Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 02333

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 30 өдөр                   Дугаар 183/ШШ2017/02333                               Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.С/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Э.Г/-т холбогдох,

хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч өөрийн асрамжид охин С.Амирлангуаг авч хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны  9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, Ц.Итгэл, хариуцагч Э.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдулам шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ” Миний санаж байгаагаар Б.С, Э.Г нар нь 6 сар хамт амьдарсан байна. Надад Б.Сийн хэлснээр Э.Г нь архи ууж ирж, хүүхдээ цонхоор авч шиднэ гэж намайг айлгадаг, Э.Г уурлахаараа уураа хүүхэд дээр гаргадаг, гэртээ дандаа 12 цагаас хойш ирдэг гэх зэрэг шалтгаанаар хоорондоо байнга муудалцдаг гэсэн. Түүнээс болоод хүүхдээ өгөх боломжгүй, хүүхдийн ирээдүйг бодож байна. Мөн Э.Гийн ээж нь нөхөргүй, архи уудаг зөндөө олон хүмүүс ирдэг, Э.Гийн өөрт нь бас олон хүмүүс ирдэг учраас энэ орчинд хүүхдээ үлдээж чадахгүй гэж хэлж байсан. Иймээс хүүхдийг эцэг болох Б.Сийн асрамжид үлдээж өгнө үү” гэв.

 

         Хариуцагч Э.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2015 оны 3 дугаар сарын 22-нд охин С.Амирлангуа төрсөн. Охин төрөөд нэг сар хамт амьдарсан. Жирэмсэн байх үед Б.С нь намайг сандлаас татаж унагаасны улмаас төрөх үед хүндрэл өгч кесар хагалгаагаар төрсөн.  Тухайн үед би өөрөөрөө төрөх бүрэн боломжтой байсан боловч Б.Сийн гар хүрснээс болж доголж, гэрээсээ гарч чаддаггүй байсан. Дөнгөж төрөөд хөхний сүү садарчихаад байхад тус болохгүй намайг зодож,  өөрөө зугаалаад явдаг байсан. Гэр бүлийхэн нь ч гэсэн дөнгөж төрсөн намайг хэцүү байдалд оруулдаг байсан. 2015 оны 04 сарын  02-ны өдөр хүүхдийн гэрчилгээ авах орой хүртэл Б.С намайг зодож, багалзуурдан унагаж, хэл амаар доромжилж байсан. Жирэмсэн үед хэвтэж амарч байхад бас хэвтлээ гэж янз бүрээр доромжилдог. Ингээд хүүхдээ өөр дээрээ авчихаад уулзах гэхээр уулзуулдаггүй, уулзах гэж гэрт нь очихоор оруулдаггүй. Миний бүх дугааруудыг блоколсон, намайг охинтой минь уулзуулахгүй, уулзах гээд очихоор зодож орцонд хүртэл багалзуурдан унагаж гэртээ оруулдаггүй байсан. Хөхний сүүнээс гараагүй байсан хүүхдийг авч явчихаад хөхийг нь ч хөхүүлдэггүй, төрсөн өдрөөр ч гэсэн уулзуулдаггүй, бүгдээрээ гарч ирээд намайг дээрэлхэж зоддог маш ноцтой хүчирхийллийн асуудлууд байгаа. Төрөөд 2 сар болоогүй байхад маргааш хүүхдийн баяр болно гэж байж байхад Б.С нь намайг маш аймшигтайгаар зодсон баримтыг зургаар болон хүчирхийллээс хамгаалах төвд 7 хоносон тухай тодорхойлолт гэх зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Б.С нь эхээс нь хүүхдээ салгаж авчихаад өөрөө хардаггүй, гадагшаа дотогшоо найзуудтайгаа зугаалаад явж байдаг. Миний хувьд хүүхдээ өөр дээрээ авмаар байна. Миний охиныг 11 сартай хөхнөөс гаргаагүй байхад авч явсан учраас одоо тэр гэрт яаж хүмүүжиж байгааг би ерөөсөө мэдэхгүй. Б.Сийн гэр бүлийнх нь ч гэсэн байнга хэрүүл зодон хийдэг. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, охиныг миний өөрийн асрамжид үлдээж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Э.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ”2016 оны 12 сарын 01-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн дагуу хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, тэжээн тэтгэх бүрэн боломжтой. Би өөрөө үхэж мэдэх  хагалгаанд орж байж төрүүлсэн хүүхдээ өөрөө авмаар байна. Дөнгөж ой хүрээд хүн болж байх үед булаагаад аваад явсан. Одоо хүртэл охинтойгоо уулзуулдаггүй, очоод уулзах гэхээр оруулдаггүй. Б.Сийн хүчирхийлэл нь байнга давтагддаг. Миний охин 2 сартай байхад хүчирхийллээс хамгаалах байранд хүртэл 10 хонож байсан тодорхойлолт болон Хан-Уул дүүргийн Цагдаад өгсөн дуудлагууд нь бүртгэгдсэн байгаа.  Иймээс би өөрөө асран хамгаалах бүрэн боломжтой. Манайд согтуу хүмүүс байдаггүй, ээжийн маань бие муутай, гэхдээ архи ууж байсан үе байхгүй. Иймээс хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдулам сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Чиний хувьд хүүхдээ өөрөө асран хамгаалах чадвартай гэж хэлж байгаа ч ээжтэйгээ таарамжгүй харилцаатай амьдардаг, бас танай ээж бие муутай учраас ээжийгээ асарна, дээрээс нь хүүхдээ асарч чадахгүй байна гэж хүүхдээ авчирч өгч байсаныг санаж байна. Үүнийг яагаад худлаа яриад байгаа вэ. Та хоёр хоорондоо маргалдаж зодолдож байхад чи хүүхдээ цонхоор шидэж хаяна гэж хэлсэнд Б.С их уурласан гэсэн. Хүүхдээ өөрөө төрүүлсэн бол цонхоор хаяна гэж хэлэх шаардлага байхгүй байсан. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Б.Сийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч Б.С хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг   хариуцагч Э.Гт холбогдуулан гаргасан, хариуцагч эс зөвшөөрч охин С.Амирлангуаг өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.С, хариуцагч Э.Г нар нь 2013 оны 12 дугаар сард танилцаж,  2015 оноос хамтран амьдарч эхэлсэн ба тэдний дундаас 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр охин С.Амирлангуа төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй тул Б.С, Э.Г нарыг хууль ёсны гэр бүл гэж үзэхгүй боловч, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх”-ээр заажээ.

 

Талуудын хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарсан, тухайн үед охин С.Амирлангуа 11 сартай байсан бөгөөд одоо хүртэл эцэг Б.Сийн асрамжид байгаа гэх бөгөөд хойшид охиныг хэний асрамжид байлгах талаар талууд маргаж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс удаа дараа шинжээч томилсоны дагуу 2016.08.11-нд Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс, 2016.11.11-нд НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас тус тус ирүүлсэн 2 шинжээчийн  дүгнэлт, мөн Б.С болон Э.Г нарын  2016.10.24-ний өдрийн сэтгэл зүйн шинжилгээний дүгнэлт хэрэгт авагдсан байна.

          Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтэд “...Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д заасныг үндэслэн охин С.Амирлангуаг эхийн асрамжид үлдээх”-ээр , харин Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дүгнэлтэд “...ээж Э.Гтэй хүүхэд өсөх тохиолдолд хүүхдийн сэтгэл зүй, өсөлт хөгжилт хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлнэ, иймээс Б.Сийг хууль ёсны асран хамгаалагчаар томилбол Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-26.2.4 дэх заалтуудыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой” гэж тус тус дүгнэжээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт “шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно” заасан байна.

          Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд нэг нь нөгөөхөө илт үгүйсгэсэн, тухайн шинжээчийн баг  өөр өөр саналыг ирүүлсэн хэдий ч шүүх дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзээд  талууд хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцож чадаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээхийг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдэв.

          Үндэслэл нь  тус шүүхийн 2016.09.20-ний өдрийн 03727 дугаар шүүгчийн захирамжид Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дүгнэлтийг гаргахдаа шинжээч нар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 21 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж дүгнэсэн, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Б.С Япон улсад докторантурт суралцахаар 2017.08.12-нд хилээр гарсан, дахин дүгнэлт гаргуулах талаар талуудын хэн аль нь хүсэлт гаргаагүй болно.

          Хэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.С нь охин С.Амирлангуаг эхтэй нь уулзуулах эсэх асуудлаас болж хариуцагчийг зодож, бие махбодид нь гэмтэл учруулж байсан, хариуцагч Э.Г нь охины хамт Нийслэлийн цагдаагийн газрын гэр бүлийн хохирогчийг түр хамгаалах байранд 2015.05.31-ний өдрөөс 2015.06.06-ны өдрийг хүртэл  6 хоногийн хугацаанд байрлаж тусламж үйлчилгээ авч хамгаалалтад байсан болох нь Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2015.12.29-ний өдрийн 1338 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015.07.02-ны өдрийн 538 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015.05.31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн цагдаагийн газрын 2017.03.30-ны өдрийн 14Г/1456 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй  гомдол мэдээллийн лавлагаа зэргээр тогтоогдсон байна.

         Нэхэмжлэгч, хариуцагч нар охины хамт тусдаа бие даан амьдарч байгаагүй, охин С.Амирлангуаг 2015 оны 11 сараас хойш эцэг Б.Сийн хамт амьдарч байгаа гэх боловч бодит байдалд түүний ээж, эгчийн асрамжид байдаг, охиныг 11 сартайд нь хөхний сүүнээс салгаж 1 жил 9 сарын хугацаанд эх Э.Гтэй ганцхан удаа уулзуулсан, эцэг Б.С одоо Япон улсад амьдарч байгаа гэх үйл баримтууд тогтоогдсон байна.

           Дээрх байдлаас үзэхэд  Хүүхдийн эрхийн тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх,...” заалт  зөрчигдсөн байх бөгөөд нэхэмжлэгч Б.Сийг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2 дахь  хэсэгт заасан ”хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх”  хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.

          Хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд 2 талын төрөл, садангийн хүмүүсийн туслалцаа дэмжлэг нь хүүхдийн амьдарч байгаа орчин нөхцөлийг тогтооход ач холбогдолтой байдаг хэдий ч эцэг, эхийг хүүхдээ асарч хүмүүжүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд төрүүлсэн эх нь байгаа тохиолдолд охин С.Амарлингуаг эхийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Б.Сээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

           Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь мөн хуулийн 10.1.1-ээс  10.1.11 дэх хэсэгт заасан  тодорхой үүрэг хүлээх ба эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

           Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг Б.Сийг хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Э.Г саад учруулахгүй байж хүүхдийг эцэгтэй нь уулзуулах боломж олгох нь зүйтэй гэж үзлээ.

           Шүүх сөрөг нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /185.400/2х12/ 1.112.400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 31.248 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч болон хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр  төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2015.03.22-ны өдөр төрсөн охин С.Амирлангуаг эх Э.Гийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч Б.Сийн хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2015.03.22-ны өдөр төрсөн охин С.Амирлангуаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Б.Сээс гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Б.Сийг хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь Э.Г саад учруулахгүй байхыг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Сээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг тус тус дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн 31.248 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч, хариуцагч нарын тус бүр төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ