар энгийн орон сууцны зээлийн хүүнд шилжүүлнэ гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Дээр нь хүүгийн нөхцөл өөрчлөгдөхөд төлнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь өөрөө гэрээгээр тодорхойлогдож байгаа. Гэрээгээр тодорхойлсон энэ нөхцлийг болзолт нөхцөл гэж хэлээд байгаа юм. Болзолт хэлцэл гэдэг нь ирээдүйд бий болох нөхцлийг урьдчилсан тогтоож хэрвээ тухайн нөхцөл нь бий болсон тохиолдолд тухайн гэрээний өмнө хийсэн гэрээ хүчин төгөлдөр үйлчлээд явдаг. Тэгэхээр тухайн гэрээг байгуулахдаа банк хэрвээ та банкнаас гарах юм бол таны хүү үл маргах журмаар өөрчлөгдөн шүү гэдгийг гэрээнд тодорхой заагаад өгчихсөн учраас шилжүүлсэн. Түүнээс ямар нэгэн байдлаар энэ гэрээг үл маргах журмаар шилжүүлнэ гэж тодорхой заагаагүй байгаад банкнаас хүү нэхэмжилж байгаа бол та бүхний нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзэж байна. Гэхдээ гэрээний нөхцөл дээрээ тодорхой заагаад өгчихсөн байгаа учраас энэ гэрээ өөрөө үндэслэлтэй байна гэж хэлэх гээд байгаа юм. Өнөөдрийг хүртэл орон сууцны зээлийн гэрээ хэвээр үргэлжиж байгаа. Яагаад гэвэл 2014 оны 11 сарын 27-ны өдрийн гэрээний дагуу хүү төлөгдөж яваа. Энэ гэрээ өөрчлөгдөөгүй. Тийм учраас гэрээний зөвхөн хүү өөрчлөгдсөн. Хүү нь өөрөө үл маргах журмаар хийгдсэн юм гэдгийг хэлээд байна. Гуравдугаарт зээлийн хүүг бидэнтэй зөвшилцөхгүйгээр өөрсдөө дур мэдэж нэмэгдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагад бичсэн байсан. Бидний зүгээс ямар нэгэн байдлаар дур мэдэж хүүг нэмсэн асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд тохирсон, гарын үсэг зурсан. Банкнаас гарах юм бол энгийн орон сууцны нөхцөл оүү шилжинэ шүү гэдэг дээр харилцан тохиролцсон учраас үүнд банк дур мэдэж өөрчилсөн асуудал байхгүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 3-д “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасан. Энэ хэлцэл хийгдсэн гэж хуулиар тогтоосон. Яагаад гэвэл банк программ дээрээ өөрөөр хэлбэл танд мэдэгдсэн гэдгийг та өөрөө нэхэмжлэл дээрээ тусгасан, Ч гэх  хүнд 25-ны өдөр зээлийн эргэн төлөлтөө төлчихөөд 26-ны өдөр болохоор хугацаа хэтэрч байна гэж хэлсэн. Юу гэсэн үг бэ гэхээр таны зээлийн хүү энгийн орон сууцны зээлийн хүүнд шилжсэн гэж хэлсэн. Тэгэхээр мэдэгдснээс хойш 500.000 төгрөг дээр 600.000 төгрөг төлсөн. Таны сар бүрийн зээлийн хүү 1.100.000 төгрөгөөр өссөн.  Та 1.100.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлсөн. Та гэрээний үүргээ биелүүлээгүй, энгийн орон сууцны зээлийн хүүнд шилжүүлснийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Энэ хүлээн зөвшөөрч байгаа үйлдлээ бодит үйлдлээр буюу нэмэгдүүлж хүүгээ төлж байгаа үйлдлээр харагдана. Тийм учраас хүү төлж байгаа байдал нь бодит байдлаар хэрэгжсэн гэж үзэх үндэслэлтэй. Дээр нь Монгол улсын дээд шүүхийн 2010  оны 06 сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолын 2.6, 3.2-д зааснаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хүсэл зоригийг үгээр болон бичгээр илэрхийлээгүй ч гэсэн өөрийн санааг бусдад ойлгогдохуйц аргаар илэрхийлсэн аливаа зан үйлийг хамааруулан ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл банк тухайн үед тантай нэмэлт гэрээ байгуулаагүй ч гэсэн энэ гэрээ бодит үйлдлээр зээлийн гэрээний хүүг хүлээн зөвшөөрөөд явж байгаа байдал бол энэ хэлцэл нь хүчин төгөлдөр болохгүй. Өөрөөр хэлбэл нэмэлт гэрээ байгуулаагүйгээс болж та хохироогүй. Харин үл маргах журмаар хүлээн зөвшөөрсөн бол та хэлцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгаа юм. Мөн байгууллагын дотоод журмаараа Хаан банкны зээлийн журмын 2.8.6.5-д “тухайн зээлийг шилжүүлж авах тухайн шийдвэрлэсэн салбар нэгж шаардлагатай тохиолдолд зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах гэрээ байгуулах бөгөөд хяналт тавьж ажиллана” гэж заасан. Шаардлагатай тохиолдолд гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхээр байгаа. Тийм учраас энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ байгаа юм. Энэ талаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага дээрээ бичээгүй байсан. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-д “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт нь” нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан байна гэж үзнэ. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар өөрийнхөө эрхийг хамгаалах гэж байгаа бол тухайн байгууллагын гаргасан шийдвэрийг таслан зогсоох, зөрчихөөс өмнө байдал сэргээх, бусдыг эрхийг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож байж дараа нь сэргээх асуудлыг ярина. Жишээ нь зээлийн гэрээ барьцааны гэрээтэй холбоотой өчнөөн маргаан үүсдэг. Энэ тохиолдолд тэр эрх ашгийг зөрчсөн этгээд нь хүчингүй болгох юм уу, түүний дараа даалгадаг. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага бол банканд даалгаад явчихдаг. Өөрөөр хэлбэл 6 хувийн зээлд буцаан шилжүүлэхийг Хаан банканд даалгаж өгнө үү гэсэн байгаа Яагаад шүүхээр даалгуулах гээд байгаа юм бэ. Эхний ээлжинд ингэж зөрчигдсөн, ийм байдлаар хүчин төгөлдөр бус байна гэдгийг буруу байна гэж үзэж байгаа бол энэ гэрээний заалтыг хүчингүй болгож өгнө үү. Нэгэнт хүчингүй болгож байж дараа нь эрх сэргээх асуудал яригдана. Тийм учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд иргэний эрх зүйн хамгаалалтын тухай заасан. Энэ нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Тийм учраас зөрчигдсөн эрхийг сэргээх гэдэг нь эрх зөрчигдсөн юм гэдгийг тогтоох ёстой. Гэтэл зөрчигдсөн гэдгээ нотлуулаад Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” , мөн 9.4.2-д “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” гэж заасан. Үүний хоёрдугаар шаардлагын нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан байгаа юм. Мөн дээр нь 12.140.000 төгрөгийг гаргуулна гэж байгаа. Яаж банк хууль зөрчөөд байгаа юм бэ, хууль зөрчсөн гэж үзээд байгаа бол та ямар шаардлага гараад байгаа юм бэ, энэ нь тодорхойгүй байна. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны аль нэг нь хангагдахгүй байвал нэхэмжлэлээс татгалзах, хүлээж авахаас татгалзах хуулийн зохицуулалтай. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан байгаа учраас шүүхээс та бүхэнд даалгах, шийдвэр гаргах ямар ч боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаар гаргаагүй нэхэмжлэлийг шүүхээс дур мэдэж өөрийн санаачлагаар хүчингүй болгохгүй. Тийм учраас нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар   болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нар нь хариуцагч Х банк ХХК-ы Архангай салбарт холбогдуулан “Орон сууц зээлээр худалдах худалдан авах 2241 тоот зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах, гэрээгүйгээр илүү төлсөн 12140000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Хаан банк ХХК-ны Архангай салбар зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно. 

 

Нэхэмжлэгч  Д.О, Ж.Ө нар нь хариуцагч Х банк ХХК-ы Архангай салбараас 2014 оны 11 сарын 27-ны өдөр 2241 тоот зээлийн гэрээ байгуулан  68 сая төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь 2241 тоот зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Зээлийн гэрээг ажилтны хөнгөлөлтэй нөхцөлөөр байгуулсан нь зээлийг буцаан төлөх арга журмыг тохиролцсон байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.О, нь Хаан банк ХХК-ны Архангай салбарын захирлын 2015 оны 2015 оны 07 сарын 01-ний өдрийн 101 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд 2241 тоот зээлийн гэрээний дагуу гэрээний үүргийг гүйцэтгэж байсан боловч 2017 оны 02 сарын 18-ны өдөр Хаан банк ХХК зээлийн хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулсан болох нь Хаан банк ХХК-ны Архангай салбарын захирлын 2015 оны 2015 оны 07 сарын 01-ний өдрийн 101 тоот тушаал / хх-  х/, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь /хх-6х/-аар тогтоогдож байна. 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ 2241 тоот зээлийн гэрээний 2.1.4.2-т “ Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контракт, түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан дуусгавар болсон бол банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд дараа сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг тухайн үед мөрдөж байгаа энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүнд үл маргах журмаар шилжүүлэн тооцно” гэсэн заалтын дагуу шилжүүлсэн, Х банкны ажилтны зээлийн журмын 2.8.6.5-д тухайн зээлийг шилжүүлж авах тухай шийдвэрлэсэн салбар нэгж шаардлагатай тохиолдолд зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулах бөгөөд хяналт тавьж ажиллана гэж байгаа, шаардлагатай тохиолдолд гэж заасан учир банк заавал нэмэлт гэрээ байгуулах шаардлагагүй, хариуцагч нар зээлийн хүүг өөрчлөгдсөн хэмжээгээр төлж байсан нь хүлээн зөвшөөрч хэлцэл хийгдсэн байна гэж тайлбар гаргаж байгаа болно. 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр байгуулахаар, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зээлийн гэрээнд гэрээний нөхцөлийг өөрчлөх талаар тодорхой тусгана гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарын Х банк ХХК-тай 2014 оны 11 сарын 27-ны өдөр бичгээр байгуулсан 2241 тоот зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.7-д гэрээний нөхцөл өөрчлөх тухай тохиролцохдоо “Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ контракт, түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан буюу дуусгавар болсон бол  банк дараа сарын 05-ны өдрөөс эхлэн тухайн үед мөрдөж байгаа аль тохирох орон сууцны зээлийн нөхцөлд үл маргах журмаар шилжүүлж нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулна” гэж тохирчээ. Үүнээс үзэхэд шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулна гэдэг нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцүүлэн нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарын хариуцагч Хаан банк ХХК-тай 2014 оны 11 сарын 27-ны өдөр байгуулсан 2241 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа нэмэлт өөрчлөлтийн гэрээг бичгээр байгуулах шаардлага тавьсан байна.

Хаан банкны ажилтны зээлийн журмын 2.8.6.1-с 2.8.6.5-т заасанчлан тус банкны Зээлийн хорооны ямар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарын зээлийн үлдэгдлийг харилцагчийн орон сууцны зээлийн хүүгийн ямар түвшинд шилжүүлсэн тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч талаас хүүгийн хэмжээг өөрчлөхдөө нэмэлт өөрчлөлтийн гэрээг бичгээр байгуулаагүй байна. 

Хариуцагч Хаан банкны Архангай салбар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 2014 оны 11 сарын 27-ны өдөр бичгээр байгуулсан 2241 тоот зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.7, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Х банкны ажилтны зээлийн журмын 2.8.6.5-т заасан шаардлагуудыг зөрчин гэрээний зээлдэгч талтай нэмэлт өөрчлөлтийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарын зээлийн үлдэгдлийг энгийн харилцагчийн зээл рүү үндэслэлгүйгээр шилжүүлж зээлдэгч нарт үүрэг үүсээгүй байхад 12 140 000 төгрөгийг илүү төлүүлж авсан байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Х банкны Архангай салбараас 12 140 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарт олгох нь зүйтэй байна. 

Орон сууц зээлээр худалдан авах тухай 2241 тоот гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасанчлан уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал болон гэрээний талуудаас гэрээг цуцласан буюу гэрээнд өөрчлөлт орсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, гэрээний хугацаа дуусаагүй байх тул хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээг үргэлжлүүлэхийг даалгах шаардлага нь үндэслэлгүй  байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 209190 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж 2241 тоот гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг нэхэмжлэгч нараас гаргуулж орон нутгийн орлогод, хариуцагч Хаан банк ХХК-н Архангай салбараас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 209190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарт олгохоор шийдвэрлэлээ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 196 дугаар зүйлийн 196.1.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.2,  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х банк ХХК-н Архангай салбараас 12140000 / арван хоёр сая нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц зээлээр худалдан авах тухай 2241 тоот гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209190 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод, хариуцагч Х банк ХХК-н Архангай салбараас улсын тэмдэгтийн хураамж 209190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН