Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 02469

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 13 өдөр                   Дугаар 183/ШШ2017/02469                             Улаанбаатар хот

                                 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 67/1 тоот 5 давхарт байрлах, “Н” ХХК /РД:5469929/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон өөрийн байр 1 давхарт үйл ажиллагаа явуулах, “Эксклюзив” ХХК /РД:5270219/,

Хамтран хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 24/1 байрны 10 тоотод оршин суух, “Эксклюзив” ХХК-ийн захирал М /РД:УС78050103 / нарт холбогдох,

 

хариуцагч нараас төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 32 005 313 төгрөг гаргуулах тухай “Н” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгчээс 7 097 600 төгрөгний төлбөр гаргуулахыг хүссэн  хариуцагч “Эксклюзив” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболот, В.Хүрэлхад, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                   

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболот шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Н ХХК нь Баянгол дүүрэгт байрлах Номин их дэлгүүрт ЭХХК-д талбай түрээслүүлж байсан. 2015 оны 09 сарын 19-ний өдөр үнэгүй хувцас тарааж тус дэлгүүрт эмх замбараагүй байдал үүсгэж, манай компанийн салбар дэлгүүрийн бүтэн өдрийн үйл ажиллагааг зогсоосон хохиролд 31 000 000 төгрөгийг М төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан байдаг. ЭХХК болон гүйцэтгэх захирал М нь төлбөрийг бэлнээр биш хувцас оролцуулах хүсэлтийг тавьсны дагуу төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Гэрээний төлбөрийг 2016 онд багтааж төлж дуусгахаар байсан боловч 2017 оны 01 сар, 2 саруудад 2 хувааж 7 097 600 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш нэг ч төлбөр төлөөгүй, утсаар холбогдоход төлнө гэж хэлсээр өдий хүрсэн. Иймд төлбөр барагдуулах гэрээний 5.1-д төлбөр төлөгч төлбөрийг гэрээнд хугацааны дагуу шилжүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно гэж заасныг үндэслэж, ЭХХК-ийг 2017 оны 02 сараас хойш  нэг ч төлөлт хийгээгүй учраас 124 хоногийн алданги бодож 8  891 692.80 төгрөг, үндсэн төлбөр нь 23 902 400 төгрөг, нийт 32 005 313 төгрөгийг  гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч ЭксклюзивХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Э ХХК нь 2015 оны 03 сарын 23 өдөр Н ХХК-тай “худалдааны хамтын ажиллагааны TtB / 15 / 1630 дугаартай гэрээ байгуулж, 79.8 м.кв талбай түрээслэж, өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулж байсан. Сар бүр талбайн түрээсийн төлбөрт 1,995,000 төгрөг төлдөг. Талбай түрээслэж худалдааны үйл ажиллагаа явуулж байхдаа гэрээний үүргийг зөрчиж байсан тохиолдол байхгүй. Экскпюзив ХХК нь Номин их дэлгүүрийн кассаар борлуулалтын орлогоо хийж, сарын сүүлд 1 удаа тооцоо нийлээд үүнээс түрээсийн төлбөрийг суутгаж аваад үлдсэн борлуулалтын орлогыг бэлнээр  Н ХХК-ний бэлэн мөнгөний касснаас авдаг байсан. ЭХХК нь борлуулалтын орлогодоо хяналт тавихдаа кассанд тушаагдсан мөнгөний баримтыг үндэслэдэг байсан. 2015 оны 09 сарын 17-ны өдөр Экскпюзив ХХК-ний захирал М өөрийн нүүр номын хуудсаар “Эбрендийг өнөөдрийн өдрийг хүртэл дэмжиж үйлчлүүлж байсан хэрэглэгчиддээ 2017 оны 09 сарын 19-ны өдөр өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг Хүннү молл болон Номин их дэлгүүрийн 4 давхарт байрлах худалдааны тасгаар дамжуулан бэлэглэнэ “ гэсэн мэдээллийг оруулсан. Үүний дагуу Хүннү молл ХХК , Н ХХК-ний эрх бүхий хүмүүстэй уулзаж зөвшөөрөл авахад “Хүннү молл“ ХХК татгалзаж, Н ХХК нь Баянгол дүүрэгт байрлах Номин их дэлгүүрийн түрээсийн лангуугаар тараахыг зөвшөөрч хамгаалалтын албаны хүмүүсийг ажиллуулах, цагдаагийн байгууллагад мэдэгдэж давхар хамгаалалт гаргаж хэв журмыг зохицуулах болсон. 2015 оны 09 сарын 19-ны өдөр 09 цагт Номин их дэлгүүр онгойж үйлчилгээ эхлэх үед Н ХХК-ний хамгаалалтын албаны ажилтнууд болон цагдаагийн газраас хэв журам сахиулахаар хүмүүс ирсэн байсан. Дэлгүүр нээгдэхэд хэвийн хэмжээнээс олон хүн цугларсан байсан учир хамгаалалт хийж байгаа ажилтнууд эхний ээлжинд 100 хүн оруулсан, эдгээр хүмүүс ямар нэг асуудал гаргаагүй манай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг аваад гарсан. Гадаа байгаа хүмүүс дэндүү олон болсон, хэв журам сахиулахад хүндрэл гарсан учир хүмүүсийг тараахгүй бол болохгүй бидний хүч хүрэхгүй байна гэж хамгаалалтын албаны дарга нь Мт хэлсэн учир 11 цагийн үед М гарч цугларсан хүмүүст чанга яригчаар манайх бүтээгдэхүүн бэлэглэх үйл ажиллагаагаа зогсоолоо, дараа өөр газраар тараах болно гэж хэлсэн. Хүмүүс тарахгүй байсан учир Номин их дэлгүүрийн хамгаалалтын албаныхан хаалгаа нээгээгүй, тэнд цугларсан хүмүүс зорьж ирсэн, заавал юмаа тараа гэх мэтээр эмх замбараагүй байдал үүсгэж, ЭХХК-ний захирал Мийн эрх чөлөөнд халдсан учир Баянгол дүүргийн Цагдаагийн газраас хэв журам сахиулах гэж ирсэн хүмүүс түүнийг аваад Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү явсан Тэнд очоод таны аюулгүй байдлыг хангаж авч явсан юм гэж хэлээд Мийг та эргэж битгий очоорой гэж хэлээд явуулсан. Цугларсан хүмүүс тарахгүй байсан учир 11 цагаас хойш дэлгүүр хаалгаа нээгээгүй. Хүмүүсийг таран тартал дэлгүүр онгойгоогүй. Түүнээс хойш ямар нэг байдлаар эд хөрөнгөд хохирол учирсан талаар Номин их дэлгүүрийн удирдлага, талбай түрээслэгч иргэд, аж ахуйн нэгжээс гомдол Э ХХК-ний нэр дээр ирээгүй болно.

 

Харин Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн талбай түрээслэсэн 2015 оны 03 сарын 23-ны өдрийн худалдааны хамтын ажиллагааны ТtB/15/1630 дугаартай гэрээг үндэслээд борлуулатын орлогоос 2017 оны 01 сарын 26-ны өдөр 5,984,600 төгрөг, 2017 оны 02 сарын 01-ны өдөр 1,113,000 төгрөг нийт 7,097,600 төгрөгийг суутгаж авсан байна. Энэ талаар ЭХХК-ний захирал Мт мэдэгдээгүй.

 

2015 оны 09 сарын 09-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн эвлэрлийг баталгаажуулсан 102/ШШ2015/ 05434 дугаартай захирамжаар “ Э“ ХХК нь Номин холдинг ХХК-д 28,116,924 төгрөг Номин трейдинг ХХК-д 9,556,078 төгрөгийн өглөгтэй байсан шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх ажиллагаа шийдвэр гүйцэтгэлийн журмаар хийгдэж байсан учир дээрхи мөнгийг суутгаж авсан гэсэн ойлголттой байсан байна.

 

ЭХХК-ний зүгээс өөрийн үйлдвэрийн бренд бүтээгдэхүүнийг сурталчлах, үйлчлүүлэгч нарт үнэгүй хувцас бэлэглэх үйл ажиллагаа явуулахдаа нийтийн эмх замбараагүй байдлыг зориуд зохион байгуулалттай явуулсан зүйл байхгүй. 2 тал зөвшилцөлд хүрч дээрхи ажиллагааг явуулахаар тохирсон боловч ирсэн иргэдийн хэв журам сахиагүй байдлаас хүндрэл гарч Номин их дэлгүүрийн хамгаалалтын албаныхан дэлгүүрийн хаалгыг нээхгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүний дараа ч дэлгүүр ажиллаагүйн улмаас ямар нэг хор хохирол учирсан талаар акт үйлдээгүй.

 

ИХШХШ тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “хариуцагч гэж нэхэмжпэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжпэлд дурьдсан этгээдийг хэлнэ“ гэж хуульчилсан байна.

 

Нэхэмжпэгч нь дээрхи хуульд зааснаар яагаад хариуцагчаар татаж байгаагаа нэхэмжлэлдээ дурьдаагүй, компаний ямар үйлдэл, эс үйлдэхүйгээс хохирол учирсан, эсвэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй болохыг нэхэмжпэлдээ дурьдаагүй, нэхэмжпэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа нь нэхэмжпэлийг хангах үндэслэл болохгүй тул ЭХХК нь хариуцагч биш гэж үзэх хууль зүйн үндэслэл бий болж байгаа тул ЭХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч М шүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2015 оны 09 сарын 17-ны өдөр “ Э“ ХХК-ний захирал М өөрийн нүүр номын хуудсаар “Эбрендийг өнөөдрийн өдрийг хүртэл дэмжиж үйлчлүүлж байсан хэрэглэгчиддээ 2017 оны 09 сарын 19-ны өдөр өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг Хүннү молл болон Номин их дэлгүүрийн 4 давхарт байрлах худалдааны тасгаар дамжуулан бэлэглэнэ“ гэсэн мэдээллийг оруулсан. Үүний дагуу Хүннү молл ХХК , Н ХХК-ний эрх бүхий хүмүүстэй уулзаж зөвшөөрөл авахад Хүннү молл ХХК татгалзаж, Н ХХК нь Баянгол дүүрэгт байрлах Номин их дэлгүүрийн түрээсийн лангуугаар тараахыг зөвшөөрч хамгаалалтын албаны хүмүүсийг ажиллууллах, цагдаагийн байгууллагад мэдэгдэж давхар хамгаалалт гаргаж хэв журмыг зохицуулах болсон.

 

2015 оны 09 сарын 19-ны өдөр 09 цагт Номин их дэлгүүр онгойж үйлчилгээ эхлэх үед Н ХХК-ний хамгаалалтын албаны ажилтнууд болон цагдаагийн газраас хэв журам сахиулахаар хүмүүс ирсэн байсан. Дэлгүүр нээгдэхэд хэвийн хэмжээнээс олон хүн цугларсан байсан учир хамгаалалт хийж байгаа ажилтнууд эхний ээлжинд 100 хүн оруулсан, эдгээр хүмүүс ямар нэг асуудал гаргаагүй үйлдвэрийн бүтээгдэхүүнийг аваад гарсан. Гадаа байгаа хүмүүс дэндүү олон болсон, хэв журам сахиулахад хүндрэл гарсан учир хүмүүсийг тараахгүй бол болохгүй бидний хүч хүрэхгүй байна гэж хамгаалалтын албаны дарга нь Мт хэлсэн учир 11 цагийн үед М гарч цугларсан хүмүүст чанга яригчаар манайх бүтээгдэхүүн бэлэглэх үйл ажиллагаагаа зогсоолоо, дараа өөр газраар тараах болно гэж хэлэхэд хүмүүс тарахгүй байсан учир Номин их дэлгүүрийн хамгаалалтын албаныхан хаалгаа нээгээгүй, тэнд цугларсан хүмүүс зорьж ирсэн, заавал юмаа тараа гэх мэтээр эмх замбараагүй байдал үүсгэж, Мийн эрх чөлөөнд халдсан учир Баянгол дүүргийн Цагдаагийн газраас хэв журам сахиулах гэж ирсэн хүмүүс түүний аюулгүй байдлыг хангаж Баянгол дүүргийн Цагдаагийн газар руу авч явсан.

 

Түүнээс хойш ямар нэг байдлаар эд хөрөнгөд хохирол учирсан талаар Номин их дэлгүүрийн удирдлага, талбай түрээслэгч иргэд, аж ахуйн нэгжээс гомдол ирээгүй ба хохиролын акт тогтоогдож байсан зүйл байхгүй болно.

 

2015 оны 12 сарын 03-ны өдөр Н ХХК-ний хуулийн хэлтэс дээр Мийг дуудахад очтол Мөнгөншагай гэдэг хүн уулзаад та үнэгүй бүтээгдэхүүн тараана гэж эмх замбараагүй байдал үүсгэснээс болж манай байгууллагад 131,000,000 төгрөгийн хохирол учирсан үүнийг нэхэмжпэнэ, таныг бодоод 31,000,000 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээ хийвэл 100,000,000 төгрөгийг нэхэхээ болье гэж хэлээд урьдчилан бэлтгэсэн гэрээ үзүүлээд гарын үсэг зурахыг тулган шаардахад Н ХХК-тай гэрээ байгуулж, талбай түрээслэн үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг борлуулж байгаа тул гэрээ цуцалчихвал яанаа гэсэн айдастайгаар аргагүй байдалд орохоос гадна гэрээнд хохиролыг бэлэн мөнгөөр биш бүтээгдэхүүн нийлүүлэх замаар төлбөрийг барагдуулна гэсэн учир гарын үсгээ зурсан байна. Н ХХК-д ямар хохирол учирсан болох талаар ямар нэг акт баримт бичиг үзүүлээгүй гагцхүү гэрээнд гарын үсэг зуруулж аваад үлдсэн. Зүйн хохирол учирсан бол энэ талаар акт үйлдэж,  Мт танилцуулах ёстой байтал танилцуулаагүй.

 

 

Гэрээнд зааснаар бүтээгдэхүүн нийлүүлээгүй ба төлбөр барагдуулах гэж нэг ч төгрөг төлөөгүй юм. Гэтэл Мтэй хийсэн 2015 оны 12 сарын 03-ны төлбөр барагдуулах гэрээг үндэслээд ЭХХК-ны борлуултын орлогоос суутгаж авсан болохыг нэхэмжлэлд дурьдсан байдпаас мэдлээ.

 

М нь Чингэлтэй дүүрэгт байрлах Номин их дэлгүүрт шүүгчийн захирамжаар талбайн түрээсийн өртэй байсан учир түүнд суутгаж авсан гэж бодож байсан, гэтэл энэ талаар хариуцагч Мт мэдэгдээгүй, компаний борлуулалтын мөнгийг бүрэн өгөөгүй гэрээний үүрэгт тусгаагүй үндэслэлээр бусдын эд хөрөнгөд халдсан байна. Үүгээрээ гэрээг хүлээн зөвшөөрч мөнгө төлж байсан гэх байдлыг харуулах гэсэн ядмаг оролдлого хийж, шүүхийг төөрөлдүүлэх зорилго агуулж байна гэж үзэж байна.

Энэ нь түрээслүүлэгч нь өөрийн давуу эрхийг ашиглаж, бусдын эд хөрөнгөд хууль бусаар хандаж, өөрт нь олгогдоогүй эрх эдэлж байгаагийн илрэл гэж үзэж байна.

Мийн ямар үйлдэл, эс үйлдэхүйгээс эмх замбараагүй байдал үүссэн болохыг нэхэмжлэгч тал нотлоогүй ба хохирол учруулсан талаар хууль зүйн үндэслэл бүхий акт тогтоогоогүй, үндэслэлгүй гэрээ байгуулж, түүнийг үндэслэн Н.Майцэцэгээс үндсэн төлбөрийн өрөнд 23,902,400 төгрөг, алданги 8,891,692 төгрөг нийт 32,005,313 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ЭХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ЭХХК нь 2015 оны 03 сарын 23-ны өдөр Н ХХК-тай худалдааны хамтын ажиллагааны TtB/15/1630 дугаартай гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн 4 давхарт 79.8 м.кв талбай түрээслэж, өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулдаг. Сар бүр талбайн түрээсийн төлбөрт 1,995,000 төгрөг төлдөг. Талбай түрээслэж худалдааны үйл ажиллагаа явуулж байхдаа гэрээний үүргийг зөрчиж байсан тохиолдол байхгүй. ЭХХК нь Номин их дэлгүүрийн кассаар борлуулалтын орлогоо хийж, сарын сүүлд 1 удаа тооцоо нийлээд үүнээс түрээсийн төлбөрийг суутгаж, үлдсэн борлуулалтын орлогыг бэлнээр Н ХХК-ний мөнгөний касснаас авдаг. ЭХХК нь борлуулалтын орлогодоо хяналт тавихдаа кассанд тушаагдсан мөнгөний баримтыг үндэслэдэг. 2015 оны 09 сарын 19-ны өдөр дэлгүүрийн гадаа иргэдийн үүсгэсэн эмх замбараагүй, нийгмийн хэв журмыг сахиагүй үйлдлээс болж Номин их дэлгүүр нэг өдөр онгойгоогүйн улмаас ямар нэг байдлаар эд хөрөнгөд хохирол учирсан, дэлгүүрийн талбайг түрээслэн бүтээгдэхүүнээ борлуулдаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас алдагдал хүлээсэн тухай мэдэгдэл, төлбөрийн акт болон гомдол ЭХХК-ний нэр дээр ирээгүй. Хоёр компаний хооронд хийгдсэн гэрээний дагуу төлбөр тавигдсан акт байхгүй. Н ХХК нь 2015 оиы 12 сарын 03 -ний өдрийн Мтэй хийсэн төлбөр барагдуулах гэрээг үндэслэн тус компаний борлуулалтын орлогоос 2017 оны 01 сарын 26- ны өдөр 5,984,600 төгрөг, 2017 оны 02 сарын 01-ны өдөр 1,113,000 төгрөг нийт 7,097,600 төгрөгийг суутгаж авсан байна. Энэ талаар ЭХХК-д мэдэгдээгүй. Борлуулалтын орлого болох компаний хөрөнгөд хууль бусаар халдсан байна.

 

2015 оны 09 сарын 09-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн эвлэрлийг баталгаажуулсан 102/ШШ2015/ 05434 дугаартай захирамжаар ЭХХК нь Номин холдинг ХХК-д 28,116,924 төгрөг Номин трейдинг ХХК-д 9,556,078 төгрөгийн өглөгтэй байсан шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх ажиллагаа шийдвэр гүйцэтгэлийн журмаар хийгдэж байсан, харин Н ХХК-тай ямар нэг өр төлбөр үүсгэсэн, өр төлбөрийн тооцооны акт тавигдсан зүйл байхгүй, төлбөрийг төлөх талаар ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй, энэ талаар гарсан шүүхийн шийдвэр байхгүй байхад ЭХХК-тай борлуулалтын орлогын тооцоо хийлгүйгээр бусдын өмчлөлийн эд хөрөнгөд халдсан байх тул 2017 оны 01 сарын 26-ны өдөр 5,984,600 төгрөг, 2017 оны 02 сарын 01-ны өдөр 1,113,000 төгрөг нийт 7,097,600 төгрөгийг Н ХХК-иас гаргуулж ЭХХК- ийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболот сөрөг нэхэмжлэлд хариу тайлбарлахдаа: “Сөрөг нэхэмжлэлийн тухайд манайх 7 000 000 төгрөгийг компанийн борлуулалтын мөнгөнөөс суутгаагүй. М манай компанитай төлбөр барагдуулах гэрээ байгуулж хувцас нийлүүлэхээр тохирсон боловч үүргээ биелүүлээгүй. Номин трейдинг ХХК-ийн аж ахуйн албанаас 2017 оны 01 сарын  26-ны өдөр 5 984 600 төгрөг, 2017 оны 02 сарын 01 өдөр 1 113 000 төгрөг нийт 7 097 000 төгрөгийг манай компанид шилжүүлсэн. Уг мөнгийг ямар үндэслэлээр шилжүүлсэн талаарх  зохих хариуг ирүүлсэн. Үнэхээр хариуцагчийн зүгээс борлуулалтын орлогоос суутгасан гэж үзэж байгаа бол түүнийг өөрөө нотлох үүрэгтэй. Иймээс хариуцагч талын сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна” гэв.

 

         Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Н ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг хангаж,  хариуцагч ЭХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Н ХХК төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 32 005 313 төгрөгийг хариуцагч ЭХХК болон захирал М нараас гаргуулахаар шаардсан, хариуцагч нар эс зөвшөөрсөн бөгөөд  7 097 600 төгрөгний төлбөрийг нэхэмжлэгчэс шаардсан сөрөг нэхэмжлэлийг ЭХХК гаргажээ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбараас үзэхэд Н ХХК, ЭХХК-ийн хооронд байгуулсан 2015.08.23-ны өдрийн худалдааны хамтын ажиллагааны гэрээг “...Номингийн үйлчилгээний талбайд түүний худалдааны менежмент, маркетинг, зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрөн нэгдэх, орчин үеийн шаардлага, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангасан худалдааны үйл ажиллагааг хамтран эрхлэх зорилгоор”  байгуулсан, гэрээний дагуу хариуцагч компани талбай түрээслэн худалдааны үйл ажиллагаа явуулдаг байна.

 

ЭХХК-ийн захирал М нь 2015.09.15-ны өдөр өөрийн нүүр номын хуудсанд “Монголын Ард Түмэн та нартаа энэ сарын 19, 20-нд Хүннү молл болон хорооллын Номин их дэлгүүрийн 4 давхарт тус тус байрлах  “еxclusive” брендийн тасгаас таалагдсан хувцасаа үнэгүй ирж аваарай” гэсэн мэдээллийг оруулсан, уг мэдээллийн дагуу 2017.09.19-ний өдөр Номин их дэлгүүрийн гадаа олон хүн цугларч, эмх замбараагүй байдал үүссэн үйл баримтууд тогтоогджээ.

 

Н ХХК, иргэн М нар хоорондоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг үндэслэн 2015.12.03-ны өдрийн NHEZ/15/77 тоот төлбөр барагдуулах гэрээг байгуулж, гэрээний нөхцлийг  “...төлбөр төлөгч М 2015.09.19-ний өдөр Баянгол дүүрэг дэх Номин их дэлгүүрт үнэгүй хувцас тарааж, дэлгүүрт эмх замбараагүй байдал бий болгож тус дэлгүүрийн бүтэн өдрийн үйл ажиллагааг зогсоосны хохиролд 31 000 000 төгрөгний өр төлбөрийг хувцас оролцуулан төлж барагдуулах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон  харилцааг зохицуулна” гэж талууд тодорхойлсон байна.

 

Дээрх гэрээний 1.2-т “төлбөр төлөгч нь 31 000 000 төгрөгийг хувцас оролцуулан үл маргах журмаар төлөхийг зөвшөөрсөн”, 1.3, 1.4-т “...хувцасыг 2016 онд багтаан хүлээлгэн өгөх бүрт тооцооны акт үйлдэх”, гэрээний 5.1-д хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнгийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тус тус тохирсон байна.

 

Н ХХК-ийн кассын няравын тайлан, банкны дансны хуулгууд, борлуулалт нэгтгэсэн байдлаас үзэхэд Н ХХК-ийн Номин их дэлгүүрийн 2015.08.01-нээс 2015.09.12-ныг өдрийг хүртэлх хугацаанд 243 976 456.11 төгрөгний борлуулалт хийсэн,  дундаж борлуулалт нь 34 853 779.44 төгрөг гэж гарсан байна.

 

Номин Холдингийн эрх зүйн газарт гаргасан “манай ЭХХК 2015.09.19-ний өдөр зохион байгуулсан үйл ажиллагаа нь эмх замбараагүй байдал үүсч 31 000 000 төгрөгний өр Номин холдингид учруулсан, өр төлбөр барагдуулах гэрээний 2.1-д зааснаар хувцас бараа, бүтээгдхүүн үйлдвэрлэн нийлүүлж төлбөр барагдуулах хүсэлтэй” гэх 2016.02.15-ны өдрийн Мийн хүсэлт хэрэгт авагдсан байна.

 

Дээрх байдлаас үзэхэд М өөрийнх нь мэдээллийн дагуу өрнөсөн үйл явдлыг зөвшөөрсөн, төлбөр барагдуулах гэрээгээр тодорхой үүрэг хүлээсэн    байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уг  төлбөрөөс “2017.01.26-ны өдөр 5 984 000 төгрөг, 2017.02.01-ний өдөр 1 113 000 төгрөг нийтдээ 7 097 600 төгрөг төлсөн, үүнээс хойш төлбөр төлөөгүй” гэх бөгөөд     хариуцагч дээрх төлөлтийг үгүйсгэж,  2015.03.23-ны өдрийн хамтын ажиллагааны TtB15/1630 дугаартай гэрээг үндэслэн борлуулалтын орлогоос суутгасан гэжээ.

 

Номин трейдинг ХХК-ийн Хангамж аж ахуйн албанаас 2017.01.26-ны өдөр 5 984 600 төгрөг, 2017.02.01-ний өдөр 1 113 000 төгрөг, нийтдээ 7 097 600 төгрөгийг тус компанид шилжүүлсэнийг Н ХХК-ийн 2017.10.19-ний өдрийн 03/393 албан бичгээр тодруулсан байх бөгөөд “...Степпеворк Веар ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй буюу 19 192 000 төгрөгийн хувцас нийлүүлсэн, ажил гүйцэтгэх гэрээний 3.3-т заасны дагуу 18 141 600 төгрөг шилжүүлэх боломжгүй болж тус компанийн нийлүүлсэн хувцасны үнэ 19 192 000 төгрөг болон урьдчилгаа төлбөр 12 094 400 төгрөгийг зөрүү дүн болох 7 097 600 төгрөгийг шилжүүлсэн” тухай  Номин трейдинг ХХК-иас 2017.10.27-ны өдрийн 02/667 албан бичгээр хариу өгсөн байна. 

       

Улмаар Степпеворк Веар ХХК нь үлдэгдэл хувцасыг нийлүүлээгүйгээс гэрээг цуцалж, гэрээний 3.3-т заасны дагуу NHEZ/15/77 тоот төлбөр барагдуулах гэрээний төлбөрийг шилжүүлэх боломжгүй болсоныг мэдэгджээ.      

 

Степпеворк Веар ХХК-ийн гүйцэтгэх захирал М нь Номин трейдинг  ХХК-тай байгуулсан 2016.10.10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 3.3-т “төлбөрийн үлдэгдэл 60 хувь болох 18 141 600 төгрөг ажлын гүйцэтгэлийг хүлээн авсаны дараа Номин холдинг ХХК-д төлөх Exclusive ХХК-ийн NHEZ/15/77 тоот гэрээний өрнөөс суутгаж авахаар хоёр тал харилцан тохиролцсон болно”,  гэрээний зүүн доод талд “авлага барагдуулах зорилгоор байгуулахыг зөвшөөрөв” гэжээ.

  

Дээрх гэрээгээр нийт 30 236 000 төгрөгийн үнийн дүн бүхий ажилчдын хувцас нийлүүлэх тухай гэрээний урьдчилгаа төлбөрт 12 094 400 төгрөг төлж, үлдэгдэл 18 141 600 төгрөгийг  NHEZ/15/77 тоот гэрээний төлбөрт Н ХХК-д шилжүүлэхэр талууд  харилцан тохиролцсон байх тул  “борлуулалтын орлогоос суутгасан, ЭХХК-д мэдэгдээгүй, компанийн хөрөнгөд халдсан” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

              

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж  зааснаар М, Н ХХК-ийн хооронд төлбөр барагдуулах гэрээг байгуулсан, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар М төлбөр төлөх үүргийг  хүлээсэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзлээ.

 

         Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүрэг гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь төлбөрийг хариуцагч Мээс гаргуулахаар шаардсан болно.

 

Хариуцагч М нь Номин трейдинг  ХХК-тай байгуулсан 2016.10.10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн зарим хэсгийг Exclusive ХХК-ийн NHEZ/15/77 тоот гэрээний өрөнд суутгахыг зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.7 дахь хэсэгт “өөр өөр газар гүйцэтгэвэл зохих үүргийг талууд тохиролцон тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж зааснаар зэрэгцээ хоёр компанид төлөх төлбөрийг тооцож,  Номин трейдинг  ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

 

Н ХХК-ийн 2016.01.01-нээс 2017.05.25-ныг хүртэлх хугацааны өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар үлдэгдэл төлбөр нь 23 902 400 төгрөг, төлбөр барагдуулах гэрээний 5.1-д зааснаар алданги 8 891 692 төгрөгийг нэмж нэхэмжилсэнийг буруутгах үндэслэлгүй бөгөөд дээрх үнийн дүнг нэмэхэд 32 005 313 төгрөгөөс илүү гарч байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр гаргуулахаар шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар  зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал өөрөөр хэлбэл зөвхөн хоорондоо тооцогдох боломжтой шаардлагыг шүүх сөрөг нэхэмжлэлийн журмаар үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэж болно.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзсэн тул хариуцагч ЭХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 186 дугаар зүйлийн 186.1, 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мээс төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 32 005 313 төгрөг гаргуулж Н ХХК-д олгож, хариуцагч ЭХХК-д холбогдох нэхэмжлэлийг болон хариуцагч ЭХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Мээс 317 976.57 төгрөг гаргуулж Н ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 976.57 төгрөг, хариуцагчийн төлсөн 128 511 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

  

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            

 

           ДАРГАЛАГЧ                                                 Д.ЭНХЦЭЦЭГ