Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00308

 

Н Т Т-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  13-ны өдрийн 183/ШШ2017/02469 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н Т Т-ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э- ХХК, Г.М- нарт холбогдох

 

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 32 005 313 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй, үндэслэлгүй суутган авсан гэх 7 097 600 төгрөгийг буцаан  гаргуулах тухай Э- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболот, В.Хүрэлхад, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболотын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н Т Т-ХХК нь Баянгол дүүрэгт байрлах Номин их дэлгүүрт Э- ХХК-д талбай түрээслүүлж байсан. Гэтэл 2015 оны 9 сарын 19-ний өдөр Г.М- нь үнэгүй хувцас тарааж, тус дэлгүүрт эмх замбараагүй байдал үүсгэж, Номин их дэлгүүрийн бүтэн өдрийн үйл ажиллагааг зогсоосон. Иймд хохиролд 31 000 000 төгрөгийг Г.М- төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Э- ХХК болон гүйцэтгэх захирал Г.М- нь төлбөрийг бэлнээр биш хувцас оролцуулах хүсэлтийг тавьсны дагуу төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Гэрээний төлбөрийг 2016 онд багтааж төлж дуусгах байсан ч 2017 оны 01 сар, 2 саруудад 2 хувааж 7 097 600 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш нэг ч төлбөр төлөөгүй. Иймд төлбөр барагдуулах гэрээний 5.1-д төлбөр төлөгч төлбөрийг гэрээнд хугацааны дагуу шилжүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,3 хувийн алданги тооцно гэж заасныг үндэслэж, 124 хоногийн алданги бодож 8 891 692.80 төгрөг, үндсэн төлбөр нь 23 902 400 төгрөг, нийт 32 005 313 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Э- ХХК болон Г.М- нарын шүүхэд ирүүлсэн тайлбарт: Э- ХХК нь 2015 оны 3 сарын 23 өдөр Н Т Т-ХХК-тай худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 79,8 м.кв талбай түрээслэж, өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулж байсан. Сар бүр талбайн түрээсийн төлбөрт 1 995 000 төгрөг төлдөг. Гэтэл  2015 оны 9 сарын 17-ны өдөр Экскпюзив ХХК-ний захирал Г.М- өөрийн нүүр номын хуудсаар Э- брендийн нэрийн бүтээгдэхүүнийг Хүннү молл болон Номин их дэлгүүрийн 4 давхарт байрлах худалдааны тасгаар дамжуулан бэлэглэнэ гэсэн мэдээллийг оруулсан. Үүний дагуу Хүннү молл ХХК, Н Т Т-ХХК-ний эрх бүхий хүмүүстэй уулзаж зөвшөөрөл авахад Хүннү молл ХХК татгалзаж, Н Т Т-ХХК нь Баянгол дүүрэгт байрлах Номин их дэлгүүрийн түрээсийн лангуугаар тараахыг зөвшөөрч хамгаалалтын албаны хүмүүсийг ажиллуулах, цагдаагийн байгууллагад мэдэгдэж давхар хамгаалалт гаргаж хэв журмыг зохицуулах болсон. 2015 оны 9 сарын 19-ны өдөр 09 цагт Номин их дэлгүүр онгойж үйлчилгээ эхлэх үед Н Т Т-ХХК-ний хамгаалалтын албаны ажилтнууд болон цагдаагийн газраас хэв журам сахиулахаар хүмүүс ирсэн.  Дэлгүүр нээгдэхэд хэвийн хэмжээнээс олон хүн цугларсан байсан учир хамгаалалт хийж байгаа ажилтнууд эхний ээлжинд 100 хүн оруулсан, эдгээр хүмүүс ямар нэг асуудал гаргаагүй манай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг аваад гарсан. Гадаа байгаа хүмүүс дэндүү олон болсон, хэв журам сахиулахад хүндрэл гарсан учир хүмүүсийг тараахгүй бол болохгүй бидний хүч хүрэхгүй байна гэж хамгаалалтын албаны дарга нь Г.М-т хэлсэн учир 11 цагийн үед Г.М- гарч цугларсан хүмүүст чанга яригчаар манайх бүтээгдэхүүн бэлэглэх үйл ажиллагаагаа зогсоолоо, дараа өөр газраар тараах болно гэж хэлсэн. Хүмүүс тарахгүй байсан учир Номин их дэлгүүрийн хамгаалалтын албаныхан хаалгаа нээгээгүй, тэнд цугларсан хүмүүс зорьж ирсэн, заавал юмаа тараа гэх мэтээр эмх замбараагүй байдал үүсгэж, Э- ХХК-ний захирал Г.М-ийн эрх чөлөөнд халдсан учир Баянгол дүүргийн Цагдаагийн газраас хэв журам сахиулах гэж ирсэн хүмүүс түүнийг аваад Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү явсан. Тэнд очоод таны аюулгүй байдлыг хангаж авч явсан юм гэж хэлээд Г.М-ийг та эргэж битгий очоорой гэж хэлээд явуулсан.

Гэтэл Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн талбай түрээслэсэн 2015 оны 03 сарын 23-ны өдрийн худалдааны хамтын ажиллагааны ТtB/15/1630 дугаартай гэрээг үндэслээд борлуулалтын орлогоос 2017 оны 01 сарын 26-ны өдөр 5 984 600 төгрөг, 2017 оны 02 сарын 01-ны өдөр 1 113 000 төгрөг нийт 7 097 600 төгрөгийг суутгаж авсан байна. Нэхэмжлэгч нь яагаад хариуцагчаар татаж байгаагаа дурьдаагүй, компаний ямар үйлдэл, эс үйлдэхүйгээс хохирол учирсан, эсхүл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй болохыг дурьдаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. Түүнчлэн 2015 оны 12 сарын 03-ны өдөр Н Т Т-ХХК-ний хуулийн хэлтэс дээр Г.М-ийг дуудахад очтол Мөнгөншагай гэдэг хүн уулзаад та үнэгүй бүтээгдэхүүн тараана гэж эмх замбараагүй байдал үүсгэснээс болж манай байгууллагад 131 000 000 төгрөгийн хохирол учирсан үүнийг нэхэмжпэнэ, таныг бодоод 31 000 000 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээ хийвэл 100 000 000 төгрөгийг нэхэхгүй гэж хэлээд урьдчилан бэлтгэсэн гэрээ үзүүлээд гарын үсэг зурахыг тулган шаардахад Н Т Т-ХХК-тай гэрээ байгуулж, талбай түрээслэн, үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг борлуулж байгаа тул гэрээ цуцалчихвал яанаа гэсэн айдастайгаар аргагүй байдалд орохоос гадна гэрээнд хохирлыг бэлэн мөнгөөр биш бүтээгдэхүүн нийлүүлэх замаар төлбөрийг барагдуулна гэсэн учир гарын үсгээ зурсан. Н Т Т-ХХК-д ямар хохирол учирсан болох талаар ямар нэг акт баримт бичиг үзүүлээгүй гагцхүү гэрээнд гарын үсэг зуруулж аваад үлдсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  

Хариуцагч Э- ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Н Т Т-ХХК нь 2015 оны 12 сарын 03 -ний өдрийн Г.М-тэй хийсэн төлбөр барагдуулах гэрээг үндэслэн тус компаний борлуулалтын орлогоос 2017 оны 01 сарын 26-ны өдөр 5 984 600 төгрөг, 2017 оны 02 сарын 01-ны өдөр 1 113 000 төгрөг нийт 7 097 600 төгрөгийг суутгаж авсан байна. Энэ талаар Э- ХХК-д мэдэгдээгүй. Борлуулалтын орлого болох компаний хөрөнгөд хууль бусаар халдсан байна. 2015 оны 09 сарын 09-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн эвлэрлийг баталгаажуулсан 102/ШШ2015/ 05434 дугаартай захирамжаар Э- ХХК нь Номин холдинг ХХК-д 28 116 924 төгрөг Номин трейдинг ХХК-д 9 556 078 төгрөгийн өглөгтэй байсан. Шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх ажиллагаа шийдвэр гүйцэтгэлийн журмаар хийгдэж байсан. Харин Н Т Т-ХХК-тай ямар нэг өр төлбөр тооцоо байхгүй, төлбөр төлөх талаар ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй, шүүхийн шийдвэргүйгээр Э- ХХК-тай борлуулалтын орлогын тооцоо хийлгүйгээр бусдын өмчлөлийн эд хөрөнгөд халдаж суутган авсан  2017 оны 01 сарын 26-ны өдөр 5 984 600 төгрөг, 2017 оны 02 сарын 01-ны өдөр 1 113 000 төгрөг нийт 7 097 600 төгрөгийг Н Т Т-ХХК-иас гаргуулж Э- ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболотын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Н Т Т-ХХК 7 000 000 төгрөгийг Э- ХХК-ийн борлуулалтын орлогоос  суутгаагүй. Номин трейдинг ХХК-ийн аж ахуйн албанаас 2017 оны 01 сарын 26-ны өдөр 5 984 600 төгрөг, 2017 оны 02 сарын 01-ний өдөр 1 113 000 төгрөг, нийт 7 097 000 төгрөгийг манай компанид шилжүүлсэн. Уг мөнгийг ямар үндэслэлээр шилжүүлсэн талаарх зохих хариуг ирүүлсэн. Хариуцагч борлуулалтын орлогоос суутгасан гэж үзэж байгаа бол нотлох үүрэгтэй. Иймээс сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 286 дугаар зүйлийн 286.1, 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.М-ээс төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 32 005 313 төгрөг гаргуулж, Номин тав трейдинг ХХК-д олгож, хариуцагч Э- ХХК-д холбогдох нэхэмжлэлийг болон хариуцагч Э- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Г.М-ээс 317 976.57 төгрөг гаргуулж, Н Т Т-ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 976.57 төгрөг, хариуцагчийн төлсөн 128 511 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтыг зөрчиж мэтгэлзэх боломжийг хангаагүй, хариуцагч талын нотлох баримт гаргаж өгөх боломжийг хязгаарласан. Шүүх хурлыг 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 10 цагт хийхээр хурлын товыг зохигч нарт мэдэгдсэн. Дээрх шүүх хурал нь Төв аймаг дах Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 13-ны 09 цагт зарлагдсан Катар улсын иргэнд холбогдох  эрүүгийн шүүх хуралтай давхацсан тул энэ тухай шүүхэд бичгээр хүсэлтээ хүргүүлсэн. Төв аймагт хуралдсан шүүх хурал 11 цагт дуусаад шүүгчийн туслах Ундрахтай утсаар холбогдоход мөн өдрийн 09 цагт эхэлсэн шүүгч Д.Энхцэцэгийн даргалж орсон шүүх хурал дуусаагүй байна гэсэн тул 10 цагт зарлагдсан шүүх хурал цагтаа эхлээгүй, амжаад очих тул хүлээж байхыг хүссэн.  Төв аймгийн шүүхээс гараад Хан-Уул дүүргийн шүүх дээр ирэхэд 12 цаг 10 минут болж бөгөөд  хурал эхлээд 15 минут орчим болж байна гэж шүүгчийн туслах танилцуулсан. Шүүгчдээ өмгөөлөгчийн хүсэлтийг танилцуулсан гэсэн. Хүндэтгэн үзэх шалтгааны талаарх хүсэлтийг шүүхэд хүргүүлсээр байхад,оролцуулаагүй, зохигчийн  эрхийг хязгаарласан. "Номин тав трейд" ХХК нь хариуцагчаар "Э-" ХХК-ийг татсан, нэхэмжлэлийн шаардлагаа нотлож байгаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй, гаргуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, шүүх "Э-" ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх нотлох баримт хэрэгт авагдсан эсэхийг магадлаагүй.

 "Степпеворк веар" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М- нь Номин трейдинг" ХХК-тай 2016 оны 10 сарын 10-ны өдөр байгуулсан NT/16/130 "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 3.3-д төлбөрийн үлдэгдэл 60% болох 18 141 600 төгрөг ажлын гүйцэтгэлийг хүлээн авсны дараа "Номин холдинг" ХХК-д төлөх "Э-" ХХК-ийн NHEZ /15/ 77 тоот гэрээний өрнөөс суутгаж авахаар 2 тал харилцан тохирсон болно гэрээний зүүн доод талд авлага барагдуулах зорилгоор байгуулахыг зөвшөөрөв" гэжээ. Гэтэл NHEZ /15/ 77 тоот гэрээнд "Степпеворк веар" ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд Г.М-т мөн эсэхийг шалгаж тогтоолгүйгээр, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, компанийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээдээр Г.М- бүртгэгдсэн эсэх нотлох баримт хэрэгт авагдсан эсэхийг нягтлаагүй. Нэхэмжлэгч тайлбараа нотлох баримтаар нотлоогүй.

Шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг үндэслэн Г.М-, "Номин тав трейд" ХХК-ийн хооронд хийгдсэн 2015 оны 12 сарын 03-ны өдрийн NHEZ /15/77 дугаартай төлбөр барагдуулах гэрээнд дүгнэлт өгөхдөө гэрээний нөхцөлд дурьдсан хохирол нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа, төлбөр авагч учирсан хохиролд акг тавьсан эсэх, төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хооронд хохирлын тооцоо хийсэн баримт байгаа эсэх зэрэг нотолгоо байхгүй байхад гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй гэснийг үндэслэж шийдвэр гаргасан. Шүүх талуудын хооронд хийгдсэн гэрээ нь гэм хор учруулсантай холбоотой хохирол нэхэмжилсэн байхад үүнд дүгнэлт өгөөгүй. Г.М-ийг эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж үзсэн атлаа “Э-" ХХК нь үнэгүй хувцас тарааж эмх замбараагүй байдал бий болгож, бүтэн өдрийн үйл ажиллагаа зогсоосон гэж хариуцагчаар татсаныг зөв дүгнээгүй. "Э-" ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй, хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК нь хариуцагч “Э-” ХХК, Г.М- нарт холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 23 902 400 төгрөг, алдангид 8 891 692 төгрөг, нийт 32 005 313 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч  маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар Э- ХХК-ийг татсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар уг хариуцагчаас татгалзаж, иргэн Г.М-ээс хохирлоо гаргуулна гэж нэхэмжлэлээ өөрчилжээ. /хх-ийн 133/

 

Хариуцагч Г.М- нь 2015 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр цахим орчноор, өөрийн нүүр номын хуудсанд “..,2015 оны 9 дүгээр сарын 19-нд Номин их дэлгүүрийн 4 давхарт Э- брендийн хувцасыг үнэгүй тараана” гэж зар тавьснаас их хэмжээний хүмүүс Номин их дэлгүүрийн гадна цугларч, эмх замбараагүй байдал үүсч, чанга яригчаар зарласан боловч тарахгүй, дэлгүүрт нэвтрэхээр дайрсан. Г.М-ийг Цагдаагийн байгууллагад хүргэж хамгаалалтад авсан, тухайн өдөр дэлгүүр хаалгаа нээх, хэвийн ажиллах боломжгүй болж  бүтэн өдрийн үйл ажиллагаа алдагдсан үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

Тухайн үйл явдлаас хойш 3 сарын дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Н Т Т-ХХК, иргэн Г.М- нар “Төлбөр барагдуулах“ NHEZ/15/77 тоот гэрээг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар байгуулжээ. Гэрээгээр талууд 2015 оны 9  дүгээр сарын 19-ний өдрийн эмх замбараагүй байдлын улмаас  тус Н Т Т-ХХК-ийн Номин их дэлгүүрийн бүтэн өдрийн үйл ажиллагаа зогссоны хохиролд 31 000 000 төгрөгийг Г.М- нь төлөх үүрэгтэй болохыг хүлээн зөвшөөрч, уг хохирлыг хувцас оролцуулан төлж барагдуулахаар тохиролцжээ. /хх-ийн 10/

 

Хэдийгээр хохирол үүсэх болсон шалтгаан нь гэм хорын үйлдэлтэй шалтгаант холбоотой боловч талууд  нэхэмжлэгчийн эд хөрөнгийн байдлыг гэм хор учруулахаас өмнөх байдалд  нөхөн төлөхөөр төлбөр барагдуулах талаар гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан агуулгад нийцсэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. 

 

Түүнчлэн Г.М- нь төлбөрөө барагдуулахгүй байсантай холбоотойгоор 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Н Т Т-ХХК-тай ашиг сонирхол нэгтэй компани болох Номин трейдинг ХХК нь Степпе воорк веар ХХК-тай ажлын хувцас захиалан оёулах,  18 141 600 төгрөгийн үнэ бүхий хувцсыг хүлээн авсаны дараа хөлсийг NHEZ/15/77 тоот гэрээний өрөнд суутган авахаар тохиролцжээ. Гэрээнд Степпе воорк веар ХХК-ийг төлөөлж захирал Г.М- гарын үсэг зурсан бөгөөд “авлага барагдуулах зорилгоор гэрээг байгуулсан“ тухай гар тэмдэглэл гэрээнд хийгджээ. /хх-ийн 20-23/

 

 Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд буюу Н Т Т-ХХК-д ашигтай гэрээ байгуулагдсан талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж, уг гэрээгээр Г.М-ийн өрөнд 7 097 600 төгрөгийг Номин трейдинг ХХК-иас нэхэмжлэгчид шилжүүлснийг иргэн Г.М-ийн өрнөөс хасч тооцсоноо тайлбарласан байна. /хх-ийн 1, 118, 133/

 

Хариуцагч Э- ХХК нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “..,Э- ХХК-ийн борлуулалтын орлогоос 7 097 600 төгрөгийг Н Т Т-ХХК суутган авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн талаар дурдсан ч энэ байдлаа нотлож чадаагүй. Хэргийн баримтаас Номин трейдинг ХХК-иас 7 097 600 төгрөг шилжүүлснийг Г.М-ийн өрөнд суутгаснаа нэхэмжлэгч нотлосон тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж үзнэ.

 

Харин хариуцагчийн  “..,Г.М- нь Э- ХХК, Степпевоорк веар ХХК-ийн захирал мөн эсэхийг нэхэмжлэгч нотлоогүй“ гэх тайлбар, гомдол үндэслэлгүй юм. Учир нь Г.М- нь дээрх компаниудын захирал  мөн эсэхийг нотлох боломж нь өөрт нь нээлттэй бөгөөд нотлох үүргийн хуваарьлалтаар авч үзсэн ч хариуцагч өөртэйгээ холбоотой баримтаа өөрөө нотлох үүрэгтэй юм.

Талууд төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон боловч эргэн төлөлтийн хуваарь хэрэгт авагдаагүй. Иймд хариуцагчийг  гэрээний үүргийг хэрхэн зөрчсөн талаар дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан алданги гаргуулах үндэслэлгүй.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдэх хуудсаар мэдсэн байх бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 7 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 5 сар гаруй хугацаанд үргэлжилсэн байх тул хариуцагч талын мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэхгүй бөгөөд энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр гэрээний үүрэгт 23 902 400 төгрөгийг хариуцагч Г.М-ээс гаргуулж, алданги 8 891 692 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, мөн маргааны шаардах эрхэд хамаарахгүй тооцоо нийлэх тухай Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх заалтыг баримталсныг хасч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  13-ны өдрийн 183/ШШ2017/02469 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “466 дугаар зүйлийн 466.1” гэснийг хасч, “32 005 313” гэснийг “23 902 400” гэж “олгож” гэсний дараа “нэхэмжлэлийн шаардлагаас 8 891 692 төгрөгт холбогдох хэсэг,” гэж, 2 дах заалтын “Г.М-ээс 317 976.57” гэснийг “Г.М-ээс 277 462” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э- ХХК-ийн төлсөн 128 520 төгрөг, хариуцагч Г.М-ийн төлсөн 318 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                      Ш.ОЮУНХАНД