Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 02342

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 31 өдөр                  Дугаар 183/ШШ2017/02342                              Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:    нэхэмжлэлтэй,

Хариуцагч:

Хариуцагч: нарт холбогдох,

           зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөг, автомашины засвар үйлчилгээнд авсан 550 000 төгрөг, жолоочийн урьдчилан авсан 300 000 төгрөг нийтдээ 1 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ганбат, хариуцагч Б, Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Нэхэмжлэгч ЭХХК-ийн захирал Ш.Ганбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хариуцагч Б 2016 оны 05 сарын 6-ны өдөр “Тендерт оролцох гэсэн юм 6 000 000 төгрөг түр өгөөч мөнгөө бүрэн төлж дуустал танай компанийн ажилд миний эзэмшлийн 66-87 УНЗ улсын дугаартай Хьюндай машинаа хэрэглүүлж байя” гэсээр 6 000 000 төгрөгийг зээлж авсан. Тухайн барьцаанд байсан автомашиныг манай компанийн ажилд үйлчилгээнд ашиглуулахаар тохирсон байсан. 2016 оны 11 сарын 11-ны өдөр Бэгзсүрэнгийн жолооч гэх Ц нь “танайхаас авсан мөнгийг төлөх гэсэн юм Сайн ломбардад шууд аваачиж тавиад мөнгийг чинь өгнө” гэж итгүүлэн автомашиныг авч явсан. 2016 оны 6 сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлээд өөр үлдэгдэл мөнгийг өгөлгүйгээр сураггүй болсон. Мөн жолооч Ц гэрээ байгуулсан өдөр 300 000 төгрөг урьдчилж авсан бөгөөд уг мөнгөө эргүүлж өгөөгүй. Уг автомашинд эвдрэл гараад байна сэлбэг авна гэж 560 000 төгрөгийг авсан бөгөөд машин нь огт эвдрээгүй сэлбэг материал ч аваагүй худал хэлж залилж авсан байна. Энэ талаар цагдаад гомдол гаргасан боловч иргэд хоорондын маргаан гээд хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Бтэй машины түрээсийн талаар ярихгүй. Төлбөр тооцоог Цын дансаар хийж байсан. Хамгийн сүүлд буюу 2016 оны 06 сарын 25-ны өдөр Цын ажлын хөлсний үлдэгдэл гэж 200 000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлж, ямар нэгэн өр авлага төлбөр тооцоо үлдээгүй. Манай компани хууль ёсны дагуу татвар төлж, тайлан мэдээ гаргадаг.  Иймээс хариуцагч Б, Цаас нараас нийт 1 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Гэрээ байгуулсан нь үнэн, гэхдээ шүүхэд гаргаж өгсөн гэрээг би хийгээгүй, миний гарын үсэг биш. Тухайн үед машины гэрчилгээ бид хоёрт байгаагүйн улмаас гэрчилгээгээ авчирсны дараа гэрээгээ хуулбарлаад гэрчилгээний ар талд хавсаргаарай гэж орхисон. Иймээс бид хоёр гэрээгээ аваагүй. Гарын үсэг биш гэдгийг шүүхийн шинжилгээний байгууллагаас гаргасан дүгнэлтээр нотлогдож байгаа. Нэхэмжлэгч өөрөө прокурор дээр очоод мэдүүлэг өгөхдөө Б гэрээ хийгээгүй гэж хэлсэн байсан. Анх уулзахдаа манай машинд 560 000  төгрөгийн сэлбэг авах шаардлагатай гэж хэлэхэд манайд бас адилхан машин байгаа тэрний сэлбэгийг хольж солиод хийчих, барагцаалаад 560 000 төгрөгийн үнэтэй болох байх гэхээр нь тэгье гэж тохиролцсон. Түрээсийн гэрээн дээр энэ бүхнийг бичсэн байгаа. Шүүх дээр ирээд эвлэрч эвлэрлийн гэрээг байгуулаад, захирамж гарсны дараа цагдаад гомдол гаргаад надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хуурамч гэрээнээс болж бид хоёрыг жил 2 сар хохироосон. Миний хувьд 6 000 000 төгрөгийг аваад, 5 000 000 төгрөгийг буцаагаад өгсөн. Одоо үлдэгдэл 1 000 000 төгрөгөөс 19 хоногийн түрээс буюу 700 000 төгрөгийг, мөн Цад өгөх ёстой байсан 300 000 төгрөгийг суутгасан учраас тооцоогүй гэв.

 

 Хариуцагч Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ЭХХК нь дээр түрээсээр явж байсан мөнгө гэж 350 000 төгрөгийг аваагүй байсан. Түүний үлдэгдэл мөнгө гэж 350 000 төгрөгийг авсан. Машиныг эвдрээд ажилд нь саад болж байсан нэг ч өдөр байхгүй. Машины руль эвдэрсэн зүйл байхгүй, харин эвдрэл гарсан тохиолдолд Ганбат хариуцахаар 560 000 төгрөгийг өгье, түрээсэлж байгаа учраас чамайг нэг өдрийн 50 000 төгрөгөөр цалинжуулъя гэж Бэгзсүрэнд 6 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн 6 000 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг Ганбатад өгөөд, үлдсэн 1 000 000 төгрөгөөс 300 000 төгрөгийг надад өгөөд 560 000 төгрөгийг аваад захиралд өгсөн гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх ЭХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч 2016.05.06-ны өдөр олгосон зээлийн өрийн үлдэгдэл 1 000 000 төгрөг,  2016.05.25-ны өдөр 66-87 УНЗ автомашинд засвар үйлчилгээнд авсан гэх 560 000 төгрөг нийт 1 560 000 төгрөгийг хариуцагч Бгээс, харин 2016.05.06-ны өдөр урьдчилан авсан гэх 300 000 төгрөгийг хариуцагч Цаас тус тус гаргуулахыг шаарджээ.

           Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Хэргийн баримтаас үзэхэд ЭХХК-ийн захирал Ш.Ганбат, иргэн Б нарын хооронд 2016-05-06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 000 000 төгрөгийг 1 сарын хугацаагаар зээлдүүлсэн, зээлийн хүүнд Бгийн эзэмшлийн 66-87 УНЗ маркийн ачааны автомашинаар ЭХХК-ийн өрмийн машин тээвэрлэх ажилд үйлчилнэ, зээл бүрэн төлөгдөж дуустал, автомашинд гарах засварын зардалд 560 000 төгрөгийг ЭХХК-иас гаргаж өгөхөөр тохиролцжээ.

Хариуцагч Б 6 000 000 төгрөгийг тендерт оролцох зорилгоор зээлж авсанаа хүлээн зөвшөөрсөн, харин тухайн үед зээлийн гэрээ биш түрээсийн гэрээ байгуулсан, уг зээлийн гэрээнд зурсан гарын үсэг өөрийнх нь биш гэж маргажээ.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэсийн 2017.06.12-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.06.20-ний өдрийн 3436 дугаар шинжээчийн дүгнэлтээр Ш.Ганбат, Б нарын хооронд байгуулсан гэх 2016.05.06-ны өдрийн “зээлийн гэрээнд зурсан шинжилж буй гарын үсэг нь Бгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэжээ. 

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016.09.08-ны өдрийн 8112 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор иргэн Б нь ЭХХК-ийн байранд тус компаниас 2016.05.06-ны өдөр  6 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүйгээр зээлж, энэ хугацаанд өөрийн эзэмшлийн улсын дугаартай Хьюндай маркийн автомашинаа хэрэглүүлэхээр бичгээр гэрээ хийсэн, гэрээний хугацаанд 5 000 000 төгрөгийг 2016.06.26-нд ЭХХК-ийн захирал Ш.Ганбатын Хаан банкны дансанд шилжүүлсэн, үлдэгдэл  төлбөрийг төлөөгүй нь Эрүүгийн хуулийн 178 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэж үзжээ.

Мөн Ш.Ганбатад холбогдуулан гаргасан “гарын үсэг хуурамчаар үйлдсэн” гэх Бгийн гомдолд  эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017.02.02-ны өдрийн 289 дүгээр тухай прокурорын тогтоол, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2017.08.04-ний өдрийн 35 дугаар прокурорын тогтоол тус тус хэрэгт авагдсан байна.

Хариуцагч Б 2016.10.25-нд шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...2016.05.06-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, надад 6 000 000 төгрөгийг хүүгүй зээлүүлж, автомашины сэлбэгэнд 560 000 төгрөг, жолоочийн цалинг Ш.Ганбат даахаар тохирсон, ...зээлсэн мөнгөнөөсөө 6 сарын 6-наас 25-ныг хүртэл 19 хоногийн автомашин ашигласны түрээс 700 000 төгрөг, жолоочийн цалин 300 000 төгрөгийг суутгасан” гэжээ.

Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул Ш.Ганбат, Б нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөнгийг зээлж авсанаа хүлээн зөвшөөрсөн тул  Б зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийг эргүүлэн төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан байна.

Хариуцагч Ц нь 2016.04.26-нд Толгойт өртөө-Тогос хөндий, 2016.04.28-нд Тогосын хөндий-Эмгэнт, 2016.04.29-нд Эмгэнт-Баянчандмань гэсэн маршрутаар өрөм тээвэрлэлтийн ажилд явсан, ажлын хөлсөнд нийтдээ 300 000 төгрөгийг 2016.04.26-нд Цын Хаан банкны 5039162825 дансанд шилжүүлсэн,  автомашинд засвар хийх зорилгоор 560 000 төгрөгийг хүлээн авсан, гэвч ЭХХК-ийн өрөм тээвэрлэлтийн ажлын явцад автомашин эвдрээгүй бөгөөд засвар хийгдээгүй болох, мөн зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөгнөөс 560 000 төгрөгийг захирал Бд хүлээлгэн өгсөн гэх үйл баримтууд тогтоогдсон бөгөөд Цын өмнөх ажлын хөлс дутуу олгогдсон, автомашиныг түрээсэлсэн талаар нотолсон баримтгүй байна.

Иймд зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөгнөөс жолоочийн цалин, автомашины түрээс, сэлбэгний үнэ зэргийг суутгаж тооцсон нь үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 492  дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЭХХК буцаан шаардах эрхтэй, харин хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Бгээс 39,909 төгрөг, хариуцагч Цаас 9,649 төгрөг тус тус гаргуулж ЭХХК-д  олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар Бгээс 1 560 000 төгрөгийг, хариуцагч Цаас 300 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч   ЭХХК-д  олгосугай. 

 

            2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагч Бгээс 39 909 төгрөг, хариуцагч Цаас 9 649 төгрөг тус тус гаргуулж ЭХХК-д  олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                            

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ