Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 02573

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 22 өдөр                   Дугаар 183/ШШ2017/02573                             Улаанбаатар хот

 

                        

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Д З нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г М нарт холбогдох,

           зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 91 622 723 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, хариуцагч Т.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.М, Б.Г нар нь бусад хариуцагч нартай хамт 2014  оны 06 сарын 17-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан нийтдээ 450 400 юаны үнэ бүхий автомашиныг дугуйг худалдан авсан. Үүний дараа 2014 оны 08 сарын 05-ны өдөр мөн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 410 000 юаны үнэ бүхий автомашины дугуйг худалдан авсан. Хариуцагч Т.М, Б.Г хоёрын хувьд 2016 оны 11 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нараас дахин зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулан 176 300 юаны үнэ бүхий автомашины дугуйг нэмж худалдан авсан байна. Тухайн үед тодорхой хугацааны төлөлтийг хийсэн боловч 3 жилийн хугацаанд зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Т.Мын хувьд 188 600 юань буюу 66 170 310 төгрөг, Б.Гын хувьд 72 545 юань буюу 25 452 413 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна. Хариуцагч нарын зүгээс үүргийг биелүүлэх боломжгүй талаар тайлбар өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Т.М нь нэхэмжлэгч нараас 2014 оны 06 сарын 17-ны өдөр 450 400 юаны үнэ бүхий дугуйг 122 600 юанийн урьдчилгаа төлж, 2 сарын дараа 2014 оны 08 сарын 05-ны өдөр 410 000 юаны үнэ бүхий дугуйг, мөн  2014 оны 11 сарын 10-ны өдөр 176 300 юаны нийт 3 удаа автомашины дугуйг худалдаж авсанаа хүлээн зөвшөөрдөг. Хамгийн сүүлд 130 000 юанийг төлсөн. Т.Мын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг  тодорхой хэмжээгээр зөвшөөрдөг. Харин төлөх мөнгөө зээлээр худалдах-худалдан авах гэрээний тухайн үеийн юанийн ханшаар бодож төлүүлэх хүсэлтэй байна. 2014 оны 06 сарын 17-ны өдөр юанийн ханш нь 294,70 төгрөг байсан, мөн 2014 оны 08 сарын 05-ны өдөр 305 төгрөг, 2014 оны 11 сарын 10-ны өдөр 307,8 төгрөг байсан. Иймээс уг ханшны дагуу төлбөрөө төлөх саналтай байна. Мөн тухайн үед худалдаж авсан дугуйнуудаас маш их хэмжээний буцаалттай дугуйнууд ирдэг байсан. Түүнийг зургаар өгч явуулаад, мөнгөн дүнгээс хасуулдаг байсан боловч тэр талаарх баримтаа авч үлдээгүй байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 53 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Гоос 25 452 413 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. 2017 оны 04 сарын 27-ны өдрийн ханшаар 350,85 төгрөгөөр бодож нэхэмжлэлээ гаргасан, уг нь нэхэмжлэл гаргах үеийн ханшаар бодож гаргах ёсгүй. Яагаад гэвэл 2014 оны 06 сараас 2014 оны 11 сар хүртэлх хугацааны юанийн ханшийг харахад 300 төгрөгөөр бодогдохоор байна. Иймээс 21 763 500 төгрөгийг нэхэмжлэх ёстой байсан. Энэ хугацаанд Г дансаар 250 075 юанийг дансаар, 35 мянган юанийг бэлнээр өгсөн. Хэрэгт дансаар шилжүүлсэн тухай баримтууд байгаа учраас түүн дээр маргаан байхгүй. Бэлнээр 35 мянган юань өгсөн эсэх талаар Наранбаяр, Г нар өөрсдөө шүүх хуралдаанд орсон бол хангалттай нотлох ёстой байсан. 2015 оны 12 сарын 17-ны өдөр Монголд  ирсэн байх үед 20 мянган юанийг бэлнээр өгсөн байдаг. Орчуулагчид өгсөн 15 мянган юань өгсөн гэдгийг бусад хүмүүстээ хэлж байсан. Иймээс уг 35 мянган юанийг бэлнээр өгсөн гэж үзэж байгаа учраас 240 075 юанийг төлсөн, үлдэгдэл 32 425 юань буюу 9 725 500 төгрөг үлдэж байгаа. 2014 оны 11 сарын 11-ний өдөр Наранбаяр, М нарт 30,30 ширхэг ачааны машины болон микроны даацын болон урд дугуйг өгсөн ба түүнийг өрнөөс хасуулахаар хоорондоо ярилцсан байна. Уг асуудлыг Наранбаяр, М нар хүлээн зөвшөөрдөг. Түүний үнийн дүн нь 2014 оны 11 сарын 10-ны өдрийн ханшаар 306,19 юань байсан учраас 3 113 138 төгрөг хасагдаж тооцогдох ёстой гэж үзэж байгаа. Иймд үлдэгдэл 6 604 362 төгрөгөөс 3 113 138 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 2 915 444 төгрөг төлөхийг зөвшөөрч байна” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

   Шүүх Л, Д нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

  Нэхэмжлэгч Л,  Д  нар нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 188 600 юань буюу 66 170 310 төгрөгийг хариуцагч Т.Маас, харин 72 545 юань буюу 25 452 413 төгрөгийг Б.Гоос тус тус гаргуулахаар шаарджээ.

  Нэр бүхий хариуцагч нар автомашины дугуй зээлээр худалдан авсанаа хүлээн зөвшөөрсөн, харин  төлбөрийг гэрээ байгуулах үеийн юаны ханшаар тооцож төлөхийг хүссэн байна.

  Хэргээс үзэхэд Т.М, Б.Г нар нь бусад нэр бүхий хүмүүсийн хамт 2014.06.17-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан нийтдээ 450 400 юаны үнэ бүхий автомашиныг дугуйг, мөн 2 сарын дараа 2014.08.05-ны өдөр 410 000 юаны автомашины дугуйг тус тус худалдан авсан, хариуцагч Т.М, Б.Г нар 2016.11.10-ны өдөр дахин зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулан 176 300 юаны үнэ бүхий автомашины дугуйг нэмж худалдан авсан байна.

 Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ“ гэж заажээ.

 

Талууд төлбөр гүйцэтгэх мөнгөний ханшийн талаар маргасан бөгөөд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “төлбөр төлөх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож  төлбөрийг төлнө” гэж зааснаар төлөх өдрийнх бус, харин гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Т.М төлбөрийн үлдэгдэл тооцоо 188 600 юанийг төлөхийг зөвшөөрсөн тул Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааг үндэслэн 2014.11.10-ны өдрийн юанийн ханш 306.19 төгрөгөөр тооцож, нийтдээ 57 747 434 төгрөгийг, хариуцагч Б.Г 272 650 юанийн дугуй хүлээн авч 205 075 юанийг дансаар шилжүүлсэн  үлдэгдэл 67 575 юань буюу 20 690 789 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...35.000 юанийг бэлнээр өгсөн, 2014.11.11-ний өдөр Наранбаяр, М нарт өгсөн 30,30 ширхэг ачааны машины болон микроны даацын урд дугуйг өрнөөс хасуулахаар хоорондоо ярилцсан” гэж тайлбарладаг боловч энэ талаар нотолсон баримтгүй тул үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Маас 188 600 юанийг 57 747 434 төгрөгийг, хариуцагч Б.Гоос 67 575 юань буюу 20 690 789 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л, Д нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 184 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар Б.Гоос 261 403 төгрөг, Б.Маас 446 687 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 002 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                            

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ