Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 00099

 

     Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02408 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 34 920 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц, хариуцагч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Г.Г-т 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 15 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Үүнээс хойш 2 удаа зээлийн хүүнд 750 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ зээлийг тухайн үед бичгээр байгуулаагүй зөвхөн аман хэлбэрээр хийгдсэн. Ингээд 11, 12 сарын хүү төлөөгүй тул зээлийн гэрээ байгуулах санал хэлэхэд хариуцагч “мөнгөний хэрэг гараад байна дахиад 5 000 000 төгрөг зээлээд зээлийн гэрээ байгуулая” гэсний дагуу 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Ард” кино театрын ар талд байрлах “Хаан” банкны салбараас 5 000 000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Уг мөнгөнөөс өмнөх төлөөгүй хүүнд 1 500 000 төгрөг авах гэсэн боловч хариуцагч мөнгөний хэрэг их байгаа тул хүүг нь дараа өгье гэж хэлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөгийг бэлнээр сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 2 сар тутамд 2 000 000 төгрөг өгөхөөр тохиролцож, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Анхны зээлийн гэрээ буюу 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний 2 сарын хүүнд 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш үндсэн мөнгө төлөөгүй.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 34 920 000 төгрөгөөс үндсэн зээл 20 000 000 төгрөг, 6 сарын хүү төлөх байсан боловч 2 000 000 төгрөгийн хүү төлсөн, үлдсэн 4 сарын хүү 4 000 000 төгрөг, нийт 24 000 000 төгрөгөөс хугацаа хэтэрсэн 455 хоногийг 0,1 хувиар алданги тооцож нийт 34 920 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 15 000 000 төгрөг зээлсэн нь үнэн, харин 5 000 000 төгрөгийг зээлээгүй. Таны хүү төлөгдөхгүй хэтэрсэн гээд 5 000 000 төгрөг нэмж 20 000 000 төгрөг болгож зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед би мөнгө авсан учраас аргагүй байдалд зөвшөөрсөн. Уг 2 000 000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасуулахаар өгсөн. Би 750 000 төгрөгөөр 2 удаа зээлийн хүү төлсөн. Миний авсан 15 000 000 төгрөгөөс 3 500 000 төгрөг төлсөн баримттай, мөн 1 000 000 төгрөг авснаа зөвшөөрсөн. Иймд үлдэгдэл 11 500 000 төгрөгөөс тооцоо хийж, шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Г.Г-ээс зээлийн гэрээний үүрэгт 18 551 250 төгрөгийг гаргуулж Д.Эрдэнэдалайд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 368 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Г.Г-ээс 250 706 төгрөгийг гаргуулж Д.Э-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.09.19-нд төлсөн 323 450 төгрөг /500+322 950/, 2017.10.24-нд төлсөн 44 070 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Г.Г-ийг үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүүнд 2 250 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, түүндээ тулгуурлан хүү, алдангиа буруу тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.5-д “зээлийг бэлнээр олгосон” гэж тодорхой дурдсан байна. Иймд зээлдүүлэгч тухайн үед мөнгийг нь өгсөн учраас “бэлнээр олгосон” гэж бичсэн байна. Мөн гэрээний 3.5-д “нэмэлт нөхцөл: 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр бөөнөөр хүлээн авсан болно” гэж тодорхой заасан байна. Тухайн гэрээ байгуулах үед 15 000 000 төгрөг дээр 5 000 000 төгрөг нэмж аваагүй бол “5 000 000 төгрөгийг нэмж авна” гэж бичих ёстой байсан. Иймд 15 000 000 төгрөг дээр 5 000 000 төгрөг нэмж авчихаад гэрээгээ байгуулсан нь нотлогдоно.

Шүүх “гэрээний дагуу зээлийн хүүнд 2 250 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ” гэж дүгнэсэн нь 15 000 000 төгрөг буюу 20 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүү, 6 сараар бодоход 2 250 000 төгрөгийн хүү бодогдох боломжгүй. Өөрөөр хэлбэл, 5 хувийн хүүг 20 000 000 төгрөгийг 6 сараар бодоход 6 000 000 төгрөг, 15 000 000 төгрөгийг 6 сараар бодоход 4 500 000 төгрөг болно. Хариуцагч Г.Г тайлбар болон шүүх хуралд гаргасан “Би Д.Э-аас 2015 оны 8 дугаар сарын 03-нд 15 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн, харин 5 000 000 төгрөгийг зээлж аваагүй. Д.Э нь таны урьд зээлсэн 15 000 000 төгрөгийн хүү төлөгдөөгүй гээд 5 000 000 төгрөг нэмж бичээд гэрээ байгуулаад нотариатаар батлуулсан. Тухайн үед би мөнгө авсан учраас төлөх нь үнэн аргагүй байдалд зөвшөөрсөн. Би 2 000 000 төгрөгийг зээлсэн мөнгөний хүүд төлөөгүй, зээлсэн үндсэн мөнгөнөөс хасуулая гэж өгсөн” гэх тайлбар үндэслэлгүй болох нь Г.Г амаар тохиролцсон 15 000 000 төгрөгийн 2 сарын хүүнд 750 000 төгрөгийг 2 удаа 1 500 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн бөгөөд тухайн үед төлөгдөөгүй байсан 2 сарын хүү 1 500 000 төгрөг байхад Г.Г-ийн хэлснээр төлөгдөөгүй хүүгээ тооцож зээлийн үнийн дүнд оруулан 16 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах байсан. Иймд хариуцагч худал ярьж байгаа нь нотлогдоно. Мөн Г.Г нь би 2 000 000 төгрөгийг хүүнд өгөөгүй үндсэн зээлнээс хасуулах гэж өгсөн гэх тайлбарт тулгуурлан үндэслэлгүй шийдвэр гаргасан. Тухайлбал: хариуцагч Г.Г 2 000 000 төгрөгийг зээлсэн мөнгөний хүүнд өгөөгүй үндсэн зээлээсээ хасуулах гэж өгсөн бол 2 000 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Д.Э-ийн данс руу “хүү” гэж шилжүүлсэн баримт нь хэргийн 6 дугаар талд авагдсан байна. Нөгөө талаар дээрх 2 000 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 29-нд төлсөн баримт нь зээлийн хүүг 2 cap тутам 1 удаа төлнө гэж зээлийн гэрээний 2.6-д заасантай тохирч байгаа юм.

Анхан шатны шүүх 2015 оны 8 дугаар сарын 03-нд зохигчдын хооронд 15 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй амаар тохирч хэлцэл байгуулаад түүнийг талууд хүлээн зөвшөөрч зээлийн хүү 750 000 төгрөгийг 2 удаа авч, өгөлцсөн байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 08-нд байгуулсан зээлийн гэрээний хүүнд оруулан тооцсон нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэрлэлээ. Харин Г.Г нь Д.Э-н шаардсанаар төлсөн 1 000 000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний төлөгдөөгүй хүүнд тооцсон боловч 2016 оны 01 дүгээр сарын 08-нд байгуулагдсан гэрээнээс хойш төлөгдсөн тул энэ гэрээний хүүд тооцохыг нэхэмжлэгч зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 34 920 000 төгрөгөөс нийт 1 455 000 төгрөгийг хасч, 33 465 000 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрт 14 913 750 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулж өнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Г.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 920 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй, зээлийн хүүг 2 сар тутам 1 удаа төлөх нөхцлүүдтэй зээлийн гэрээ /хх-4/ байгуулагдсан. Зохигчид 15 000 000 төгрөг зээлсэн болон алданги төлөх эсэх талаар маргаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 11 500 000 төгрөгийг зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд 20 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн гэх нотлох баримтыг гаргаагүй, харин 15 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлсэн 15 000 000 төгрөг дээр өөрийн данснаас 5 000 000 төгрөгийг нэмж зээлдүүлсэн гэж тайлбар гаргажээ. 

Хэргийн 34 дэх талд авагдсан нэхэмжлэгч Д.Э-н ХААН банкин дахь 5007730411 тоот данснаас 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн баримт нь хариуцагч Г.Г-т уг мөнгийг олгосон гэдгийг шууд нотлох баримт болохгүй. Харин Г.Г-ийн ХААН банкин дахь 00000005069001656 дугаартай депозит дансны хуулгаар /хх-14/ нэхэмжлэгч Д.Э-ийн 5007730411 тоот данснаас 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээл олгосон орлогын гүйлгээ хийсэн баримт авагдсан байгаа. Тийм учраас анхан шатны шүүх 15 000 000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв байна.

Түүнчлэн талууд зээлийн гэрээний хүү төлөх хугацааг 2 сар тутам 5 хувийн хүү төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж зааснаас гадна гэрээ байгуулсан нөхцөл байдал гэрээний бусад заалтуудтай гэрээний нөхцлийг харьцуулан дүгнэх Иргэний хуулиар тогтоосон журамд нийцсэн байх тул анхан шатны шүүх хүү тооцсон нь үндэслэлтэй.

Харин хариуцагч Г.Г-ээс 2015 оны 9 дүгээр сарын 03, 10 дугаар сарын 05-ны өдөр нийт 1 500 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөг /хх 12-15/-ийн хүү төлснийг энэ зээлийн гэрээний хүүгээс хасч тооцсон нь буруу гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь: Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар нэгэнт үүссэн хүүг хүлээн зөвшөөрч төлсөн бол түүнийг хожим нь хүү биш гэж үзэх энэ үндэслэлд хамаарахгүй юм.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ бол үндсэн зээл, гэрээгээр тохирсон хүү, түүнээс төлөгдсөн мөнгийг хасах аргаар хэрэглэх зохицуулалт байдаг тул өмнө нь төлөгдсөн хүүг дараа нөхөж байгуулсан гэрээний дагуу тооцохгүй байх үндэслэл байж болохгүй юм.

Шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэх ёстой боловч талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд гаргасан гомдол, хэргээр нотлогдсон баримт талуудын тайлбарласан  энэ нөхцөл байдалтай холбон үзнэ.

Хариуцагч хариу тайлбартаа хүүгийн хэмжээ илт их байсан гэх агуулга бүхий тайлбар гаргасан боловч энэ талаар давж заалдах гомдлыг шүүхэд албан ёсоор шүүхэд гаргаагүй байна. Ийм учраас хариуцагчийн тайлбарт үндэслэн шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

                                                                                                        Д.БАЙГАЛМАА