Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 259

 

 

 

 

 

      2018 оны 01 сарын 30 өдөр                                                       

Дугаар 183/ШШ2018/00259

              Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр, 1 дүгээр гудамжны 66 тоотод оршин суух Боржигон овогт Б Ж /РД: /-ы нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргрийн 3 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төвийн 607 тоотод байрлах Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс /РД: 5702356/-т холбогдох

            ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт  хийхийг даалгуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун /ШТЭҮД:0322/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Б.Жы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Б.Ж нь 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд нийгмийн ажилтнаар ажилд орж, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. НҮБ-ын хүн ам хөгжлийн сангаас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Залуучуудын хөгжлийн төвийг байгуулж, үүнтэй холбоотойгоор санамж бичиг байгуулсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд Дүүрэг болон аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн дэргэд  Залуучууд хөгжлийн төвийг байгуулж, нийгмийн ажилтан, зохицуулагч гэсэн хоёр орон тоог баталж, тухайн ажилтнуудын цалин хөлсийг Хүн ам хөгжлийн сангаас гаргахаар тохиролцож, үлгэрчилсэн дүрмээ баталж, энэхүү орон тоо бий болсон. Б.Ж нь Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн захирлын тушаалаар  нийгмийн ажилтнаар орж ажиллаж байхад 2014 оны 10 дугаар сард өмнөх тушаалыг хүчингүй болгож, шилжүүлэх тушаал гаргаж Б.Жыг нийгмийн ажилтнаар ажилд авсан. 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан ба энэхүү хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт ороогүй. 2014 оны 10 дугаар сарын тушаал яагаад гарсан бэ гэхээр 2014 оны 10 дугаар сар хүртэл тухайн төслийн нэгжээс цалингийн санхүүжилт орж ирээгүй. Энэ цалин хөлсөө авахын тулд тушаалаа шинэчилж, цалин хөлсөө нөхөн бодуулж авсан. Б.Ж нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай сайн биелүүлж, дээрх хугацаанд ямар нэгэн  сахилгын зөрчил, алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны А/11 дүгээр захирамжийг тус тус баримтлан нийгмийн ажилтны албан тушаал байхгүй болсон учир ажлаас чөлөөллөө гэсэн байсан. Энэ тушаалыг манай зүгээс хууль бус тушаал гэж үзэж байна. Б.Ж нь НҮБ-ын хүн ам хөгжлийн сангаас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд нийгмийн ажилтнаар ажиллаж байсан. Гэтэл тухайн төсөл хэрэгжиж дуусаагүй, энэхүү төслийн хугацаа нь хөдөлмөрийн гэрээнд заасан 4 жилийн хугацаанд үргэлжлэх төсөл байгаа. Энэхүү төслийг зогсоож, дүгнэж хаасан тухай эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байхад ажил олгогчийн зүгээс дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэж Б.Жыг ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар Залуучууд хөгжлийн төвийг байгуулж, бүтэц орон тоог нь баталсан. Уг захирамжаар Б.Жы ажиллаж байсан орон тоог байхгүй болгож хассан, аж ахуйн нэгжийг татан буулгасан зүйл байхгүй. Б.Ж нь тухайн ажилд орсоноос хойш ямар нэгэн байдлаар Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн орон тоонд байгаагүй. Харин Хан-Уул дүүргийн  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд байгуулагдсан Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтны орон тоонд ажиллаж байсан. Залуучууд хөгжлийн төвийн нийгмийн ажилтны орон тоог тухайн хэлтсийн бүтцэд Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж байхгүй. Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хэд хэдэн удаа нэрээ өөрчилсөнтэй холбоотойгоор 2014, 2015, 2016 онуудад Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийг бүтэц орон тоог шинэчилж, өөрчилсөн тушаалуудыг тухайн байгууллагын дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар гаргаж байсан. Залуучууд хөгжлийн төвийн нийгмийн ажилтан, зохицуулагчийн орон тоог тухайн байгууллагын бүтцэд огт тусгаж байгаагүй, энэ орон тоо тусдаа явсаар өнөөдрийг хүрсэн. Иймд ажил олгогчийн зүгээс гаргасан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тушаал нь үндэслэлгүй байх тул Б.Жыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд 7.531.933 төгрөгийн цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Б.Жаргалсайн нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн харъяа Залуучуудын хөгжлийн төвийн төсөл дээр ажиллаж байсан гэдгийг зөвшөөрч байна. Иймд  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст Б.Ж ажиллаж байгаагүй, энэхүү төсөл дээр ажиллаж байсан гэдэг нь харагдаж байна. Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа олон улсын байгууллагын  санхүүжилтээр  явагдаж байсан. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.Жыг  ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь  төсөл зогссон тул Б.Жыг ажлаас чөлөөлөгдөх асуудал яригдсан. Энэ төсөл нь улсын төсвөөс санхүүжсэн тохиолдол байхгүй.  НҮБ-ын санхүүжилт  зогссон тул цалин хөлсийг үргэлжлүүлэн олгох боломжгүй болоод Хан-Уул дүүргийн Засаг даргад тухайн төслийн нэгжид ажиллаж байсан ажилтны орон тоог тухайн байгууллагын бүтцэд багтааж, энэ асуудлыг төсөвтөө суулган батлаж өгөөч гэсэн боловч оруулаагүй. Энэхүү төсөл зогсчихсон тохиолдолд Б.Жыг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу ажлаас чөлөөлөх шаардлага гарсан юм. Б.Ж гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн орон тоонд байхгүй, Залуучуудын хөгжлийн төвийн төсөв, санхүүжилт зогссон тул Б.Жд мэдэгдэл өгч ажлаас чөлөөлсөн. Үлгэрчилсэн дүрэмд зааснаар  хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх хэмжээ нь тухайн дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн төвд өөрт нь байсан учраас Б.Жы хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Б.Жы нь хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Б.Жы үндэслэлгүйгээр ажлаас халсан гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана гэсэн заалтад нийцжээ.

            Б.Ж нь Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст Залуучууд хөгжлийн төвийн нийгмийн ажилтнаар ажиллаж байхад нь Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Засаг захиргаа, нутаг дэвсгийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Хөдөлмөрийн тухай хууулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны А/11 дүгээр тушаалыг тус тус баримтлан ажлаас нь халжээ./хх-4/

            Хөдөлмөрийн хуулийн дээрх заалт болон Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар Б.Жыг тус хэлтсийн шинэчлэгдэн батлагдсан бүтцээр “нийгмийн ажилтан” албан тушаал байхгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна.

            Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн бүтэц, орон тоог баталсан байх бөгөөд Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 тоот тушаалд дээрх шинэчлэн баталсан бүтцээр нийгмийн ажилтан албан тушаал байхгүй болсон тул нэхэмжлэгч Б.Жыг ажлаас нь чөлөөлсөн гэх боловч ажлаас халсан тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, /заалт нь ажлаас халсан үндэслэлтэй тохирохгүй байна.    /хх-67-68/

            Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан, Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хоорондын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Залуучуудын хөгжлийн төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсоны дагуу дүүрэг болон аймгуудын Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн дэргэд Залуучуудын хөгжлийн төвийг байгуулж, үйл ажиллагааг явуулахаар тохиролцсон байна. /хх-65-66/

            Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/72 дугаар тушаалаар Залуучуудын хөгжлийн төвийн үлгэрчилсэн дүрэм, ажлын байрны тодорхойлолтыг баталсан байх ба тус үлгэрчилсэн дүрмийн 6.5-т зааснаар төв нь тухайн аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлжийн хөгжлийн хэлтсийн харъяанд үйл ажиллагаагаа явуулахаар, төвийн өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгууллатыг төвийн зохицуулагч, төвийн зохицуулагчид дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн ажилтан тус тус ажиллахаар заажээ. /хх-47-54/

            Нэхэмжлэгч Б.Ж нь Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/8 дугаар тушаал, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар тус тус  Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн харъяанд үйл ажиллагаа явуулж байгаа Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтнаар томилогдон ажиллах болжээ. /хх-5, 30, 116/

            Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн захирлын  2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар батлагдсан ажлын байрны чиг үүргийн бүтэц, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/389 дугаар захирамжаар батлагдсан Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн бүтэц, орон тоо, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн бүтэц, орон тоо зэргээс үзэхэд тус байгууллагын бүтцэд нийгмийн ажилтан гэх албан тушаал байхгүй байна. /хх-67-70, 113-115/

            Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн бүтэц, орон тоонд орж ажилладаггүй, харин тус хэлстийн харъяанд төслийн санхүүжилтээр ажиллаж буй Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтнаар ажилладаг байсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Уг тохиолдолд нэхэмжлэгч Б.Жы ажиллаж байсан Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтны ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр гэж үзэхгүй ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дуусах хугацааг 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 4 жилийн хугацаатай байхаар хөдөлмөрийн гэрээнд заажээ. /хх-6-7/

Хариуцагч байгууллагаас Залуучуудын хөгжлийн төвийн төсөв, санхүүжилт зогссон тул нэхэмжлэгч Б.Жыг ажлаас чөлөөлсөн гэх боловч Монгол Улсын  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Залуучуудын хөгжлийн төслийг Удирдах хорооны ээлжит хурлаар хэлэлцэн 2017 оны дуустал хэрэгжүүлж, 2018 оны 06 дугаар сард төслийг хаахаар шийдвэрлэж, Залуучуудын хөгжлийн төслийн хугацааг сунгаж шийдвэрлэсний дагуу аймаг, дүүргийн Гэр  бүл, хүүхэд залуучуудын хөгжлин газар, хэлтэсүүдэд чиглэл  хүргүүлсэн болох нь Монгол Улсын  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/678 тоот албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 3/447 тоот албан бичгүүд зэргээр тогтоогдож байна. /хх-37-42, 122/

Ажил олгогчоос Залуучуудын хөгжлийн төслийн хугацаа сунгагдсан тул төслийн нэгжид ажиллаж байгаа албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй атал хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй ажилтан Б.Жыг ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна.              

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсанаас бус тус хэлтсийн харъяанд ажиллаж байсан төслийн санхүүжилтээр ажиллаж байсан Залуучуудын хөгжлийн төвийг тус байгуулагад нэгтгэж, албан хаагчдыг нь шилжүүлээгүй тул ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Жыг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын бүтцэд орж ажилладаггүй төслийн ажилтаныг орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу юм.

Иймд нэхэмжлэгч Б.Жыг үндэслэлгүй халагдсан гэж үзэж, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Залуучууд хөгжлийн төвийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг тооцож олгох нь зүйтэй.

      Нэхэмжлэгч Б.Ж нь ажилгүй байсан хугацаан олговорт 7.531.933 төгрөг нэхэмжилсэн бөгөөд дундаж цалин хөлсийг буруу тооцсон байх тул шүүх зөвтгөж тооцсон ба Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д зааснаар нэхэмжлэгч Б.Жы 2016 оны 12, 2017 оны 1, 2 дугаар сард авсан цалингийн дундаж 660.17 төгрөгийг 1 сарын ажлын дундаж хоног 21.5-т хувааж нэг өдрийн дундаж цалинг 30.705 төгрөгөөр тогтоов. /хх-8-9/

      Дээрх нэг өдрийн дундаж цалин болох 30.705 төгрөгийг ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажлын  236  хоногоор тооцоход 7.246.380 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 130.892 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон       

 

ТОГТООХ нь:

 

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б Жыг Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Залуучууд хөгжлийн төвийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс ажилгүй байсан хугацааны олговорт 7.246.380 төгрөг гаргуулан Б.Жд олгосугай.

 

     2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Жы ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.

 

     3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1-д зааснаар Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 130.892 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР