Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00536

 

Л Ш/ L /, Д З / D Z /нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  22-ны өдрийн 183/ШШ2017/02573 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л Ш/ L /, Д З / D Z / нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Г, Т.М нарт холбогдох

 

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 91 622 723 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л Ш/ L /, Д З / D Z /нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.М, Б.Г нар нь 2014 оны 06 сарын 17,  2014 оны 08 сарын 05-ны өдөр, 2016 оны 11 сарын 10-ны өдөр тус тус  нэхэмжлэгч нараас дугуй худалдах-худалдан авах гэрээг байгуулан дугуй авсан. Тухайн үед тодорхой хугацааны төлөлтийг хийсэн боловч 3 жилийн хугацаанд зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Т.Мын хувьд 188 600 юань буюу 66 170 310 төгрөг, Б.Гын хувьд 72 545 юань буюу 25 452 413 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна. Хариуцагч нарын зүгээс үүргийг биелүүлэх боломжгүй талаар тайлбар өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Т.М нь нэхэмжлэгч нараас 2014 оны 06 сарын 17-ны өдөр 450 400 юаний үнэ бүхий дугуйг 122 600 юанийн урьдчилгаа төлж, 2 сарын дараа 2014 оны 08 сарын 05-ны өдөр 410 000 юанийн үнэ бүхий дугуйг, мөн 2014 оны 11 сарын 10-ны өдөр 176 300 юанийн нийт 3 удаа автомашины дугуйг худалдаж авсанаа хүлээн зөвшөөрдөг. Хамгийн сүүлд 130 000 юанийг төлсөн. Т.М нэхэмжлэлийг тодорхой хэмжээгээр зөвшөөрдөг. Харин төлөх мөнгөө  худалдах-худалдан авах гэрээг байгуулах  үеийн юанийн ханшаар бодож төлөх хүсэлтэй байна. Тухайн 2014 оны 06 сарын 17-ний өдөр юанийн ханш нь 294.70 төгрөг , 2014 оны 08 сарын 05-ний  өдөр 305 төгрөг, 2014 оны 11 сарын 10-ны өдөр 307. 8 төгрөг байсан. Иймд уг ханшаар төлбөрөө төлнө. Мөн тухайн үед  маш их хэмжээний буцаалттай дугуйнууд ирдэг байсан. Түүнийг зургаар өгч явуулаад, мөнгөн дүнгээс хасуулдаг байсан боловч тэр талаарх баримтаа авч үлдээгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 53 000 000 төгрөгийг төлнө  гэжээ.

 

Хариуцагч Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэл гаргах үеийн ханшаар бодох ёсгүй. Яагаад гэвэл 2014 оны 06 сараас 2014 оны 11 сар хүртэлх хугацааны юанийн ханшийг харахад 300 төгрөгөөр бодогдохоор байна. Иймээс 21 763 500 төгрөгийг нэхэмжлэх ёстой. Энэ хугацаанд Г дансаар 250 075 юанийг дансаар, 35 мянган юанийг бэлнээр өгсөн. Хэрэгт дансаар шилжүүлсэн тухай баримтууд байгаа учраас түүн дээр маргаан байхгүй. Бэлнээр 35 мянган юань өгсөн эсэх талаар н.Наранбаяр, н.Г нар өөрсдөө шүүх хуралдаанд орсон бол хангалттай нотлох ёстой байсан. 2015 оны 12 сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийг Монголд ирсэн байх үед 20 мянган юанийг бэлнээр өгсөн.  Орчуулагчид  15 мянган юань өгсөн гэдгийг бусад хүмүүстээ хэлж байсан. Иймээс уг 35 мянган юанийг бэлнээр өгсөн гэж үзэж байгаа учраас 240 075 юанийг төлсөн, үлдэгдэл 32 425 юань буюу 9 725 500 төгрөг үлдэж байгаа. 2014 оны 11 сарын 11-ний өдөр н.Наранбаяр, н.М нарт 30,30 ширхэг ачааны машины болон микроны даацын, урд дугуйг өгсөн ба түүнийг өрнөөс хасуулахаар хоорондоо ярилцсан. Уг асуудлыг н.Наранбаяр, н.М нар хүлээн зөвшөөрдөг. Түүний үнийн дүн нь 2014 оны 11 сарын 10-ны өдрийн ханшаар 306.19 юань байсан учраас 3 113 138 төгрөг хасагдаж тооцогдох ёстой гэж үзэж байгаа. Иймд үлдэгдэл 6 604 362 төгрөгөөс 3 113 138 төгрөгийг хасаж тооцоод 2 915 444 төгрөгийг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Маас 188 600 юанийг 57 747 434 төгрөгийг, хариуцагч Б.Гоос 67 575 юань буюу 20 690 789 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л Ш, Д З нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 184 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Гоос 261 403 төгрөг, Б.Маас 446 687 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 002 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Зээлийг буцаан төлөх үе нь үүрэг үүсэх үе юм.  Зээлээр худалдан авсан зүйлийн үнийг буцаан төлөх үеийн ханш, гэрээ байгуулах үеийн ханш нь багагүй зөрүүтэй бөгөөд гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох нь нэхэмжлэгчид эд хөрөнгийн илтэд алдагдалтай, түүнчлэн хариуцагч нар нь 3 жилийн хугацаанд гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэлгүй нэхэмжлэгч нарыг хохироож ирсэн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Хамгийн сүүлд 130 000 юанийг буцаан төлсөн юм. Шүүх Т.Маас нийт 57 747 434 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба 2014 онд зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу дугуйг худалдан авахад чанарын шаардлага хангахгүй буцаалттай дугуй их ирдэг байсан бөгөөд ийм төрлийн дугуйны үнийг хасч тооцно гэдгээ нэхэмжлэгч нар нь Т.Мт хэлж байсан боловч энэ талаар баримт үйлдээгүй юм. Иймд шүүхийн шийдвэрээс чанарын шаардлага хангахгүй буцаалттай дугуйны үнэ болох 1 500 000 төгрөгийг хасч тооцож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Юаний дундажаар бодоход 1 юань нь 300 төгрөг гэж бодоход 21 763 500 төгрөг нэхэмжлэх байсан. Зөрүү 3 688 918 төгрөг хасагдах ёстой. н.Наранбаяр, н.М нарт өгсөн шинэ дугуй болох 3 030 дугуйны үнэ болох 51 005 100 юань хасагдах ёстой. Тухайн үеийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ханш 306.19 төгрөг байсан ба нийт 3 123 138 төгрөг хасагдах ёстой юм. 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр орчуулагч н.Сүминд нь өгсөн 15 000 юанийн баримт хэрэгт байгаа ба ханш 303 төгрөг байсан ба 4 545 000 төгрөгийг хасаж тооцоогүй. Мөн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бэлнээр Л-д өгсөн 20 000 юань /ханш 320 төгрөг байсан/  буюу 6 400 000 төгрөгийг баримт байсаар байхад хасаж тооцоогүйд гомдолтой. Нийт 272 500 юань авснаас одоо үлдсэн 2 915 444 төгрөгийг хүлээн зөвшөөрч байхад хэт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтуудыг зөв үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шүүхийн мэтгэлцээн бүрэн явагдсан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Л Ш/ L /, Д З / D Z / нар нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Б.Маас 188 600 юань буюу 66 170 310 төгрөг,  хариуцагч Б.Гоос 72 545 юань буюу 25 452 413 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсаныг  хариуцагч нар гэрээ байгуулах үеийн ханшаар төлнө гэж маргасан.

Зохигчид 2014 оны 6 сарын 17, мөн оны 8 сарын 5, 2016 оны 11 сарын 10-ний өдрүүдэд тус тус автомашины дугуй худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч тал дугуйг хариуцагчдын өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч нар дугуйны үнийг бүрэн төлөөгүй байгаа үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч Т.М нь дээрх хэлцлүүдээр 188 600 юанийн үлдэгдэл төлбөр үлдсэнд маргаагүй ч шаардлага хангаагүй буюу доголдолтой эд хөрөнгө нийлүүлэгдэж байсан,гэрээ байгуулах үеийн ханшаар төлөх ёстой гэж татгалздаг.

 

Хариуцагч Б.Г нь 250 075 юанийг дансаар, бэлнээр 35 000 юань төлсөн,гэрээ байгуулах үеийн ханшаар бодоход 2 915 444 төгрөгийн үүрэг үлдэнэ гэж татгалзсан.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч тал дугуйны доголдлын талаар шаардлага гаргаж байснаа нотлоогүй. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээн авсан тул доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн,буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөхөөр заасан. Үүрэг үүсэх үе нь мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үе юм. Хариуцагч нар дугуйны үнэ болох юанийг өнөөг хүртэл төлөөгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн ханшаар тооцож буцаан төлөх нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д нийцэх юм. Түүнчлэн нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үнийг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т нийцжээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан нөхцөлийг тохиролцоогүй байхад тэдний хооронд үүссэн гэрээний харилцааг  мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.

Хариуцагч Б.Г нь нийт 275 500 юанийн үүргээс 205 000 юанийг дансаар төлсөн нь нотлогдсон, 205 000 юанийг дансаар төлсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг  хариуцагч хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй, харин Сү мин гэгчид 15 000 юань , мөн нэхэмжлэгчид  20 000 юань төлсөн гэх үйл баримтууд нотлогдоогүй, хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй, эргэлзээтэй баримт юм./ хх-ийн 64-69,87-91/

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон хариуцагчдын төлбөл зохих мөнгөн дүн, улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээ зэрэгт  өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Гадаадын иргэний нэрийн ард галигаар бичсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсэгт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 118.5-д нийцэх юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1,167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02573 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 218 дугаар зүйлийн 218.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар гэснийг 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэж, “57 747 434” гэснийг “ 66 170 00 “ гэж 20 690 789 гэснийг “23 682 375 ” гэж тус тус өөрчлөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                           Ш.ОЮУНХАНД