Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 02408

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 06 өдөр                  Дугаар 183/ШШ2017/02408                              Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...... нэхэмжлэлтэй

Хариуцагч: ..... холбогдох,

          зээлийн гэрээний үүрэгт 34,920 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цэдэндамба, хариуцагч Г.Г,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:   

 

 Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анх 2016 оны 08 сарын 03-ны өдөр 15 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Үүнээс хойш 2 удаа зээлийн хүүд 750 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Энэ зээл тухайн үед ямар нэгэн бичгээр байгуулагдаагүй зөвхөн амар хэлбэрээр хийгдсэн.  Ингээд 11, 12 сарын хүү төлөхгүй байхаар нь зээлийн гэрээ байгуулъя гэж санал хэлэхэд хариуцагч “эгчид нь мөнгөний хэрэг гараад байна чи надад дахиад 5 000 000 төгрөг зээлээч, ингээд хоёулаа зээлийн гэрээ байгуулъя” гэж хэлсэн. Түүний дагуу 2015 оны 12 сарын 20-ны өдөр Ард кино театрын ар талд байрлах Хаан банкны салбараас 5 000 000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Уг мөнгөнөөс өмнөх төлөөгүй хүүний мөнгөнд 1 500 000 төгрөгийг авъя гэсэн боловч хариуцагч одоохондоо надад мөнгөний хэрэг их гараад байгаа тул хүүний мөнгийг дараа нь өгье гэж хэлсэн. 2016 оны 01 сарын 08-ны өдөр уулзаж Сонгинохайрхан дүүргийн Саппоро дээр байрлах нотариатч дээр очиж 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээ байгуулахдаа 2015 оны 12 сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөгийг бэлнээр сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 2 сар тутамд 2 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Хэрвээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Барьцаалах зүйл байгаа эсэхийг нотариатч асуухад хариуцагч шаардлагагүй, төлбөрөө өгнө гээд барьцаа тавиулаагүй. Зээлийн гэрээний дагуу анхны хүү буюу 2016 оны 03 сарын 29-ний 2 сарын хүү гэж миний Хаан банкны данс руу 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш үндсэн мөнгө болон хүү төлөөгүй. Утсаар холбогдож мөнгө авъя, эсхүл гэрээгээ сунгах талаар санал тавьсан боловч утсаа авахгүй, хуралтай байна гэж хойшлуулсаар шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн шаардлага болох 34 920 000 төгрөгөөс үндсэн зээл 20 000 000 төгрөг, 6 сарын хүү төлөх ёстой байсан боловч 2 000 000 төгрөгийн хүү төлсөн, үлдсэн 4 сарын хүү 4 000 000 төгрөг, нийт 24 000 000 төгрөгөөс хугацаа хэтэрсэн 455 хоногийг 0,1 хувийн алданги тооцож  нийт 34 920 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч Г.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие 2016 оны 08 сарын 03-ны өдөр 15 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн, харин 5 000 000 төгрөгийг зээлээгүй, энэ хүн худлаа яриад байна. Таны хүү төлөгдөхгүй хэтэрсэн байна гээд 5 000 000 төгрөг нэмж 20 000 000 төгрөг болгоод нотариатаар орж гэрээ байгуулсан. Тухайн үед би мөнгө авсан учраас төлөх нь үнэн, аргагүй байдалд зөвшөөрсөн. Уг нь 2 000 000 төгрөгийг хүүд нь өгөөгүй, үндсэн мөнгөнөөс хасуулъя гэж өгсөн. Би 750 000 төгрөгөөр 2 удаа зээлийн хүүг төлсөн, би төлөхгүй гэж хэлээгүй барилга барьж байгаа төлнө гэж хэлсэн, утсаар залгахад авдаг байсан, заримдаа  хуралтай байхад залгасан байх, байнга авахгүй байсан үе байхгүй. Иймээс миний авсан мөнгө нь 15 000 000 төгрөг, түүнээс 3 500 000 төгрөгийг өгсөн баримттай, мөн 1 000 000 төгрөгийг авсанаа зөвшөрсөн. Одоо үлдэгдэл 11 500 000 төгрөгөөс тооцоогоо хийж, шүүхээр үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх Д.Эгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

          

Нэхэмжлэгч Д.Э зээлийн гэрээний үүрэг 33 100 000 төгрөгийг хариуцагч Г.Гээс гаргуулахыг шаардсан, хариуцагч 15 000 000 төгрөгийг зээлсэн гэх бөгөөд дансаар шилжүүлсэн 3 500 000 төгрөгийг хасч, үлдэх 11 500 000 төгрөгийг  хувааж төлөхийг хүссэн тайлбарыг ирүүлжээ.

          

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, үндсэн зээл 20 000 000 төгрөг, 4 сарын хүү 4 000 000 төгрөг, алданги 10 920 000 төгрөг нийтдээ 34 920 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхийг шаардсан байна.

           

Хэргээс үзэхэд талуудын хооронд 2016.01.08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, гэрээний 2.1-д зээлийн хугацааг “зээлдэгч мөнгийг бэлнээр хүлээн авсан өдөр буюу 2015.12.20-ноос 2016.06.20-нийг хүртэл  6 сар” гэж тохирсон, зээлийн хэмжээ 20 000 000 төгрөг, гэрээний 2.4-т зээлийн хүүг “зээлийн хугацаанд 5 хувийн хүүтэй, зээлийг хугацааны эцэст бөөнөөр, зээлийн хүүг 2 сар тутамд 1 удаа төлөхөөр”, гэрээний 2.7-д төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор тус тус тохирсон, нэмэлт нөхцөлд 2015.12.20-ны өдөр бэлнээр бөөнөөр хүлээн авсан болно” гэжээ.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан байна.

Дээрх заалтаас харахад зээлдүүлэгч нь мөнгө шилжүүлэх үүрэгтэй байх бөгөөд Д.Э нэмж 5 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн талаар нотолсон баримтгүй тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 2015.08.03-ны өдөр 15 000 000 төгрөгийг зээлсэн, зээлийн хүү тооцон 5 000 000 төгрөгийг нэмж 2015.12.20-нд 20 000 000 төгрөг зээлдүүлсэнээр  гэрээ хийсэн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөнгийг зээлдэгч хүлээн авсан тул буцаан төлөх үүрэгтэй бөгөөд Г.Гтэй  байгуулсан зээлийн гэрээний 2.4-т зээлийн хүү тооцохоор, 2.7-д “хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх”-өөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын  гэрээг бичгээр хийнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д зээлий гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэсэн заалтад тус тус нийцсэн байна.

 

          Зохигчид “2015.08.03-ны өдөр 15 000 000 төгрөгийг хүүтэй зээлсэн” гэх боловч тухайн үедээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь шүүх хуралдааны явцад  талуудын тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн  282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар Б.Эрдэнэдалай нь 15 000 000 төгрөгийн зээлийн хүүд тооцсон 1 500 000 төгрөгийг авах эрхгүй болно.

        

          Хариуцагч Г.Г зээлийн хүүд 2015.09.03-нд 750 000 төгрөг, 2015.10.05-нд 750 000 төгрөг, 2016.03.29-нд 2 000 000 төгрөг, 2016.07.29-нд 1 000 000 төгрөг нийтдээ 4 500 000 төгрөг төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдсон байна.

          

Шүүх 2016.01.08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Г.Гийг үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүүд 2 250 000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн гэж үзээд зээлдэгчийн төлсөн 4 500 000 төгрөгний 2 250 000 төгрөгийг зээлийн хүүд, үлдсэн 2 250 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч 12 750 000 төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 12 750 000 төгрөгний 0.1 хувиар тооцоход 12 750 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 455 хоногоор тооцож алданги 5 801 250 төгрөгийг нэмж нийтдээ 18 551 250 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй  байна.

 

          Зээлийн гэрээнд сарын хүү тооцохоор тохиролцсон эсэх нь тодорхойгүй байх тул гэрээний 2.4, 2.6-д зааснаар “зээлийн хугацаанд 5 хувийн хүүтэй, зээлийн хүүг 2 сар тутамд 1 удаа төлөх”-өөр тохирсон гэж үзээд Г.Г нь зээлийн гэрээний 6 сарын хугацаанд 2 250 000 төгрөгийг зээлийн хүүд төлөх үүрэг хүлээсэн гэж дүгнэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Г.Гээс зээлийн гэрээний үүрэгт 18 551 250  төгрөгийг  гаргуулж Д.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 368 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Гээс 250 706 төгрөгийг гаргуулж Д.Эд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2017.09.19-нд төлсөн 323 450 төгрөг /500+322,950/, 2017.10.24-нд төлсөн  44 070 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

                          

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ