Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 215

 

Б.С, Б.Э, С.О

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Х,

иргэний хариуцагчийн өмгөөлөгч С.Батболд,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар магадлалтай, 201411000474 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Х-ийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Б-ийн С нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учрах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Б-ын Э нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учрах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, М овогт С-ын О нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.С, Б.Э, С.О нарыг албан тушаалтан хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр шүүгдэгч Б.С-ыг 1 жил 01 сар хорих, шүүгдэгч Б.Э-ийг 1 жил 03 сар хорих, шүүгдэгч С.О-ийг 1 жил 06 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.С-т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Б.Э, С.О нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.С-т оногдуулсан 1 жил 01 сарын хорих, Б.Э-т оногдуулсан 1 жил 03 сарын хорих, С.О-т оногдуулсан 1 жил 06 сарын хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар “ХХ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын болон оршуулгын зардалд нийт 146,813,223 төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Б.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 5,906,283 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн төлөөлөгч нь 4,647,317 төгрөгийн баримтыг бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтуудаас шүүгдэгч Б.С, Б.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.С, Б.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О, иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Х нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч С.Батболдын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хариуцагч “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын төлөөлөгч Ц.Х хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “…Урьд нь энэ хэргийг шүүх шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, тодруулбал, “Д” ТӨХК-ийн холбогдох ажилтнуудын буруу байгаа эсэхийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй, үүнээс улбаалаад энэ хэргийн жинхэнэ гэм буруутай этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, улмаар эрүүгийн хэргийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэл бүхий зөв шийдвэрлэхийн тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч С.Батболд нь иргэний хариуцагч “Х” ОНӨААТҮГ-ын өмгөөлөгчөөр оролцож, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолж чадаагүй гэж үзэн нэмэлт ажиллагаануудыг хийлгүүлэх санал гаргаж оролцсоныг анхаарч үзэлгүй дахин шийдвэрлэсэн нь зөрчлийг арилгаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэрч Ө.О, Ж.Э, Т.Г, Г.Н нарын мэдүүлгүүдээс үзэхэд халуун ус буюу нэмэлт ус их хэмжээгээр алдагдаж байхад өглөөний 07 цагаас 09 цаг хүртэлх хугацаанд “Д” ТӨХК-ийн нэр бүхий эдгээр албан тушаалтнууд нь яаралтай зохих арга хэмжээ аваагүй нь Эрчим хүчний тухай хууль, дүрэм, журам, ажил үүргийн хуваарийн дагуу хийх ёстой ажил үүргээ бүрэн, зохих ёсоор хийж гүйцэтгэсэн гэж үзэх эсэх, 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагаас 18 цаг хүртэлх хугацаанд “Д” ТӨХК-ийн албан үүрэг хүлээсэн албан тушаалтнууд ажил үүргээ хууль, дүрэм, зааврын дагуу бүрэн, зохих ёсоор хийж гүйцэтгэсэн эсэх, “Д” ТӨХК-ийн ДШС-ний ашиглалтын инженер Т.Г болон бусад ажилтнууд өөрийн хариуцсан салаа шугамуудад үзлэг, шалгалт хийгээгүй, мөн ээлжийн ахлагчид буруу мэдээлэл өгсөн нь хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байгаа эсэх, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч О мэдүүлэхдээ “...өндөр хэмжээний температуртай халуун ус ...зуугаас дээш градус бүхий халуун усанд маш түргэн хугацаанд түлэгдсэн” гэдэг. Тэгвэл дулааны шугамаар хэрэглэгчид хүрэх халуун усыг үйлдвэрлэгч нь “Д” ТӨХК тул тухайн өдрийн халуун ус үйлдвэрлэх явц нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон стандарт, горимын шаардлагыг хангаж байсан эсэх, өөрөөр хэлбэл, Төвлөрсөн дулаан хангамжийн дүрмийн 3 дахь хэсэгт заасан хавар, намрын горимд тухайн халуун ус хэдэн градусын температуртай байх ёстой, түүний дагуу нийцүүлж халуун усны температурыг зохицуулсан эсэх, тухайн горимд заасан температур бүхий халуун усанд түлэгдэх магадлал бий эсэх, түлэгдлийн хэмжээ зэрэг нь дулааны шугамаар дамжсан халуун усны температуртай харилцан хамаарал бий эсэх /үүнтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулаагүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй/, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээч Б.М “...гэрч Т.Г нь өөрийн байгууллагын харьяалах төв болон салаа шугамыг бүрэн шалгаж гэмтлийг тогтоох үүрэгтэй. Энэ шугамуудыг бүгдийг нь бүрэн шалгаагүй тохиолдолд “Х”-г 100 хувь буруутай гэж үзэх боломжгүй” гэж дүгнэлтээ тайлбарлах үедээ мэдүүлсэн. Эдгээр мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд хийсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч С.Батболд хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Прокурорын хууль зүйн дүгнэлттэй санал нэг байна. Шүүх хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Эрхэлсэн ажилдаа хайнга хандсан тухайд ерөнхий инженер болон албаны инженерүүд маш хариуцлагагүй хандсан зүйл байгаа. Мөн “Д” ТӨХК өглөөний 8 цагаас 16 цагийн хооронд ус алдагдаад байхад ямар арга хэмжээ авсан нь тодорхой бус байна. Иймд хэний буруутай үйл ажиллагаа вэ гэдгийг шинжээчийн дүгнэлтээр нарийвчлан тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

Иргэний хариуцагч “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын төлөөлөгч Ц.Х-ийн гаргасан гомдлыг үндэслэн Б.С, Б.Э, С.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын диспетчер С.О нь 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ээлжийн диспетчерийн ажил үүргийг гүйцэтгэхдээ Дулаан хэрэглэх тоног төхөөрөмж ба дулааны шугам сүлжээний техник ашиглалтын дүрмийн 1.2.7-ын в-д заасан “ээлжийн хугацаандаа өөрт даалгагдсан хэсгийн тоноглолын аваарь-осолгүй ажиллагаа болон тухайн ээлжийн удирдах хүмүүсийн шуурхай шаардлага ба батлагдсан технологийн горимын дагуу тоноглолыг хамгийн найдвартай хэмнэлттэй горимоор ажиллуулах” гэж тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй хайнга хандаж, өглөөний 09 цагийн үед “Д” ТӨХК-ийн Шугам сүлжээний албанаас ирүүлсэн “нэмэлт усны алдагдалтай байна, гэмтлээ тодорхойл” гэсэн мэдээлэл, мөн өдрийн 16 цагт оршин суугчаас “22 дугаар байрны подвалиас халуун уур гараад, ус алдаад байна” гэсэн дуудлага зэргийг хүлээн авсан атлаа шаардлагатай арга хэмжээг шуурхай авах, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, гэмтэлд үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, онцгой аваарын байдалтай дуудлага, гэмтлийг гүйцэтгэх захирал, ерөнхий инженер, албадын удирдлагуудад шуурхай мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ аваагүйн улмаас мөн өдрийн 19 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдан хөрсөнд нэвчиж тухайн газар явж байсан 14 настай Б.Б цөмрөн унаж түлэгдэн, нас барсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн материалаас үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, давж заалдах шатны шүүх тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр шүүгдэгч Б.С, Б.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Өршөөл үзүүлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг тус тус зөв хэрэглэсэн байна.

“Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Орон сууцны барилга, байгууламжийн цэвэр, бохир ус, дулаан, цахилгааны шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээ”-г эрхлэх ажил үйлчилгээний тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр болон 2015 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байрны хойд талын дулааны шугамын хоолойн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байсан нь “...уг халаалтын шугам нь “Х”-н эзэмшлийн инженерийн шугам сүлжээ болно” гэсэн шинжээчийн 04 дүгээр дүгнэлт, “...Дулаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 5-д “Дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж, үзлэг үйлчилгээ, засвар, шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэнэ” гэж заасны дагуу “Х” ОНӨААТҮГ, түүний шуурхай ажиллагааны засварын ажилчид нь уг гэмтлийг олж тогтоож, яаралтай засварлах үүрэгтэй” гэсэн шинжээчийн 04/092/08 дугаар дүгнэлтээр тус тус тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон С.О-ийн эс үйлдэхүй нь түүний иргэний эрх, үүрэгтэй холбогдож үүсээгүй, харин ажиллаж байсан “Х” ОНӨААТҮГ-ын ажлын чиг үүрэгтэй нь холбогдон үүссэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийг С.О-ийг ажиллуулж байсан ажил олгогч “Х” ОНӨААТҮГ-т хариуцуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлалын заалт хууль ёсны болсон байна.

Иймд иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Х-ийн “...шийтгэх тогтоол, магадлалын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Шүүгдэгч С.О нь хяналтын шатны шүүхэд тайлбар гаргасан гэх боловч тайлбарын агуулга нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх гомдол байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар магадлалыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Х-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       ДАРГАЛАГЧ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                   Б.ЦОГТ

                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН