Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 006

 

          Б.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн 1813003380226 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд прокурор Х.Өрен, хохирогч К.Р, хохирогчийн өмгөөлөгч Х.Тасхын, шүүгдэгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек, орчуулагч, хэлмэрч А.Еркегүл нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1972 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б.А нь хохирогч К.Р-ийг газрын маргааны улмаас зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Б.А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 1000 “мянга нэгж”  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй хэмээн үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

1. Баян-Өлгий аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар 15-ны өдрийн 478 тоот дүгнэлтэд: “Хохирогч К.Р-ийн өөрийн авч ирсэн амбулаторийн карт, рентген зургийг үндэслэн тархины доргилт, дагзны дээд хэсэгт хавдартай, дагзны хажуу талд хавдартай хүзүү, хоолойд олон тооны замбараагүй цус хуралттай, зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4-т зааснаар “хөнгөн” гэмтэлд хамаарна.” гэсэн. Гэтэл хэргийг мөрдөн шалгах явцад хохирогч К.Р нь толгойн хэсгийн рентген зураг авхуулаагүй, амбулаторийн карт хөтлүүлээгүй болох нь тогтоогдсон тул “Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн Шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасныг үндэслэж дахин шинжээч томилж өгөхийг хүсэж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт хүсэлт гаргасныг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 5/01 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт гомдол гаргасныг Ерөнхий прокурор Т.Батсүх нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Гомдолд хариу өгөх тухай” 5/01 тоот албан бичгээр “Гомдлыг хангахгүй орхисон”-ыг дурдаж, Улсын Ерөнхий прокурорын газарт 3 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж хариу өгсөн. Б.А миний бие Улсын Ерөнхий прокурорын газарт аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын хариу авсан тэр өдөр буюу 2019 оны 01 дүгээр 03-ны өдөр гомдол гаргаж, тэдний зөвлөснөөр Аймгийн шуудан холбоонд хийж, шуудан холбоонд хийсэн тодорхойлолт, мөнгө тушаасан баримтын хамт өгөхөд “Улсын Ерөнхий прокурорын газрын хариуг хүлээх тухай хуулийн заалт байхгүй” гээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Б.А би сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн “урьдчилсан хэлэлцүүлэг явуулж” хохирогч К.Р-ийн биед хөнгөн гэмтэл учирсан эсэх нь эргэлзээтэй тул “дахин шинжилгээ” хийлгэх хүсэлт тавьсан боловч мөн адил “хэрэгсэхгүй болгож” хэргийг шүүх хуралдаанаар таслан шийдвэрлэсэн. Б.А миний үзэж буйгаар Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 478 тоот дүгнэлт нь “Рентген зураг авхуулаагүй, амбулаторийн карт хөтлүүлээгүй” байхад дээрх баримт бичгийг үндэслэж дүгнэлт гаргасан гэж тусгасан нь “үндэслэлгүй, эргэлзээтэй” байтал Б.А миний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах”, 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргах эрх”, 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “оролцогч дүгнэлтийг үл зөвшөөрөх ... нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй”, 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дахин шинжилгээ хийлгэх” зэрэг яллагдагч, шүүгдэгч Б.А миний хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж байна. Гомдлын дагуу Улсын Ерөнхий прокурорын газарт хэргийг явуулж хянуулаагүй, анхан шатны шүүх хэргийг буцааж, “дахин шинжилгээ” хийлгэх боломжийг хангаагүй.

2. Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар 15-ны өдрийн 478 тоот шинжилгээний дүгнэлт нь дараах байдлаар Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 167/265 тоот тушаалаар баталсан “Гэмтлийн зэргийг тогтоох шүүх эмнэлгийн шинжилгээний заавар” болон Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын А216/422 тоот тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн, хууль бус дүгнэлт юм.

3.Гэмтлийн зэргийг тогтоох шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний зааврын 2 дугаар хавсралтын 1.3.1-т “ ... Эмнэлгийн бичиг баримт (өвчний түүх, амбулаторийн карт г.м), гэмтлийн шинж, эмнэл зүйн (эмчилгээний) явц, шинжилгээний материал зэргийг үндэслэж гэмтлийн зэрэг тогтоох” гэж, мөн зааврын 2.1-т “Эрүүл мэнд сарниулсан хугацаа, энгийн хөдөлмөр чадвар тогтонги алдалтын хэмжээ (хувиар), гэмтлийн хор уршиг”, мөн зааврын 2.1.2-т “Эрүүл мэндийг түр сарниулсан (хөнгөн гэмтэл) нь 4 долоо хоног хүртэл байх” гэж хуульчлан тогтоосон шалгуур үзүүлэлт байсаар байтал шинжээч эмч К.Хайрат нь 478 тоот дүгнэлтийг “ямар нэгэн эмнэлгийн, эмчилгээний, шинжилгээний” бичиг баримтгүй, зөвхөн энгийн нүдээр харж дүгнэлт гаргасан нь зааврын дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн, дүгнэлтийн үндэслэл болох “шалгуур үзүүлэлт”-ийг хангаагүй тул дүгнэлт үндэслэлгүй гэж үзнэ. “Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4 дэх заалтад хөнгөн зэргийн гэмтэлд заавал байх шалгуур нь “Хөдөлмөрийн чадвар 5-10% тогтмол алдсан байх, 4 долоо хоногоос доош хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан байх” гэдгийг шинжээч заавал тогтоох ёстой байсан. Дүгнэлтэд хөдөлмөрийн чадвар алдалтыг  тогтоогоогүй, хэдэн долоо хоног гэдгийг нотлоогүй байна.

4. Гэмтлийн зэргийг тогтоох зааврын 1.3.5(а) “Эрүүл мэндийг сарниулаагүй, энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулаагүй гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэж тодорхой заасан. Тэгвэл шинжээчийн 478 тоот дүгнэлтэд “Хохирогч К.Р-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоогоогүй тул гэмтлийн зэргийг “хөнгөн” гэж тогтоосон нь журмын дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна. Хөнгөн гэмтэл (5% -10%) байх ёстой ба хувийг тоогоор илэрхийлж, дүгнэлтэд бичих байсан.

5. Шинжээчийн 478 тоот дүгнэлтэд тусгасан “жижиг зулгаралт, шалбаралт, цус хуралт, хаван зэрэг нь зовуургүй болон зовууртай боловч эмнэл зүйн шинж, тэмдэггүй (эмчилгээ хийлгээгүй гэсэн үг) бол Эрүүл мэндийг сарниулаагүй (гэмтлийн зэрэггүй) гэж үзэхээр зааврын 1.3.5(б)-д заасан байна. Тийм учраас К.Р-ийн биед үүссэн гэх цус хуралт, хаван, жижиг зулгаралт зэрэгт зааврын 1.3.5(б) -д зааснаар “гэмтлийн зэрэг” тогтоох боломжгүй.

6.Толгойн бөмбөрцөг бүрхүүл дотор байгаа тархийг “энгийн нүдээр” тархи доргисон гэж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй байна. Энгийн нүдээр “гэмтлийн зэрэг” тогтоосон нь зааврын 2 дугаар хавсралтын 1.3.1, 2.1, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т заасныг ноцтой зөрчсөн байна.

Хоёр: Нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, хамааралтай талаас үнэлээгүй талаар:

1. Тухайн маргаан болсон газарт байж, бид хоёрыг салгаж авсан гэрч Б.С, О, К.С нар “Р-ийг А нь зодоогүй, цохиогүй” гэж байхад тэдний мэдүүлгийг хэрэгт хамааралтай талаас үнэлээгүй байна.

2. Шинжээчийн 478 тоот дүгнэлтэд “Ерөнхий хөдөлмөр чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэж дүгнэсэн. Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 167/265 тоот тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох” зааврын 2.1-т “Энгийн хөдөлмөр чадвар алдалтыг хувиар тогтоох”, зааврын 1.3.5-т энгийн хөдөлмөр чадвар алдалт 5% -10% байвал “хөнгөн зэрэг” гэж, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А216/422 тоот тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-т “Хөнгөн” гэмтэл хөдөлмөрийн чадвар 5%-10% тогтонги алдсан байх” гэж заасан тул шинжээчийн 478 тоот дүгнэлтэд “Хөдөлмөр чадвар алдаагүй” гэж заасан тул “Хөнгөн” зэргийн гэмтэл гэж үзэхгүй.

3. Шинжээч К.Хайратыг гэрчээр асуусан болгоод өөрийн гаргасан дүгнэлтийг өөрөөр нь гэрчээр асууж, баталгаажуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Иймд давж заалдах гомдлын үндэслэлийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А надад холбогдох хэргийг дахин хянаж, хууль ёсны хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Б.А-ийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогч К.Р-ийг газрын маргааны улмаас зодож хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

 

1. Яллагдагч Б.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хавтаст хэргийн 118 дугаар хуудаст/ 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн прокурорын газрын хяналтын прокурорт хандаж “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлагатай, гэрчүүд А нь Р-ийг зодсон, толгойн хэсэгт нь цохисон асуудлыг хараагүй, амбулаторийн карт нээлгээгүй, рентген зураг авахуулаагүй эмчилгээ хийлгээгүй тул шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийг эдлүүлээгүй, дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулж өгнө үү” гэсэн агуулгатай гомдол гаргасныг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/01 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурорын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч яллагдагчаас дээрх агуулга бүхий гомдлыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дахин аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт хандаж гаргасан ба Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 5/01 дугаартай тогтоол гаргаж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Яллагдагч Б.А нь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмаар 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж, шуудангаар явуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана.” гэж зааснаас үзвэл, оролцогч нь мөн хуулийн 15.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхтэй байхаар хуульчилсан байхад Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Б.А-д холбогдох 1813003380226 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд шилжүүлж, ялладагчийн Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхийг нь хангаагүй нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн шийдвэр, үйл ажиллаганд гаргах гомдлыг хяналтын прокурорт, хяналтын прокурорын шийдвэр, үйл ажиллагаанд гаргах гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурор буюу аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт, түүний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж, шийдвэрлүүлэхээр хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Б.А нь дээрх хуульд заасан журмын дагуу мөрдөгч, прокурор болон тухайн нэгжийн дээд шатны прокурорын шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхтэй бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Прокурорын  газрын ерөнхий прокурорын тогтоолыг гардан авч /хавтаст хэргийн 126 дугаар хуудас/ 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газарт хандаж гомдол гаргаж, гомдлоо шууданд хийсэн нь хавтаст хэргийн 132 дугаар хуудаст авагдсан баримтаар тогтоогджээ.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж шийдвэрлэнэ гэж хуульчилсан байхад анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр оролцогчийн мөн  хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхийг прокуророос хангаж ажилласан эсэхийг нягтлаагүй, дүгнэлт хийгээгүй, яллагдагчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

 

Яллагдагч болон түүний өмгөөлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай” хүсэлтэд “...аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын шийдвэрээр гомдлыг хангахаас татгалзсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан. Энэхүү Улсын ерөнхий прокурорт гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн...” гэсэн агуулгатай гомдол гаргасан байх ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар “Урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хүсэлтийг хангахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгчийн “дахин шинжилгээ хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэн, дээрх агуулга бүхий бусад хүсэлт, гомдлын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, уг асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна гэж үзэв.

 

Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт бөгөөд шүүх, прокурор нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиж, зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг үндэслэл журмын дагуу хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.А-ийн давж заалдах гомдлоос “прокурор, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхийг хангаагүй” гэсэн агуулгатай хэсгийг нь хүлээн авч, давж заалдах гомдлын бусад үндэслэлд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.А-д холбогдох 1813003380226 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ