Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2017/01426/И |
Дугаар | 02576 |
Огноо | 2017-11-23 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 02576
2017 оны 11 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2017/02576 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Наадамчдын гудамж, 64б байр, 14 тоотод оршин суух, Боржигин овогт Булгаагын Ганбат /РД: ПЭ69010238/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, өөрийн байранд байрлах, Монгол Улсын Эрчим Хүчний Яаманд холбогдох,
ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ажлаас чөлөөлсөн 2017.04.14-ний өдрийн тушаал нь Сангийн сайдын 2015.07.10-ны өдрийн тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээл тусламжийн хөрөнгөөр санхүүждэг төслийг хэрэгжүүлэхэд баримталдаг журмыг үндэслэн гарсан байдаг. Энэ журам нь улсын төсвөөр санхүүжигдэж байгаа төсөлд хамаарахгүй, мөн байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Б.Ганбатын ажлыг 2017.01.19-ний өдөр хийсэн хуралдаанаар хангалттай гэж үнэлээд гэрээний 3.1-т заасан хугацаагаар хөлсөөр ажиллах гэрээг сунгасан байгаа. Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д “хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж заасан, гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн тушаал нь ямар ч үндэслэлгүй, ямар үндэслэлээр гэрээг цуцалсан нь тодорхойгүй байна. Мөн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодож, дүгнэдэг. Иймээс хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээтэй хослуулж Иргэний хуулийн заалтыг хэрэглэсэн нь алдаатай гэж үзэж байгаа. Иймээс хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Эрчим хүчний яам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгж нь Эрчим хүчний сайдын 2015.05.04-ний өдрийн 72 дугаар тушаалаар, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Сангийн сайдын 2011 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг хэрэгжлүүлэхэд баримтлах журам”-ыг үндэслэн байгуулагдсан байна. Сангийн сайдын 2011 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ыг Сангийн яамнаас хүчингүй болгож Сангийн сайдын 2015.07.10-ны өдрийн 196 тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ыг дахин шинээр батлан Монгол Улсад хэрэгжиж буй бүх төсөл хэрэгжүүлэх нэгжүүд мөн адил уг журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Уг журмыг Хууль зүйн яамнаас улсын нэгдсэн бүртгэлийн 2015.08.21-ний өдрийн 3549 дугаарт бүртгэгдсэн байдаг. Дээрх тушаалаар батлагдсан журмын 1 дүгээр хавсралт дахь загварын дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчидтай хөдөлмөрийн гэрээ биш, харин зөвхөн хөлсөөр ажиллах гэрээг байгуулдаг болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсаны дагуу нэхэмжлэгч Б.Ганбаттай хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд журмын дагуу хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан байна. Захиалагч Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын зүгээс нэхэмжлэгч Б.Ганбатад 2017.03.15-ны өдрийн в/690 тоот албан бичгээр 2017.04.10-ны өдрөөр тасалбар болгон хөлсөөр ажиллах гэрээг цуцлах, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлийг өгч Төрийн нарийн бичгийн даргын 2017.04.14-ний өдрийн 105 дугаар тушаалаар мэдэгдэл өгснөөс хойш 30 хоногийн дараагаар үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Иймд иргэн Б.Ганбатын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Ганбат “...ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Эрчим хүчний яаманд холбогдуулан гаргажээ.
Хариуцагч Эрчим хүчний яам “...ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь Засгийн газраас батлагдсан журамд нийцсэн, гэрээг хугацаанаас өмнө цуцлахдаа 30 хоногийн өмнө мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй” гэж маргасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2015.06.05-ны өдрийн 144 тоот тушаалаар Б.Ганбатыг Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдагчаар томилж, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалын хавсралт Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 16 дугаар зүйлийн 16.6-д “төслийн бусад ажилтнууд төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчтай болон төслийн зохицуулагчтай хөлсөөр ажиллах гэрээг гурвалсан хэлбэрээр байгуулна” гэж зааснаар Б.Ганбаттай 2017.01.19-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээг 2017.12.31-нийг дуустал хугацаагаар байгуулжээ.
Талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 1.1-д “...ажилтнаар гэрээнд заасны дагуу гүйцэтгэх захиалагчийн нэрийн өмнөөс ажлыг гүйцэтгүүлэх, захиалагчаас ажилтны ажлын үр дүнд үндэслэн гэрээнд заасан ажлын хөлс төлөх, талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлага болон тэдгээртэй холбоотой бусад харилцааг зохицуулах” гэж гэрээний зорилгыг тодорхойлсон, гэрээний 4.1-д ажлын хөлсөнд сард 3 000 000 төгрөг төлөхөөр тохирсон байна.
Дээрх байдлаас үзэхэд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан байх бөгөөд мөн хуулийн 364 дүгээр зүйлд зааснаар гэрээ дуусгавар болох эсэхийг шийдвэрлэх байжээ.
Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2017.04.14-ний өдрийн 105 дугаар тушаалаар Б.Ганбатыг ажлаас чөлөөлсөн үндэслэл тодорхойгүй, түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 8-д заасан гэрээ дуусгавар болох үндэслэл, журмыг болон Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон гэж үзээд уг гэрээг талуудын тохиролцсон хугацааг дуусах хүртэл үргэлжлүүлэхийг хариуцагч Эрчим хүчний яаманд даалгаж, ажлын хөлсийг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу тогтоож олгох нь зүйтэй гэж үзлээ.
Б.Ганбатын нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн сүүлийн 3 сарын цалин /2.250 000+3.000.000+3.000.000/-гийн дундаж 2.750.000 төгрөгийг ажлын 22 хоногт хувааж 1 өдрийн цалинг 125.000 төгрөгөөр, ажилгүй байсан хугацааг 2017.04.17-ны өдрөөс 2017.11.23-ныг хүртэл тооцож, нийтдээ 19 697 524 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Талууд гэрээний 4.2-т ажилтанд төлөх ажлын хөлсний төлбөрөөс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасны дагуу суутган тооцохоор тохиролцсон нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан албан журмаар даатгуулах заалт, мөн хуулийн 16, 17 дугаар зүйлд нийцсэн байна.
Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.Ганбатаас улсын тэмдэгтийн хураамжид 256 437 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 100 дугаар зүйлийн 100.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ганбаттай байгуулсан 2017.01.19-ний өдрийн 2017/01 тоот хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусах хүртэл үргэлжлүүлэхийг хариуцагч Эрчим хүчний яаманд даалгаж, ажлын хөлсөнд 19 697 524 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Ганбатад олгосугай.
2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Эрчим хүчний яаманд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.Ганбатаас улсын тэмдэгтийн хураамжид 256 437 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 256 437 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д. ЭНХЦЭЦЭГ