Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              Д.О, Ж.Ө нарын нэхэмжлэлтэй

                                                      иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2018/00633 дугаар шийдвэртэй

Д.О, Ж.Ө нарын нэхэмжлэлтэй

Х банкны Архангай салбарт холбогдох

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2 241 дүгээр орон сууцны зээлийн гэрээг

хэвээр үргэлжлүүлэхийг Х банкны Архангай салбарт даалгуулах, 12 140 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн төлөөлөгч С.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгч Ж.Өгын төлөөлөгч болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн төлөөлөгч С.Гантогтох, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон тайлбарт:

          “Д.О миний бие Х банкинд ажиллаж байхдаа хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр 2014.11.27-ны өдөр орон сууцны зээлийг сарын 0,5 хувийн хүүтэй, нөхөр Ж.Ө нь хамтран зээлдэгчээр зээлийн гэрээний үүргийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцон авч зээлийн гэрээний үүргийн дагуу сард төлөх төлбөр 575 000 төгрөгийг сар тутам саадгүй төлж байсан юм. Миний бие тодорхой шалтгааны улмаас 2015.07.01-нд ажлаасаа гарсан. Ажлаас гарсан хэдий ч 2014.11.27-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ биелүүлж байсан ба 2016.02.25-ны өдөр зээлийн төлөлтөө хийсэн. Гэтэл 2016.02.26-ны өдөр эдийн засагч Жавзандулам над руу утсаар ярьж “зээл чинь хугацаа хэтрээд байна” гэж мэдэгдсэн. Би зээлээ төлсөн талаар хэлтэл ажлаас гарсан тул зээлийн хүүг нэмэгдүүлсэн гэж хэлсэн. Зээлийн хүүг нэмэгдүүлж гэрээнд өөрчлөлт оруулах, шинэчилж байгуулах талаар хамтран зээлдэгч Ө бид хоёрын хэн алинтай нь ч ярьж тохиролцоогүй. Тэгсэн атлаа бидэнд мэдэгдэлгүйгээр, бидэнд илтэд хохиролтойгоор 2016.02.18-ны өдөр зөвхөн эргэн төлөлтийн графикийг банк дур мэдэн өөрчилж, хоёр тал тохиролцон байгуулсан зээлийн гэрээнд заасан хүүг нэмэгдүүлж, сард төлөх төлбөрийг 639 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байсан. Ингэснээр зээлийн эргэн төлөлтийн сарын төлбөр 1 214 000 төгрөг болж, зээлдэгчид илтэд хохиролтой эрсдэлтэй байдал үүсч байгаа болно. Энэ талаар банкны эрх бүхий албан тушаалтнуудтай уулзахад зээлийг ипотекийн 8 хувийн зээл рүү шилжүүлж өгнө гэж хэлсээр бид нараар 19 сарын турш 1 214 000 төгрөгийн зээл тушаалгасан. Үүнийг би гэрээгүйгээр хүү төлсөн гэж үзэж байна. Миний бие Х банкны эрх бүхий албан тушаалтнуудыг өөрсдийн буруутай үйл ажиллагаагаа зөвтгөн зээлийн хүүг бууруулж надад ашигтайгаар шийдвэрлэж хохиролгүй болгож өгнө гэдэгт итгэсээр өнөөг хүрсэн. Гэвч банк зээлийн хүүг бидэнтэй зөвшилцөлгүйгээр өөрсдөө дур мэдэн нэмэгдүүлсэн буруутай үйлдлээ зөвтгөлгүй биднийг хохироосоор байна. Иймээс Х банк болон зээлдэгч Д.О, хамтран зээлдэгч Ж.Ө нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2 241 дугаартай орон сууцны зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг Х банкинд даалгаж, 19 сарын турш миний гэрээгүйгээр сар тутам илүү төлсөн 639 000 төгрөг, нийт дүнгээр 12 140 000 /арван хоёр сая нэг зуун дөчин мянган/ төгрөгийг Х банкнаас эргүүлэн гаргуулж өгнө үү. Х банк зээлийн эргэн төлөлтийн сарын төлбөр болох 1 214 000 төгрөгийг намайг өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн гээд байгаа. 2015.08.05-ны өдөр зээлийг энгийн нөхцөл рүү шилжүүлэх юм чинь банкнаас намайг дуудна, дуудахдаа надтай гэрээ хийнэ, хийхдээ надад 8 хувийн зээл рүү орох бүрэн боломж байна гэдгийг хэлнэ гэсэн үүднээс 08.05-ны өдөр би дансандаа 25 000 000 төгрөг байршуулсан. Яагаад гэвэл 8 хувийн зээлд хамрагдахад 30 хувийг урьдчилан төлсөн байх шаардлага тавьдаг. Би өмнө нь 10 хувийг төлсөн учраас 25 000 000 төгрөг дансандаа байршуулсан. Банк надад 9-10 сард мэдэгдээгүй. Би өөрөө 8 хувийн зээлд шилжүүлээд өгөөч, би өөрөө авдгаараа авна, банкинд ямар нэгэн хохирол учруулахгүй, өөртөө ямар нэгэн эрсдэл гаргахгүй гэж хэлээд олон удаа гуйсан. Намайг тэгж гуйхад “чи одоогоор ажил хийгээгүй байгаа учраас чамд 8 хувийн зээл олгох боломжгүй байна” гэсэн. Тэгээд би ажилд ороод ажлаа авсан өдрөө Х банк руу яриад “би ажилтай болчихлоо, 6 хувийн хүүтэй зээлийг 8 хувийн хүүтэй зээлд хамруулаад өгөөч” гэж дахин хэлсэн. Мөн нөхрийнхөө нэр дээр компани, аж ахуйн нэгж байгуулаад нийгмийн даатгалыг нь төлж байсан. 8 хувийн зээл авах шаардлагыг хангасан учраас хүсэлт гаргасан. Сар болгоны 25-ны өдөр Жавзандулам гэх хүн дээр очсон. Эдийн засагч дээр нь хоёр ч удаа очиж гуйсан. Банк намайг хуурч “8 хувьд оруулж өгнө, зээлээ хугацаа хэтрүүлэхгүй төлөөд бай” гэж хэлсэн учраас би итгээд нэг өдөр ч алдахгүй төлсөн. 8 хувийн зээлд орохын тулд материалуудаа бүрдүүлээд сар болгон эдийн засагч нартаа өгсөн. Би ажлаасаа халагдахдаа хүртэл гомдолтой байна гээд хийсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй байдаг юм шүү. Яагаад шүүхэд хандаагүй вэ гэхээр хуулийн мэдлэг дутуу байсан учраас ажлаа хүлээлгэж өгөөд ажлаасаа гарсан. Үнэхээр их гомдолтой байна.” гэжээ.

 

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт:

          “Нэхэмжлэгч Д.О нь Х банкны Булган сум дахь тооцооны төвийн эдийн засагчаар ажиллаж байх үедээ 2014.11.27-ны өдөр аймгийн төвд 2 өрөө орон сууц худалдан авах зориулалтаар 68 000 000 төгрөгийг ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны зээлээр авсан. 2015 онд дотоод аудитын газрын шалгалтаар түүний гаргасан ноцтой зөрчил илэрч, Д.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Түүний гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил байсан бөгөөд зээл судлан олгохдоо ашиг сонирхлын зөрчил гаргаж харилцагчид нэмэлт зээл олгохгүйгээр зээлийн үлдэгдлээ хаах шаардлага тавьж зээл хаах мөнгийг хувиасаа зээлдүүлэн буцаан авахдаа 200 000 төгрөг нэмэгдүүлэн авдаг, 22 зээлдэгчийн нийт 39 252 000 төгрөгийн зээлийг хувийн мөнгөөр төлж салбар болон тооцооны төвийн зээлийн хороог хууран мэхэлж хувийн авлагаа авах зорилгоор зориулалт бус зээл судлан олгосон байсан. Ажилтан бүр банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас гарсан тохиолдолд хөнгөлөлттэй нөхцлөөр авсан орон сууцны зээл, зээлийн хүү тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны энгийн нөхцөлтэй зээлийн хүүнд шилждэг гэдгийг гэрээгээр ч тохирсон, өөрөө ч сайн мэдэж байгаа. Д.Отэй байгуулсан орон сууцны зээлийн гэрээний нөхцөл буюу 2.1.4.2-т заасны дагуу зээлийн хүүг 2016.02.18-ны өдөр нэмэгдүүлсэн нь хууль болон гэрээг зөрчөөгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг, тэр тусмаа гэрээний эрх зүйд гэрээг байгуулахдаа хоёр тал хүсэл сонирхлоо бүрэн илэрхийлж, гэрээний талууд тэгш эрхийн зарчимд сайн дураар гэрээг байгуулдаг. Банкны тухайд банкны гэрээний шаардлага, нөхцлийг зээлдэгч тал хүлээн зөвшөөрснөөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагддаг. Өөрөөр хэлбэл банкны нөхцөл, шаардлага гэдэг нь зээлийн хүү, хугацаа, нэмэлт төлбөр, зээлийн хураамж, шимтгэл, эдгээр бүх нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулагддаг. Банкны шаардлага, гэрээнд заасан нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээ байгуулагдсанд тооцохгүй. 2014.11.27-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээг зээлдэгч О, Ө нар хүлээн зөвшөөрч, өөрөөр хэлбэл Х банкны хөнгөлөлттэй нөхцлийн гэрээг байгуулах хүсэлтээ гаргаж байгуулсан. Энэ зээлийг зөвхөн Х банкнаас олгодог. Монгол улсад ийм хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгодог банк Х банкнаас өөр байхгүй. Зээлийн гэрээний 2.1.4.2-д “Зээлийн хүүг өөрчлөх: Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай байгуулсан түүний хөдөлмөрийн гэрээ, контракт, түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд дараа сарын 5-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг тухайн үед мөрдөгдөж байгаа энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүнд үл маргах журмаар шилжүүлэн тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээгээр талууд тохиролцсон. Хэрвээ та Х банкнаас олгож байгаа энэ хөнгөлөлттэй зээлийг аваад цааш нь үргэлжлүүлээд ажиллавал энэ гэрээ цааш үргэлжлээд явна, харин ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн ажилтны хариуцлагагүй байдлаас болж гэрээ цуцлагдаж байгаа тохиолдолд банкнаас орон сууцны 8 хувь, 6 хувийн хүүтэй зээлийг хэвээр үргэлжлүүлэн явуулах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. Яагаад гэвэл банкны зээлийн төлбөр гэдэг бол тухайн зээлдэгчийн банкинд ажиллаж байх хугацаандаа олсон орлого, түүнтэй адилтгах цалингийн орлогоор төлөгдөж явдаг. Гэтэл зээлдэгч банкнаас гарчихаар тэр зээлийг Х банкны  төлбөрөөр  буюу цалингаар төлөх ямар ч боломжгүй болж байгаа юм. Ийм тохиолдолд банк цааш гэрээгээ үргэлжлүүлэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа тул энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүнд шилжиж байгаа юм. Мөн орон сууцны зээлийн гэрээний 3.2.5-д “Зээлийн төлбөр төлөхтэй холбоотой аливаа төлбөр тооцоог Банкны тухайн үед мөрдөгдөж буй хүү, шимтгэлийн нөхцлөөр гүйцэтгэхийг зөвшөөрч байна. Гэрээ байгуулснаас хойш Банкны дээрх шимтгэл, хураамжийн нөхцөл өөрчлөгдсөн бол тэрхүү нөхцлийг баримтална” гэж заасан. Энэ нь давхар баталж байгаа юм. Нэгэнт гарын үсэг зураад зөвшөөрсөн гэрээ байгаа учир үл маргах журмаар шилжүүлэх, хүү өөрчлөгдөхийг зээлдэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тиймээс үл маргах журмаар гэдэг хуулийн агуулга нь цаашид маргахгүй юм гэсэн хуулийн агуулгыг агуулж байгаа учраас ямар нэгэн байдлаар банк нэг талын хүсэл зорилгоор өөрчилсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Хоёрдугаарт, нэхэмжлэгч гэрээгүйгээр илүү хүү төлсөн гэж хэлээд байгаа. Гэрээгүйгээр илүү хүү төлсөн асуудал огт байхгүй. Яагаад гэвэл зээлийн гэрээний 2.1.4.2-д зааснаар үл маргах журмаар энгийн орон сууцны зээлийн хүүнд шилжүүлнэ гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Дээр нь хүүгийн нөхцөл өөрчлөгдөхөд төлнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь өөрөө гэрээгээр тодорхойлогдож байгаа. Гэрээгээр тодорхойлсон энэ нөхцлийг болзолт нөхцөл гэж хэлээд байгаа юм. Болзолт хэлцэл гэдэг нь ирээдүйд бий болох нөхцлийг урьдчилан тогтоож, хэрвээ тухайн нөхцөл нь бий болсон тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр үйлчлээд явдаг. Тэгэхээр тухайн гэрээг байгуулахдаа банк “хэрвээ та банкнаас гарах юм бол таны зээлийн хүү үл маргах журмаар өөрчлөгдөнө шүү” гэдгийг гэрээнд тодорхой заагаад өгчихсөн учраас хүүгийн хэмжээг өөрчилсөн. Түүнээс ямар нэгэн байдлаар энэ гэрээнд үл маргах журмаар шилжүүлнэ гэж тодорхой заагаагүй байгаад банкнаас хүү нэхэмжилж байгаа бол та бүхний нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзэж байна. Гэтэл гэрээний нөхцөл дээрээ тодорхой заагаад өгчихсөн байгаа учраас энэ гэрээ өөрөө үндэслэлтэй байна гэж хэлэх гээд байгаа юм. Өнөөдрийг хүртэл орон сууцны зээлийн гэрээ хэвээр үргэлжиж байгаа. Яагаад гэвэл 2014.11.27-ны өдрийн гэрээний дагуу хүү төлөгдөж яваа. Энэ гэрээ өөрчлөгдөөгүй. Гэрээний зөвхөн хүү өөрчлөгдсөн. Хүү нь өөрөө үл маргах журмаар хийгдсэн юм гэдгийг хэлээд байна. Гуравдугаарт, зээлийн хүүг бидэнтэй зөвшилцөхгүйгээр өөрсдөө дур мэдэж нэмэгдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагад бичсэн байсан. Бидний зүгээс ямар нэгэн байдлаар дур мэдэж хүүг нэмсэн асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд тохирсон, гарын үсэг зурсан. Банкнаас гарах юм бол энгийн орон сууцны зээлийн нөхцөл рүү шилжинэ шүү гэдэг дээр харилцан тохиролцсон учраас үүнд банк дур мэдэж өөрчилсөн асуудал байхгүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасан. Энэ хэлцэл хийгдсэн гэдгийг хуулиар тогтоосон. Яагаад гэвэл банк танд мэдэгдсэн гэдгийг та өөрөө нэхэмжлэл дээрээ тусгасан. 25-ны өдөр зээлээ төлчихсөн байхад 26-ны өдөр болохоор Жавзандулам гэх хүн хугацаа хэтэрч байна гэж хэлсэн гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр “таны зээлийн хүү энгийн орон сууцны зээлийн хүүнд шилжсэн” гэж хэлсэн. Тэгээд мэдэгдснээс хойш 500 000 төгрөг дээр 600 000 төгрөг нэмж төлсөн. Таны сар бүрийн зээлийн эргэн төлөлт 1 100 000 төгрөг болж өссөн. Та 1 100 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлсөн. Та энгийн орон сууцны зээлийн хүүнд шилжүүлснийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Ийнхүү хүлээн зөвшөөрч байгаа нь бодит үйлдлээр буюу нэмэгдүүлж хүүгээ төлж байгаа үйлдлээр харагдана. Тийм учраас хүү төлж байгаа байдал нь бодит үйлдлээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Дээр нь Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолын 2.6, 3.2-д зааснаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлд хүсэл зоригийг үгээр болон бичгээр илэрхийлээгүй ч гэсэн өөрийн санааг бусдад ойлгогдохуйц аргаар илэрхийлсэн аливаа зан үйлийг хамааруулан ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл банк тухайн үед тантай нэмэлт гэрээ байгуулаагүй ч гэсэн зээлийн хүүг хүлээн зөвшөөрөөд төлж байгаа байдал бол энэ гэрээ бодит үйлдлээр хийгдсэн бөгөөд уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус болохгүй. Өөрөөр хэлбэл нэмэлт гэрээ байгуулаагүйгээс болж та хохироогүй. Харин үл маргах журмаар шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн бол та хэлцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгаа юм. Мөн Х банкны ажилтны зээлийн журмын 2.8.6.5-д “тухайн зээлийг шилжүүлж авах тухай шийдвэрлэсэн салбар, нэгж шаардлагатай тохиолдолд зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах гэрээ байгуулах бөгөөд хяналт тавьж ажиллана” гэж заасан. “Шаардлагатай тохиолдолд” гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхээр байгаа. Тийм учраас энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Энэ талаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ бичээгүй байсан. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар нэхэмжлэлд “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”-ыг тусгасан нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан байна гэж үзнэ. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар өөрийнхөө эрхийг хамгаалах гэж байгаа бол тухайн байгууллагын гаргасан шийдвэрийг таслан зогсоох, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож байж дараа нь сэргээх асуудлыг ярина. Жишээ нь зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой өчнөөн маргаан үүсдэг. Энэ тохиолдолд тэр эрх ашгийг зөрчсөн этгээд нь хүчингүй болгох юм уу, түүний дараа даалгадаг. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага бол банкинд даалгах, өөрөөр хэлбэл 6 хувийн зээлд буцаан шилжүүлэхийг Х банкинд даалгаж өгнө үү гэсэн байгаа. Яагаад шүүхээр даалгуулах гээд байгаа юм бэ? Эхний ээлжинд ингэж зөрчигдсөн, ийм байдлаар хүчин төгөлдөр бус байна гэдгийг нотлоод буруу байна гэж үзэж байгаа бол энэ гэрээний заалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргах ёстой. Хүчингүй болгож байж дараа нь эрх сэргээх асуудал яригдана. Тийм учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд иргэний эрх зүйн хамгаалалтын тухай заасан. Энэ нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Тийм учраас зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд эхлээд эрх зөрчигдсөн гэдгийг тогтоох ёстой. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох”, мөн 9.4.2-д “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” гэж заасан. Үүний хоёрдугаар шаардлагыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан байгаа юм. Мөн дээр нь 12 140 000 төгрөгийг гаргуулна гэж байгаа. Банк яаж хууль зөрчөөд байгаа юм бэ? Хууль зөрчсөн гэж үзээд байгаа бол та ямар шаардлага гаргаад байгаа юм бэ? Энэ нь тодорхойгүй байна. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагын аль нэг нь хангагдахгүй байвал нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан байгаа учраас шүүхээс даалгах шийдвэр гаргах ямар ч боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүхээс дур мэдэж өөрийн санаачилгаар хүчингүй болгохгүй. Тийм учраас нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2018/00633 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Х банк ХХК-ийн Архангай салбараас 12 140 000 /арван хоёр сая нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарт олгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарын “Орон сууц зээлээр худалдах худалдан авах” 2014 оны 11 сарын 27-ны өдрийн 2 241 дүгээр гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг Х банк ХХК-ийн Архангай салбарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 190 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Х банк ХХК-ийн Архангай салбараас 209 190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарт олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд:

“Д.О, Ж.Ө нарын нэхэмжлэлтэй Х банкны Архангай салбарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2018/00633 дугаартай  шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч анхан шатны шүүх “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018.07.19-ний өдөр шуудангаас гардаж авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлыг гаргаж байгаа болно. Гомдлын агуулга:

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Д.О, Ж.Ө нарын авсан зээлийн хүүг энгийн харилцагчийн зээлийн хүүнд шилжүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй, зээлдэгч гэрээнд заасан хэмжээгээр /хувиар/ хүү төлөх үүрэг хүлээдэг байтал хариуцагч банк зээлдэгч нартай тохиролцохгүйгээр зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь үйлдэж өмнөх гэрээгээр төлж байсан зээлийн төлбөр дээр 639 000 төгрөгийн хүүг нэмэгдүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасантай нийцэхгүй байгаа тул нэхэмжлэгч нар 2016.02.26-ны өдрөөс 2017.08 дугаар сар хүртэл 12 140 000 төгрөгийн хүүг хариуцагч Х банкинд төлөх үүрэг хүлээгээгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч нар нь 8 хувийн хүүтэй зээл авахаар Х банкинд бүрдүүлж өгсөн гэх баримтуудыг шүүхэд гарган өгч нэхэмжлэгч Д.О нь сард 1 214 000 төгрөг төлснөө “...Х банк “зээлийг чинь ипотекийн зээлд шилжүүлж өгнө, чи хугацаа хэтрүүлэхгүйгээр төлчих” гэсэн. Би сар болгоны төлөлтөө хийчихээд очиж уулзахад “манай журмаар чи ипотекийн зээлээ хэдэн сар төлөхгүй бол болохгүй байна. Тийм учраас чи Х банкны харилцах дансыг устгахгүйгээр энэ дансаараа нөхрийнхөө орлого, зарлагыг дамжуулаад байвал болно” гэсэн. Э захиралд хүсэлт гаргаж өгсөн. 2016.09.05-ны өдөр ипотекийн зээл нь санхүүжилтгүйн улмаас зогссон гэсэн хариу надад өгөөд “түр зуурхандаа зээлээ төлж бай, банк ямар ч байсан хамруулна, хохирол учруулахгүй” гэсэн. Би 8 хувийн хүүтэй зээлд бүрдүүлж Х банкинд өгсөн баримтуудаа эдийн засагч Э-аас авсан. Би Монгол банкинд ч энэ талаар бичгээр хүсэлт гаргаж өгсөн. Х банк намайг зээлээ төлж бай, 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд шилжүүлнэ гэсэн учраас би нэмэгдүүлсэн зээлийг төлж байсан. Бидний дансанд орлого орох, гарах тохиолдолд Х банкны эдийн засагч, теллер дээр зээлийн хүүг төлүүлдэг байсан” гэж тайлбарлаж байгаа, мөн гэрээний 2.1.4.2-т “..банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд ... зээлийн хүүг өөрчлөхөөр” заасан тул нэхэмжлэгч нарыг Х банкны зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах саналыг хүлээн авч нэмэгдүүлсэн төлбөрийг 19 сарын туршид хүлээн зөвшөөрч төлсөн гэж үзэхгүй” гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд 39.1-д “...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “...нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц зээлээр худалдан авах тухай 2 241 дугаартай гэрээ нь Х банкны Архангай салбар болон Д.О, Ж.Ө нарын хооронд хуулийн дагуу байгуулагдсан.

Мөн гэрээний 2.1.4.2-т зээлийн хүү өөрчлөх нөхцлийг тусгахдаа “...Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай байгуулсан түүний хөдөлмөрийн гэрээ, контракт, түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд дараа сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг тухайн үед мөрдөж байгаа энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүнд үл маргах журмаар шилжүүлэн тооцно” гэж заасныг талууд харилцан хүлээн зөвшөөрч уг гэрээг байгуулсан.

Гэтэл анхан шатны шүүх Д.О, Ж.Ө нарын авсан зээлийн хүүг энгийн харилцагчийн зээлийн хүүнд шилжүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй, зээлдэгч гэрээнд заасан хэмжээгээр /хувиар/ хүү төлөх үүрэг хүлээдэг байтал хариуцагч банк зээлдэгч нартай тохиролцохгүйгээр зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь үйлдэж өмнөх гэрээгээр төлж байсан зээлийн төлбөр дээр 639 000 төгрөгийн хүүг нэмэгдүүлсэн нь, зээлийн гэрээний 7.7-д “...Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контракт, түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан буюу дуусгавар болсон бол банк дараа сарын 05-ны өдрөөс эхлэн тухайн үед мөрдөж байгаа аль тохирох орон сууцны зээлийн нөхцөлд үл маргах журмаар шилжүүлж нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулна”, 8.3-д “...Энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд гагцхүү бичгээр үйлдэх бөгөөд энэхүү гэрээний 8.2-т заасан нөхцөл хангагдсанаар хүчин төгөлдөр болно” гэж заасныг биелүүлээгүй нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасантай нийцээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь банк болон Д.О, Ж.Ө нарын хооронд 2014.11.27-ны өдөр орон сууц зээлээр худалдан авах тухай 2 241 дугаартай гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн дээрх шаардлагыг бүрэн хангасан байдаг. Зээлийн хүүгийн өөрчлөлтийг гэрээний 7.7-д тодорхой зааж өгсөн ба хөдөлмөрийн гэрээ цуцлагдсаны дараа энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүү жилийн 21,6 хувь байсан болохыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг гэрээний 2.1.4.2-т тодорхой дурдсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар дүгнээгүй байна. Мөн нэхэмжлэгч Д.О нь хөнгөлөлттэй зээл авсан банкны ажилтны хувьд ажлаас халагдах үед зээлийн хүү өөрчлөгдөхийг мэдэж байсан, ийнхүү өөрчлөлтийг хийх нь гэрээний хоёр талын аль алинд нь хамааралтай тул зөвхөн хариуцагч (банк)-ийг буруутгах боломжгүй юм. Гэрээ гэдэг бол хоёр талын эрх, үүргийг тодорхойлсон талуудын дагаж мөрдөх үүрэг юм. Хавтаст хэрэгт авагдсан банкны ажилтан З.Жавзандуламын тодруулгаас үзэхэд банкны зүгээс зээлийн нэмэлт гэрээ байгуулах талаарх саналаа зээлдэгчид амаар болон утсаар хүргүүлсэн (шүүхийн хэлэлцүүлэгт Д.О нь эдийн засагч З.Жавзандуламыг зээлээ төлөх, гэрээ байгуулах талаар шаардаж утсаар ярьж байсан, мөн банкин дээр өөрөө очсон боловч нэмэлт гэрээ байгуулаагүй талаар мэдүүлдэг) хэдий ч гэрээний үүргийг биелүүлэхээс зайлсхийсэн. Д.О нь 2015.07.01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба гэрээний дагуу дараа сарын 05-ны өдрөөс зээлийн хүүг энгийн харилцагчийн хүүнд банк шилжүүлэх байсан хэдий ч 2016.02.18-ны өдөр шилжүүлсэн нь банк энэ хугацаанд зээлдэгчид гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулахыг удаа дараа шаардаж байсан, Д.О нь зээлээ 8 хувийн хүүнд шилжүүлэхийн тулд хугацаа хэтэрсэн зээлгүй байх ёстой гэж зээлийн хүүг энгийн харилцагчийн зээлийн хүүгийн хэмжээгээр төлдөг байсан гэсэн тайлбар зэргээр нэхэмжлэгчийн “надад мэдэгдэхгүйгээр, миний зөвшөөрөлгүйгээр зээлийн хүүг нэмсэн” гэж байгаа нь үгүйсгэгдэж байгааг шүүх анхаараагүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон холбогдох нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй.

Нөгөө талаар анхан шатны шүүх нэхэмжлэгчтэй гэрээг бичгээр байгуулж тохиролцоогүй гэснээс гадна ипотекийн 8 хувийн зээлд хамруулах боломжийг шийдвэрлээгүй хугацаа хойшлуулснаас илүү хэмжээгээр хүү төлж хохироосон талаар дүгнэсэн нь учир дутагдалтай юм.

Банкинд тухайн харилцагчийн зээлийг ипотекийн 8 хувийн зээл рүү шилжүүлэх эрх олгогдоогүй. Зээлдэгч нь энэ асуудлыг Монголын Ипотекийн Корпорацид хандаж шийдвэрлүүлэх эрх өөрт нь байхад өөрийн буруутай үйлдлийг банк руу түлхэж байгаа нь ойлгомжгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “...Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан байхад анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримтаар нотлогдоогүй байхад дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна. Зөвхөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тодорхойлолтуудыг үндэслэж байгаа нь нотолж чадаагүй байна.

Зээлийн гэрээний 2.1.4.2-д “...Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай байгуулсан түүний хөдөлмөрийн гэрээ, контракт, түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол зээлийн хүүг тухайн үед мөрдөж байгаа энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүнд үл маргах журмаар шилжүүлэн тооцно” гэж тохиролцсон бөгөөд үл маргах журмаар зээлийн хүүг энгийн харилцагчийн хүүнд шилжүүлж байгаа нь нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нар нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2018/00633 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нар нь хариуцагч Х банкны Архангай салбарт холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2 241 дүгээр орон сууцны зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг тус салбарт даалгуулж, 12 140 000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлд “банк зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй атлаа дур мэдэн нэг талын санаачилгаар зээлийн хүүгээ нэмэгдүүлсэн” гэж дурджээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “зээлийн гэрээний 2.1.4.2 дахь заалт бол болзол тавьж хийсэн хэлцэл бөгөөд уг заалтын дагуу зээлийн хүүг нэмэгдүүлсэн төдийгүй нэхэмжлэгч нар нь 19 сарын турш зээлийн гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн тул Иргэний хуулийн 43.3-д зааснаар нэмэлт өөрчлөлтийн гэрээг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэсэн агуулгатай тайлбар гаргажээ.

Зохигчдын хооронд 2014.11.27-ны өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нар нь 68 000 000 төгрөгийг 180 сарын хугацаагаар, жилийн 6 хувийн хүүтэй, эргүүлэн төлөөгүй зээлд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож зээлжээ. /х-1, х 31-33/

Орон сууцны зээлийн гэрээний 7.7-д зааснаар зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контракт /түүнтэй адилтгах гэрээ/ цуцлагдсан буюу дуусгавар болсон бол банк дараа сарын 05-ны өдрөөс эхлэн тухайн үед мөрдөж байгаа аль тохирох орон сууцны зээлийн нөхцөлд үл маргах журмаар шилжүүлж, нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулах, 8.3-т зааснаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд гагцхүү бичгээр үйлдэх бөгөөд гэрээний 8.2-т заасан нөхцөл хангагдсанаар хүчин төгөлдөр болох, 8.2-т зааснаар гэрээг монгол хэл дээр 5 эх хувь үйлдэж, талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсанаар, хэрэв талуудын аль нэг нь хүссэн бол гэрээг нотариатаар гэрчлүүлсэнээр, хэрэв хуульд зааснаар холбогдох гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бол уг гэрээ бүртгэгдсэн өдрөөс зээлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор тус тус зохицуулжээ. Нэхэмжлэгч Д.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Архангай аймгийн Х банкны захирлын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101 дүгээр тушаалаар цуцалсан ба орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг бичгээр байгуулаагүй болохоо хариуцагч үгүйсгээгүй байна.

Түүнчлэн талууд зээлийн хүү жилийн 6 хувь байхаар тохирч гэрээ байгуулсан, зээлийн гэрээнд заасан хүүгийн энэ хэмжээг банк 2016.02.18-ны өдөр нэмэгдүүлсэн байх тул энэхүү үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

 

Ийнхүү банк нэмэлт өөрчлөлтийн гэрээг бичгээр байгуулалгүй хүүгийн хэмжээг нэмэгдүүлсэн нь орон сууцны зээлийн гэрээний 7.7, 8.2, 8.3 дахь заалтыг зөрчсөн байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар банк нь үндэслэлгүйгээр олж авсан бусдын хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй, шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлээс 12 140 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2 241 дүгээр орон сууцны зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг Х банкны Архангай салбарт даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн           167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2018/00633 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч С.Г-ын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 209 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                         Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ